Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭЗЭН 100” хөтөлбөрөөс бизнесийнхэн ашгаа гаргажээ


Эдийн засгийн эрчимжлийг нэмэх 100 хоног энэ сарын 17-нд дуусч байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын захирамжаар Монголын эдийн засгийн зөвлөл байгуулан ажиллуулсныг “Ньюком групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан удирдан ажилласан юм. Түүний зөвлөлд 30 орчим эдийн засагч, бизнес эрхлэгч багтан сайн дураар, цалингүй ажилласан гэдгийг онцолж байв. Тавдугаар сарын 13-нд анх цугласнаас хойш 17 удаа хуралдаж, долоон удаа олон нийтэд явцын мэдээлэл өгчээ. Харин энэ удаагийнх нь 100 хоногтоо багтаж буй сүүлийнх нь мэдээлэл, тайлан болов.


Төрийн шийдвэрт бизнесийнхэн оролцдог болно


Б.Бямбасайханы хувьд бизнес эрхлэгчдээ төлөөлөн ярьж байгаа нь илт анзаарагдсан. 100 хоногийн эцэст ямар үр дүн гарсан бэ гэхэд бизнесийн төлөөлөл төрийн бодлого, хууль эрх зүйн түвшний аливаа шийдвэр гаргах процесст оролцдог болсон механизм л хамгийн чухал гэлээ. Тодруулбал, Засгийн газраас эдийн засаг, бизнест шууд хамаарах ямар нэг шийдвэрт бизнесийнхэн үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ гэдэг шалгуур тавьдаг болгохоор эрх баригчидтай тохиролцоонд хүрч, бэлтгэл ажилдаа оржээ. Сангийн яамны мэргэжилтнүүд хуулийн хүрээнд хувийн хэвшлийнхэн хэрхэн төрийн шийдвэр гаргах ажиллагаанд оролцдог байх бололцоог бүрдүүлнэ. Үүнийг олон улсад “inclusive economic institutions” буюу эдийн засгийн нээлттэй шийдвэр гаргах процесс гэдэг аж. Нөгөө талаас энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “ухаалаг төр” санаачилгын чухал суурь аж.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн зөвлөл цаашдаа Засгийн газарт, УИХ-ын болон шийдвэр гаргах бусад төрийн нэгжид зөвлөмж хүргүүлэх байдлаар ажиллая гэдэгт талууд санал нэгдсэн гэнэ. Гол санаа нь төрийн шийдвэр бизнесээ дэмжсэн, илүү ээлтэй байх тусам Монгол Улсын эдийн засаг төдий хэмжээгээр өндийнө.

Тэд юу хийсэн бэ

Харин одоо гурван сар гаруй хугацаанд тэд чухам юу хийснийг авч үзье. Бизнесийн олон төрлийн холбоо, нэгдлийн гишүүн 180 гаруй компанийн удирдлагыг урьж хэлэлцүүлэг хийжээ. Тэдний 75 хувь нь Монголын аж ахуйн нэгж байсан бол бусад нь гадаадын компани байсан гэнэ. Тэднээс эдийн засгийг өндийлгөхийн тулд юу хийвэл дээр вэ гэсэн судалгаа авсан байна. Тэгэхэд 92 хувь нь Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг яаралтай хийх хэрэгтэй гэсэн байхад 90 хувь нь татварын шинэчлэлийг шавдуулахыг сануулж. Товчхондоо, манай улсын эдийн засгийн гол суурь болсон татвар нь бизнесээс мөнгө хурааж, дарамтлах бус бизнес, үйл ажиллагааг томруулж, өсгөхийн төлөө чиглэж, өөрчлөх нь шинэчлэлийн гол цөм. Харин 60 орчим хувь нь Ашигт малтмалын тухай шинэ хууль хүсч байсан бол хууль нь батлагдаад буй юм. Эрх зүйн хүрээнд 29 хуулийн төсөл шинэчилж, өөрчлүүлэхээр зөвлөлөөс санал оруулсан байна. Үүний ес нь батлагдаж, гурав нь хэлэлцэж байгаа бол нэгийг буцаасан. Бусад нь өргөн барьсан төдий байгаа аж.

Мөн “Бизнес саммит 2014” уулзалт зохион байгуулахад 400 гаруй компани оролцож, тэнд 23 төсөл танилцуулж байсан нь эхнээсээ ажил хэрэг болжээ. Жишээ болгож “Эрдэнэс таван толгой”-н нүүрсний давхаргаас метан хий олборлох төслийн нээлтийн үйл ажиллагааг онцоллоо. Түүнчлэн олон жил ярьж, гацаанд ороод байсан тавдугаар дулааны цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, концессын таван гэрээ байгуулсан. Нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрөхөөс өнөөдөр бодитоор 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө ажил болоод буй гэнэ. Энэ сард нэмж нэг гэрээ шинээр байгуулах болсныг дуулгалаа.
Түүнчлэн монголчууд дотооддоо Хөрөнгө оруулалтын сан гэдэг хуримтлалтай болох ажил эхэлснийг хийсэн ажлынхаа нэгээр нэрлэжээ. 300-500 сая ам.долларын уг санд Засгийн газар хувь нэмэрлэх бол гадаадын болон дотоодын компаниудаас хөрөнгө босгох боломж байгаа гэнэ. Энэ бүгдээс гадна Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн гэрээ, Монгол, Солонгосын форум гэхчлэн томоохон арга хэмжээ зохион байгуулсныг онцоллоо.

Цаашид яах юм бол

Юутай ч эдийн засгийн эрчимжлийг нэмэх 100 хоногийн үйл ажиллагаа бизнесийнхэнд ашигтай механизм бүрдүүлжээ. Засгийн газар энэ тухайд “Бид шууд эрчимжүүлчихгүй, ердөө эрчимжих суурийг тавина” гэж хэлээд буй. Тэгвэл зөвлөлийн танилцуулснаар шийдлээ хүлээж буй хэд хэдэн асуудал бий. Үүнд, УИХ-д өргөн барьсан 16 хуулийн төсөл, аж ахуйн нэгжид орлогын албан татварын 90 хувийн буцаан олгох тогтолцоо, нэмүү өртгийн албан татварын босгыг 50 сая хүргэх шинэчлэл хийгээд хоёр хувийг буцааж өгдөг болох. Эдгээрээс гадна ашигт малтмал, газрын тосны нөөцийн төлбөр, ам.доллараар илэрхийлсэн татварыг төгрөгт шилжүүлэх, хувийн тэтгэврийн сан байгуулах ажлын хэсгийн үр дүн, Дампуурлын тухай хуульд өөрчлөлт оруулах, төрийн өмч хувьчлалын ажил зохион байгуулах.
Мэдээж сөрөг хүчний сөхөж тавьсан хариуцлага нэхэх ажлыг монголчууд бүгд хүлээж буй. Гэвч сайн дураар, цалингүй ажилласан эдийн засгийн зөвлөлийнхнөөс түүнийг эрэх нь утгагүй гэдгийг Б.Бямбасайхан хэлж байна. Тэгээд ч ярьснаас нь үзвэл тэд өөрсдийн хэмжээнд, бизнес эрхлэгчдийн хувьд амжилт олж чаджээ. Харин МАН-ын “АРД-100” аяны мөрөөр Засгийн газар л хариуцлагад татагдах бололтой. Гэвч...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан