Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний зөвдлөлдөх хороогоо хуралдуулаач, АН-ынхаан


Ардчилсан намын үндсэн дүрмийн 6.4.4-т “Үндэсний зөвлөлдөх хороо жилд хоёроос доошгүй удаа хуралдана” гэсэн заалт байдаг. Харамсалтай нь, АН-ынхан үндсэн дүрмээ сахин биелүүлсэнгүй хоёр жилийг ардаа орхилоо. Дагаж мөрдөхгүй байх гэж үндсэн дүрэм гээчийг гаргаагүй л байлтай. Хэдий элдвээрээ хэлүүлдэг ч МАН-ынханд дүрмээ баримталж чаддаг сайн чанар бий. Түүнээс нь АН-ынхан суралцахад буруудахгүй болов уу.

Нэгэн цагт ҮЗХ-ны гишүүн шиг хэрэгтэй сэтэр АН-ынханд байгаагүй. ҮЗХ-ны хуралдаан бүр л шинэ содон үйл явдал, хурц шүүмжлэл, маргаан дунд өрнөсөөр ирсэн. Жил бүр уг нь, ҮЗХ гишүүдээ шинэчилж, ротаци хийх ёстой боловч хурлаа зарлахгүй байхад яалтай ч билээ. Хамтарсан засгаас гарах шийдвэрт хүрч, нэлээд хэрүүл шуугиантай болж байсан ҮЗХ-ны сүүлчийн хурал түүх болон замхарч, тэгж билээ гэсэн дурсамж төдий л үлдлээ. Үндсэн дүрмээ мөрдөж, ҮЗХ-гоо хуралдуулах шаардлага тавьж байсан АН-д ургасан жигүүр олигтой ч дэвж чадалгүй, нэг ой ч хүрэлгүй бөхөв.

Жилдээ хоёрхон удаа цуглаж чадахааргүй болсон юм чинь ҮЗХ гээчийг татан буулгах хэрэгтэй. Эсвэл мөрдөж чаддаггүй үндсэн дүрмээ өөрчилж салхи оруулах болж. Үндсэн дүрмийн 6.4.1-т “Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын тоо 228 байна. Үүний 50-иас доошгүй суудал нь эмэгтэй гишүүдэд ногдоно. Жил бүр дотоод сонгуулийн хорооноос тогтоосон квотоор, тогтсон хугацаанд ҮЗХ-ны гишүүний эргэлтэд хамрагдах (ротаци) сонгууль явагдана” гэдэг заалтыг АН-ын гишүүдэд, тэр дундаа ҮЗХ-ны гишүүдэд эргэн сануулъя.

ҮЗХ-г зарлан хуралдуулах эрхтэй АН-ын удирдлагууд, Гүйцэтгэх зөвлөл хэдэнтээ ээлжээ өнгөрүүлээд буй хурлаа хийх хүсэл сонирхол үгүй бололтой. Энэ олон сар хуримтлагдсан асуудал намын дарга, удирдлагуудад хүнд цохилт өгч таарна. Хариуцлага гэж байдаг л юм бол түүнийг үүрэх хүмүүс нь тодорхой гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрх баригчид өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстойг ч хэлсэн.

Засгийн эрх барьснаас хойш ер нь АН-д юу өөрчлөгдөв. Үнэндээ ил цагаан, шударга ярилцаад асуудлыг шийдчихдэг байсан уламжлал ч замхрав. Дүүрэг, аймгуудын намын хороодын дотоод тэмцэлдээн нь ч хэвээрээ. Нам шиг дүрмээ сахин биелүүлдэггүй, хурлаа хийж чадахаа больсон гэдэг хоёр л том өөрчлөлт гарлаа. Таван нам нэгдэн байж байгуулсан Ардчилсан нам энэ хоёрхон жилийн дотор сууриараа нуран унахад бэлэн болж. Хэдий олон фракцтай ч өөр өөр өнгийн үзэл бодол уралдуулан байж асуудал шийдэх гарцаа олж чаддаг байсан. АН-ын тухай яриа бүгдээрээ өнгөрсөн цаг дээр л илэрхийлэгдсээр...

“Гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийг АН-ынханд сануулмаар. Дотроо хуримтлагдсан олон асуудлаа нэг тийш шийдэж чадахгүй, ҮЗХ-гоо хуралдуулах хүсэлгүй, ойлголцол гэж бүр ч алга. Фракц, лидерүүдийн сөргөлдөөн дээд цэгтээ хүрсэн нь хөшигний өмнө ил гарчихлаа. Засгийн газрын танхим дотроо сайд нар нь багтаж шингэж чадахаа ч больж. Ажлаас биш хувийн асуудлаас болж нэг нь нөгөөгөөсөө ичиж явдгаа хэвлэл, олон нийт, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дэлгээд сууж байх ч гэж. Гэтэл үүнийг намын дарга нар зүгээр л хөндлөнгийн байр сууринаас хараад, хөгжөөн дэмжээд, алга ташин суугаа гэх.
Бүгд бүтэж гүйцэлдээд, сайн сайхан болж, АН-ынхан гишгэсэн мөрөө эргэн харж дүгнэх шаардлагагүй гэж хаацайлах гэвэл түүн шиг худал зүйл үгүй. АН-ын гишүүд ийм номхон дөлгөөн, ноомой дорой болчихоогүй байгаасай л гэж найдъя. Хоёр жил ротаци хийгээгүй юм чинь хурал зохион байгуулаад ҮЗХ-ноос хасчих вий гэж айдаггүй л байлтай. Тиймгүй гэвэл дүрмэнд дурайтал заасан ҮЗХ-ныхоо бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэг АН-ын гишүүдэд бий. Адаглаад Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн төлөө жил бүр төлдөг нэг сая төгрөгийн татварынхаа араас хариу нэхдэг болмоор юм. Бусадтай нь харьцуулахад арай илүү татвартай 228 гишүүнтэй энэ цоморлиг эргээд нэгдэх, өнгөрсөн хоёр жилийн дөрвөн ч хуралдаанаа нөхөхгүй бол цаг хугацаа улам алсарсаар. Хуралдсан их асуудал шийдлээ хүлээн улам зузаарсаар байна. Намын бодлого, улс орны хөгжлийн болон нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг сонсох, авч хэлэлцэх, зөвлөмж шийдвэр гаргах, хариуцлага тооцох эрх ҮЗХ-нд байгаа. Ганц нэгээрээ, ам амандаа шивнэж суухаар хэн нэг нь санаачилж, ялангуяа УИХ-ын гишүүдийн зүгээс ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавих цаг болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан