Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүхийн ил тод байдалд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг


"Хаана мэдээлэл байна, тэнд шударга ёс цэцэглэдэг" гэдэгчлэн шүүхийн шинэтгэлийн олон талт үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдал ардчиллын үнэт зүйл болсон хэвлэл мэдээлэл дээр суурилж байна. Шүүхээс иргэдэд үзүүлэх шударга ёсны үйлчилгээ улам бүр ойр, дөт болохын зэрэгцээ шүүхийн үйл ажиллагааны талаархи бодит, шуурхай мэдээллийн хэрэгцээ шаардлага нийгэмд өсөн нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болсон хараат бус шүүх, ардчиллын тулгуур болсон хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаа шүүхийн шинэтгэлд ач холбогдолтойг эндээс харж болох юм.

Шүүх эрх мэдэл төрийн эрх мэдлийн нэгэн салаа засаглал бол, хэвлэлийн эрх чөлөөг өндөрт авч үздэг улс орнуудад хэвлэлийг дөрөв дэхь засаглалаар өргөмжилдөг. Шүүхийн бүхий л үйл ажиллагаа эрх зүйн нарийн шүүлтүүрийг давсан, олон нийтийн хараа хяналтан дор нээлттэй, ил тод, хүртээмжтэй байх нь шүүх эрх мэдлийн төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөрсгөж ирлээ. Энэхүү хариуцлагын өмнө шүүхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх шаардлага урган гарч байгаа юм. Шүүх үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй тайлагнахгүйгээр бие даасан байдал нь хангагдахгүй. Учир нь шүүх шударгаар хуулийн дагуу ажиллаж буй эсэхийг эцсийн дүндээ ард түмэн үнэлж цэгнэдэг.

Ингэж байж эрхээ хамгаалуулах иргэдийн итгэлд бодит ахиц гарна. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл тэдэнд хүрч буй мэдээллийн чанар, чансаа, сэтгүүлчийн мэргэжлийн ур чадвар, эрх зүйн боловсролын түвшнээс шууд хамааралтай. Иргэд өөрсдийн мэдэхгүй, тэдэнд ойлгомжгүй зүйлийг ихэнх тохиолдолд таамаглалаараа төсөөлдөг. Үүнийг нь ч үндсэн хуульт төрийн тогтолцоотой улс орнуудад "хардах эрх" хэмээн эрх зүйт төрийн суурь зарчмуудаар баталгаажуулдаг. Иймээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг ард түмний үзэл бодлыг зангидагч гол хүч, нийгэм дэх ашиг сонирхлуудын индэр байдаг. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхлээд даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүх дагнан байгуулагдаж, иргэдэд хүрсэн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй нэвтрүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Иргэд мэдээлэл авах эрхийг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17дахь хэсэгт "Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” хэмээн баталгаажуулсанбайдаг.Түүнчлэн төрийн албанд баримтлах зарчмыг Төрийн албаны тухай хуулийн 4.2.2-т "ил тод байх”, 4.2.3-т "ард түмэнд үйлчлэх” гэж заасанбилээ.
 
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд "Шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, Шүүх хуралдааныг хуульд зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулах, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах, шүүх бүр өөрийн цахим хуудастай байх, шийдвэр үйл ажиллагаагаа нийтэд тогтмол мэдээлж байна. Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төр, хувь хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх” талаар хуульчлан зааж өгчээ.
 
Шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчидтай сар тутам уулзаж "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг тогтмол зохион байгуулж байна. Түүнчлэн "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл авах, хайх эрхийг баталгаатай хангах үүднээс сэтгүүлчдэд мэргэшүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэж, тэдний эрх зүйн боловсролыг дээшлүүлснээр эрх зүйт ёсны тулгуур суурь болсон хараат бус шүүх улам бүр бэхжиж, нийгэмд шударга ёс цэцэглэн хөгжихөд чухал түлхэц болох юм.
 

Г.Зул
Эх сурвалж: "Үндэсний шуудан” сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан