Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Улаан: Манай улс өрийн дарамтад орохгүй ээ


Сангийн сайд Ч.Улаанаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.

-Оны хоёрдугаар хагас дундаа орох гэж байна. Улсын төсвийн гүйцэтгэл гарсан байсан, түүнийг товчхон дүгнэвэл ямар дүр зураг харагдах бол?
-Наймдугаар сар дуусч байна. Одоогоор улсын төсвийн орлогын бүрдэлт 88 хувьтай, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь, орлогын бүрдүүлэлтийн түвшингээр авч үзэхэд өмнөх гурван жилийн хэмжээнд байгаа юм. Өөрөөр хэлбэл, орлогын буурсан хэмжээ нь төдийлөн ихсээгүй. Харин зарлага маань 80 хувийн санхүүжилт хийгээд байна. Өмнөх гурван жилийн түвшингээ барьж байгаа юм. Харин ч буураагүй нэмэгдсэн дүнтэй. Төсвийн хувьд төлөвлөгөөт алдагдалтай. Энэ алдагдал төлөвлөснөөс хэтрээгүй. Төсвийн орлогын бүрдүүлэлттэй уялдуулаад санхүүжилтэд анхаарах асуудал бий. Бид улсын төсвөөс орон нутагт хүлээсэн үүргээ аль болох бүрэн гүйцэлдүүлэхийг хичээдэг. Энэ маань орон нутагт өгөх санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгийг сар тутам 100 хувь өгч байгаа. Орон нутаг хөгжүүлэх санд өгч буй санхүүжилт одоогоор 70 орчим хувийн биелэлттэй. Энэ маань уул уурхайн салбараас ордог хуульд нэр заасан орлогын төвлөрөлтэй уялдаатай учраас нөхөх бололцоогүй. Хэрэв уул уурхайн салбар сэргэж, идэвхжээд ирвэл тэр санхүүжилтийг орон нутагт хувь хэмжээгээр хуваарилж өгнө. Орон нутгийн төсвийн төлөвлөгөө 80 орчим хувьтай байна. Ерөнхийдөө одоохондоо төсвөөс санхүүжилт гаргаж чадахгүй болсон, гацаасан, хүндэрсэн асуудал харьцангуй гайгүй шүү.

-Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд Сангийн яам төсвийн бодлогод шинээр дэвшүүлсэн зорилт, зарчим юу вэ?
-Бид энэ жил онцгой анхаарч буй нэг асуудал бол хэмнэлт. Аль болох хэмнэхийг хичээж байгаа. Тодруулбал, хэд хэдэн зүйлд гар татуу байгаа. Гадаад, дотоодын томилолтын зардал, сургалт, судалгаа, сурталчилгааны элдэв төрлийн ажил. Дээр нь, баяр наадам тэмдэглэх, хандив өргөх асуудал. Мөн зайлшгүй шаардлагатай биш тоног төхөөрөмж худалдан авах, эд хогшил хураах зэрэг зардлыг энэ жил нэлээд хатуухан хяналтад авч, гар татуу байгаа. Ийм зардлыг аль болох татаж өглөө. Зайлшгүй хийх ёстой санхүүжилт болох цалин, тэтгэвэр, тэтгэмж, өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааны зардлыг бид саадгүй өгч байна.

-Төсвийн хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ямар байна вэ?
-Хөрөнгө оруулалт одоогоор саатсан зүйлгүй байна. Төсвийн шинэ хуулиар бол бодитой хийчихсэн ажлын баталгаажсан гүйцэтгэлийг саадгүй санхүүжүүлж байгаа. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын ажлын эрч удаашралтай байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дутуу санхүүжсэн хөрөнгө оруулалт 50 орчим тэрбум төгрөгт хүрэх болов уу. Оны төгсгөл рүү хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгддэг. Манай улсын эдийн засагт ужиг өвчин шиг дутагдал бий шүү дээ. Наймдугаар сар дуусч байхад хөрөнгө оруулалтын ажлын ихэнх нь хийгдээгүй л байх жишээтэй. Арав, арваннэгдүгээр сард бүгд л амьсгаадаад мөнгөө авъя гэх, ажлаа дуусчихлаа гэцгээдэг. Оны эхнээс ажлаа жигд, төлөвлөгөө хуваарьтай хийгээд санхүүжилтээ тогтмол авч сураагүй л байна.

-”ЭЗЭН 100” хоногийн хувьд чамгүй олон ажил хийсэн гэж ярьж байгаа. Сангийн сайдын хувьд хэрхэн дүгнэх бол?
-Мэдээж хэрэг “ЭЗЭН 100” хоногийн хугацаанд бид нэлээд хичээж, зүтгэж ажиллалаа. Энэ бол анхнаас нь хийж буй ажлынхаа эрч хүчийг нэмж, үр дүнг сайжруулъя гэдэг зорилготой эхлүүлсэн. Тийм учраас маш шахуу ажилласан. Зөвхөн Сангийн яам гэхэд 12 хууль тогтоомж, баримт бичиг батлууллаа, УИХ-аар гурван тогтоол, Засгийн газраар таван тогтоол гаргуулсан. Энэ хүрээндээ эдийн засгийг цаа­шид эрчимжүүлэх нөх­цөл бүрдүүлэх зорилгоор хувийн хэвшил, бизнесийн салбараа дэмжих, тэдгээрийн үйл ажиллагаа явуулахад аль болох таатай орчин бүрдүүлэхэд анхаарсан. Жи­шээ нь, маш олон татва­рын хөнгөлөлт, чөлөөлөх ажлыг шийдлээ. Үүгээрээ үйлд­вэр үйлчилгээгээ өргөтгөхөд таатай нөхцөл бүрдүүлж өгч байна. Өнөөдөр шууд үр дүн нь гарахгүй ч тоног төхөөрөмж, үйлдвэрлэл нь өргөжөөд ирэхээр хойтон жилээс эдийн засагт нэлээд үр өгөөж өгөх юм. Ялангуяа хувийн хэвшлээ дэмжих, хамтрах чиглэлээр цоо шинэ механизм бүрдүүлж чадсан. Тэр бол эдийн засгийн зөвлөл шийдвэр гаргах ажиллагаанд хамтарч, оролцоод явах боломж.

-Үр дүн нь хойтон жилээс л мэдрэгдэж эхэлнэ гэсэн үг үү?
-Одоо ч үр дүн мэдрэгдэж байна. Хамгийн энгийнээр бодоод үз. Ам.долларын ханш 2000 хүр­лээ гээд л ам алдаад байсан тэгсэнгүй буураад эхэлсэн. Тийм учраас эдийн засгийн бодлого маань зөв эхлэл тавьчихлаа гэж ойлгож болно.

-Төсвийг нь царцаасан барилгуудын асуудлыг хэрхэн шийдэж ажиллаж байна вэ?
-Ер нь, эдийн засгийн үр өгөөжийн талаас бодох ёстой. Тэр утгаараа эхлүүлсэн барилгыг аль болох түргэн хугацаанд дуусгах нь зөв юм. Гэхдээ эдийн засаг өөрөө бий болсон нөхцөл байдалтайгаа уялдах ёстой шүү дээ. Тэгэхээр хөрөнгийн эх үүсвэртэйгээ уял­дуулаад энэ асуудалд оновч­той шийд гаргах хэрэг­тэй. Нэн даруй дуусгах шаард­лагатай барилгууддаа хү­чээ шавхаж ороод хийх. Үнэхээр хөрөнгө мөнгө саат­сан, чадал хүрэхгүй аж­лыг эзэнтэй болгож, хувьч­лах нь зөв. Хөрөнгө оруулж чадахгүй байгаа тийм барилгад чанарыг нь муут­гахгүй хадгалах арга хэмжээ аваад үргэлжлүүлэх бололцоо бүрд­тэл хойшлуулахаас аргагүй.

-БНХАУ-ын төрийн тэр­гүүн Си Жиньпин айлч­лаад буцлаа. Манай улс энэ үеэр буцалтгүй тусламж, то­моохон зээл авсан. Энэ бүгдийн зарцуулалт ямар байх вэ?
-Хүмүүс нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Бидний авсан зээл хэзээ өр болж хувирдаг вэ гэхээр хугацаа нь дуусаад, хийх ёстой үйлчилгээ төлбөрөө төлж чадахгүй, асуудалд орохоор өр болдог. Тэгэхээр энэ мөнгө өр болох уу, өгөөж болох уу гэдэг нь биднээс хамаарна. Ер нь, БНХАУ бол манайд эдийн засгийн хувьд нэлээд бололцоо олголоо. Буцалтгүй тусламж өгч, үр ашигтай төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр шийдэж өгсөн. Энэ бол ховорхон хэрнээ таатай, том боломж. Нөгөө талаар манайхаас экспортод гаргадаг бүтээгдэхүүнүүдийг өмнөд хөрш худалдаж авъя гэж сонирхлоо илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, бидэнд зах зээл нээж өгч байгаа хэрэг. Ухаалаг зөв ашиглах  л хэрэгтэй.

-Бондуудыг оролцуу­лах­гүйгээр бусад улс, орноос авсан зээл, тусламжийн хөрөнгийн эргэн төлөлт ямар байгаа бол?
-Монгол Улс өнөөдөр эдийн засгийн харилцаанд чөлөөтэй, нээлттэй хамтран ажиллаж байгаа. Маш олон субьекттэй харилцаж байгаа ч өнөөдрийг хүртэл бид үүргээ биелүүлж чадаагүй, өр зээлээ барагдуулж чадал­гүй хойшлуулсан, хүнд­рэл бэрхшээл тулгарсан асуу­дал үүсээгүй. Тэр бүгдийг хуга­цаанд нь, графикийн дагуу, бүрэн төлж яваа. Энэ утгаараа өрийн асуудлаас айж эмээх эсвэл хөгж­лийнхөө хурдцыг саа­руулах нөхцөл үүсээгүй. Ийм оновчтой, хөнгөлөлттэй, хямд эх үүсвэрийг зөв ашиглаж эдийн засгийнхаа хөгжлийн хурдцыг нэмэх асуудалд анхаа­рах шаардлагатай. Ер нь, манай улс өрийн дарам­танд орохгүй ээ гэдгийг хариуц­лагатайгаар мэдэгдэж байгаа. Хамгийн гол нь авсан эх үүсвэрийн ашиглалт, үр өгөөжид анхаарах ёстой. Гүйцэтгэлтэй нь уялдуулж хянах ёстой юм.
-Өнгөрсөн хавар төсвийн тодотгол хийж байх үед жинхэнэ тодотголыг намар хийнэ гэж байсан. Одоо эргээд харахад тодотгох шаардлага байна уу?
-Шаардлага байна. Уул уурхайн салбараас орох орлого бидний бодсоноос нэлээд доогуур байгаа нь төсвийн орлого тодорхой хэмжээнд тасалдаж байгааг илтгэнэ. Цаашдаа мэдээж нэмэгдэж, байдал засарна гэж найдаж суугаа. Нөгөө талаас бидний амьдралын мөчлөг дагасан урсгал яг хэвээр, бахь байдгаараа явна. Ирэх ес, аравдугаар сард олон хүн санхүүжилтээ авъя аа гээд зэрэг зэрэг ороод ирнэ. Улмаар санхүүжилт өгдөггүй, ажилчид цалингаа авсангүй гээд гомдол, тэмцэл ургах нь тодорхой. Эдийн засаг маань жигд биш цаг үеэ дагасан, мандал буурлын замаар гэдэг шиг өгсөж, уруудаж явсаар хүндэрдэг шүү дээ. Ирэх есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр л төсвийн тодотголыг зайлшгүй ярих болов уу.

0 Сэтгэгдэл
Ечнеен тэрбум тегрегны алдагдалтай гэж шуураад байсан. Наадах чинь худлаа байхаа. Энэ олон аймаг, яам, бусад терлийн олон байгууллага, агентлагаас гаднатерийн албан хаагчдын тоо аймаар есеж, дуурэг, хороодод ажиллаж байгаа ечнеен орон тооноос ямар их хэмнэлт гарна гэж та тооцож байна. Улс орон олигтой хегжихгуй, ард тумний амьдрал улам муудаадбайхад та сайн байна гэх гээд байна уу??. АН- ын дарамтанд ороод байна уу? Цемеерее хотод цуглаж ашиггуй энэ одон орон. тоо байхад Монголын эдийн засагт хэзээ ч хэмнэлт гарахгуй. 100 ямаанд 60 ухна болсон шуу. Нарийн ярьвал УИХ- ын гишуудын тоо, хангамжийг хасах шаардлагатай байна. Хятадад том дарга нар машин хэрэглэхгуй байгаад одоо хегжил нь ямар байна. Санал тавьжбайгаа дээрхи олон байгууллага, орон тооны асуудлыг та анхаар даа. Зээл авнаа гэдэг чинь ертей гэсэн уг, зээл авахгуйгээр чадахгуй байна гэдэг эдийн засаг сайн биш нь ойлгомжтой. Яах гэж зээл аваад байдаг юм бэ? Та юунаас ч айлгуй, дээрхи асуудлыг хендеж, хэмнэлт гаргаач, Хел бембег узэхээр явагсад улсын менге урсэн бол та суутгаж, интернэтээр танилцуулана шуу. Уг нь таниас еер Сангийн сайд хийчих хунгуй гэтэл та яагаад байнаа???.Мереерее шудрага л байна шуу. Энэ улсын санхууг та одон жил барьлаа. Гарт чинь яагаад баригдахгуй байнаа. Их санаа зовж байна шуу. Тер гадаадынхантай гэрээгээ ч олигтой хийж чаддаггуй гэж ойлгодог.
naad uls chini yaahav orgui blaa geed yaadiin irged chini oor hoorondoo orond barigdaj biy biynee hemlej baina.ta nar yaadiin mahsinaas mashin ordnoos hausruu.irged chini 2 zeerdnees avtobus avtobusnaas zah zahaas ger horoolol.ene chini ta nariin udirdaj baigaa uls ene uu.muusain irgedee tsolmogch,eh ornoo baragsad.Mongold Mongol gedeg nernees oor yuu ch alga bi haramsaj baina.
sain ajillasan bna ,uneheer zarim neg hurgan yadargaatai humuusee tsomhotgood yavbal ene zasgiin gazar ard tumend eeltei zasgiin gazar ,ur dun ni uneheer medregdej bna aa,omnokh jiluudees makhnii une hyamd bgaad l bi hamgiin ikh bayrlaj suugaa daa
Хамгийн их уншсан