Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Бүрнээ: Саяхныг хүртэл 1990 оны өөрчлөлтийг хувьсгал гэж хүлээж авахгүй байлаа

Монголын ардчилсан хувьсгалд биеэр оролцож, түүхэн үйл явцыг газар бүрт дэмжиж, дээшлүүлж явсан хүмүүстэй уулзах бүртээ өөр өөрийн хэмжээнд хэр чинээндээ тултал л хичээж байж дээ гэсэн бодол төрдөг. Ийм бодлыг минь үргэлжлүүлсэн эрхэмтэй Ховд аймгийн хязгаарт таарч, хууч хөөрлөө. Төрөлх сумынхаа сургуульд эрдэм түгээж суугаа Сүрэнгийн Бүрнээ гуайг ардчилсан хувьсгалд манлайлж, түмнийхээ төлөө төрийн тэргүүнтэй нүүр тулан уулзаж байсныг сум, аймгийнх нь хүмүүс тэр бүр анзаарч, мэддэггүй байж болох юм.
Түүний хууч яриаг толилуулъя.

-Ардчилсан хувьсгал зөвхөн Улаанбаатар хотод болж өрнөөгүй сум орон нутагт ч хүчтэй байсны нэг гэрч нь таныг гэх юм. Тэр үеийн түүхийг эргэн дурсахгүй юу?
-Миний бие 1986 онд сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөр, нийгмийн хангамжийн байцаагч хийж байсан. Одоогийнхоор Нийгмийн даатгалын ажилтан, тэтгэвэр тогтоодог ажилтай. Тэгж байгаад Улсын багшийн дээд сургуулийн өдрийн ангид зураг, хөдөлмөрийн багшийн мэргэжлээр суралцахаар элссэн. Оюутан болоод сургуулийнхаа утга зохиолын дугуйланд хичээллэдэг байсан юм.
Тэр үед дугуйланд маань радио, телевизийн нэртэй сэтгүүлч, яруу найрагчид хамт хичээллэдэг байлаа. Цэрэнжамцын Дашдамба, Лханаагийн Мөнхтөр, одоо ОБЕГ-ын дэд дарга Дарь-Сүхбаатар, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй, яруу найрагч Жадамбын Батцэцэг гээд. 1989 онд гуравдугаар ангиа төгсөөд зуны дадлагаа хийж дуустал отгон хүү Баянмөнх маань гэнэт гэдэс нь өвдөж, шингэн алдаад эмнэлэгт хэвтлээ. Ой таван сартай байсан болохоор би сахиж эмнэлэгт хэвтээд арга буюу нэг жилийн чөлөө авсан юм. Тэр нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотод 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан холбооны анхны жагсаал цуглаан болсон. Гэтэл улсын төв хэвлэл “Үнэн” сонинд өдөр алгасахгүй шахам МоАХ-г үгүйсгэж, муулсан, болж бүтэхгүй залуус төр засгийн эрх мэдэл авах гээд, Монгол-Зөвлөлтийн эв найрамдлыг бусниулахаар олны санаа сэтгэлийг үймүүлсэн юм ярьдаг гээд л бичиж өгч байна. Тэгэхдээ ардчиллын анхдагчуудын намтар сэлтийг дандаа хар бараан талаас нь тодруулж намаас хөөгдсөн, нутаг заагдсан гэх маягийн зүйл бичдэг байлаа. Жишээ нь, Санжаасүрэнгийн Зоригийг Москвагийн их сургууль төгссөн, шинжлэх ухаан коммунизмын онол /ШУКО/ заадаг, эрлийз гэх маягтай.

-Тухайн үед сумандаа салбар зөвлөл байгуулах санаа сэдэл юунаас үүдэж төрөв?
-Түрүүн хэлсэн утга зохиолын нэгдэлд надтай хамт суралцаж байсан залуусаас Дарь-Сүхбаатарыг сайн танина. Мөн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Лювьовын нэрэмжит улс төрийн академид цэргийн сэтгүүлчээр төгссөн Элбэгдоржийг сайн таньдаг. Нөхөд маань тэнд муу хэлүүлж, улс орныхоо өөрчлөлт шинэчлэлийг түргэтгэе гэж хичээж явахад би энд биеэ оторлоод сууж болохгүй гэж санасан. Тэгээд Ардчилсан холбооны анхны салбар зөвлөлийг эндээ байгуулалцаж эхэллээ. Энэ зөвлөлд 30 гаруй гишүүн элсч орсон. Тэгэхэд тухайн үед МАХН-ын зүгээс МоАХ-ны салбар зөвлөлийн эсрэг хүчтэй ухуулга хийж байлаа. Гэвч бид Ардчилсан холбоо гэдэг бол ард түмнийхээ төлөөх зорилготой, юм хийдэг сайхан байгууллага гэж сурталчлахаар хичээсэн. Манай сум аймгийн төвөөсөө 150 гаруй км алс хэрнээ зам нь бартаа ихтэй, өнөөгийнх шиг засмал зам байсангүй. Одоо “УАЗ 469” машинаар гурван цаг гаруй давхихад очдог бол тэр үед дор хаяж зургаан цаг явна. Тийм учраас хүн эмнэлгээ хоёр “УАЗ 469” машинтай болгоё гэдэг уриалга дэвшүүлсэн.

-Ямар арга замаар машинтай болгоё гэсэн юм бэ?
-1991 онд манай сумын 70 жилийн ой болох гэж байгааг угтаж айл бүр 70 төгрөгийн хандив өргөвөл шинэ машин авч өгье гэж тодорхой бичлээ. Нийт 300 өрх бүгд хамрагдчихвал 21 мянган төгрөг бүрдэнэ. Тэр үед “УАЗ 469” машин 18 мянга төгрөг л байсан байх. Үүнийгээ танилцуулаад айлуудаар ортол “Уг нь ч зөв санаа юм, манай нам байсан бол сарын цалингаа ч өгөөд, дэмжмээр байдаг. Даанч Ардчилсан холбооныхон юм” гээд 10 төгрөг өгдөг хүн байлаа. Холбооны гишүүдээс маань 100, 150 төгрөг өгсөн нь ч бий. Ингэж явсаар 8000 гаруй төгрөг бүрдээд, цаашаа явж өгдөггүй ээ. Улсын баяр наадам, ойн баяр ойртоод байдаг. Тэгэхээр нь сум, нэгдлийн дарга Балжинцэрэнгийн Цамба гэдэг хүнд хандлаа. Хэдий намын томилгоогоор ажиллаж байсан ч ардчиллыг ойлгож дэмждэг, манай талын “дайсны цэрэг” байлаа л даа. Тэгээд Цамба даргатай уулзлаа Бид нэг машин аваад хүн эмнэлэгтээ өгчихлөө гэхэд танай сум, нэгдлийн гишүүд, малчдад л үйлчилнэ шүү дээ. Надад найман мянган төгрөг цуглачихлаа, үлдсэн мөнгийг нь та данснаасаа нэмж өгөөч, баяр наадмаас өмнө авчиръя гээд гуйлаа. Гэтэл би үүнийг ганцаараа шийдэхгүй, нэгдлийн зөвлөлөөр хэлэлцье гэж байна. Тэр дарга аль болох бүтээх талаас нь ярьж өгсөн юм шиг байна лээ, бидэнд 21 мянган төгрөг гаргаж өгсөн.

-Мөнгөө аваад л шууд хот руу гарсан уу?
-Би ч хот руу явлаа. 1990 оны долдугаар сарын эхэн юм даа, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Очирбат тэр үед улс төрийн намуудын дарга нарыг хүлээн авч уулзахаар болсон байсан. Яагаад гэхээр Ардчилсан нам, Хөдөлмөрийн нам, Шинэ дэвшилт холбоо гээд шинэ, жижиг намууд олон намын анхны сонгуульд оролцохгүй гээд мэдэгдчихсэн учраас удирдлагуудыг нь дуудсан юм билээ. Би ч түүнээс өмнө “Залуучууд” зочид буудлын арын дугуй байранд очсон. Тэгтэл Элбэгдорж Английн Лордуудын танхимын урилгаар явчихсан, Дарь-Сүхбаатар Хөвсгөлд байгаа ч гэлүү эзгүй байна. Харин Зоригтой уулзаж учир шалтгаанаа хэллээ. Гэтэл “Надад танд тусалж чадах ганц л зүйл байна” гээд намайг МоАХ-ны салбар зөвлөлийн зохицуулагч мөн гэсэн үнэмлэх гаргаж өглөө. Түүгээрээ Төрийн ордонд ороод АИХ-ын тэргүүлэгчдийн даргатай хийх уулзалтад оч, очоод даргатай яаж уулзахаа та өөрөө мэд дээ гэж байна.

-Тийм яриа сонсч байснаас тодорхой зүйл мэдэхгүй юм. Анхны сонгуульд тэгж эсэргүүцэл илэрхийлсэн нь ямар учиртай байсан юм бол?
-Уулзалтад АИХ-ын дарга Очирбатаас гадна МАХН-ын төв хорооны дарга Г.Очирбат гээд хэдэн хүн ирж шинэ намын төлөөлөлтэй ярилцсан. Шинэ намынхан орон нутагт намуудын хүч тэнцвэргүй байна, хэвлэл мэдээлэл ч бидний эсрэг байна, бидний төлөөллийг сонгуулийн ажиллагаанд оролцуулахгүй байна. Ийм сонгуульд бид ороод ямар хэрэгтэй юм, шударга сонгууль болно гэдэгт итгэхгүй нь гээд л гомдлоо мэдүүлчихсэн байсан. Харин Очирбат гуай “Та минь ээ, та нарыг олон түмэн айхтар дэмжиж байгаа шүү дээ. Тэр олон хүний урмыг хугалж болохгүй. Сонгуульдаа заавал орох хэрэгтэй” гэсээр зөвшөөрүүлж чадсан юм. Уулзалт дуусаад Очирбат гуай цүнхээ аваад л босонгуут бичиг цаасаа бариад л шуугиад очлоо. Тэгэхнээ намайг бие хамгаалагч, тусгай ажилтнууд нь явуулахгүй хашаад авахаар нь муудлаа. Би төрийн тэргүүн рүү буу шийдэм барьж дайраагүй бичиг цаастай л байна гэсэн. Харин Ерөнхийлөгч намайг анзаарч, наад хүнээ явуул гэв. Тэгээд л би бүх зүйлээ яриад дуржигнуулж өгсөн. Намайг сонсч дуусаад “Чи наадхаа бичиг хэрэг дээр...” гэснээ “За за, би өөрөө авчихъя. Чи нөгөөдөр иргэдийг хүлээж авах байраар ирж хариугаа аваарай” гэдэг юм байна. Тэгээд л би Ерөнхийлөгчөөс авсан тодорхойлолтоо одоо ч хадгалдаг. “Ховд аймгийн Мөнххайрхан сум. Тус сумын хөдөлмөрчид мөнгө цуглуулж сумын эмнэлэгт “УАЗ 469” машин авах хүсэлтийг харгалзан нэг машин олгоно уу гэснийг Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Бавуу, Зам, тээврийн яамны сайд Ёндонсүрэн нарт “УАЗ 469” машин нэгийг олж өгөх хэрэгтэй. Дүнг мэдэгд, П.Очирбат” гэж долдугаар сарын 4-нд дүгнэлт хийж өгсөн. Ингэж явсаар Багахангайгаас нэг машин авч энд ирээд Ардчиллын баяр гэж хэдэн хүн барилдуулж наадам хийсэн. Тэгээд хүн эмнэлэгтээ шинэ машин гардуулж өгч байлаа. Энэ бол түүх болоод үлдсэн юм.

-Таныг оюутан байхдаа цаг үеэ шүүмжилсэн сонин гаргаж явсан, идэвхтэн гэж дуулсан?
-Утга зохиолын нэгдэл маань 1988 онд “Цагийн толь” гэж сонин гаргаж байсан. Ерөнхий эрхлэгч Дарь-Сүхбаатар, би сонины зураач, бусад маань сурвалжлагч. Гэтэл гурван дугаар гаргасны дараа Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас ирж хааж байсан юм. Сургуулиа эргэсэн, ректороо шүүмжилсэн аястай, улс орны өөрчлөлт шинэчлэл нүүр засал биш урлаг соёл, эдийн засаг, нийгмийн бүх л хүрээг хамрах ёстой гэж бичсэн. Манайх туурга тусгаар улс байтал бүгдийг Кремлиэс шийдэж байгааг боль гэж дуугарч байлаа. Тэр сонинд би зураачаар ажилласан түүхтэй. Анхны дугаар арваннэгдүгээр сарын 6-нд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн өдрөөр гарсан. Нүүрэндээ Нацагдоржийн зурагтай, “Байн байсаар бүх дэлхийг бүрхэх октябрь зөвхөн нарыг хэвээр үлдээх” гэдэг үгнээс “Гагцхүү наран хэвээр үлдмой” гэж уриа сонгоод гаргаж байсан юм.

-“Цагийн толь” сонины ажил хэр удаан үргэлжилсэн байдаг юм бол?
-Ердөө гурван дугаар гаргаад л НАХЯ-наас ирж хаасан юм. Түүнийг өнөөгийн сонинтой харьцуулахад Итгэлтийн хэлдэг шиг “ичмээр дамшиг” л даа. А4 хэмжээтэй цаасан дээр бичгийн машинаар цохиод, үдэж гаргадаг 10-аад хуудастай юм. Нэг удаадаа зуу гаруй хувиар гаргаж, канонддог байсан. Түүнийгээ оюутан, багш нарт нэг төгрөгөөр зардаг. Сониноо борлуулчихаад манай нэгдлийнхэн их баяртай, сургуулийн гуанзанд орж хуушуур авч идэж байлаа.

-НАХЯ-наас хаахаар ирэхдээ ямар үндэслэл, шалтгаан хэлсэн бэ?
-Тухайн үед намын Төв хорооны үзэл суртлын хэлтсээс зөвшөөрөл аваагүй гэж хаасан. Нийгэм цаг үе нь хатуу байсан даа. Саяхан, Монголын Сэтгүүл зүйн 100 жилийн ойн өмнөхөн “Цагийн толь” сонины 25 жилийн ой боллоо. Одоо МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийнхэн энэ сонинг маань үргэлжлүүлэн гаргаж явдаг юм байна.

-Та бүгдийн суурийг нь тавьсан МоАХ-ны салбар зөвлөлийн анхны санаачилга сайхан биелжээ. Түүнээс хойш танай суманд ардчиллаас хойш түүх хэрхэн үргэлжилсэн бэ?
-Тэр үед хүмүүсийн нийгмийн идэвх урьд хожид байгаагүйгээр сайжирсан. МоАХ-ны гишүүд ээ, нэгдэлдээ хашаа барьж өгье. Ажлын хувцастай өглөөний 08:00 цагт складны урд цуглая гэхэд бүх хүн хүрз жоотуутай цагтаа ирдэг байсан нь гайхамшиг шүү. Нэгдэлдээ хоёр ч хашаа барьж өгсөн. Түүнийгээ дарга Цамба маань орлогод тооцож аваад, машины үнэ 21 мянган төгрөгөө хааж байсан юм.
Саяхныг хүртэл 1990 оны ардчилсан өөрчлөлтийг нийгмийн хувьсгал гэж хүлээж авахгүй л байлаа шүү дээ, эрх баригчид. Галзуу солиотой юм шиг хэдэн хүн жагсаал, цуглаан хийж улс төрийн товчоог огцруулсан гэдэг л юм ярьдаг. Үнэндээ тэр бүгдийг хувьсгал гэж нэрлэхээс аргагүй. Нийгмийн амьдралын, оюун санааны, улс төрийн, эдийн засгийн бүхий л салбарт өөрчлөлт авчирсан. Нэг чухал зүйл нь юу гэхээр манай улсыг Кремлиэс удирдахаа байсан хэрэг. Тэр үед Намын төв хороог хэн удирдах, улс төрийн товчооны гишүүн хэн байх гэдгийг Кремльд шийддэг байлаа. Тусгаар тогтносон улс орны хэргийг өөрсдөө удирдан шийддэг, чадан ядан жолоодож байх болсон. 1990 онд дэлгүүрийн лангуунд бор давснаас өөр зүйлгүй цаг байсан бол одоо аль сумын дэлгүүрт хүний хэрэгцээ бүрдэж. Тэгэхээр энэ бол яах аргагүй нийгмийн том өөрчлөлт, хувьсгал. Тухайн үед хувьсгалыг улайран эсэргүүцэж явсан хүмүүс одоо би анхны партизан байсан гэж хэлэх нь холгүй явах юм. Хүний нүүр гэж бас их сонин юм даа. Яахав дээ, түүх үнэнээрээ байх ёстой гэж би боддог доо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан