Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сонгохбаяр: Нийгмийн халамж бол хамаатандаа үзүүлдэг үйлчилгээ биш


Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сонгохбаяртай ярилцлаа.

-Нийслэлчүүдийн хувьд хамгийн ойр байдаг төрийн байгууллага нь дүүрэг. Ялангуяа дүүргийн халамж үйлчилгээний хэлтэс нэлээн ачаалал өндөртэй ажилладаг. Одоогоор Монгол Улс иргэддээ хэчнээн төрлийн халамж үйлчилгээ үзүүлж байгаа тухай яриагаа эхэлье?
-Хуулийн дагуу 69 нэр төрлийн халамжийн үйлчилгээ байдаг. Яг зорилтот бүлэгтээ буюу хуульд заасан шалгуураар эрх нь үүссэн иргэн халамжийн үйлчилгээ авна. Би тэтгэвэрт гарсан учраас ахмад настан, тэгэхээр ахмад настанд үзүүлэх халамжинд хамрагдах эрхтэй гэхчлэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн хүнийг ахмад настан гэнэ гэж тодорхойлсон болохоор тэтгэвэрт гарснаас шууд хамаарна гэж ойлгож болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайд хөдөлмөр хамгааллын магадлалын комиссын магадлагаа тодорхойлолтыг нь үндэслэн хуульд заасан үйлчилгээ үзүүлдэг. Мөн өрх толгойлсон эцэг, эхэд үзүүлдэг халамжийн төрөл бий. Уг халамжийг үзүүлэхийн тулд эхнэр нөхөр нь нас барсныг гэрчлэх баримт, иргэний бүртгэлийн лавлагаа, хорооны Засаг даргын тодорхойлолт гэхчлэн тодорхой баримт шаарддаг. Бүтэн өнчин хүүхдэд гэхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр өгнө. Ингэхдээ дүүргийн Засаг даргын захирамжаар асран халамжлагч тогтоож, бүтэн өнчин хүүхдийг асарч байгаагийнх нь хувьд урамшуулал өгдөг. Мөн 18 нас хүрэхээсээ өмнө бүтэн өнчин болсон 18-24 насны хүүхдэд гэр оронтой болоход нь зориулж төрөөс нэг удаа 1 сая 200 мянган төгрөг олгодог. Энэ бүхнийг дурдсаны учир нь хуулийн хүрээнд иргэдэд үзүүлж буй халамж нь өөр өөрийн нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, ямар нэг танил талаараа дамжуулж, хуульд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй байж халамжинд хамрагдана гэсэн ойлголт байхгүй. Халамж бол хамаатны үйлчилгээ биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Таны танилууд иймэрхүү байдлаар ханддаг л байх. Тийм үү?
-Өмнө нь танил тал, хамаатан саднаараа дамжуулан нийгмийн халамжинд хамрагдаж болдог байсан учраас л ийм ойлголт байгаад байх шиг. Одоо тийм зүйл огт байхгүй. Хуулийн хүрээнд бүх үйлчилгээг үзүүлдэг. Үнэнийг хэлэхэд над руу хүмүүс ярьдаг. Би ийм халамжинд хамрагдмаар байна, ядаж жирэмсний тэтгэмж авах гэсэн юм гэхчлэн. Би хариуд нь хуульд заасны дагуу та хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаарай. Хэрэв та халамжинд хамрагдах ёстой л бол хэн ч байсан ялгаагүй бид үйлчилгээгээ үзүүлнэ гэдэг. Нөгөө талаар халамжийг иргэд улстөржүүлэх гээд байдаг нь утгагүй. Ялсан намын гишүүд халамж хүртээд ялагдсан намынх нь хүртдэггүй гэхчлэн. Халамж бол улстөрийн ямар нэг нам эвслийн нөлөөнөөс хамаардаггүй гэдгийг онцолмоор байна.

-Хүнсний талон олгож эхлэх үеэр танил талаараа эмзэг бүлгийнх гэж тодорхойлуулаад хамрагдсан иргэн олон байдаг гэх үгс сонсогдож л байлаа. Энэ тухайд?
-2013 оны 11-12 сард улс орон даяар өрхийн амьжиргаа тогтоох судалгаа хийсэн. Орлогыг орлуулан тооцох аргаар. Бид энэ судалгааг хийхийн тулд бүтэн жил бэлдсэн. Өвлийн хүйтэн хүнд үед хийсэн ч одоо харахад их ач холбогдолтой зүйл болжээ. Үр дүнд нь халамжийн мэргэжилтэн таньдаг л бол халамжинд хамрагдаж болдог гэсэн өмнөх ойлголт ор мөргүй боллоо. Тухайлбал, хүнсний талоны эрхийн бичгийг Засаг даргын шийдвэрийн дагуу хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцээд олгодог байсан. Хэрэв Засаг даргаараа ядуу гэдгээ сайн тодорхойлуулж чадвал боломжтой авах магадлалтай байж. Тэгвэл одоо судалгааныхаа программ дээрээс хараад сонгодог болсон. Нийт өрхийнхөө амьжиргааг 20 түвшинд хуваасан. Нэн ядуу иргэн таван хувийг эзэлж байна. Тэднийгээ мөн дотор нь хуваагаад нэгдүгээр түвшний иргэдэд хүнсний эрхийн бичиг олгож байгаа юм. Манай дүүрэгт энэ түвшний 279 өрх бий.  Өмнө нь иргэд хөөцөлдөөд  болохгүй бол танил талаараа яриулах гэж оролддог байсан бол өнөөдөр үйлчилгээ нь яг хэрэгтэй хүндээ хүрдэг боллоо. Гэрт нь та хүнсний талон авах эрхтэй гэсэн мэдэгдэл очиход иргэд их гайхаж, бас баярлаж байна.

-69 төрлийн халамж үйлчилгээ бий гэсэн шүү дээ. Дүүргийн иргэдийн хэдэн хувь нь халамжинд хамрагдаж байна вэ?
-Манай дүүрэг 34 мянга орчим өрх, 140 гаруй мянган иргэнтэй. 10 гаруй мянган ахмад настан, 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эх гэхчлэн давхардсан тоогоор 70-90 мянган иргэн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг.

-Халамжийг зорилтот бүлгийн буюу амьжиргаа тааруу иргэд голчлон хүртдэг. Тэр утгаараа бичиг баримтын зөрчил их байдаг байх?
-Халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хувьд гайгүй. Гэхдээ бичиг баримтын асуудлаас болж хамрагдаж чадахгүй иргэн ч байх талтай. 2012 оны шинэчилсэн хуулиар тэнэмэл иргэн гэх тодорхойлолт нэмэгдэж, тэдэнд гэр оронтой болоход нь зориулж нэг сая 200 мянган төгрөг олгодог болсон шүү дээ. Тэнэмэл өрх иргэнг тодорхойлох аргачлал гэж бий. Тухайлбал, зургаан сараас доошгүй хугацаанд орц хонгилоор хоноглосон, хороондоо бүртгэлтэй хүнийг тэнэмэл иргэн гэнэ. Гол нь манай дүүргийнх мөн үү, биш үү гэдэг дээр асуудал тулгардаг. Огт бичиг баримтгүй, бүр дээр үеийн улаан паспорттой, орон нутгаас ирээд ямар ч шилжилт хийлгээгүй гээд янз бүрийн л хүн байдаг. Өвөлдөө тэдэнд халуун хоол цайгаар үйлчилж, хоноглох байр гаргаж өгдөг юм. Иргэний бүртгэлийн байгууллагатай хамтран бүртгэлжүүлэх, бичиг баримтжуулах ажил ч явуулдаг.

-Халамж үйлчилгээний хэлтсүүд байнга л дараалалтай байдаг байсан. Одоо гайгүй болоо юу даа?
-Бүх үйлчилгээг халамжийн хэлтэс дээр үзүүлдэг байлаа. Аливаа халамжийг заавал хорооны тодорхойлолтод үндэслэн олгодог учраас иргэд хороо, дүүргийн халамж үйлчилгээний хэлтэс гээд зайлшгүй хоёр явдал болдог, энд ачаалал их үүсдэг байсан.  Харин одоо хороо бүрт халамжийн мэргэжилтэн ажилладаг болохоор хэлтэс дээр ачаалал үүсэхээ больсон.

-Нэг хэсэг халамжийг хавтгайруулсан улс боллоо гэж их яригдсан. Өнөөдөр үзүүлж байгаа халамжийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Нийтийн дунд хүний хөгжил сангийн мөнгөтэй холбоотойгоор ийм яриа гарсан.  Шуудхан хэлэхэд улс төрийн зорилгоор халамжийг ашигладаг үе өнгөрсөн. Төрөөс үзүүлж буй үйлчилгээ яг зорилтот иргэндээ хүрдэг болсон. Энэ засгийн үед хавтгайрсан гэх ойлголт байхгүй болсон. Хэнд ямар үйлчилгээ үзүүлж болох вэ тэр нь л хүрч байгаа. Мэдээж  хүнсний эрхийн бичигт хамрагдах шаардлагатай хүнд амралт сувиллын үйлчилгээ үзүүлэх нь илүүц. Тэр бүү хэл хамгийн дээд түвшинд байгаа хүнд ч тодорхой хэмжээгээр халамж шаардлагатай. Түвшинд нь таарсан үйлчилгээ үзүүлэхийн тулд зорилтот бүлгээ тодорхойлж байна гэсэн үг.

-Орлогыг орлуулан тооцох аргаар хийсэн судалгаанаас харахад хэдэн хувь нь ядуу байна вэ?
-Дэлхийн банк Азийн хөгжлийн сангаас санхүүжүүлсэн судалгаа маань программын хэмжээнд бүрэн төгс гараагүй байна. Учир нь салбар дундын мэлээллийн бааз бий болгох гэж байгаа юм. Тун удахгүй бэлэн болно. Тэр үед ядуурал хэдэн хувь байна, хаана хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх, хаана хамгийн олон хүүхэдтэй өрх, хаана өрх толгойлсон хэдэн эмэгтэй байна гэхчлэн бүх мэдээллийг хэн ч хараад ашиглах боломж нээгдэнэ.

-Асуултаа арай өөрөөр асууя л даа. Иргэдийн амьдрал ер нь ямар төвшинд байх шиг байна вэ?
-Манайх байшин хороолол ихтэй, шилжилт хөдөлгөөн багатай төвийн дүүрэг. Тэр утгаараа дүүргийн иргэдийн амьдрал дундаж түвшинд байна гэж хардаг.
-Халамжийн үйлчилгээнд гомдоллосон иргэн одоо ч олон байдаг юм билээ?
-Гаралгүй яахав. Их гомдоллоно. Хүнд сурталтай, харилцааны соёлгүй гэхчлэн. Тэр гомдлынх нь дагуу мэргэжилтэнтэйгээ уулзахаар манай мэргэжилтэн бус иргэн өөрөө буруутай болж таардаг. Асуудлаа буруу тавьсан, тайлбарлаж өгөөд байхад заавал өөрийнхөөрөө зүтгэдэг, хэлсэн тайлбарыг мушгин гуйвуулдаг хүн олон. Иргэд соёлтой хариуцлагатай, ухамсартай болох хэрэгтэй байна л даа.

-Цаашид нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах тал дээр танд бодсон зүйл байдаг уу?
-Нийгмийн халамж үйлчилгээний байгууллага бол ганц халамжийн мөнгө тараадаг байгууллага байх ёсгүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн ажилтан төрийн үйлчилгээг хүргэхээс гадна хувь хүнд өөрт нь тохиолдсон зовлон бэрхшээлийг хамт даван туулах, зөвлөх, туслах чадвартай байх хэрэгтэй. Мэдээж төрийн үйлчилгээг үзүүлэх, хувь хүний амьдралынх нь асуудалд нийгмийн ажилтаны зүгээс туслах хоёр тэс өөр асуудал. Тиймээс мэргэжилтнүүдээ хоёр, гурван шатны сургалтанд хамруулж сертифкат олгож эхлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан