Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаачдын тоог хязгаарлах хэрэгтэй юу ?



Гадаадын цагаач иргэдийн байдал аль ч улс оронд хэзээнээс шийдэхэд бэрх асуудлын нэг байсаар ирсэн. Орчин үед өндөр хөгжилтэй орнууд энэ асуудалтай хамгийн их тулгарч байна. Ажил, амьдралын илүү тухтай нөхцөл хайн ирж байгаа цагаачдын тоогоор АНУ тэргүүлдэг бөгөөд энэ улсад  гадаадын 45,8 сая цагаач иргэн амьдарч байна. Дараа нь манай хойд хөрш ордог бөгөөд энд 11 сая хүн байна. Удаах байрт 9,8 сая цагаачтай Герман, 9,1 саяар Саудын Арави, 7,8 саяар Арабын Нэгдсэн Эмират, 7,8 саяар Их Британи, 7,4 саяар Канад, 6,5 саяар Австрали, 6,5 саяар Испани ордог. Нийтдээ дэлхийн хүн амын 3,2 хувь буюу 232 сая хүн цагаачлан амьдардаг.

АНУ хамгийн олон цагаач иргэн хүлээж авч байдгийн хувьд энэ асуудал үргэлж хурцаар тавигддаг нь ойлгомжтой. Гадаадын цагаачдыг зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй гэж ялгалгүй бүгдийг нь хөөж гаргаад өөрийн иргэдийг ажилгүйдлээс салгая гэсэн нэг туйл байх. Нөгөө талд нь Америкийн эдийн засгийн хөгжил тасралтгүй өндөр байхад гадаадын цагаачид зайлшгүй шаардлагатай, нэг талд хямд ажлын хүч болно нөгөө талд өндөр технологийн салбарт гадаадын мэргэжилтэй боловсон хүчнийг татах нь цаг, мөнгө ихээхэн хэмнэсэн зүйл болох тул аль болох зөвшөөрөл өгч, оруулж байх хэрэгтэй гэсэн өөр нэг туйл байна.
Энэ хоёр туйлын завсар Америкийн улс төрийн тавцанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг Бүгд найрамдах ба Ардчилсан намууд ямар байр суурь баримталж байгаа талаар “Bloomberg” сонирхолтой нийтлэл гаргасныг товчлон хүргэе.

Өндөр чадвартай цагаачид буюу Америкт ямар ажилтан хэрэгтэй вэ?

Зарим америк хүн цагаачлал гэхээр өмнөд хилээр бичиг баримтгүй хууль бусаар нэвтрэн орж ирсэн хүмүүсийг хөөх тухай ярьж эхэлдэг. Харин Америкийн зарим компани цагаачлалын тухайд ярихдаа математикчид, мэдээллийн технологийн мэргэжилтэн, нэртэй эрдэмтдээс эхлээд улаан лоолийн ургац хураахад бэлэн хүмүүсийг улс руугаа оруулах тухай хөнддөг. Ямар ч байсан АНУ-д цагаачид хэрэгтэй. Асуудлын гол нь ямар хүнийг хэчнээн тоогоор оруулах вэ гэдэгт л байна.

Одоогийн нөхцөл байдал

“Facebook”, “Google”, “Intel”, “Cisco Systems” зэрэг компани нь АНУ руу тодорхой боловсрол, мэргэжил, ажлын дадалтай хүмүүст олгодог “H-1B” визээр орж ирж байгаа хүний тоог нэмэгдүүлэхийн төлөө Конгрессын гишүүдийг   лоббидон кампанит арга хэмжээ явуулж байгаа юм. 2014 оны санхүүгийн жилд холбооны Засгийн газар “H-1B” виз хүссэн 85 мянган өргөдлийг хүлээн аваад зургаахан өдрийн дотор нэг жилийн бүх лимитээ шавхчихсан.
Мэргэжилтэй боловсон хүчнийг татахыг хүссэн цорын ганц улс нь Америк биш гэдгийг хэлэх хэрэгтэй, Канад, Герман, Өмнөд Африк гээд олон улс мөн адил үүнийг л хүсч байгаа. Америкийн компаниуд визийн “H-2A” хөтөлбөрийн дагуу хөдөө аж ахуйд ажиллах улирлын ажилчдыг оруулж ирдэг. 2014 оны санхүүгийн жилд ийм виз 66 мянгыг өгөхийг зөвшөөрч лимит тогтоосон.

Харин кино одууд, алдартай эрдэмтэд, нэртэй тамирчдад зориулсан “онцгой чадвартай хүмүүст зориулсан” гэсэн тодотголтой ажлын тусгай виз авахад тулгардаг асуудал хавьгүй цөөн.
Хөрөнгө чинээтэй хүмүүс АНУ-ын эдийн засагт хамгийн багадаа 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хоёр жилийн дотор 10 ба түүнээс цөөнгүй ажлын байр бий болгож чадна гэвэл виз шууд авдаг.

Өмнөх байдал

Цагаачдыг ангилах виз олгох лимитийн систем нь 1924 онд бий болсон. Дэлхийн нэгдүгээр дайны дараа үүссэн цагаачлалын нүсэр давалгааг энэ нь тогтоон барих зорилготой байлаа. Дараа нь тухайн улсаас авах цагаачдын тоог тухайн орноос АНУ-д 1890 онд орж ирэн амьдарч байсан хүний тооны хоёр хувиар хязгаарласан квотын систем нэвтрүүлсэн. Гэхдээ Азийн орнуудын цагаачдыг энэ квотоос хассан.

Удалгүй хилийн эргүүл гарсантай холбоотой дараагийн хязгаарлалт гарч ирэв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа нацизм ба коммунизмаас зугтсан европчуудын давалгаа Америкийг нөмрөхөд квотын хэмжээг хязгаарлан зарим үндэстэнд зориулж тусгай виз хүртэл гаргасан.Тухайлбал, Ирландаас ирсэн цагаачдын зээнцэр болох сенатын гишүүн Тед Кеннеди 1990 онд ирланд цагаачдад зориулан визийн сугалаа зохион байгуулж байв.

Эдийн засгийн байдлаас хамааран цагаачлалыг эсэргүүцэх нь заримдаа нэмэгдэж, заримдаа сулардаг. Америкчуудад ажил олдохгүй хүнд үед гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгааг мэдээж сайшаадаггүй. Үүний дээр цагаачдын гаргадаг зохисгүй авир тэдэнд хандах америкчуудын хандлагыг муутгадаг.
Жишээлэхэд, АНУ-ын “онцгой чадвартай хүмүүст зориулсан” визээр амьдарч байгаа канад дуучин Жастин Бибер нэгдүгээр сард согтуугаар машин барьж яваад баригдахад дуучныг эсэргүүцдэг хүмүүс Засгийн газарт  хандан нэн даруй нутгаасаа албадан гаргахыг шаардсан өргөдөл өргөн барьж байсан юм.

Талуудын нотолгоо

Өндөр технологи ба хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг Америкийн компаниуд шаардлагатай бүх ажлын байрыг эзэнтэй болгоход Америкт хүн хүрэлцэхгүй байна гэцгээдэг. Цагаач ажилчдын эсрэг хэлмэгдүүлэх кампанит ажил явуулсны гайгаар талбай дээрх ургац нь хураагдалгүй үлдэж, илжирч байна гэнэ. Харин мэдээллийн технологийн компаниуд жил болгон 120 мянган шинэ ажлын байр бий болгож байхад Америкийн их ба дээд сургуулиуд нь энэ хэрэгцээг хангаж чадахгүй, шаардлагатай тооны математикч, инженерүүдийг бэлдэж чадахгүй байна гэцгээж байна. Мөн эдгээр компани нь олон улсын тавцанд өрсөлдөөн эрс нэмэгдэж байгаагаас үүдэн ирээдүйд шаардлагатай өндөр түвшний ажиллах хүчин хөлслөн авч чадахгүйд хүрч магадгүй талаар сэтгэл түгшиж байгаа аж.

Харин тэднийг эсэргүүцэгчид нь шинжлэх ухаан эсвэл технологийн мэргэжлээр суралцан диплом авах хүсэлтэй оюутнуудын тоо нэмэгдэж байгаа атал эдгээр компани америк ажилтнууддаа илүү өндөр цалин өгөхийг хүсэхгүй байгаа төдий гэж шүүмжилж байна.
“Google” компани өөрийн байр сууриа хамгаалахын тулд 2010-2012 оны хооронд лоббидоход зарцуулдаг мөнгөө бараг дөрөв дахин нэмсэн бол “Facebook”-ээс яг адил зорилгоор гаргадаг зардал 2011-2013 онд зургаа дахин өсчээ.
2013 онд баталсан Цагаачлалын өөрчлөлтийн хуулийн дагуу “H-1B” визийн лимитийг жилийн 85 мянга байсныг 135 мянга болгон нэмэгдүүлээд цаашдаа 180 мянгад хүргэж магадгүй байгаа.

Конгресст сууж байгаа Бүгд найрамдах намын зарим төлөөлөгчдөд хууль бус цагаачдад иргэншил олгох тодорхой боломж нээж байгаа Сенатын санаачилсан хууль таалагдахгүй байсан тул хариу алхам болгож өндөр технологийн салбарт ажилладаг хүмүүст олгох визийн тоог нэмэх өөр хууль батлуулахаар чармайж байна. Гэтэл Сенатад олонх байгаа Ардчилсан намынхан ийм хандлагыг эсэргүүцэж “Н-1В” визийн тоог нэмэгдүүлэх боломжийг ашиглан цагаачлалын тухай хуулинд илүү өргөн цар хүрээтэй өөрчлөлт оруулахыг зорьж байна. Иймд Конгресс одоо наашаа ч үгүй цашаа ч үгүй гацааны байдалд орсон.

Энэ нийтлэлээс үзвэл ямартай ч ойрын жилд Америкийн цагаачлалын тухай хуулинд багагүй өөрчлөлт орох бололтой. Америкийн Бүгд найрамдах нам ба Ардчилсан намууд энэ талаар хоорондоо нэлээд ялгаатай байр суурь баримталсаар ирсэн. Цаашид ч тэгэх байх. Гэхдээ нэн тэргүүнд боловсролтой, тэр тусам математик ба мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэй гадаадын иргэдийг татах нь зөв, цагаа олсон арга хэмжээ гэдэгт хоёр нам санал нийлж байгаа бололтой.

Мэдээллийн технологийн салбарт жилдээ 120 мянган шинэ ажлын байр бий болж байна, түүнд нь гадаадын мэргэжилтэй боловсон хүчнийг урьж ажиллуулдаг болохын төлөө Конгресст лобби бүлгүүдэд гаргадаг зардлаа зарим нь дөрөв, зарим бүр зургаа дахин нэмж байна гэдэг нэгийг өгүүлж байгаа байх. Мэдээллийн технологийн чиглэлээр Америкт хамгийн олон тооны мэргэжилтэй боловсон хүчин нийлүүлдэг Хятад, Энэтхэг, Оросын залуучууд дээр нэр гарсан “H-1B” визийн лимитийг бараг хоёр дахин нэмж байгаа мэдээг баярлалдан угтсан нь ойлгомжтой. Бид ч юугаар дутах билээ. Нэгэн үед эр эм, хөгшин залуу гэлтгүй бүгд Өмнөд Солонгосыг зорьж, тэндээс ажил хийх, бизнес эрхлэх, судалгаа хийх, хөрөнгө оруулалт татахад суралцаж байсан.

Харин одоо мөн адил боломж Америкт бүрдэж байж ч болох юм. Дэлхийн хамгийн хүчирхэг, баян орон руу хүүхдээ явуулж сургаад тэндэхийн ажиллах, амьдрах онцлог ямар байдгийг судлаад энд нэвтрүүлж яагаад болохгүй гэж? Хамгийн гол нь  хүүхэд, залуучууд мэдээллийн технологийн чиглэлээр түлхүү сургах, дадлагажуулахад голлон анхаарах хэрэгтэй. Мөн дээр нь англи хэл.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан