Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗЦГ: Осолд өртсөн ихэнх хүүхэд гэр-сургууль маршрутаар явдаг


2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэлсэн эдгээр өдөр авто замын ачаалал нэ­мэгдэж, хүүхэд зам тээврийн осолд өртөх нь эрс нэмэгддэг хэмээн Замын Цагдаагийн газар (ЗЦГ)-аас мэдээлж байна. Түүнчлэн хичээлийн шинэ жил хуучиртал их, дээд сургууль, ерөнхий боловс­ролын сургууль, цэцэр­лэгийн ойр орчимд автомашины зогсоолын хүрэлцээ муугаас иргэд явган зорчигчийн хайс хашлага, замын нэгдүгээр эгнээ, уулзвар гарц, зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ байршуулснаас бусад гудамж замд зохиомол түгжрэл бий болдог гэдгийг онцоллоо.   

Мөн бага насны хүүхдүүдийг эцэг эх нь эхний долоо хоног сургуульд хүргэж өгдөг ч цаашдаа хүүхдээ бие даалгаж, харгалзах хүнгүйгээр хичээл, сургуульд нь явуулдаг нь осолд өртөх эрсдэл бий болгодог гэдгийг ЗЦГ статистик судалгаандаа тулгуурлан анхаарууллаа.

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар 593 удаагийн хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол гарчээ. Үүний улмаас 594 хүүхэд гэмтсэн бол дөрвөн хүүхэд нас баржээ. Нас барсан дөрвөн хүүхдийн хоёр нь эрэгтэй мөн хоёр нь явганаар замын хөдөлгөөнд оролцож явсан байна. Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байгаа дээрх тохиолдлын дийлэнх нь гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар автомашинд болон явганаар зорчсон хүүхдүүд байдаг учраас эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд дээрх маршрутаар явахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр осолд өртөх тохиолдол ажиглагдаж байгаа гэнэ. Мөн жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал цөөнгүй байгааг үгүйсгээгүй юм.

Харин хүүхэд зам тээврийн осолд өртөх үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан үзүүлэлтээс харвал нийслэлд явган зорчигч хүүхэд их өртсөн байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд олон өртсөн дүн гарчээ. Орон нутгийн замд хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүй, буруу тээвэрлэж явснаас үүдсэн ослын шалтгаан олон байна. Мөн хичээлийн шинэ жилийн эхний өдөр их, дээд сургуулийн оюутан залуучуудын хувьд хичээл эхэлсэн, танилцсаны баяр гэж хамт олон  найз нөхдөөрөө архидан согтуурах явдал түгээмэл байдгаас согтуугаар осолд орох, тээврийн хэрэгсэл жолоодох,  замын зорчих хэсгээр олноороо  явдаг нь жолооч нарт хүндрэл үүсэх, осол хэрэг ихээр гарах шалтгаан болдгийг ЗЦГ-аас сануулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.

Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн хичээл судална

Нэг, ес болон 5-6 дугаар сард хүүхэд зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг байна. Учир нь нэгдүгээр сард зам дээр хальтиргаа гулгаа их үүссэнтэй холбогдуулан автомашин мөргөлдөх шүргэлдэх хэлбэрээр осол их бүртгэгдсэн байхад 5-6 дугаар сард гарсан осол нь дулааны улирал ирж байгаатай холбоотой хүүхдүүд явган ба унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцох нь нэмэгддэгтэй холбоотой хэмээн үздэг байна. Үүнтэй холбогдуулан ЗЦГ-аас ЕБС, цэцэрлэгүүдэд “Замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох вэ” сургалт, ухуулга яриа тогтмол явуулж,  тухайн сургуулийн нийгмийн ажилтан, багш нарыг хичээл эхлэх болон тарах цагуудад сургуулийн ойролцоох авто зам дээр ажиллуулж, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвтэй хамтран 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлээгүй иргэдийг  ажиллуулах зэргээр арга хэмжээ авч байна. Гэсэн ч зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн тоо баримтаас харвал, ЗЦГ-аас нэмж хэрэгжүүлэх ажил их байгаа гэв. Тухайлбал, ЕБС-ийн хичээлийн программд  “Замын хөдөлгөөний дүрмийг” сонгон суралцах хичээлд тусгаж өгсөн байдаг боловч энэ хичээл нь тогтмол ордоггүй, иймд сургуулийн насны хүүхдийн насны онцлогт тохирсон “Замын хөдөлгөөний дүрмийн хичээл”-ийг хүүхдүүдэд  судлуулах, ЕБС-ийн автобусыг дэлгэцтэй болгож гэр, сургууль гэдэг маршрутаар явахдаа замын хөдөлгөөний дүрмийн талаар болон аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаарх сургалтыг видео хичээлээр үздэг болгох, гэрэлтүүлэг, авто замын эвдрэлийг засуулах, ЕБС, цэцэрлэгийн ойролцоо явган хүний зам дээр барьсан хашаа, хайс хашлагыг буулгах зэрэг ажил хийж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан