Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭЗЭН-100”-гийн тайланг намын бүлгүүд, гишүүдэд хүргүүлнэ

Сар бүр яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаашралтай байгаа ажлуудыг нэрлэж, хариуцлагаа дээшлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлыг долоон удаа зохион байгуулахад ЭХЯ, БХБЯ, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар бүгдэд нь оролцсон байна. Харин ХЗЯ, ЗТЯ-ны дэд сайдууд тус бүр зургаан удаа, БОНХЯ, БХБЯ-ны дэд сайдууд тус бүр дөрвөн удаа оролцжээ.

ГХЯ-ны ТНБД тав, БХЯ-ны ТНБД дөрөв, ЭЗХЯ-ны ТНБД гурван удаа хуралдаа ирээгүй гэнэ. Хурлаар олон чухал ажлын явцыг сонсч, төрийн байгууллагуудын ажлыг уялдуулан үүрэг чиглэл өгдөг учраас ирцдээ анхаарахыг Засгийн газрын тэргүүн хурлын эхэнд сануулсан. 

“ЭЗЭН-100” зорилтот ажлын тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн учир энэ долоо хоногт УИХ-ын гишүүд, намын бүлгүүдэд хүргүүлэх юм байна. Одоо төсвийн төсөлд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө, ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан ирэх мягмар гарагт Засгийн газар хуралдах тул яамд хуваарьт ажлуудынхаа мэдээллийг яаралтай нэгтгэж өгөхийг Ерөнхий сайд анхааруулж, цаг үеийн онцлох ажлуудын талаар тайлбар, чиглэл өгөв.
Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох автозамын зарим ажил удаашралтай байгаа аж. Энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Дорнодын замын хэсэгт гэрээ цуцалсан компанийн оронд гүйцэтгэгч сонгон шалгаруулаагүй, Хөвсгөл чиглэлд Уньт-Тариалангийн замд гүүр хоолойн ажил удаашралтай байгааг анхаарууллаа. Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатарын замуудыг ес, аравдугаар сард хүлээж авахаар төлөвлөж. Харин Дорнодын замыг энэ онд бүрэн дуусгаж амжихааргүй байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээлсэн.

Эрчим хүчний яам “ДЦС-IV”-ийн 100 МВт-ын өргөтгөлийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд ашиглалтад оруулна. Мөн 300 МВт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцын эхний зуухыг арваннэгдүгээр сард багтаан ажиллагаанд жигдрүүлнэ гэсэн юм. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг зургадугаар сард ашиглалтад оруулж, энэ хоёр бүтээн байгуулалтыг удахгүй ашиглалтад оруулбал манай улсын эрчим хүчний салбарт сүүлийн 25 жилд хийгээгүй шинэчлэл болж байгаа гэнэ.

Засгийн газрын тэргүүн ЭЗХЯ, Хөгжлийн банк зарим ажлыг саатуулж удаашруулж байна. 888 төслийн санхүүжилтэд зориулж гаргасан 275 тэрбум төгрөгийн 150 тэрбум нь банкуудад “хэвтэж” байгаа нь ажлын хурдыг илтгэх үзүүлэлт гэж шүүмжиллээ. Иймд зээлийн санхүүжилтийг үйлдвэр­лэгчдэд олголгүй чирэгдүүлж байгаа банкуудад хариуцлага тооцож ажиллахыг даалгав. Түүнчлэн, Засгийн газраас жилийн өмнө баталсан Ойн цэвэрлэгээний хөтөлбөрийг муу хэрэгжүүлж байгаа учир Ерөнхий сайд Н.Алтанхуяг БОНХЯ-нд тайлангаа Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан