Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Толгой гудайж олсон итгэлийг Л.Цог эвдэх нь үү


“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүн­дэтгэх өдөр” өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс зарим дүүрэг хэлмэгдүүлэлтийн он жилүү­дэд бие махбод, сэтгэл санааны хохирол амссан болон тэдний үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлэх ёслолыг хийж эхлэв. Хэдийгээр жил ирэх тусам хэлмэгдсэн иргэдийн ирүүлэх гомдлын тоо буурч байгаа ч 1922-1990 он хүртэл үргэлжилсэн хэлмэгдэлтийн он жилүүд Монголын ард түмний ялангуяа, 36 мянга орчим хэлмэгдэгсдийн үр хойчийн сэтгэл зүрхэнд хар бараан толбо үлдээсэн хэвээр байна.
 Тухайн үеийн төр засаг, том гүрний дарамт шахалтаас үүдэн голдуу Японы тагнуул хэмээн цоллуулж, нийгмийн бүхий л давхаргыг хамарсан зохиомол хэрэг нь Монгол Улсын нийт хүн амын 13 хүртэл хувийг устгасан гэх асар эмгэнэлт тоо баримтад хөтөлсөн юм.

Мөн Монголын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээ­лийг хориг­лон шатааж, тухайн үеийн Монголын сор болсон гай­хамшигт сэхээтнүүд ба­ривч­­лагдан шийтгүүлж, олонх нь цаазаар авахуулсан зэрэг нь хөдөлшгүй баримт билээ.
Харин Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаа­гаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэсэн хэлмэгдүүлэлтийн эцсийг түүхчид 1990 оноор дуусгавар болсон хэмээн үздэг. Гэвч улс төрийн жижиг нам, фракцууд энэхүү өдөр жагсаал зохион байгуулж, Ардчилсан ний­гэмд хэлмэгдүүлэлт оршсоор байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргээр жишээ татан ярьж байна. Гэхдээ хэлмэгдүүлэлтийн он жилүүд, тухайн үеийн төр засгийн өмнөөс одоогийн ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж толгой гудайн уучлал хүссэн нь олон иргэдийн итгэлийг сэргээсэн түүхэн үйл явдал болсон билээ. Тиймдээ ч иргэдийн дийлэнх нь ардчилангуйлал бус ардчилал оршин тогтнож байгаа гэдэгт гүнээ итгэдэг нь гарцаагүй. Харин “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг угтан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Л.Цогийн хийсэн мэдээлэл нь олон иргэдийг дахин итгэл алдахад хүргэжээ. Өөрөөр хэлбэл, 1998 онд УИХ-аар баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль хүрэх хүндээ хүрээд, дуусах шатандаа орсон гэнэ. Энэ нь цагаатгалын хуулийн дагуу 18036 хүнд 16 тэрбум 247.4 сая төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг төрөөс өгсөн гэх тоо баримтад хөтөлж байна. Харин үүний цаана “Одоо 6000-аад хүний асуудлыг шийдвэрлэчихвэл үндсэндээ цэг тавих боломжтой болох байх” гэх УИХ-ын дэд дарга Л.Цогийн олныг гонсойлгосон үг үлдэж байгаа юм.

Өчигдөр Хан-Уул дүүрэгт болсон “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурс­галыг хүндэтгэх өдөр”-өөр ч түүний хэлсэн үг олны ярианы сэдэв болж, өөрийн биеэр бол 50 мянга, үр хүүхэд нь бол 10 мянган төгрөг авахаар ирсэн хэлмэгдэгсэд мөнгөө чамлахаас илүүтэй, түүний үгийг чамлаж суугаа нь илэрхий байлаа.
Тиймээс бид энэ талаар дүүргийн хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдрийг зохион байгуулсан ИТХ-ын дарга Д.Батбилэгээс зарим зүйлийг тодруулсан юм.         

-Хэлмэгдэгсдийн хохир­лыг барагдуулах асуудлыг 1998 онд батлагдсан хуулиар зохицуулж бай­на. Гэхдээ өнөөдөр цугла­сан иргэдийн санаа бод­лыг ажвал, хуулийн хэрэг­жилтийг тийм ч таа­тай дүгнэхгүй байна. Тэд­ний санаа, бодлыг илүү­тэй сонссон хүний хувьд энэ асуудлыг юу гэж дүг­нэж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд хэл­мэгдсэн иргэд хэд байна вэ?
-Манай дүүргийн хэм­жээнд өөрөө хэлмэгдсэн болон түүний гэр бүлийн хүнийг оролцуулаад таван хүн амьд сэрүүн байна. Мөн ач, зээ нь байгаа 195 хүн байгаа. Ингээд нийт 200 гаруй хүн дүүргийн хэмжээнд байдаг. Тэд­ний дунд жил бүрийн энэ өдөр хэлмэгдэгсдийн дурс­галыг хүндэтгэсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Харин бүхэлд нь харвал цагаат­гал тойрсон хэрэгжиж байгаа процесс маань үнэхээр төвөгтэй байна. Нэг бодлын өршөөгөөд байгаа ч юм шиг, нөгөө талаараа цагаатгал нь дуусах гээд ч байгаа мэт зүйл болоод байна. Юу гэхээр, УИХ-ын дэд дарга болон Цагаатгалын комиссын дарга Л.Цог өчигдөр (уржигдар) маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ гэж би хэлмээр байна. 6000 хүн үлдсэн, тэр асуудлыг шийдчихвэл дуусах юм шиг ярилаа. Үүнийг би зөвшөөрөхгүй. Яагаад төр нь өөрөө оролцож, нам нь тэрийг удирдаж, хэлмэгдүүлчихээд өнөөдөр эд материалын тоо­цоо хийгээд дуусах гэж. Цаана нь байгаа оюун санааны хохирлыг хэн барагдуулах гэж. 40, 50 жил хэлмэгдэж, насаараа ад үзэгдэж, нухчин дарагдсан иргэдийн ач, зээ хэнд ч хамаагүй юм уу. 1990 оноос өмнө хэлмэгдэгсэд бол бүр хэцүү. Ажил төрөл олддоггүйгээс амьдралын түвшин доогуур амьдарч байсан олон хүн бий.

-Нөхөн олговор ол­гоод дуусаж байна гэж мэдэгдсэн нь дээр дурдсан хуулийн хүрээнд хийж байгаа ажил гэвэл дуусахаас өөр аргагүй болж байх шиг. Тэгвэл үүнийг хасаад бид ямар ажил хийх ёстой вэ?
-Төр зөвхөн уучлал гуй­гаад зогсох биш, дахин са­нуулж, энэ аймшигт явдал их гүрний даалгавраар хийгд­­сэн шүү гэдгийг хэзээ ч мартагнуулах ёсгүй. Гэтэл одоо байгаа хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөг хар. Маш чухал түүхийн он цагийг илтгэх, тухайн үеийн үйл явдлыг сануулах учиртай энэ хөшөө шоовдор хүүхэд шиг нэг байгууллагын хаяанд л байрлаж байна шүү дээ. Гэ­тэл хичнээн сайдад хөшөө босгов гэдгийг бодох л хэ­рэг­тэй. Мөн хэлмэгдэгсэн иргэ­дэд  хэдэн төгрөг өгөөд тантай хийх тооцоо дууссан гээд төр хөшгөө татаж болох­гүй. Улс төрийн хүчнүүд хүр­тэл уучлалт гуйх хэрэгтэй. До­­лоон хүн буудсан учраас долоон толгой гарч ирэх ёстой гэтэл найман толгой байсан жишээ бий шүү. Хүн буудаад эхлэхээр нь сонирхоод очсон юу ч мэдэхгүй хүүхдийг гэрч гээд буудаад булчихсан түүх гуйвахгүй гэдэгт  итгэлтэй байна.  

0 Сэтгэгдэл
Tsog tuunii namiihan l buruutai. Odoo hurtel uuchlal gauigaagu
Хамгийн их уншсан