Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Цэвээнжав: Манай газрын тосонд хортой хольц болох хүхрийн найрлага маш бага байдаг


Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Газрын тосны професор, Монголын газрын тосны инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжаваас манай улсын газрын тосны салбарын судалгаа, хөрөнгө оруулалт ямар байгаа талаар сонирхлоо.

-Хөрөнгө оруулагчид манай газрын тосыг хэр сонирхож байна вэ?
-Газрын тос гэдэг бол аливаа улс үндэстний стратегийн суурь ач холбогдолтой зүйл. Ийм ч учраас дэлхийн эдийн засгийн байдал газрын тосны үнэ, ам.долларын ханшаар хэмжигддэг гэсэн яриа бий. Манай улс өргөн уудам газар нутагтай, ашигт малтмалын төрөл бүрийн баялагтай. Үүний дотор газрын тос, түүнтэй адил төрлийн ашигт малтмал байдаг. Газрын тос олборлогч орон болсноо 2010 онд зарласан. Одоогоор газрын тосны хайгуул,  олборлолтын 30 гаруй талбайтай. Үүний гурван талбайгаас нь олборлож байна. Экспортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж буй юм. Өнөөдөр газрын тосоо экспортлоод бүтээгдэхүүн болгож буцаан авч эхэлсэн. Ойрын ирээдүйд өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэртэй болох байх. Гэвч Өнөөдөр хэсэгхэн хугацаанд хөрөнгө оруулалт нь буурлаа. Одоо Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын хууль шинэчлэгдсэн тул хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэн.

-Тэгэхээр манай газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн гэж үзэж болох уу?
-Ер нь манай улсын Газрын тосны анхны хууль хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлсэн дэлхийн арван хуулийн нэг гэж үздэг байсан. Шинэчлэгдсэн ч энэ нөхцөл байдал хадгалагдсан. Өөрөөр хэлбэл шингэн газрын тос биш занар, нүүрсний давхарын метан хийн асуудлыг тусгасан. Нөгөө талаас хөрөнгө оруулалтыг өндөр эрсдэлтэй заавал олборлох буй эрэл хайгуулын үе шатыг тодорхой болголоо. Дээр нь хайгуул хийх хугацааг тодорхой зааж өглөө. Иймд энэ хууль газрын тосны салбарын хөрөнгө оруулагч болон хөгжилд нь сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Газрын тосны хайгуул болон олборлолтод аль улсын ямар компаниуд хөрөн­гө оруулалт хийж байна вэ?
-Хөрөнгө оруулалт олон талтай байвал ач холбогдол өндөр.  Манай газрын тосны салбарт  өмнөд хөршийн компаниуд түлхүү хөрөнгө оруулж байна. Мөн үндэсний  болон Австрали зэрэг орны компаниуд бий. Дэлхийн газрын тосны салбарт олборлолт үйл ажиллагаагаар дээгүүрт бичигддэг “Си эн пи си”, “Жинли” группийн харьяа “Перо чайна дачин Тамсаг”, “Доншен” компани газ­рын тос олборлож байна. Хятад, Монголын Хай­лаар, Тамсагийн сав газрын газрын тосны  гарал үүсэл, олборлолтын нөхцөл ойролцоо учраас манай өмнөд хөршийн компаниуд олборлолт хийхэд их туршлагатай байгаа юм. 

-Жилд хэдэн тонн газрын тос олборлох боломжтой юм бол. Хүчин чадал нь ямар хэмжээнд байна вэ?
-Олборлох хэмжээ нь нийт тогтоосон нөөц, олборлох горим гэж бий. Ховх сорох гэж байгаа юм шиг хамаагүй шунахайрч олборловол зарим нөөц нь үлдэх аюултай. Одоо манай улсад олборлолтын горим тогтоогдож байна. Жишээлбэл, Тамсагийн Тосон уулын 19 дүгээр талбай юм. Энэ талбайд газрын тос олборлолтын горимыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон. Тухайлбал, уг талбайд манай мэргэжилтнүүд болон олборлогч компани ч судалгаа нэлээд хийсэн юм. Цаашид олборлолт нэмэгдэх боломж бий.

-Нэг хэсэг манай газрын тосыг өтгөн, үйлдвэрлэлд ашиглахад илүү зардал гаргадаг гэдэг байлаа. Тэгэ­хээр манай газрын тос­ны чанар нь ямар байдаг вэ?
-Дэлхийд газрын тосны хэд хэдэн төрөл байдаг. Жишээлбэл, Африкийн газрын тос их шингэн юм. Уралын газрын тос гэсэн сорт бий. Гэтэл манай улс, Хятад, Аляск, Оросын зарим газрын тосны нөөц үүссэн, хуримтлагдсан нөхцөлөөс хамаарч харьцангуй өтгөн чанартай. Гэхдээ энэ бол муу гэсэн үг биш. Харин боловсруулалтын өөр технологи шаардана. Нөгөө талаас манай газрын тос эх газрын нуурын цэнгэг устай нөхцөлд үүссэн тул хүхрийн агуулга бага. Хүхрийн агуулга бол газрын тосонд их хортой хольцод тооцогддог юм. Тамсаг, Зүүн баян, Цагаан элсний газрын тосны ордод хүхрийн агуулга сул байдаг.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж олон жил ярилаа. Гэвч өнөөг хүртэл үйлдвэр байгуулж ажиллаж эхэлсэн зүйл алга. Энэ талаар ямар бодолтой байна вэ?   
-Үйлдвэр байгуулахад түүнийгээ түүхий эдээр хангах, байршилын асуудал их чухал. Иймд манай газрын тосны  нөөцөөс шалтгаалж үйлдвэрээ барих байх. Мөн байршлаа оновчтой тогтоох талаар судалгаа хийж байгаа.

0 Сэтгэгдэл
bitgii booronhiil
Хамгийн их уншсан