Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллыг дахин төлөвлөж буй компаниудад борлуулалтын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэв


Гэр хорооллыг дахин төлөвлөх тухай журамд зааснаар аж ахуйн нэгж нь өөрийн сонгогдсон байршил дахь газар өмчлөгч, эзэмшигчдийн 75-аас дээш хувьтай нь тохиролцож, гэрээ байгуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчээр батламжилна хэмээсэн байдаг. Тэгвэл өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 14 дүгээр хурал болж гурван компани төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдлаа. Үүний нэг нь “Эрэл” ХХК юм. Тус компани нь Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу МҮОНРТ орчимд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 27 га талбайд, мөн Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Дэнжийн мянга орчимд 39,7 га талбайд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Өөрийн сонгосон байршил дахь иргэдийн 80 гаруй хувьтай нь тохиролцож, хоёр талт гэрээгээ байгуулсан тул төслийн удирдах хорооны гишүүд төсөл хэрэгжүүлэхийг нь дэмжлээ. Барилгын материалын хэд хэдэн үйлдвэртэй тус компани нь өөрийн бааз суурь дээрээ түшиглэн  орон сууц барих боломжтой хэмээн дүгнэж ийн шийдсэн юм.

Үүнээс гадна хоёр ч байршилд төсөл хэрэгжүүлэгчийг батламжилсны нэг нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, “Дарь эх” орчимд 15 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлт хийх “Монгол угсаа” ХХК юм. Тус компани нь эхний ээлжинд 12 айлын газрыг чөлөөлж 215 айлын хоёр блок орон сууцыг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлэх боломжтой, үүний дараа хоёр, гуравдугаар ээлжийн орон сууцыг барихдаа иргэдтэй газрыг нь шууд байраар солих замаар тохиролцож үлдсэн газраа чөлөөлүүлнэ хэмээж байлаа. Хэдийгээр төвлөрсөн дулаан хангамжийн шугам байхгүй ч бие даасан системээр шийдэх боломжтой гэдгийг ч албаныхан тайлбарлаж байсан юм. Нэгэнт иргэдийн олонхитой нь тохиролцож, хоёр талт гэрээгээ байгуулсан тул тус компанийг төсөл хэрэгжүүлэгчээр санал нэгтэй батламжилсан юм. 

Мөн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг, “Дарь Эх” орчимд 4.5 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Магма Од” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдлаа. Тус компанийн сонгосон байршил нь төв зам дагуу тул иргэд эртнээс газарт орно гэсэн бэлтгэлтэйгээр газар дээрээ байшин барилга бараг бариагүй онцлогтой тул нүүлгэлтийн зардалд их хөрөнгө шаардагдахааргүй байгааг төсөл хэрэгжүүлэгч дурдаж байсан юм. Энэ хэсэгт байрлах иргэдийн олонхи нь өөрийн газар дээрээ амины орон сууц барьж амьдрах хүсэлтэй ч дахин төлөвлөлтийг дэмжиж газрынхаа тодорхой хувийг өгөхөд бэлэн байгаа гэнэ. Дахин төлөвлөлтийн зургаа гаргахдаа зуун хувь иргэдийн саналыг харгалзсан гэж байлаа. Түүнчлэн дээрх талбарын газар доогуур төвийн шугам сүлжээ байгаа учир олон орон сууц барих боломжгүй гэнэ. Үндсэндээ иргэдийн 85 хувьтай нь тохиролцож чадсан тул “Магма Од” компани төсөл хэрэгжүүлэгчийн батламжаа гардсан юм. Ингэснээр дээрх гурван компани иргэдтэй гурван талт гэрээ байгуулах, ирэх оны эхээр барилгын ажлаа эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Дахин төлөвлөлтийн удирдах хорооны гишүүд дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөхөд нэлээд анхаарч ирсэн бол одоо борлуулалтанд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэлээ. Орон сууцыг нь шууд худалдаж авах, эсвэл төрийн орон сууцны корпорациар дамжуулан найман хувийн хүүтэй зээлд хамруулах байдлаар борлуулахад нь дэмжлэг үзүүлэхгүй бол дахин төлөвлөлтийн ажил урагшлахгүй гэдгийг онцолсон юм. Энэ дагуу ажлын хэсэг гаргахаар боллоо.

0 Сэтгэгдэл
бэрэн байраа ашиглалтад өгөхгүй зэрэг зэрэг карказ босгоод байна захиалагч нар хэцүүдлээ хүйтрээд байдаг НЗДТГ Бат-үүл анхааралдаа аваачээ
Хамгийн их уншсан