Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ЦОГНЭМЭХ: НАДАД МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ЗҮРХ СЭТГЭЛЭЭР НААДАХ УХАМСАР БАЙХГҮЙ

Зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхтэй ярилцлаа. Түүнтэй монгол өв соёлын талаар болон уран бүтээлийнх нь талаар ярилцснаа хүргэж байна. Тэрээр цаг мөч өнгөрөх тусам монголчуудаас алсарч байгаа Монголын тухай, ирээдүйг хэрхэн Монголоор нь авч үлдэх тухай бодож тунгаан бидэрдэг жирийн л нэг уран бүтээлийн эрэлчин.

-Энэ удаа таныг эрж сурсан хэрэг маань саяхан БШУЯ-наас зохион байгуулсан хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлийн уралдаанд “Тэнгэрийн хүү Модуны найз Улаадай” нэртэй таны роман тэргүүн байрт шалгарчээ. “Тэнгэрийн хүү” жүжгийг хүүхдийн зохиол болгосон гэх юм?

-Хүмүүс энэ дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. “Тэнгэрийн хүү” жүжиг маань 2011 онд тайзан дээр амилж, Монголын нийгмийн сэтгэлзүйд нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Энэ удаа ч гэсэн БШУЯ-наас зарласан уралдаанд миний “Модуны найз Улаадай” бүтээл шалгарчихлаа. Энэ хоёр хоорондоо тэс өөр. Чиг шугам нь адилхан боловч 80 хувь өөр. Монголын хүүхдүүдийн сэтгэл оюунд тунгалаг нарны гэрэл оруулъя гэсэн үүднээс өөрөөр бичсэн. Хүмүүс жаахан буруу ойлгоод байна. Жүжгээ хүүхдийн зохиол болгочихсон гэж бодоод байна. “Зөв монгол хүүхэд” гэсэн хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн. Түүний дэд хөтөлбөр “Ном” хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнд их талархдаг юм. Би хүүхдийн зохиолд мэдлэг нимгэн ч түрүүллээ.
Монголын түүх, соёл өв уламжлалыг маш хурднаар таниулахгүй бол эрч хүчтэйгээр даяаршиж байгаа нийгэмд бид Монгол хүн биш болж хувирах гээд байна. Монголынхоо нэг сая 500 км хавтгай дөрвөлжин дээр аль болох өөрсдийнхөөрөө амьдрах хэрэгтэй. Бид өнө эртний түүхтэй байх тусам л түүх цааш үргэлжилнэ. Тийм учраас энэ удаагийн уралдаанд дахиад л Хүн гүрнийг сонгосон.
-Ер нь таны “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглож эхэлснээс Хүннүг Хүн гүрэн гэж нэрлээд хүннүчүүдийн соёлыг нийтээр мэдэрсэн. Түүнээс балар эртний хүн шиг л төсөөлж явсан?
-Нөлөөтэй байдаг юм байна. Би жүжгээ ийм их амжилт олно гэж бодоогүй. Тэгсэн хүннү дээл, монгол ёсолгоо гээд. Наадам эхлэхэд Их Монгол Улс байгуулагдсаны ой гэдэг байсан бол одоо тулгар төр байгуулагдсаны гэдэг болсон ч гэдэг юм уу. Гэхдээ би энэ бүгдийг өөрийгөө дөвийлгөх гэж ярьж байгаа юм биш шүү. Монголчууд сэрж эхэлж байна.
-Сэрээх хүн хэрэгтэй байж л дээ?
-Тэр түүхэн мөчлөг дээр нь л би таарчихгүй юу. Аз шүү дээ. Би хийгээгүй байсан бол хэн нэгэн хийх л байсан. Гэхдээ хийхгүй ч байж болно. Орой нар хүүшлэх шиг алга болоод өгч болно. Сэрэлт, сэргэлт оюун ухааны тэсрэлт. Монголчууд бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй болж байна. Өнөөдрийн би маргааш чамайг танихаа болих нь. Цогоо язгуур өв, соёлоо авч үлдэх хэрэгтэй. Хэл, зан заншил. Монгол өнө эртний түүхтэй гэдгээ өглөө бүр санаж байх ёстой. Манайх шиг ийм их газар нутагтай мөртлөө цөөхүүлээ ард түмэн өв соёлоо л авч үлдэж чадахгүй бол сорогдоод л алга болно. Хүн гүрний үед адууны соёл, бэлчээрийн сонгодог аж ахуй байсан. Мөн юугаараа хүчирхэг байсан гэхээр барууныханд төр ямар байх ёстойг заасан. Модун Шанью бол түүхэнд эцгийгээ хороогоод гараад ирдэг. Түүнийг нь жүжигтээ оруулсан ч хүүхдэд зориулсан зохиолдоо Модун Шанью эцгийнхээ хүсэлтээр түүнийг егүүтгэж байгаа юм. Тэр нь юу гэхээр “Чи нүүдэлчдийн их гүрэнг цогцлоохын тулд намайг егүүтгэж байж цааш явна. Үгүй бол би чиний ар нуруунаас мөнхөд төөнөх хүйтэн айдас байх болно” гэж хэлж байгаагаар оруулсан. Эрээ цээрээ алдсан эцгийгээ би алж үзээгүй гээд нэг үг байдаг юм.
Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” бас “Хүжийн гал” гээд зохиол одоо ч миний санаанаас гардаггүй юм. Гэтэл одоогийн хүүхдүүд тэрийг уншихаа байчихсан. Би шахалтанд орно гэдэг шиг л юм болж байна. Одоо үеийн хүүхдүүдэд зориулж юуг хэрхэн бичих ёстой юм. Оддын дайн гэдэг зохиол шиг явуулаад байх ёстой юм уу гэсэн боловч хүчээр энэ их түүх соёл, бууцны үнэрийг уран бүтээлдээ шингээх хэрэг гарлаа. Тэгэхгүй бол дээр хэлсэнчлэн монгол хүн алга боллоо. Цус нь монгол л бол сэтгэлгээ нь харь байж болохгүй. Би олон талын эрэл хайгуул хийлээ. Жүжгээ давтахгүй байхыг л бодсон. БШУЯ энэ уралдааныг дахиад явуулна гэж байна лээ. Хүүхдийн зохиолч Дашдондог ах “Энэ бол түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал боллоо” гэж хэлсэн. Үнэхээр хүүхдийн зохиолч байхгүй боллоо гэж байтал уралдаан зарлаад л хүүхдийн уран бүтээл уралдаад л ороод ирлээ. Тэгэхээр манайд байгаа биз...
-Ид сэргэлтийн үед нь таарсан гэлээ. Хэрэв Цогнэмэх гэж нэг түүхч гарч ирээд Хүн гүрэн бол гээд ярьсан бол хэн ч хүлээж авахгүй л дээ. Таны санаа урлагаар дамжсан болохоор л хүн бүр Хүн гүрний тухай ойлголттой боллоо. Урлаг тэгэхээр агуу юм. Тийм ээ?
-Хувьсгалын тохироо гэдэг шиг аливаа юм цаанаасаа тохируулагдсан байдаг юм байлгүй. Би энэ жүжгийг бичсэн. Уралдаанд ороод түрүүлсэн. Найз Пара маань найруулаад, Сэр-Од хөгжмийг нь хийлээ. Бид гурав чинь гурвуулаа туулайтай. Туулай жилд энэ жүжгээ тавьсан. Жүжгээ бичиж байхдаа шөнө бүр зүүдлэнэ. Модуныг уг нь үхүүлж төгсгөсөн юм. Тэгээд түүндээ харамсаад нэг их уйлаад. Тэгсэн Пара надтай яриад энэ олон ой давхцаж байхад битгий үхүүлээч гэсэн. Ахиад Модуныг амьдруулаад маш хүчирхэгжээд төгсөж байгаа юм. Эби их сайн гаргасан, Модуныг.
-Тэр жүжгээс хойш монгол ёсолгоо гарсан. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч наадмыг нээгээд ёсолж байхад Төв цэнгэлдэх хүрээлэнд байсан хүн бүр дагаж ёсолж байсан. Харин энэ жил мүүний шашинаас үүдэлтэй гэсэн ярианаас болоод ёсолгоог төдийлөн хийхээ болж. Энэ ёсолгоо монгол гэдэг нь хэр судалгааны үндэслэлтэй вэ?
-Энэ бол тэнгэрийн ёсолгоо. Юм хийх үед дайралт их ирэх юм. Ямар зорилготой хүмүүс байдаг юм бүү мэд. Тэр ёсолгоог дандаа хийгээд байдаггүй. Маш агуу үйл хэрэг болохын өмнө юм уу хойно ёсолдог. Нууц товчоон дээр Чингис хаан бүсээ тайлж хүзүүн дээрээ тохчихоод хоёр гараа алдлан тэнгэр рүү өргөөд гээд гардаг биз дээ. Өсөхбаяр аварга Сумъяабазарыг хаяж түрүүлчихээд баярлахдаа энэ ёсолгоог хийдэг. Энэ бол миний жүжгээс өмнөх явдал. Монгол хүний цусанд шингэсэн байдаг уулга алдалт юм уу даа. Төрийн соёмбо дээр нар сар байдаг. Наран эхт, саран эцэгт ч гэж ярьдаг. Тэгэхээр миний жүжигт Модун өглөөд хоёр удаа ёсолгоо хийдэг. Тэр нь нар, сарандаа мөргөж тэнгэрийн эрчим хүч авч байгаа юм. Уг нь би монгол ёсолгооны учрыг гаргасан богино хэмжээний кино зохиол бичээд дуучин Болдод өгсөн юм.
-“Тэнгэрийн хүү” жүжгийг кино болгох нь таны мөрөөдөл гэж байсан. Хэр өнө холын мөрөөдөл вэ?
-Пара бид хоёр мөрөөддөг юм. Гэхдээ энэ нэг их хол биш. Хоёр жилээс цааш гатлахгүй. 1945 онд “Цогт хун тайж” киног бүтэхэд Чойбалсан гуай улсын төсвийнхөө 50 хувийг гаргаж өгөөд еврей гаралтай найруулагчаар хийлгэсэн юм билээ. Түүхэн кино хуруу дарам цөөн. Одоо ХХ зууны эхэн үеэс сэдэвлээд роман бичиж байгаа.
-Хүүхдэд зориулсан бүтээл хамгийн хэцүү гэх юм билээ. Таны хувьд?
Хүүхдийн зохиол хоёр гурван хуудас уншихад л цааш нь уншмаар санагдахаар тийм шимтэй байх ёстой юм. Тийм учраас Хүн гүрний үед байсан сонин содон болгоныг наахыг хичээсэн. Эхлээд хүүхдүүдийг хүн болгох хэрэгтэй. Үүний тулд ном, утга зохиол л хэрэгтэй. Сошиал медиа сүүлийн үед эрчээ авч байна. Энэ нь хүүхдийг сэглээд, зүрх сэтгэлгүй болгоод байгаа. Зүрх сэтгэлийн боловсрол эзэмшээгүй хүнд хичнээн мэдлэг олгосон ч алуурчны гарт сэлэм бариулсантай л адил. Манай нэг найз Швейцарьт байгаа. Тэнд манайхыг бодвол хөгжингүй. Гэтэл одоо хүртэл номоо уншиж байна гэнэ.
-Таны үеийн бүх хүүхэд хөдөөг мэддэг байсан учраас “Хорвоотой танилцсан түүх”-ийг уншаад ойлгодог байсан. Харин одоо бол хөдөөг мэдэхгүй хотын хүүхэд, хотыг мэдэхгүй хөдөөний хүүхэд гэсэн хоёр зам явж байна. Тэгвэл зохиолчид энэ хоёр замын голоор нь явах ёстой юм уу?
-Хүүхдийн кино, хүүхэлдэйн кино ч бай. Хүүхэдтэй холбоотой уран бүтээлийг Холливуд ч юм уу их хийж байна. Энэ бол амархан. Яагаад гэхээр цаад зорилго нь мөнгөний төлөө. Хүүхдүүд тийм зүйл үзсээр байгаад амар хялбар зүйлийг л хүсдэг болж. Сэтгэхээ байж байна. Хүүхдийн оюун санааг л буртаглаж байгаа юм. Контор гээд тоглоом байна. Ал, хяд гээд л. Бид чинь түүнээс өөр. Одоо би биш бид гэж ярихаас өөр аргагүй цаг үе ирсэн. Яагаад гэхээр дэлхий нийт “Би”-гийн төлөө өрсөлдөж байна. Үүний наад жишээ нь дунд сургуулийн хүүхдүүдээс багш нь чи юу болох вэ гэж асуудаг. Нөгөө хүүхэд багш, эмч, компанийн захирал, ерөнхийлөгч болно гэдэг ч юм уу. Үгүй ээ, эхлээд бид сайн хүн болох ёстой. Аав, ээжийнхээ ачийг хариулна. Дараа нь цаашаа явна. Хүүхдийн уран зохиол ийшээ л чиглээсэй гэж боддог юм. Хүүхдийн зохиол бичиж байгаа хүмүүсээс бизнесээ хөөгөөд явах нэг хэсэг гарна л даа. Оддын дайн шиг зүйл бичээд, тэрийг нь маш их уншина. Би бол тийм зүйл хийж чадна. Амархан. Гэхдээ надад монгол хүүхдүүдийн зүрх сэтгэлээр наадах ухамсар байхгүй. Хүчээр байсан ч, зохиомлоор байсан ч би монгол түүх, өв соёлыг бичсээр л байх болно. Чи гэхдээ намайг нэг их том хүн гээд бодчихож. Би чинь энгийн л уран бүтээлч.
-Хүүхдүүдэд зориулсан үндэсний баатар алга гээд байгаа. Энэ удаагийн зохиолын уралдааны зорилго нь ч энэ байсан. Таны баатар Модун уу?
-Үгүй ээ. Улаадай. Модуны анд Улаадай. Энэ цаг үеэс Хүн гүрний үед санамсаргүйгээр айлчлаад очиж байгаа юм. Тэгээд тэр хүү Монгол хүний үнэ цэнийг ухаараад ирж байгаа. Би нээрээ нэг өрөнд орсон.
-Ямар...
-Зохиолоо дуусгахдаа Улаадай дахиад нэг түүхэн цаг хугацаагаар аялна гээд биччихсэн. Энэ өрөө таглана.
-Дараагийн удаа тэгвэл хаашаа явах вэ?
-Би бодож байгаа. Хүн гүрэн, Хүрэл зэвсгийн үе гээд бүр цаашаа явж болно шүү дээ. Гал анх асааж байсан үе рүү ч очсон болно. Бидний өнгөрсөн түүх уртсах тусам ирээдүй тэр хэрээр мөнх оршино.
-Улаадай үндэсний баатар. Тэгэхээр нэг дүр байх ёстой. Модуныг жүжигчин Эрдэнэбилэгээр төсөөлдөг. Тэгвэл Улаадай таныхаар ямархуу дүр төрхтэй вэ?
-Улаадай хүүхэд бүрийн төсөөлөлд өөр өөрийнхөөр нь байг.
-Таны “Хар ухна” гээд баримтат өгүүллэг бас уралдаанд шалгарсан. Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ. Хүүхдэд зориулсан баримтат өгүүллэг олныг бичих хангалттай дурсамж бий юу?
-Би их сонин хувь заяатай. Уг нь би хотод төрсөн. Манай аав геологийн жолооч байсан юм. Багадаа хотод яслид, Завханд цэцэрлэгт, 1-3 дугаар ангидаа Баян-Өлгийд, 4-6 дугаар ангидаа Ховдод байлаа. Долдугаар ангиасаа хойш Увсад амьдраад Ховдын багшийн их сургуулийг төгссөн. Хүүхэд нас маань хөдөө өнгөрсөн болохоор монгол ахуйтай холбогдоод байгаа хэрэг. Нийслэлд өссөн хүүхдүүдийг муулах гээд байгаа юм биш. Гэхдээ л монгол тэр хөдөөнөөс чинь л эхэлдэг. Тэндээс жинхэнэ оюун ухаан, сэтгэлгээний тамираа авдаг юм. Чиний дээр хэлсэнчлэн хоёр иргэншлийн зөрчил одоо маш хүчтэй мэдрэгдэж байна. Даяаршил гээд нэг их том амаа ангайсан мангасын ам руу талаасаа эхлээд орж эхэллээ. Бид түүх, соёл өвөөрөө хуяглагдах хэрэгтэй. Тэгж байж л үлдэнэ. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг биз дээ. Хойд Солонгосыг өлсч байна л гээд байгаа. Тэд чинь өөрийн эрхээр зовж байгаа улс. Солонгосын соёлын урсгал ямар аймаар хүчтэй байна. Хятадууд ч гэсэн дутахгүй. Ингээд ярихаар хүмүүс Цогоо цагаан солио туссан байна гэх байх.
-Сэтгүүлч байх зохиолч байх хоёр ямар ялгаатай юм бэ?
-Багш надад хэлсэн. Цогоо чи яруу найраг, жүжгийн зохиол гээд бичлээ. Сэтгүүлчийн ажлыг 10 жил хийсэн. Тэгэхээр одоо роман бич гэсэн. Тэгж эрх аваад сая хүүхдийн зохиол бичлээ.
-Таны багш Урианхай гуай хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг цөөн хүний нэг. Өөрийнхөөрөө бай­даг хоёр хүн ойлголцох амархан уу?
-Манай багшид төрийн шагнал өгөх гэсэн боловч авахгүй байгаа юм. Монголд нэг ч хүүхэд өлсөхгүй болсон үед авна гэсэн. Ийм цаг үе хэзээ ч ирэхгүй л дээ. Ардчилал өөрөө буруу замаар явчихсан. Ардчиллын нэрээр гадаадын олон орон манайд үй түмэн төсөл хэрэгжүүлээд л байна. Энэ чинь биднийг туршилтын туулай болгож байгаа юм. Төрийн шагнал авсан Нацагням надад ярьж байсан. Буурай орнуудад төсөл нэрээр технологи оруулж ирээд түүндээ дасгаад, тэгсний дараа бид нөгөөхийг нь хэдэн зуун саяар нь худалдаж авдаг.
-Та өчигдөр ярихад хоёр ном хэвлүүлэх гэж байгаа гэж байсан. Ямар ном бэ?
-Нэг нь “Тэнгэрийн хүү”, “Ай нанай” гээд хоёр жүжгээ нэгтгээд жүжгийн, баримтат өгүүллэгээрээ нэг нэг ном гаргаж байгаа юм.
-Сүүлийн асуулт. Таны хариултад ар нуруунаас төөнөх хүйтэн айдас гэсэн үг гаргасан. Халуунаар төөнөх л гэж байдаг шүү дээ. Арай л эсрэгцэл санагдаад байх юм...
-Энэ чинь пост модерн байхгүй юу. Би өөрөө материалист биш идеалист. Ес, аравдугаар ангиасаа л Пиккасог үздэг байлаа. Хүн төрөлхтний уран зургийн түүх явсаар байгаад эргээд хадны сүг зурган дээрээ л очно. Манай монголын язгуур сэтгэлгээнд л пост модерн чинь өөрөө байдаг. Чи ямар их гуниж гутраа вэ гэдгийг л толгойгоо ганзагалчихаа вэ гэж. Толгойгоо аваад ганзагалсан гээд бодоод үз дээ. Энэ чинь модерн сэтгэлгээ биш үү. Хүүхдийн нулимсыг идэж ханаагүй юу гэж байгаа юм. Нулимс идэх гэж байх уу. Оньсогоноос нэг зүйлийг анзаардаг уу. Атан тэмээ ангасхийж, алсын бараа гялсхийнэ. Юу билээ.
-Цахилгаан цахих юм болов уу?
-Тийм. Энэ оньсого болов чиг цахилгаан цахих гэсэн шүлэг байхгүй юу. Цахилгаан цахих гэдгийг ингэж гоёор шүлэглэхээс илүү яах юм. Ертөнцийн гурав гээд цаашаа яривал ёстой янзтай.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан