Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лениний хөшөө шиг олон, бас хэрэггүй зүйл энэ хорвоод алга



Украины Харьков хотод орших Лениний хөшөөг тус улсын үндсэрхэг үзэлтнүүд буулгаж хаяжээ. Тэд эхлээд хөшөөний орчимд "Харьков бол Украин" гэсэн уриатай жагсаал хийж, ням гарагийн орой нь хөшөөг байрнаас нь татан унагажээ.

Нэгэн цагт Ленинийг дэлхийн хөдөлмөрчдийн их багш, пролетарийн аугаа их удирдагч, хүн төрөлхтний гэрэлт ирээдүйг заагч, эцэг хэмээн тэнгэрт тултал магтаж байлаа. Түүний ном зохиолыг уншиж  судлаагүй хүн бол хүн биш, ядахнаа хэлсэн нэг үгийг нь мэдэхгүй хүүхэд бол хүүхэд биш хэмээн манай МАХН, өнөөгийн МАН зарлигдаж байлаа.
Ийм ч болохоор манай гариг дэлхий дээр Антрактидаас аваад өнөөх Мугабейн Зимбабве хүртэл мянга мянган хөшөөг нь босгож байсан. Оросуудын өөрсдийн нь гаргасан тооцоогоор Монголд Лениний албан ёсны 6 хөшөө байж. Аль нэг сум нэгдлийн дарга нарын коммунист итгэл үнэмшлээрээ босгосон баримлыг оруулалгүйгээр шүү дээ.
Эднээс одоо зарим нэг улс орон түүхийн дурсгалын хувьд, нөгөө зарим нь урлагийн бүтээл талаас нь авч үлдсэн бол олон газарт буулгаж, зарим нь огт өөр газарт шилжүүлжээ.
leninstatues.ru сайтын судалгаагаар манай дэлхий дээр пролетарийн их удирдагчийн нийт 7924 хөшөө байгаагийн 4738 нь өнөөгийн Орост байгаа юм байна.  Их Лениний хөшөө босгоогүй хот, тосгоны эрх баригчид намаасаа хөөгдөж, амь амьдралаасаа бараг салдаг байсан цагт оросуудын дунд нэгэн шог яриа тархсан байж билээ.
Нэг нь “Танай хотод Лениний хөшөө бий юу” гэхэд “Байлгүй яахав. Төрөлх хоёр хотод минь хоёуланд нь байгаа. Аав ээжийн минь төрсөн хоёр хотод” гэж. Хөшөө тэгээд хаана байдаг вэ гэхэд “Лениний хөшөө юу, мэдээж тэр хоёр хотын Лениний талбайд” гэсэн гэдэг.
Оросын Москва мужид хамгийн олон буюу 296, Краснодарын хязгаарт 256, Саратов мужид 168, Крымд 141, Нижегородод 131, Челябинскт 114, Свердлов мужид 110, Курск мужид 101 хөшөө босгож бусдыгаа хошуучлан эрх баригчид нь коммунист удирдагчдаасаа үнэлгээ авч байжээ.  Волгоград буюу хуучны

 Сталинградад байдаг Лениний хөшөө бодит хүнд босгосон хамгийн өндөр хөшөө гэдгээрээ алдарт Гиннесийн номд орсон байдаг.
Өнөөдөр тусдаа улс болж, оростой ихээхэн муудаад байгаа Украинд ч гэсэн зөвлөлт засгийн үед Лениний хөшөө босгох талаар муугүй ажиллаж зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн олон буюу  нийтдээ 1674 “Ленин” босгосон байж. Эдний хамгийн олныг нь өнөөдөр тусгаар бүгд найрамдах улс байгуулчихаад байгаа Донецк мужид гэхэд л 165 хөшөө босгож Ленинээ мөнхжүүлсэн байдаг байна.  
Энэ жагсаалт Беларуст 367, Казахстанд 239, Балтийн орнуудад 164, Молдавт 59  гээд л үргэлжилнэ. Латвид гэхэд их багшийн 110 хөшөө байжээ.
Дэлхийн бусад орнуудад 117 хөшөө байдгийн 39 нь Германд, 37 нь Унгарт, 25 нь Чехословакт, Болгарт 11 байдаг бол Австрали, Вьетнам, Франц, Эфиоп, Мексик Грек, Шведэд тус бүр нэг, Их британид нэг, Монгол, АНУ-д тус бүр 6, Кубад 4, Энэтхэгт 5 гэх мэт байна.

Лениний хөшөөнд өнөөдөр хэрхэн хандаж байна вэ

Ёстой л янз янзаар хандаж байна. Монголд гэхэд л 2012 оны аравдугаар сард ардчилсан хүчнийхэн Лениний хөшөөг буулгах шийдвэр гаргасан бол МАН-ынхан бараг л уйлцгааж байлаа.

Румынд их багшийн хөшөөг буулгаагүй боловч Бухарестад байдаг хөшөөг нь “сэргээн засварлаж” толгойг нь аван оронд нь тал тал тийш нь цацарсан сарнайн дэлбээ суулгасан нь яг л олон толгойт могой шиг харагдана.

АНУ-д бол коммунизмын их багшийг зүгээр л зоогийн  газрын дээвэр дээр байрлуулсан нь бий.

Арлингтонд эрх чөлөөний цэцэрлэгт хүн төрөлхтөнд, хүмүүсийн эрх чөлөөнд хамгийн их гай удсан зүйлс хэмээн Берлиний ханын хэсэг, Варшавын геттогийн чулуу зэрэгтэй хамт Лениний толгойгүй хөшөөг тавьсан байдаг.

Их Британид бол Белфаст хотноо ижил хүйстний "Kremlin" клубын ханад пролетарийн их удирдагчийн хөшөөг харж болно.
                 
Харин Беларусыг өнөөдөр “Зөвлөлт холбоот улсын хамгийн сүүлчийн арал” гэж нэрлэдэг. Даян дэлхийд коммунизм байгуулна хэмээн зөвлөлтийн сая сая хүнийг үхэл рүү илгээсэн Ленин багш өнөөдөр Беларусын парламент, Засгийн газрын байрны өмнө зогссон хэвээр. Ийм ч болохоор интернетээр “Украин дахь Лениний хөшөөнүүд Беларуст орогнол хүсч байна “гэсэн шоглол тархсаар байгаа.

Зөвлөлт засгийн үед Литвад бол Лениний хөшөө уг нь 26 байсан боловч өнөөдөр нэг нь ч босоо үлдээгүй.

Антрактидад ажиллаж байсан зөвлөлтийн судлаачдын баг тэнд Лениний хөшөөг босгож орхисон байдаг. Энэ хөшөө л өнөөдөр ямар ч аюулгүй байсаар байгаа.
Тажикууд 2008 оны гуравдугаар сард Лениний Душанбе дэх  хөшөөг буулгаж сэтгэл амарсан. Лениний цэрцэрлэгт хүрээлэнгийн нэрийг ч өөрчилж 9 дүгээр зууны үеийн тажикийн яруу найрагч Рудакийн нэрээр нэрлэн хөшөөг нь босгосон.
Тажикт төдийгүй Ази дахь хамгийн өндөр хөшөө Хужандед байсныг 2011 онд бас буулгасан.
Гүржийн нийслэл Тбилист Лениний гурван хөшөө байсан гэдэг. Хотын төв талбайд байсан хөшөөг 2006 онд буулгаж Луу агнаж байгаа гэгээн Георгийг дүрсэлсэн Эрх чөлөөний хөшөө босгосон. Хамгийн сонирхолтой нь Гүржид өнөө ч гэсэн Сталины хөшөө байсаар байгаа.

0 Сэтгэгдэл
1990 он хуртэл Орос буюу ЗХУ-ыг орос биш хумуус удирдаж байжээ
Хамгийн их уншсан