Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон сууц бариулахаар газраа өгсөн иргэд хэзээ байрандаа орох вэ


Одоогоос 20, 30 жилийн дараа Улаанбаатар хот хөгж­лийн ямар түвшинд очих вэ, гэдгийг тааварлан хэлэх аргагүй ч, эрх баригч­дын зүгээс баталсан захирамж, шийдвэрийн мөрөөр барим­жаа авч болно. Тухайлбал, өнгөрсөн онд УИХ-аас “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичгийг батлах тухай тогтоол үйлдсэн. Ингэхдээ дээрх баримт бичгийг хэрэгжүүлэхэд шаар­дагдах 25.4 их наяд төгрөгийг хэрхэн бүрдүүлэх талаар ч тодор­­х­­­ой тусгаад байгаа юм. Тиймээс бид УИХ-аар батал­сан дээрх тогтоолын дагуу “Улаанбаатар хот хөгжих нь ээ” хэмээн ойлгож болох нь.

Тэрхүү хөгжлийн хөтөлбөр, цаашдын чиг хандлагад орон, сууцжуулах бодлого томоохон байр, суурь эзэлж байна. Энэ хүрээнд ипотекийн зээл, орон сууцжуулах хөтөлбөр, гэр хорооллыг дахин барилгажуулах зэрэг томоохон төслүүд хэрэгжиж, эрх баригчдын амаар нийслэлчүүд гэр хороолол гэдгийг бараг л мартчихаад байгаа юм. Тэгвэл бодит байдал дээр төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд сийрүүлэн хүргэе.
Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.2-т “Хот төлөвлөлт” гэж тухайн хот, тосгоны ирээдүйн хөгжил, эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгохын тулд газар ашиглалт, хотын барилгажилт болон хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн үе шат бүхий төлөвлөлтийн мэргэжлийн үйл ажиллагааг” хэлнэ гэж заажээ. Харин дан ганц Хотын дарга Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрийг харвал хот төлөвлөлтийн хуулийн хэрэгжилтийг хангахуйц болж чадсан хэмээн дүгнэж болно. Хотын даргын суудалд суугаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа ч метро, замын түгжрэл, дэд бүтэц, барилгажуулалт гээд олон асуудлын захаас атгаж чадсан түүнийхээр Улаанбаатар хот 2020 он гэхэд зүүнээс баруун зах хүртэл метро сөөлжилж, дэд бүтэц нь өдөр хөгжсөн, модон жорлон, түгжрэл, утаа гэдгийг улсаараа мартсан хөгжингүй хот болох учиртай юм.  Гэвч жил тойрон яригдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүн өнөөдөр хараахан гараагүй байгаа нь тендерийн маргаан, газар чөлөөлөлт зэрэг асуудлаас үүдэлтэй билээ.

Энэ оны сүүлээр бодит ажил болно гэв

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын тогтоолоор 21 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн 4000 орчим айлын орон сууц энэ оны сүүлийн болон ирэх оны нэгдүгээр  улиралд ашиглалтад орох аж. Харин дээрх 21 байршлын таван хэсэгт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд өчигдөр ажил эхлэх эрх бүхий батламж, Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжийг гардан авснаар дараах байршилд газар чөлөөлөх ажил эхлэх гэж байна.

Тодруулбал,  
- “Эрэл групп” компани Чингэлтэй дүүргийн 9, 10, 11-р хороо Дэнжийн 1000 орчмын долоон га, Чингэлтэй дүүргийн 7, 8-р хороо, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 27 га газарт,

- “Монкон групп” компани Чингэлтэй дүүргийн 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчмын 15.2 га газарт,

- “Магма од” компани Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь эх орчмын 4.5 га газарт,

- “Монгол угсаа” компани Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь эх орчмын 15.5 га газарт тус, тус төсөл хэрэгжүүлэх боломжтой боллоо.
Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн олонхийн дэмжлэгийг авч, бичиг баримтын зөрчилгүй иргэдийн 75 хувиас дээш иргэдтэй хоёр талт гэрээ байгуулж чадсан учраас цаашид гурван талт гэрээ хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхлэх боломжтой болж байгаа нь энэ юм. Газар чөлөөлж, орон сууцны барилга барих ажил нэгж талбар, га талбайгаас шалтгаалан өөр, өөр хугацаанд хэрэгжих учраас тодорхой хугацааг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хэлэх боломжгүй байгаа ч бага талбайтай байршлын ажил 2017 онд дуусах аж. Харин сүүлийн төслүүд 2021 он гэхэд дуусна гэдгийг Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээлж байна. Тэгэхээр тухайн үед 63 мянга гаруй айл өрх газар чөлөөлж босгосон орон сууцанд амьдрах боломжтой болох нь хэмээн ойлгох аж. Юутай ч газраа чөлөөлж, орон сууц бариулахаар болсон иргэд энэ оны сүүлээр юм уу, ирэх оны эхээр орон сууцанд амьдрах боломжтой болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан