Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Шагдарсүрэн: Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд нэг тэрбум төгрөг зарцуулдаг


“Багануур” ХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Шагдарсүрэнгээс компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжилтийн талаар тодрууллаа.  

-Багануурын уурхай орон нутгийн иргэдэд чиглэ­сэн ямар ямар ажил хийв. Олон нийтэд нээлттэй байх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-“Багануур” ХК дүүрэгтээ нээлттэй өдөрлөг хийлээ. Манай компани үүсгэн байгуулагдсан үеэс эхлээд нийгмийн хариуцлагаа ухам­сар­лаж хэрэгжүүлэгч байсаар ирсэн. Мөн компанийн үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалт, алдагдлын талаар дүүргийнхээ иргэдэд тодорхой ойлголт мэдээлэл өглөө. Үүнээс гадна ирээдүйд уурхайчин болох хүүхэд багачууддаа уурхайн үйл ажиллагаа болон түүнд ашигладаг тоног төхөөрөмжийн талаар ойлголт өгч буй юм. Нийгмийн хариуцлагаа тодотгож хэлэхэд “Багануур” ХК Монгол Улсын нүүрсний нийт хэрэгцээний 60, эрчим хүчний түлшний хэрэглээний 70 хувийг хангадаг. Бид өнөөдөр олборлож буй нүүрсээ Засгийн газраас тогтоосноор өөрийн өртгөөс нь доогуур үнээр бор­луулж байна. Өөрөөр хэл­бэл нийт олборлож буй нүүрснийхээ 98 хувийг дулааны цахилгаан станцад нийлүүлдэг. Энэ 3.6 сая тонн нүүрс гэсэн үг. Нүүрсний үнийг дагаад цахилгаан, дулаан, өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Иймд Засгийн газраас үнийн ачааллыг бага байлгах зорилгоор төрийн өмчит компаниар дамжуулж иргэд үзүүлж буй хөнгөлөлт, чөлөөлөлт юм. Тэгэхээр “Багануур” ХК олон жилийн турш нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ирлээ. Цаашид ч гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэнэ. Төрийн өмчит компаниудаас хамгийн эхэлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх тө­лөв­лөгөө боловсруулж, ТУЗ-өөрөө батлуулаад бай­на. Одоо цэгцтэй шат дараа­тай хэрэгжүүлнэ. Үүнээс гад­на манай уурхайчид ха­луун сэтгэлийн хандивын аян өрнүүлж, 4.6 сая төг­рөг цуглуулсан. Энэ мөн­гөөр дүүргийнхээ эрүүл мэн­дийн нэгдлийн төрөх та­сагт эмчилгээний тоног тө­хөөрөмж авч бэлэглэсэн юм. Компанийн удирдлагууд дүүргийнхээ хороодод ажиллаж иргэдтэй уулзаж үйл ажиллагаагаа тайлагналлаа. Бид компанийхаа үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд дэлгэрэнгүй тайлагнах бодлого баримталж байна. Цаашид компанийн засаглал, олон нийтэд нээлттэй байх, нийгмийн хариуцлагыг хэрэг­жүү­лэх ажлыг дэс дараатай хийнэ.

-Ажилчдын ахуй хан­гам­жийн талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
 -Манай компанид өнөөдөр 1017  үндсэн ажилтантай. Компа­нийн захиргаанаас хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж буцалтгүй тусламж үзүүлдэг. Хөдөлмөрийн дотоод журамд 13 төрлийн тэтгэмж, хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг.

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар хэрэг­жүүлж буй зарим ажлаасаа товч дурдвал?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа анхаарах гол асуудлын нэг. Манай компанид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан тусгай хэлтэс бий. Тэгээд өдөр тутам долоо хоног бүрт ажлын байрт хяналт шалгалт хийдэг. Хэрэв аюулгүй ажиллагааны зөрчил илэрвэл тухай бүрт нь засуулж заавар зөвлөгөө өгдөг юм. Нийт борлуулалтын орлогынхоо нэг хувь буюу нэг тэрбум төгрөгийг  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан