Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахуун, мөнгөө хэмнэх 10 энгийн арга


Хүн бүр машинтай болж байхад зэрэгцээд юм бүхэн үнэд орж байгаа нь хяслантай. Үгүй тэгээд машинаа унахгүй ч байлтай биш. Харин яаж шатахуунаа хэмнэж мөнгөө ариглах вэ. Хүн бүхний мэдүүштэй хамгийн энгийн 10 арга энэ байна.

Машин ямар ч согоггүй байх

Яндангаар чинь утаа хаяад л, мотор чинь арай өөр дуугарч байгаа бол хэмнэлтийн тухай бодоод ч хэрэггүй. Машин чинь шатахуун   арай л их идээд байгаа бол “эрүүл мэнд” нь тааруу л байгаагаас тэр. Моторт байна уу, оч хаягчид байна уу, шүүлтүүр цэвэр үү, тос хэвийн үү гээд нэг л асуудал байгаа. Иймд мөнгөө хэмнэе л гэж бодож байгаа бол машинаа оношилгоонд оруулж хэвийн байлга.

Дугуйны тань   даралт ямар  байна

Дугуйны тань даралт үйлдвэрлэгчээс тогтоосон нормоос багагүй, түүнээс 10 хувиас илүүгүй байвал хэвийн гэж бод. Дугуй засварын газрууд “Хэдээр хийлэх вэ” гэж асуудгийн учир энэ. Ер нь дугуйны даралтаа тос маслаа үздэгтэй адил өдөр бүр үзэж байх хэрэгтэй. Хуучны жолооч нар бууж ирээд л дугуйгаа өшиглөж үздэг байлаа шүү дээ. Өдөр бүрээ байг гэхэд долоо хоног бүр дугуйн даралтаа хэмжүүлж бай.

Дугуйн хэмжээ

Дугуй гэдэг өнхөрч л байвал ямар ч хамаагүй мэт болов ч ямар нэгэн хэмжээгээр таны түрийвчтэй холбоотой. Нарийн дугуйтай бол хурдан явах, өргөн дугуйтай бол бартаанд саадгүй гэдэг ч өргөн дугуй таны түрийвчтэй холбоотой. Гарцаагүй тохиолдолд л  алсын замд, муу замаар явах үедээ өргөн дугуй хэрэглэхээс биш бусад цагт дугуйгаа залхууралгүй сольж байх нь мөнгөө хэмнэнэ л гэсэн үг.

Агааржуулагч, бусад төхөөрөг

Машин дотор аль болох цөөн төхөөрөг  ажиллаж байвал төдийчинээ л мөнгөө хэмнэнэ. Агааржуулагч гэхэд л долоон морины хүчээр шатахуун иддэг гэсэн судалгаа ч байдаг. Гэхдээ хар халуунд ямар агааржуулагчаа асаахгүй байлтай биш дээ. Цонхоо нээгээд явж болох ч энэ бас л шатахуун илүү идэхэд хүргэнэ. GPS, дүрс бичлэгийн аппарат шалихгүй ч мөн л зарага гаргадаг зүйл.

Ачаа


“За ямар нэг сүртэй их зүйл ачсан биш дээ” гэж боддог бол эндүүрэл. Ер нь машны тань ачааны багаж бол шуудай төмс ч юм уу, ямар нэгэн зүйлийн агуулах биш. Шаардлагаүй л бол зайлшгүй хэрэгцээтэй багаж, эмийн сан, сэлбэгээс өөр зүйл бүү хадгал. Машин чинь хэдий л хөнгөн байна, төдий хэмнэнэ.

Урд купер чинь.....

Аль нэг тийшээ явахдаа өөрийн хувцас, бусад бэлтгэлээ хангадагтай нэгэн адил машиныхаа эд анги бүрийг бас бэлтгэж бай. Машины урд купер яг өөрөө шатахуунаар ажилладаггүй ч эвдэрхий, хөдөлгөөнтэй  бол  “идээд” л эхэлнэ.  Үүнийгээ засуулахад зарах мөнгө чинь магадгүй эвдэрхий байснаас алдах мөнгөнөөс бага ч байж мэднэ.

Хурд

Хэрэв та цагт 120 км-ээс илүү хурдалж байгаа л бол түрийвчнээс чинь мөнгө урсаад л байна гэсэн үг. Бас дээр нь торгуулж илүү зардал гаргаж ч магадгүй. Хурдлахад агаарын эсэргүүцэл илүү нэмэгддэг. Хэдий л бага хурдалбал агаарын эсэргүүцэл төдий бага, тэр хэрээрээ мөнгө тань бага урсана.

Жолоодох урлаг

Машин жолоодоход бас урлаг байна аа. Хөдөлгөөн ихтэй гудамжинд яаж явах вэ, гарц, гэрлэн дохионд ойртож очиход хурдаа хэрхэн тохируулах вэ гэдэг түрийвчтэй чинь бас л холбоотой. Хурдаа огцом авах, гэнэт тоормоз гишгих гээд л адгуу зан чинь түрийвчнээс чинь хэд гурван төгрөг сааж л байгаа. Хаазаа эцэст нь тултал өгч орилуулахгүйгээр аажуухан өгөөд хөлөө авахад машин энерцээрээ зугуухан хөдөлдөг биз дээ.

Машинаа яаж  халаах вэ

Өвөл цагт машинаа халаахад шатахуун хий урсдаг нь ойлгомжтой. Зарим жолооч машинаа зогсч байхад нь  асааж халааснаас хөдлөөд явах нь арай хэмнэлттэй гэдэг. Үнэхээр машинаа асааж хашаан дотуур жаахан явж хэдий л ачаалал өгнө төдий хурдан хална. Ялангуяа дизель мотор бол зөвхөн явж байж л халдаг.

Ямар бензин хэдий хэр хийж байна

Мэдээж яг тохирсон бензинээ хийсэн тохиолдолд л машин шатахуунаа  хэмнэнэ. Машин тань бензин их идээд л байгаа бол машины чинь эд ангиудтай холбоотой. Хямд шатахуун өөрт чинь хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй юм шиг болов ч аажмаар танаас мөнгө сааж л байгаа. Бас  хэдий шатахуунтай явах вэ. Нэг бодлын их ачаа мэт санагдавч, манайх шиг суурин газар нь хаа хол байдаг газар бол дүүргэхээс яахав дээ. Хотод бол юмыг яаж мэдэх вэ, ядаж л банкныхаа дөрөвний нэгээр бензинтэй явахад болох юм даа.

0 Сэтгэгдэл
огт машингүй байгуул бензин 00 хэрэглэнэ тэгэхээр машинаас татгалзий
Хамгийн их уншсан