Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УТАА УСТГАХ САЛХИЙГ “БЭГ БҮРД”, “ХЕРО ПРОПЕРТИС” КОМПАНИ ХАГАЛЛАА


Эдийн засагч Эрнандо де Сато Монголд ирж нийслэлийн гэр хорооллын газарт үнэлгээ тооцоо хийсэн удаатай. Түүний багийнхан Улаанбаатарын гэр хорооллын хашааны газар 7.2 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэсэн тооцоо хийгээд үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулвал Монгол Улс хөгжинө гэсэн зөвлөгөө өгсөн юм. Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэс буюу Зургадугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 168 айлын орон сууцыг өчигдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Энд нийт 50 га талбайд орон сууц барина. Одоогоор “Бэг бүрд”, “Херо пропертис” компани хамтарч 400 айлын орон сууц барьж буй юм. Ийнхүү нэг хэсэг хотын хөдөө хэмээн нэрлэгдэж байсан Ханын материал, Баянхошууны хашааны газар үнэд хүрэх боллоо. Учир нь, хотын төв энэ газарт байрлах болно. Энд нийслэлийн захиргааны барилгын шавыг тавиад буй билээ.  Дээрх орон сууцны нээлтийн үеэр Улаанбаатар хотын мэр Э.Бат-Үүл “Хотын хөрс, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Үүнээс салах ганц арга зам нь гэр хорооллоо орон сууцжуулах. Иймд бид өнгөрсөн жилээс Гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн том ажил эхлүүлж өнөөдөр үр дүнг нь үзэж эхний орон сууцаа хүлээн авч байна. Анх гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлж байхад нэг айдас байсан. Тэр нь төсөл хэрэгжүүлэх компаниуд иргэдтэй хэрхэн тохирч газраа чөлөөлөх бол доо гэсэн бодол байлаа. Гэтэл иргэд, хотын удирдлагууд, бүтээн байгуулагч компаниуд санаа нэгдэж хамтарч ажиллаж чадвал ямар амжилтад хүрч болох тод жишээ энэ үйл явдал боллоо. Өнөөдөр манай газрыг чөлөөлж орон сууц бариад өгөөч гэсэн хүсэлт их ирж байна. Бид энэ хүсэлтийг биелүүлэхийн төлөө бүх хүч бололцоогоо дайчлан ажиллана” хэмээн хэлсэн юм. 
Сонгинохайрхан дүүргийн Зургадугаар хорооны иргэн Ч.Буянхүү “Би цайны газар дэлгүүр ажиллуулдаг байсан. Одоо шинэ үйлчилгээний төвд 80 ам.метр талбай авсан. Манай энэ газарт нийт 13 аж ахуйн нэгж байсан. Бид нэгдээд газраа чөлөөлж өгөх шийдэлд хүрсэн. Тэгээд нэгийгээ удирдлагаар томилж хамтарч хяналт тавьж ажилласан” гэж байв. Үүнээс гадна иргэн Л.Батжаргал “Дахин төлөвлөлтөд хамрагдаад энэ компанитай гэрээ байгуулж урьд нь байсан хэмжээгээр үйлчилгээний төвд талбай авсан. Ингээд тохь тухтай шинэ ажлын байртай болж байгаадаа их баяртай байна.
Хамгийн гол нь, бид төсөл хэрэгжүүлэгч компанитайгаа богино хугацаанд тохиролцож чадсан. Дахин төлөвлөлтөд хамрагдаж буй газартай иргэд хоорондоо нэгдэж хүсэл сонирхлоо нэгтгээд төлөөлөө байгуулж ажиллах нь чухал юм билээ. Мөн компанийн хөрөнгө бололцоо, техник хэрэгслийг харах хэрэгтэй. Ер нь, цаг хожиж аль болох хурдан тохиролцож ажлаа эхлэх нь чухал. Урд нь би зөөврийн устай, гаднаа 00-той нөхцөлд 14 жил үйлчилгээ эрхэлсэн” гэж ярьж байна. Ингээд гэр хорооллын хашааны газар эдийн засгийн эргэлтэд орж иргэд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах эхлэл тавигдлаа.

Я.ГАНБААТАР: МАНАЙ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨӨД ОРОН СУУЦ БАРЬЖ ӨГӨӨЧ ГЭСЭН ХҮСЭЛТ ИХ ИРЖ БАЙНА
“Бэг бүрд” компанийн ерөнхий захирал. 

-Танай компани хэдэн айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа вэ? 

-Манай компани гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд “Херо пропертис” компанитай хамтарч дороо үйлчилгээний төвтэй 168 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад өглөө. Бид 14 өрхийн иргэдтэй тохиролцож хамтран ажиллаж энэ амжилтад хүрлээ. Цаашид “Херо пропертис” компанитай хамтарч гэр хороололд олон барилга барих төлөвлөгөө бий. Хотын дарга Э.Бат- Үүлийн “Гадаа бие засахгүй, гал түлэхгүй амьдаръя”гэсэн уриалгыг хэрэгжүүлж гэр хорооллын иргэд, хамтран ажилладаг компанитайгаа орон сууцны барилгууд барих зорилготой. 

-Ашиглалтад өгч буй энэ орон сууцнаас гадна өөр газарт барилга барьж байгаа юу? 

-Сонгинохайрхан дүүргийн Зургадугаар хороонд дахин төлөвлөлтөд орсон газарт “Херо пропертис” компанитай хамтарч орон сууцнууд барих гэрээ хийсэн. Одоо “Дүүхээ 2” төвийн ард орон сууц барьж байна. Барилга угсралтын ажил 45 хувьд хүрээд байгаа. Энэ барилгыг ирэх жилийн гуравдугаар улиралд багтааж ашиглалтад өгөх төлөвлөгөө бий. Үүнээс гадна Ханын материал буюу Сонгинохайрхан дүүргийн Зургадугаар хороонд 780 айлын орон сууц барих зураг төслийг нь боловсруулж байгаа. 

-Орон сууцны нэг ам.метр талбайн үнэ ханшийг хэрхэн тогтоож байна вэ? 

-Бид хэт их ашгийн төлөө биш иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх гол зорилготой ажиллаж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол зорилго нь олон айл орон сууцанд оруулах шүү дээ. Иймээс өндөр үнийн бодлого баримталдаггүй. Иймд энэ 168 айлын орон сууцыг 1.3-1.5 сая төгрөгөөр борлуулсан. 

-Компанийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? 

-Гэр хороололд амьдардаг ажилчдаа орон сууцаар шагнаж урамшуулдаг. Энэ төслийг хэрэгжүүлэхэд манай компани гүйцэтгэгчээр ажилласан. Тэгээд дөрвөн ажилтанаа энэ орон сууцанд орууллаа. Дараагийн төслийг хэрэгжүүлхэд таван ажилтнаа орон сууцанд оруулна. 

-Иргэд газраа чөлөөлж өгөхөд хэр нааштай хандаж байна вэ? 

-Бүтээн байгуулалтыг нүдэнд харагдахуйц хийгээд ирэхээр иргэд их дэмждэг. Одоо дахин төлөвлөлтөд орсон хорооны иргэд байнга ирж уулзаж байна. Тэгээд дараа нь манай газрыг чөлөөлж орон сууц бариад өг гэдэг. Тухайлбал, Ханын материалын эцэст 1954 онд ашиглалтад орсон орон сууцны зургаан барилга бий. Эдгээр барилгууд актлагдсан. Энэ орон сууцанд амьдардаг иргэдээс дахин төлөвлөлтөд оруулж шинэ барилга барьж өгөөч гэсэн хүсэлт ирж байгаа.

Ч.АЛТАНСҮХ: МАНАЙ КОМПАНИ 50.2 ГА ГАЗАРТ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ
“Херо пропертис” компанийн төслийн менежер. 

-Танай компани нийт хэдэн га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр ажиллаж байна вэ? 

-Сонгинохайрхан дүүргийн Зургадугаар хороонд 20.8 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа. Энэ талбайд нийт 2200 айлын орон сууц барина. 
Одоо 168 айлын гурван блок есөн давхар орон сууц ашиглалтад орлоо. Энэ барилгыг өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхэлсэн. Манай компани Сонгинохайрхан дүүрэгт нийт 50.2 га газарт “В, В1, Г” гэсэн гурван блок орон сууц барина. 

-Нэг ам метр талбайн үнэ хэдэн төгрөг юм бол. Орон сууцны борлуулалт ямар байна вэ? 

-Бүх орон сууцаа борлуулж дууссан. Нэг ам метрийг 1.29- 1.5 сая төгрөгөөр тооцож борлуулсан юм. 

-Энэ орон сууц барьсан газарт урд нь хэдэн айлын хашаа байсан бэ. Цаашид хэдэн айлын газар чөлөөлөх вэ?

-Нийт 14 аж ахуйн нэгж, иргэдийн өмчлөлд байсан. Тэгээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу тэдэнтэй тохиролцоо хийж газрыг нь чөлөөлсөн юм. Аж ахуйн нэгжүүдийн орлогын мэдүүлэг янз бүр байгаа. Үүнээс шалтгаалж өөр өөр тохиролцоо хийж үйлчилгээний талбай өгсөн. Одоогоор “Г блок”-ын орон сууц барихад 38 айлын газар чөлөөлөөд байна. Нийт 338 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн. 

Д.БАТТУЛГА: НИЙТ 700 АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ 60 БЛОК ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
НИТХ-ын дарга Д.Баттулгаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцаас тодрууллаа. 

-Иргэдтэй хэрхэн тохиролцож газрыг нь чөлөөлж байна вэ? 

-НИТХ өнгөрсөн оны нэгдүгээр сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн зургийг баталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд төсөл хэрэгжүүлэгчийн тендер зарласан юм. Үүнд шалгарсан компаниуд барилгын ажлаа тавдугаар сараас эхэллээ. Өнөөдөр дахин төлөвлөлтөд хамрагдсан 10 гаруй газрын дэд бүтцийн ажлын зураг бэлэн болсон. Мөн хөрөнгө оруулалтыг нь шийдээд хийж байгаа. Өнөөдөр дахин төлөвлөлтийн анхны орон сууцаа ашиглалтад өгч байгаа “Херо пропертис” компани Сонгин хайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр орон сууцыг жилийн хугацаанд барилаа. Энэ газарт 14 хашаа, жижиг дэлгүүр, үйлчилгээний газар байсан. Тэднийг бүгдийг нь буулгаж ам.метр талбайн хэмжээгээр нь шинэ орон сууцны үйлчилгээний төвд талбай олголоо. 

-Дахин төлөвлөлтийн ажлын дэд бүтцийг яаж шийдэж байна вэ?
 
-Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хороонд хийх дахин төлөвлөлтийн орон сууцны цахилгааныг бүрэн шийдсэн. Өчигдөр улсын комисс хүлээж авлаа. Төвлөрсөн хангамжаас дулаанаа авна. Цэвэр, бохир усны шугамаа угсарч байна. Дэд бүтцэд нь нийслэл болон улсын төсвөөс 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. 

-Үүнээс өөр энэ онд багтаж ашиглалтад орох орон сууц байгаа юу? 

-Ирэх арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн долдугаар хороололд 4-5 орон сууцны барилга ашиглалтад орно. Дэд бүтцийг нь шийдсэн. Одоо замыг нь тавьж байгаа. Мөн цэцэрлэг, сургуулийн барилга нь хараахан дуусаагүй.
 
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэдэн айлын хашааны газар хамрагдаад байна вэ? 

-Одоогоор нийслэлийн 24 байршилд дахин төлөвлөлт хийхээр баталсан. Нийт 60 гаруй блок орон сууцны барилга барьж байна. Өнөөдрийн байдлаар 700 айл өрхийг нүүлгэн шилжүүлж түрээсийн байранд оруулсан. Өөрөөр хэлбэл, дээрх айлуудын хашааны газрыг чөлөөлсөн гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан