Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Час хийсэн бодлогогүй итгэл алдсан уул уурхай


Манай улсын эдийн засагт гурван тэрбум гаруй ам.доллар дутаж буй гэдэг. Үүнийг олж ирэх боломж нь ашигт малт­ма­лын экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн зах зээ­лээс мөнгө босгох, бусдаас зээ­­лэх явдал.  Эдийн засаг хямраагүй байх үед Монгол Улсын экспортын орлого жилд дөрвөн тэрбум ам.долларт хүрч бай­сан гэдэг. Гэтэл Өнөөдөр ашигт малтмалын экспорт нэ­мэгд­­­сэн ч үнэ ханшаас шалт­гаалж орж ирэх валют буурсан.

Тухайлбал, энэ оны есдүгээр са­рын байдлаар төмрийн хүдэр, нүүрсний экспорт 476 сая ам.доллараар буурсан тоо­цоо бий. Нүүрсний үнэ 2011 онд дээд цэгтээ хүртэл өссөн. Энэ үед нүүрс манай улсын ашигт малтмалын экспортын 40 хувийг бүрдүүлж байсан бол өдгөө 17 хувь болж буурчээ. Улсын төсөвт тусгаснаар энэ жил 31 сая тонн нүүрс экспортлох байв. Гэтэл есдүгээр сарын байдлаар 13 сая тонн нүүрс экспортолсон мэдээ бий. Харин зэсийн баяжмал, газрын тосны экспорт энэ жил нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нийт экспортыг 30 хувь буюу 924 сая ам.доллараар нэмэг­дүүлсэн хэмээн Монголын экспорт­логчдын холбооны судалгаанд дурджээ. Зэсийн баяжмалын экспорт энэ онд нийт экспортын 50 хувийг бүрдүүлэх болсон байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь уул уурхайн салбарт ордог. Гэтэл хөрөнгө оруулалт нь 60 гаруй хувиар унасан тооцоо гарчээ. Иймд эдийн засагчид манай уул уурхайн салбар хүнд байдалд орлоо хэмээн дүгнэж буй юм. Өчигдөр уул уурхайн өнөө­гийн байдлын талаар  тус сал­барынхан хэлэлцэв. Энэ хэлэлцүүлэгт оролцогчид Хө­рөнгө оруулалтын тогтвор­той ор­чин, Ойлгомжтой тог­лоо­­мын дүрэм, Итгэлцэл, Баял­гийн хуваарилалтын зохистой схемтэй болох ёстой гэдэгт санал нэгдэж байлаа. Ингээд уг хэлэлцүүлгийн үер уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар ямар байр суурьтай байгааг нь зарим хүмүүсээс тодруулснаа хүргэе.  


Н.Алагаа:  Хайгуулын лиценз авах хүсэлт 300 гаруй компани гаргаад байгаа

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч.

-Уул уурхайн салбар зогсонги байдалд орлоо. Шийдвэл зохих олон асуудал бий гэдэг. Тэгвэл тус салбарт шийдвэл зохих ямар ямар асуудал одоо байна вэ?
-Хүлээж байсан асуудлуудаас бодлогын баримт бичиг нь гарлаа. Ашигт малтмалын хууль нэмэлт өөрчлөлт орсон. Одоо шийдээгүй нэг хууль бий. Энэ нь хүмүүсийн “урт нэртэй” гэж ярьж заншсан хууль. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл нь УИХ-д өргөн баригдаад нэг жил болж байна. Мөн  төмөр замын царигийн асуудал бий.  Бас ашигт малтмалын жишиг үнэ тогтоож татвар авч буйг цэгцлэх ёстой. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хууль батлагдлаа ч хайгуулын лиценз шинээр олгох асуудал удаан байна. Өнгөрсөн сараас лиценз олгоно гэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Хайгуулын лиценз олгоно гэж зарласнаас хойш 300 гаруй компани хүсэлт гаргаж тэмдэгтийн хураамжид тус бүр 250 мянган төгрөг төлсөн. Одоо хайгуулын лиценз хэзээ олгохыг л  хүлээж сууна.  Дээр нь 24 лиценз эзэмшигчид өөрсдийгөө хохирогч гэж үзээд шүүх, цагдаа, хуулийн байгууллагад хандсан.  Мөн 34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан 106 лицензийн асуудал бий.

-Тэр 106 лицензийг сонгон шалгаруулалт эхэлсэн гэж байгаа. Гэтэл яагаад ингэж ажил нь хойшлоод байна вэ?
-Засгийн газраас тогтоол гаргаад сонгон шалгаруулалтаар олгох болсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн лиценз олгосон мэдээлэл байгаа. Тухайн лицензийн талбайд оруулсан хөрөнгийн хэмжээгээр босго тогтоох ёстой. Иймд төрийн байгууллага, хувийн хэвшил хоёрын хандлага, хөрөнгө оруулалтын тооцоо нь зөрөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хайгуулын ажлын зарцуулсан хөрөнгийг тооцоод бусад зардлыг нь орхисон. Иймд үүнийг шийдэж чадаагүй тул ажил нь хойшлоод байна. Одоогоор 14 лицензийн босго үнийг тогтоогоод байна. 

-Ирэх жил уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо байна вэ?
-Хайгуулын лиценз олгоод эхэлбэл тэмдэгтийн хураамж, лицезийн талбайн төлбөр гээд мөнгө орж эхэлнэ. Тэгээд уул уурхайн төслийн хэмжээнд хэдий хэрийн хөрөнгө оруулалт орж ирэх нь цаг хугацаанаас хамаарна. Өргөс авахтай адил хууль гарангуут хөрөнгө оруулалт ороод ирэхгүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэх ёстой. Засгийн газар баталсан бодлогоо зөв, шуурхай хэрэгжүүлж тогтвортой байх нь чухал.   


Ч.Хурц: Бид газар нутгаа өгөх биш баялгаа түрээсэлж ашгаа хүртэх ёстой

Геологи, эрдэс зүйн ухааны доктор.

-Уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг янз бүрээр л тайлбарлаж байгаа. Та энэ салбарын судлаач эрдэмтэн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь уул уурхай хөгжнө гэдэг их сонин зүйл. Эхлээд эрдэсийн түүхий эдээ бэлдэнэ. Дараа нь түүнийгээ дагасан дэд бүтэц байгуулна. Тэгээд эдийн засгийн ийм үр ашигтай үйлдвэр болох нь гэдэг ТЭЗҮ-ээ хийх ёстой. Гэтэл өнөөдөр ийм дарааллаар явалгүй ирсэн тул манай эрдэс баялгийн салбар сүйрч байна. Үүнээс гадна эрдэс баялгийн талаар нэгдсэн чамбай бодлого алга. Мөн гаргасан зарим бодлогоо уншихаа байж. УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд, мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид хаашаа, яаж хөгжихөө мэдэхгүй байна. Ирэх 10 жилийн хугацаанд баримтлах бодлого УИХ баталсан гэдэг. Энэ байлаа гээд   хүн нэмэргүй, байсангүй гээд хохирох зүйлгүй юм. Яагаад гэвэл түүнд нь ”Геологи хайгуулын ажлыг эрчимжүүлнэ” гэсэн. Гэтэл түрүү жилийнхээ гүйцэтгэлээс хэдэн хувиар нэмэгдэхийг эрчимжлээ гэж үзэх нь тодорхойгүй. Тэгэхээр энгийн сурах бичигт л байгаа үг гэж ойлгож болно. Мөн “Баяжуулах, боловсруулах үйлдвэр хөгжүүлнэ, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг нь сайжруулна” гээд байдаг. Энэ ойлгомжтой. Харин яаж гэдэг нь алга. Цаг  хугацаагүй, хариуцах эзэнгүй бодлого бол бодлого биш. Хэзээнээс ямар бодлого хэрэгжүүлж хүрэх үр дүн нь тодорхойгүй байгаа юм. Уул уурхайн салбарын олон хууль баталсан. Гэвч энэ тэр асуудлыг ингээд шийдлээ гэсэн зүйл байхгүй. Бид эрдэс баялгийн өмчлөгч. Иймд бусдыг түрээслэгчээр татаж ашгаа хуваах ёстой. Гэтэл манай газрыг ав гэж байгаа юм. Монгол Улсад удахгүй хүнд аюул учирч мэднэ.

-Ямар аюул учирч мэдэх юм бол. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай хамгийн өөдтэй ордуудын лицензийг авсан компаниуд зарах гээд зарж чаддаггүй. Арга ядахдаа гадаадын банкуудад барьцаанд өгнө. Нэг өглөө олон улсын арбитрын шүүхийн шийдвэр гараад Монголын газар нутаг бүхэлдээ хүний өмч болох аюул нүүрлэсэн.  Төр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, үндэсний хөгжлийн бодлоггүй явж байгаа нь монголчууд эх нутгаасаа хөөгдөхөд хүргэнэ шүү дээ. Манай улсын эрх зүйн орчин ийм л нөхцөл байдал бий болгоод байгаа юм. Үүний бодит жишээг бусад орноос харах хэрэгтэй. Тажикстан улс Хятдад өрөө өгч дийлэхгүй тул саяхан  газар нутгаасаа нэг  уулаа өглөө. Энэ явдал нэг сургамж хэлээд байна. Би саяхан нэг ном уншлаа. Үүнд Дэлхийн банкны байгууллагууд ноёрхолоо тогтоохдоо зээл өгөөд түүндээ барьцаа авна. Тэгээд нэг өглөө шүүхийн шийдвэр гарч банкны зээлээ авлаа гээд бүх зүйлийг нь хурааж авдаг  тухай дурдсан байна. Иймд улсын болон хувийн өмч, эдийн засаг, тусгаар тогтнолдоо төр хариуцлагагүй хандсанаас  нийгэм хохирдог гэдгийг үеийн үед санаж явах ёстой.

-Ирэх онд  хайгуулын ажил эхэлж хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт байна. Тэгэхээр хайгуулын лиценз олгоод эхэлбэл манай улсыг чиглэх мөнгөний урсгал нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Геологийн ажлыг хөгжлийнхөө бодлогыг дагуулж хийдэг. Түүнээс биш хувийн компани өөрийн дуртай газартаа лиценз авч хайгуул хийхийг хэлдэггүй юм. Үнэн хэрэгтээ дуртай газартаа хайгуул хийж төрийн бодлогогүй явж ирсэн. Геологи хайгуулын ажлыг төлөвлөхдөө өнөөдөр бий болох төмөр зам, өндөр хүчдэл, хот тосгоноо дагуулж хийх ёстой. Ийм төлөвлөгөө хийхгүй байна.  Энэ талбайд ашигт малтмал байж магадгүй үзээд алдъя гэсэн байдлаар л хайгуулын ажил явж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан