Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ


Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ сарын 27-28-нд албан ёсны айлчлал хийнэ. УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхана. Мөн БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд Хятадын Төв телевиз “ССТV-9” болон “Феоникс” телевизэд  ярилцлага өгнө. Хятадын СNPC корпорацаар зочилж, “СИНОПЕК” корпорацын удирдлагатай уулзахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Батцэрэг, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар болон бусад албаны төлөөлөгч багтсан байна.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны аравдугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн юм.
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2014 оныг “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан билээ.     Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан сурвалжилна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан