Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манлайлагч залуус төслөө эхлүүлж байна

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийн шилдэг 90 оролцогч дөрвөн багт хуваагдан өрсөлдөж буй. Багууд шийдлээ хүлээсэн нийгмийн олон асуудалд анхаарлаа хандуулж, төсөл боловсруулж хэрэгжүүлж эхэллээ. Манай сурвалжлагч энэ удаа “Хорьт” багийн төслийн үйл явцыг сурвалжиллаа.

 “Хорьт” баг нь “Дэм дэмэндээ …” нэрийн дор гурван төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар “Боловсролтой тамирчин”, “Хөгжлийн бэрхшээл – Хүнлэг сэтгэл” төсөл санхүүжилтээ бүрдүүлж 20 гаруй сая төгрөгийг цуглуулжээ. Залуус өөрсдийн судалгаан дээр үндэслэн төсөлд хамрагдах иргэдийг сонгосон аж. “Хорьт” багийн гишүүд зохион байгуулалт сайтай ажилласны үр дүнд төсөл хэрэгжүүлэх үйл явц чирэгдэлгүй шуурхай байгааг багийн гишүүд онцлож байна.

“Хорьт” багийн гишүүн Т.Ариунболд: Төсөл маань дотроо дэд төслүүдтэй. Тухайлбал сагсан бөмбөг тоглодог мэргэжлийн тамирчин залууст сурч боловсрох боломжийг олгох тэтгэлгийн төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн зориулалтын тэргэнцэр олгох төсөл, мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төсөл гээд бодит үр дүн нь шууд харагдах ажлыг эхлүүллээ, бид.

“Хорьт” багийн гишүүн Б.Тэгшжаргал: Төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн чухал байсан. Харин багийн гишүүд хамтран санаа нэгтэй ажиллаж чадсаны дүнд өнөөдрийн байдлаар хоёр дэд төсөлд 20 сая гаруй төгрөгийг босгож чадлаа. Өнөөдөр л гэхэд бид “Хаан” банканд “Хөгжлийн бэрхшээл – Хүнлэг сэтгэл”  төслөө танилцуулж дэмжлэг авч хамтран ажиллах боллоо.

            Бид эхлээд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэлтэй ч тэргэнцэргүйн улмаас өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа таван иргэнд Монголд үйлдвэрлэсэн чанартай тэргэнцэр авч өгнө. Төслийг маань зорилго нэгт байгууллагууд дэмжиж байна.

“Никель Гамбаа” компаний зохион бүтээгч Г.Дашням: Манай үйлдвэрийн үйл ажиллагаа 2010 оноос эхэлсэн. “Хорьт” багийн залуус маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ болон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих давхар зорилготой ирсэн нь маш их таалагдсан. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс захиалга өгч тэргэнцэр хийлгэж байсан. Харин энэ удаа үнэхээр тэргэнцэр хэрэгцээтэй таван иргэнд туслах болсондоо баяртай байна. Залуучууд бидний үйл ажиллагааг санхүүгийн хувьд дэмжихээр болсон “Хаан” банкны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

“Хаан” банкны Маркетингийн газрын захирал П.Жавхлан: Залуусын гаргасан санаачлага их сонирхолтой санагдсан. Тэд төр засгийн олж хараагүй асуудлыг хөндөж байна. Залуус өөрсдийн төслөөр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэхийг оролдож байгаа бол нөгөө талаараа тэдэнд туслахын тулд давхар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийж байна. Тэд олон талын хөгжлийг давхар шийдэж байгаа нь бүтээлч санагдсан. Тийм учраас манай банкны энэ төсөлд хамтран ажиллахаар шийдсэн.

“Хаанбанк сан”-гийн менежер Ц.Энх-Өлзий: Манай банк “Хаан банк сан” гэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа нийгмийн зургаан салбарт хэрэгжих төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг тусгай сантай. Тус сангаас хэрэгжүүлдэг зарим төсөл хөтөлбөрийн зорилготой “Хорьт” багийн санал болгосон төслийн зорилго нийцэж байгаа учраас бид дэмжсэн. Бидний зүгээс манлайлагч залуустай хамтран ажиллахдаа ямагт баяртай байдаг. Тэдний гаргасан шинэ санал санаачлагыг дэмжиж, ажил болгон хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг тул цаашдаа ч хамтран ажиллах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан