Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболдыг “АЛТАНГАДАС” уурлуулсан уу


Ерөнхий сайдыг огцруулах асуудал гацаанд оров. Хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан хэлэлцэх ёстой ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан. Завсарлагын тав хоног ч уржигдар дууссан боловч асуудлыг хэлэлцэж чадахгүйд хүрсэн. Өчигдөр л гэхэд үдээс өмнө УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад шийдэлд хүрч чадаагүй. Түүгээр ч үл барам УИХ-ын дарга З.Энхболд 11 цагийн орчимд АН-ын бүлгийн хурал­даа сууж байгаад дундаас нь орхин гарсан байна. УИХ-ын чуулганы танхимд орж чуул­ганы хуралдаанаа эх­лүү­лэхийг МАН-ын бүлэг болон бусад гишүүдтэй хэсэг хугацаанд хүлээсэн боловч ирц бүрдээгүй учир хойшлуулсан юм.

Яагаад чухам бүлгийн хурлаа орхин гарсан бэ гэдэг асуултын хариулт янз бүрийн таамаг хэлбэрээр явж эхлэв. Тэр дундаас хамгийн магадлалтайг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Энэ бол спикер З.Энхболдыг Ардчилсан намын дарга болгохоор ярилцсан гэв. Уржигдар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг уулзалдаж, зөвшилцсөн тухай мэдээлэл түгсэн. Тэр үеэр ярьж тохирсон дагуу АН-ыг цаашдаа З.Энхболдод хариуцуулж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын албаа хашиж, бүрэн эрхийн хугацаагаа гүйцээх, хариуцлагаа ч хамт үүрэг ёстой гэдэг зарчимд хүрсэн гэж байгаа юм. Харин ярьсан хэлсэндээ байж чадалгүй УИХ дахь АН-ын бүлгийн хурлын үеэр “Алтангадас” фракцийнхан намын даргын суудлаа өгөхгүй гэж гэдийсэн гэнэ. Иймээс АН-ын бүлэг шийдэлд хүрч чадалгүй арга буюу завсарлаж.
УИХ-ын чуулганы хурал­даан үдээс хойш 15 цагт эхлэхэд УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар албан ёсны завсарлага аваагүй мөртлөө удаа дараа хойшлууллаа гэж шүүмжилсэн. УИХ-ын дарга ч холбогдох Байнгын хороог хурлаа хуулийн дагуу хуралдуулж, асуудлаа хэлэлц гэдэг үүрэг өгөв. Чуулганы хуралдаан завсарласны дараа УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар болсон. Гэвч 19 цагийн орчимд чуулган завсарлахад АН-ын бүлэг хурлаа өнөөдөр өглөө үргэлжлүүлэхээр боллоо.

Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдэг намуудын дүрэм, журмаар зохицуулагдсаар ирсэн шийдвэр энэ үеэр яах аргагүй сөхөгдөв. МАН-ын дүрэмд бол “Намын дарга Ерөнхий сайд байна” гэдэг учир М.Энхболдоос тухай үеийн МАХН-ын даргын албыг авсан С.Баяр Ерөнхий сайд болж байсан. Тэгвэл АН-ын Үндсэн дүрмэнд “6.4.10.1. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, бусад улс төрийн албан тушаалд нэр дэвшигчийг тодруулах журам”-аар эрх олгож. Уг журамд пар­ламентын сонгуульд ялалт байгуулж, олонхи болсон тохиолдолд Ерөнхий сайдад эхлээд намын даргыг нэр дэвшүүлэх тухай заасан байдаг аж. Намын дарга заавал Ерөнхий сайд байх ёстой гэж хатуу заагаагүй гэсэн үг. 1996-2000 онд АН-ын засаг барьж байх үед Ерөнхий сайд болгон нь намын дарга байна хэмээн өөрчилж байгаагүй. Тэгэхээр дүрэм, журмаар зохицуулагдах энэ асуудлыг шийдэх гарц бий. Улс төрийн намуудын тухай хуульд ямар нэгэн заалтад энэ талаар ч дурдаагүй.

Маргааш АН-ын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн болох юм. Тэгэхээр үүний дараа буюу ирэх долоо хоногоос домог болж үлдсэн ҮЗХ-ны ээлжит хурлыг хийх тухай мэдээлэл АН-ынхан дунд гарчээ. Ямар ч байсан өнөөдөр АН-ын бүлэг хуралдана гэдэг өмнөх өдрүүдийнх шиг баасан гарагийн улс төрөөр АН-ын дарга, Ерөнхий сайдын хувь заяаг шийдэх магадлал тун өндөр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан