Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрдэнэчимэг: Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүд 5-6 км газар явж сургуульдаа хүрдэг

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг “Гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг 2015 онд хэрхэн шийдвэрлэх вэ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана болон ЕБС-иудын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг үг хэлэв. Тэрбээр, “УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг дотор нийслэлээс сонгогдсон олон гишүүн бий. Бид байнга ЕБС-иудын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагууд болон сурагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсдог. Өнөөдрийн хэлэлцүүлэг УИХ-аар 2015 оны төсөв хэлэлцэж байгаа үетэй давхцаж байгаагаараа онцлог юм. Энэ үед орчинд нь ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж 2015 оны төсөвт гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудад өргөтгөл барих, нэмэлт корпус барих хөрөнгө хэрхэн суулгасан талаар ярилцах нь чухал юм. Би бол Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Манай дүүрэг хотын төвөөс алслагдсан, гэр хороолол ихтэй байдаг. 26 дугаар хорооны болон Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүд 5-6 км газар явж сургуульдаа хүрдэг. Өвөл автозамын осолд өртөх, гэмт хэргийн золиос болох тохиолдол их байдаг. Тиймээс гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн автобусаар үйлчлэх асуудлыг ч шийдэх хэрэгтэй” гэлээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, “Нийслэлийн  төрийн өмчийн болон төрийн бус 213 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 2014-2015 оны хичээлийн жилд 21 сургуулийн 155 бүлэг 3 ээлжээр хичээллэж байна. Гуравдугаар ээлжинд 5200 гаруй хүүхэд суралцаж буй. Сургуулиудын ачаалал нэмэгдэж байгаа олон шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд нэгдүгээр ангид элсэн суралцагч зургаан настнуудын тоо эрс нэмэгдсэн. 2011-2012 оны хичээлийн жилд нийслэлд 26 мянга 870 хүүхэд нэгдүгээр ангид элссэн орсон бол 2014-2015 онд 1,5 дахин нэмэгджээ. Баянзүрх, Сонгинохайрхан  дүүргийн сургуулиуд хамгийн их ачаалалтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Гурван ээлжээр хичээллэж буй ЕБС- иудын асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад давхарын өргөтгөл хийх шаардлагатай байна. Бид  энэ талаар судалж 17 сургуульд давхарын өргөтгөл хийх боломжтой. Сургуулиудын барилгын хийц, даацын дүгнэлт хийх, зураг төсөв боловсруулах болоод барилга угсралтын ажилд 17.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан” гэв.

БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг ЕБС- иудын ачаалал нэмэгдэж байгаа нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хэмээн нэмж хэлэв. Тус яамнаас гаргасан судалгаагаар орон нутгаас нийслэлд ирж буй их нүүдлийг дагаад жилдээ 5000 орчим хүүхэд шилжин ирж суралцдаг байна. Хэлэлцүүлгийн үеэр сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаагаас шалтгаалж хичээлийн дараах нэмэлт сургалт, дугуйлан хичээллүүлэх боломж бүрдэхгүй байгаа талаар багш нар хэллээ.

0 Сэтгэгдэл
Энэ авгайг амаараа бурж байх хооронд жүжигчин Одончимэг тэр Улаанёулуутын хогийн цэг дээр сургууль бариад эхэлчихсэн.. Амаа ажил болгох тал дээр анхаарах хэрэгтэй дээ
Benzeer bayarhaj baihiin orond huviaasaa munguu gargaad surguuli bariad ugchih. Buyan bolno.
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01