Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв аймгийн сумдыг дэд бүтцэд холбож эхэлжээ


Улсын төсөвийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Төв аймгийн төсөв, санхүүгийн талаар Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нямдорж болон Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн дарга Ю.Бямбацогт нараас дараах зүйлийг тодрууллаа. Тэд “Төв нутгийн амжилт-Алтан намар-2014” үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод ирээд байгаа юм.

Ю.Бямбацогт: Орон нутгийн хөгжлийн сангаар 9.1 тэрбум төгрөгийн ажил хийсэн
   
-Өнгөрсөн онд Төв аймаг улсын төсвийн санхүүжилтээр аймагтаа ямар ажил хийсэн бэ. Ирэх онд хэд орчим төгрөгийн төсвийн төсөөлөл байгаа вэ?
-Орон нутгийн төсвийн тухай шинэ хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн. Энэ хуулийн хүрээнд манай аймгийн төсвийн бодлого, санхүүжилт, үйл ажиллагаа зохицуулагдаад явж байгаа. Аймгийн хувьд нийт дүнгээр 62 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс 42 сая төгрөг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвүүдийн тусгай зориулалтын шилжүүлэг байдаг. Үлдсэн нь орон нутгийн төсөв. Дээр хэлсэн шиг шинэ хууль батлагдсанаар өнгөрсөн оны эхээс Орон нутгийн хөгжлийн сантай болсон. Энэ сангаар дамжуулаад аймгийнхаа 27 суманд 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Харин энэ онд 10.2 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгдөөд явж байна.

-Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг иргэдийн санал, санаачилгад үндэслэн зарцуулах ёстой?
-Хуулийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг хийхдээ сум, багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан санал, санаачилгыг дэмжиж, үйл ажиллагаа явуулах ёстой. Бид энэ хүрээнд олон нийтийн саналын дагуу 330 гаруй төсөл, арга хэмжээг 9.1 тэрбум төгрөгөөр хийсэн. Харин энэ жилийн 10.2 тэрбум төгрөгт мөн л 300 гаруй төсөл, арга хэмжээ хийхээр төлөвлөсөн. Үндсэндээ, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн ажлын маань хэрэгжилт 90 гаруй хувьтай байна.

-Танай аймгийн иргэдэд тулгарч байгаа чухал асуудал нь юу байв?
-Иргэдийн зүгээс гол хүсч байгаа зүйл нь худаг, усжуулалттай холбоотой байна. Мөн сум, суурин газруудын тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах хэрэгтэй гэсний дагуу дээрх ажлууд хийгдсэн. Харин аймгийн зүгээс гол хийж байгаа ажил нь сумын төвийг нэгдсэн халаалтын систем, цэвэр бохирын системд холбох ажлыг Лүн, Бүрэн, Зуунмод сумын Зүүндэлгэр баг болон Дэлгэрхаан суманд эхлүүлээд байна. Цаашдаа жил бүр энэ ажлыг төлөвлөгөөнд суулгах замаар хийж дуусгах зорилготой байгаа.

Д.Нямдорж: Сум бүрд 150-370 сая төгрөг оногддог

-Орон нутгийн хөгжлийн сангаас нэг сумд хэдэн төгрөг ногдож байгаа вэ?  
-Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг Засаг дарга дур мэдэн зарцуулахгүйгээр иргэдээс санал авдаг болсон нь сүүлийн жилүүдэд гарсан том ололт. Гэхдээ иргэн өөрт чухал шаардлагатай гэсэн саналыг хэлж байгаа ч нэг сумдад 150-370 сая төгрөг ногддог учраас энэ "чухлууд" дундаас хамгийн олон хүн үр ашигтай гэж үзсэн ажлуудыг хэрэгжүүлж байгаа.

-Аймгийн төсөв харьцангуй өндөр, эх үүсвэр нь ч олон байгаа шүү дээ. Төв аймаг үүнийг ямар далайцтай зүйлд зарцуулсан бэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон аймаг өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд бий. Тэдгээрийн хамгийн том нь “1000 айлын орон сууц” хөтөлбөр. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд иж бүрэн бүтээн байгуулалт. Үүний эхний хоёр байр буюу 96 айлын орон сууц нь ашиглалтад ороход бэлэн болоод дараагийн байрнуудын шавыг тавьж, барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Мөн соёлын төвийн барилгыг бүрэн засварлаж, “3D” хэмжээст үзвэрийн газартай болгосон. Үүн дээр спорт заал, хоолны газар гээд соёлын үйлчилгээний газрыг цогцолбор хэмжээнд нь хүргэсэн. Түүнчлэн ажлын хувцасны ажилчдын байр гээд өрөнд хураагдаад байсан балгас болчихсон объектыг засч тохижуулаад Төр захиргааны II байр гэж нэрлэсэн. Энэ байранд хөдөлмөрийн хэлтэс, аймгийн төв архив зэрэг иргэд ихээр үйлчилдэг төрийн байгууллага болон  төрийн бус байгууллагуудыг шилжүүлж оруулсан.
Мөн Лүн сумыг жишиг сум болгохоор таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Харин Төв аймаг руу орох авто зам дагуу зөвшөөрөлгүй гэр хорооллын бүс үүсчихсэн байсан. Тэр гэр хорооллыг нүүлгэхийн тулд газрыг нь өмчлүүлээд, хашааг нь барьж өгөөд дэд бүтцийг нь шийдэж өгөөд айлуудыг нүүлгэсэн байгаа. Одоо газар дээр нь Төв аймгийн шинэ театрын барилга баригдаад явж байна. 2016 он гэхэд энэ барилгын ажил дуусна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан