Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Их театр”-т тоглох Монголын дуучдын тоглолтын тасалбар дуусчээ


Сонгодог урлагийнхны мөрөөдөл болсон Москвагийн Большой театрын алтан тайзнаа манай УДБЭТ-ын уран бүтээлчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох сайхан мэдээ нэлээд хэд хоногийн өмнөөс дуулдсан. Тэгвэл Монголын урдаа барьдаг дуучдын маань тоглолтын тасалбар аль хэдийнэ борлуулагдаж дуусчээ.  Энэ сарын 20-нд болохоор товлогдсон тоглолтыг манай уран бүтээлчид ховорхон аз завшаан хэмээн сэтгэл догдлон хүлээж байна.
Өнгөрсөн жил Улаан-Үдэд тоглосон УДБЭТ-ын уран бүтээлчид энэ удаа найман гоцлоочоо Их театрт тоглуулж, уран бүтээлийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Тэд П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увьдист лимбэ” дуурийн ари, дуэтыг дуулах бөгөөд гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар оролцох ажээ. Их театрын симфони найрал хөгжимчид, ОХУ-ын алдартай удирдаач, Монголын дуучид, ОХУ-ын хоёр гоцлооч энэ тоглолтод оролцох юм.Тэд дуурийн шилмэл бүтээлүүдээс толилуулахаас гадна Монголынхоо нэг сайхан дуугаар тоглолтын төгсгөлд сюрприз барихаар ч бэлтгэсэн байна.
УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул энэ тоглолтыг зохион байгуулахаар ОХУ-ын Соёлын яаманд төслөө танилцуулснаар 2014 оныг соёлын жил болгон зарлаад байхад нь ийн тоглолтоо тавих болжээ. Үүнээс гадна олон бэлгэшээлтэй давхцал тохиож байгаа нь Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Х. Уртнасан 1983-1984 онд Их театрын тайзнаа “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрд дуулснаас хойш 30 жилийн дараа Монголын дуучид их театрын гол тайзнаа залрах гэж байгаа нь ердийн нэг тохиол биш биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан