Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батбаатар: Сонгох, сонгогдох эрхийг Сонгуулийн тухай хуулиар зөрчсөн


Сонгуулийн тухай хуулиудын зарим зүйл заалтууд нь Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр улс төр судлаач Б.Батбаатар Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ. Тэрбээр Үндсэн Хуулийн Цэцэд хүргүүлсэн тайлбартаа “Аливаа сонгуульд бие даан нэрээ дэвшүүлж байгаа иргэн нь сонгогчдын нэр, хаяг гарын үсгийг Сонгуулийн хорооноос баталсан маягтад сонгогчдыг урьдчилан бүртгэж тэндээс 801 түүнээс дээш, 500, 200 болон 75 хүний гарын үсгийг зуруулж дэмжлэг авч буй явдал нь нууцаар санал хураах хуулийн заалтыг зөрчиж, урьдчилсан санал хурааж иргэдийн санаа бодол, сонгох, сонгогдох эрх чөлөөнд ноцтойгоор халдаж буй юм. Мөн ямар нэгэн нам бүлэглэлд элсээгүйн төлөө шийтгэл, дарамт шахалт болж байна гэж үзэхээр үйл явц бөгөөд, дэмжиж гарын үсэг зурсан иргэнийг мөрдөж мөшгөж буй заалт нь мөн л Үндсэн Хууль зөрчсөн үйл ажиллагаа. Эдгээр нэрсийн жагсаалт нь хэн нэгэн эрх мэдэлтний гарт очсоноор иргэдийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах үндэслэл бий болох сөрөг талтай” гэжээ.
Үүнээс гадна тэрбээр Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтууд Үндсэн хууль зөрчиж байгаа талаар гурван үндэслэл, хоёр тайлбар хүргүүлсэн байна.

-Сонгуульд бие даан нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөх эрхээ авахын тулд Сонгуулийн тухай хуулийн 7.2 “Энэ хуулийн 6.2-т заасан иргэн сонгуулийн нэг тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд тухайн сонгуулийн тойрогт УИХ-ын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байдгийг мөрддөг.

Гэтэл Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21.2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байдаг шүү дээ. Гэтэл дээр дурдсан 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан гэдэг нь шууд болон нууцаар гэдэг Үндсэн хуульд заагдсан эрхийг ямар нэг хэмжээгээр зөрчиж байгааг үгүйсгэхгүй. Гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдвэр гаргах түвшинд нухацтайгаар яригдаж байсангүй. Харин та яг энэ асуудлаар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр цэцэд ханджээ?
-Бие даагч гишүүдээс гадна Монгол Улсын иргэдэд хамааралтай асуудал. Цаашлаад нам бүлгийн далд сонирхлын тухай өргөн хүрээний асуудал.
Тиймээс би иргэнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандсан. Чиний хэлж байгаачлан сонгуулийн нэг тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд тухайн сонгуулийн тойрогт УИХ-ын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй гэж байгаа. Үүнийг би хууль зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, урьдчилсан санал асуулга явуулж, шууд сонгох эрхтэй гэсэн Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Нөгөөтэйгүүр, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл бие даагчид сонгуульд өрсөлдөхийн тулд тойргоосоо шалтгаалж иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа нь мөн л Үндсэн хуулийг давсан асуудал. Нөгөө намаас нэр дэвшиж байгаа нөхдүүд гэтэл гарын үсэг цуглуулалгүй нэр дэвшиж байгаа биз дээ. Бүр ноцтой нь бие даан нэр дэвшигчийн цуглуулсан гарын үсгийн бүртгэлийг тухайн сонгуулийн хороо нь хураан авдаг. Энэ мэдээлэл дараа нь хэн нэг хүний гарт очих магадлал өндөр. Тэр дундаа сонгуульд ялсан нам дээрх мэдээллийг олж авч болно. Гэтэл үүний дараа иргэнийг ялгаварлах үзэл гарч ирдэг. Энэ нөхөр чинь МАН-ыг дэмжсэн нөхөр байна гээд намын ялгаа гаргаж болзошгүй.

-Намуудын тухай хуульд 801-ээс доошгүй иргэний санал цуглуулж байж нам байгуулах эрхээ авдаг. Тэгэхээр бие даагчдыг үүнтэй адилтгах тайлбар байж болох юм?
-УИХ-ын гишүүн болох гэж буюу сайнаар ярих юм бол иргэдэд хэрэгтэй хууль батлах гэж УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаагаас бие даагчид нам байгуулах гээгүй шүү дээ. Тиймээс би бие даагч гэдэг иргэдийг харьцангуй өөрөөр хардаг. Аль нэг нам дагаж туйлширдаггүй хүмүүс.
Гэтэл ийм хүмүүсийг дээр дурдсан заалтууд үгүй хийгээд байна. Ямар нэг байдлаар гарын үсгийг нь цуглуулаад сонгуулийн хороонд очтол аль нэг гарын үсэг зурсан хүнтэй нь хуйвалдаад энэ хүн чинь энэ хаяг дээрээ байдаггүй юм байна. Эсвэл зураагүй гэж байна гэдэг үндэслэлээр хасчихдаг. Мөн ийм байдлаас болоод НИТХ-д намын харьяалалгүй иргэн байхгүй боллоо. Тухайлбал, нийслэл, түүний зургаан дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд нам бус гишүүн хэд байгаа вэ гэдэг судалгааг би авсан. Надад Баянгол болон Хан-Уул дүүрэг хариу өгөөгүй. Тэгсэн мөртлөө тэр материалаар яах гэж байгаа юм бэ гэж асуусан. Хэдийгээр надад судалгаа өгөөгүй ч би тэр дүүргүүдийн иргэдийн төлөөлөгч дунд нам бус ганц ч гишүүн байхгүй гэдгийг мэдэж байна. Гэтэл яагаад ИТХ гэсэн мөртлөө намын төлөөлөл байгаад байгаа юм бэ. Ялсан намын гишүүд л ИТХ-ын олонхыг бүрдүүлдэг. Энэ нь УИХ-д гараад хууль баталж байгаа хүмүүсийн ашиг сонирхол. Дандаа намын эрх ашгийг хамгаалсан хүмүүсийг тэр иргэдийн төлөөлөгч гэдгээр дүүргээд байна.
Мөн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжээд гарын үсгээ зурсан хүнээс та гарын үсгээ зурсан уу гээд баталгаажуулж байгаа нь мөрдөн мөшгих нэг хэлбэр. Гэтэл Үндсэн хуульд “хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж байгаа. Ингээд энэ бүх процессыг далайцтайгаар харвал, Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг зөрчиж байгаа хэрэг.
-Жишээ нь, би нэг бие даагчийг сонгуульд өрсөлдөхийг дэмжиж байгаа гэдгээ гарын үсгээр баталгаажуулж явуулчихаад дараа нь сонгуулийн аль нэг хорооноос та энэ хүнийг дэмжиж гарын үсгээ зурсан уу гэж асуувал надад хариулахгүй байх эрх байгаа. Эсвэл хариулахдаа үгүй ч гэж хэлж болох юм гэж ойлголоо, зөв үү?
-Зөв. Энэ бол намуудын хүчирхэг байх, бие даагчдыг нухчин дарах гэсэн үйлдэл. Шууд ардчилал, ил тод байдал, иргэний эрх чөлөө гээд бүгдийг үгүйсгэж байгаа заалт гэж би үзсэн. Тиймээс өнгөрсөн сарын 22-нд Үндсэн Хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа юм.

-Хуулийн хугацаа нь дуучихсан юм биш үү. Хариу авсан уу?
-Дахин 30 хоног сунгасан ч гэнэ үү, ойлгомжгүй юм л яриад байна. Би хуульч  биш учраас Цэцийн тухай хуулийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн ажилтнуудыг энэ талаар сурвалжилж, үнэхээр энэ хууль Үндсэн хуулийг зөрчсөн үү, ялгаваралтай цаашлаад үзэл бодлоор гадуурхах зэрэг сөрөг нөлөө үүсгэж байгаа юу гэдгийг нь олж мэдээсэй гэж хүсч байгаа юм. Яагаад гэвэл, намууд намуудыг хянаж чадахгүй юм байна гэдэг дүгнэлтийг би улс төр судлаачийн хувьд гаргасан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд МАН (МАХН багтан), Ардчилсан намд ээлжлээд төрийн эрхийг өглөө. Аль нь ч чадахгүй байна. Ялангуяа Ардчилсан нам гарсан тохиолдолд МАН (МАХН багтана)-ын хор нөлөө заавал орж байна. Ингээд 24 жилийн түүхэнд Ардчилсан нам нэг ч удаа дөрвөн жил тогтвортой Засгийн газартай байсангүй. Дандаа л уначихдаг. Сүүлд нь АН, МАН нь холилдоод төр тогтворгүй болж байна. Засгийн газар унах бүрт яамдын дарга, цэрэг солигдож бужигнасан байдалд орчихоод байгаа. Үүнийг нэг талаас нь бүх яам агентлаг, тэдний бодлого шийдвэр ганцхан хүний буюу Ерөнхий сайдын мэдлийнх болж байгаа нь харагдаж байна.
Гэтэл энэ нь улс орны асуудал байх ёстой. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэдгийг товчоор хэлбэл, бүх нийтийн санал асуулгаар ч юм уу, ямар нэг олныг хамарсан өргөн хүрээний хэлэлцүүлгээр улсынхаа цаашдын нэгдсэн бодлогыг баталж үндсэн нурууг нь өөрчлөхгүйгээр авч явах ёстой юм. Хэрвээ ийм байвал ямар ч сайд солигдсон манай улсын бодлого ноён нуруугаа алдахгүйгээр үргэлжилж болно. Ямар ч яам, агентлаг байсан чиг үүргээ л өөрчлөхгүй гэсэн үг. Сонгууль ер нь бол төрийн залгамж халаа л байх ёстой. Түүнээс нэгийг буруу гээд нөгөөг шинээр гаргаж ирээд байвал хол явахгүй.

1 Сэтгэгдэл
Иргэд олон түмэн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан зүйл дээр дуу гарахгүй хүчээ нэгтгэхгүй байгаа нь мөлжигч төртэй байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр юм. сүх далайтал үхэр амар гэж сэтгэдэг ард түмэнд ардчилал шударга ёс, тэгш эрх, шударга сонгуулийг яриад ч нэмэргүй. Илжиг модон хударгандаа, ажлын шар буулгандаа байх нь жаргалтай байдаг юм даа. эрх мэдэлтэн инээвэл дагаж баясдаг алиа салбадай шиг түмэн яаж өөдлөх вэ гэдгээ мэдхийг хүсдэггүй нь тамын тогоондоо хэвтэж, шарагдаж байх тавилан буй.
Хамгийн их уншсан