Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэчлэн найруулсан Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ


Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар шийдлээ. Олон жил өөрчлөлт оруулаагүй уг хуулийн төслийг эмэгтэй гишүүдийн бүлгээс дэмжиж, батлуулах чиглэлээр ажиллаж буйгаа хэлж байсан. Тус байнгын хорооны хэлэлцүүлэгт зургаан эмэгтэй гишүүн оролцож, байр сууриа илэрхийллээ. Анх 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн болон хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаархи олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулжээ. Байнгын хорооны гишүүд ажлын хэсэг байгуулан нухацтай хэлэлцэх ёстой хуулийн нэг гэж үзэж байгаа аж. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэж, зарим зүйл заалтыг уялдуулан батлах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг нар хэлэв.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдийн тэтгэмжийг эцэг нь төлөх тухай заалтыг Засгийн газар дээр хассанд гайхаж байна. Гэр бүл салснаас болоод хүүхдүүдээ дагуулаад эмэгтэйчүүд гэр оронгүй болж, амьжиргааны төвшин буурдаг. Гэтэл аавууд хүүхдийн тэтгэмжийн мөнгөө өгөхгүй алга болчихдог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид тэр бүр тэдний араас яваад байдаггүй. Тиймээс ганц бие ээжүүдийг дэмжих сан байгуулах замаар дэмжиж явах нь зөв. Австрид гэхэд залуучуудын холбоо нь энэ сангаа хариуцаад тодорхой хувиас нь санхүүжилтээ болгож авдаг жишиг байдаг юм билээ. Улсын төсөвт ямар ч шаардлагагүй зүйлүүдэд төсөв хуваарилж байдгийг зөндөө л харлаа. Ийм хэрэгтэй сан байх нь зөв” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Манай улсад өрх толгойлсон 84 мянган эхчүүд бий. Гэтэл тэдний ард 84 мянган эцэг хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй гэсэн үг. Яагаад гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ердөө 0,5 хувийн гүйцэтгэлтэй гардаг нь хүүхдийн тэтгэмж байдаг. АНУ-д гэхэд ажил олгогч нь хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хариуцдаг тогтолцоо бий. Үүнээс гадна Гэр бүлийн тухай хуульд хамтран амьдрагчийн тухай зайлшгүй оруулж өгөх ёстой. Хэдэн жил хамтран амьдарч байгаа хосууд орон сууцны зээлд хамрагдах боломжийг олгох талаар хуульд оруулах нь зүйтэй” гэлээ. Ингээд санал хураалтад оролцсон 14 гишүүний олонхи нь Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан