Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таргалалт яг тамхи шиг


Таргалалт, илүүдэл жингээс үүдсэн өвчний өртөг зардал архидалт, тамхидалтаас, бүр зэвсэгт мөргөлдөөн, цаг уурын өөрчлөлтөөс дутахгүйгээр дэлхий нийтэд эдийн засгийн гарз хохирол учруулж байгааг “McKinsey Global Institute” –ээс хийсэн судалгаа харуулжээ. Дэлхийн хүн амын 30 хувь буюу 2,1 тэрбум хүн өнөөдөр илүүдэл жинтэй амьдарч байна. Эдгээр хүний эрүүл мэнддээ учруулж буй хор хохирол жилдээ хоёр их наяд доллараар тооцогдож байна. Энэ бол дэлхийн нийт эдийн засгийн багтаамжийн 2,8 хувьтай тэнцэх мөнгө юм.

Дэлхийн энэ их баялгийг зөвхөн илүүдэл жингийнхээ улмаас гарынхаа салаагаар урсгаж байгаа учраас хүн төрөлхтөн, хувь хүмүүс өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээж, жингээ багасгаач гэж мэргэжилтнүүд уриалж байна. Таргалалтаас үүдсэн эдийн засгийн алдагдал зөвхөн хувь хүний эрүүл мэндтэй ч холбоотой биш. Тухайн хүний ажлын бүтээмж, хөдөлмөрийн чадварт ч ихээхэн нөлөөлдөг учраас байгууллагад, улсад ч их хохиролтой. Тиймээс таргалалт гэдэг хэдий хувь хүний асуудал ч гэсэн хүн ардаа эрүүл мэндийн боловсролтой болгох, илүүдэл жингээс үүдэх хор уршгийг ойлгуулж таниулахад нийгмийн томоохон аян өрнүүлэх шаардлагатай байгааг судалгааны дүгнэлтэд санал болгожээ. Тухайлбал, өндөр тослогтой, чихрийн агууламж ихтэй, боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд өндөр татвар ногдуулах, албан байгууллагууд ажилтнуудаа эрүүл,орчинд ажиллах нөхцөл боломжоор хангах, хөдөлгөөн, фитнессийг урамшуулах гэх мэтээр тодорхой түвшин бүрт арга хэмжээ авахыг санал болгож байна.

Нэг үеэ бодвол таргалалт гэдэг зүрх, уушигны эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг диабет төдийгүй зарим төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан болж байгааг олон нийт тодорхой хэмжээгээр мэддэг болсон. Гэвч энэ нь амьдралын дадал хэвшлээ өөрчлөх хэмжээнд хүрэхгүй байгаа учраас эрүүл амьдралын дадал зуршлыг сурталчлах, хэвшүүлэх нь чухал байгаа юм.
Илүүдэл жинтэй америк­чуудын талаарх доорх судал­гаа­ны тоо баримтууд уншигч­дад нэгийг бодогдуулах биз ээ.

АНУ-д насанд хүрэгчдийн 2/3, хүүхдүүдийн 1/3 нь илүүдэл жинтэй байна. Энэ байдлаараа цааш явбал 2030 он гэхэд АНУ-ын хүн амын 51 хувь нь илүүдэл жинтэй болно. Ердөө 20 жилийн өмнө АНУ-ын мужуудын хүн амын дунд илүүдэл жинтэй хүмүүсийн эзлэх хувь 15 хувиас илүү гарч байгаагүй бол 41 мужид нь таргалалттай хүмүүсийн эзлэх хувь 25-аас дээш гарчээ. Яг энэ нөхцөл байдлаас үүдэн гарч буй үр дагавар нь:
* Илүүдэл жин 60 хууч өвчний үндэс суурь, цааш архагшин хүндрэх шалтгаан болж байна.
*Америкт жилдээ 572 мянган хүн хорт хавдраар нас барж буй бөгөөд тэдний 1/3 нь илүүдэл жин, биеийн хөдөлгөөн дутагдсанаас үүдэж энэ өвчин туссан байжээ.
* Цусны даралт ихтэй хүмүүсийн 75 хувь нь илүүдэл жинтэй.
* Чихрийн шижингээр өвч­лөгс­дийн 2/3 нь таргалалттай.
* АНУ-ын даатгалын сангаас таргалалттай холбоо­той өвчний эмчилгээнд зарцуулсан мөнгө 20 хувиар нэмэгдсэн.
* Жил бүр АНУ таргалалтаас үүдсэн өвчлөлд 20 тэрбум орчим ам.доллар зарцуулж байгаа нь эрүүл мэндийн нийт төсвийн 21 хувийг эзэлж байгаа юм.
* Энэ байдлаараа цааш явбал 2030 он гэхэд тарга­лалттай холбоотой өвчний зардал АНУ-ын төсөвт 66 тэрбум ам.долларын зарлага гаргана.
* Илүүдэл жинтэй хүмүүст даатгалын сангаас зориулан гаргасан эмчилгээний зардал жирийн хүмүүсийнхээс 2741 ам.доллараар өндөр байна.
-Илүүдэл жинтэй ажилт­нуудын эрүүл мэндийн улмаас ажилдаа ирээгүй хоног нь жил бүр 450 сая ам.долларын хохирол учруулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан