Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрхийн үйлдвэрлэлээс үндэсний үйлдвэрлэгч рүү...


Аливаа улс орны хөгжил, иргэдийн чинээлэг амьдрах үндэс нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Сүүлийн хорин жилийг эргээд харахад манай улс  үндэсний үйлдвэрлэл гэх зүйлгүй болж импортод дулдуйдсаар иржээ. Өөрөөр хэлбэл, өөрсдөө үйлдвэрлэх гэж зовж байснаас  хэн нэгнээс хямд үнээр авах нь илүү хялбар гэж үзэж байсан хэрэг. Ийм ч учраас импорт нэмэгдэж, жилд зургаан тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гадаадаас худалдаж авдаг болоод байна. Гэтэл энэ жилийн хувьд эдийн засаг хямарч  импорт ч буурсан дүн гарч. Ялангуяа автомашин, барилгын материал, уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импорт буурсан судалгаа бий.  Харин бидний өргөн хэрэглээний барааны импорт төдийлөн буугаагүй гэсэн үг.

Манай улсад хөгжих боломжтой, түүхий эд хангалттай, нөхөн сэргээгддэг, эко гээд олон тодотгол, давуу талтай  үйлдвэрлэл бол ноос, ноолуур, арьс шир боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх юм. Эдгээр үйлдвэрүүд нэг хэсэг бусдын түүхий эдийг бэлтгэж өгдөг байв. Төр засгаас  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж хөнгөлөлтэй зээл олгож эхэлснээс хойш  одоо л өөрсдийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байгаа. Гэвч импортын хямд үнэтэй адил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэцүү даваа үйлдвэрлэгчдэд байнга тулгардаг. Товхондоо, Зарлагагүй орлого, Зүтгэлгүй амжилт гэж үгүй хэмээн болохоос болохгүй нь хүртэл ажиллаж буй.

Гэртээ гараа хумхиад амьдрал хэцүү, цалин бага гээд зүгээр суудаггүй хүмүүс өрхийн үйлдвэрлэл эрхэлж түүнийг өргөжүүлж хөгжүүлэх арга ухаанаа олохгүй байх нь элбэг. Уг нь төр засгаас дэмжээд өөрсдөө хичээж, бэрхшээлээс шантрахгүй, шинийг эрэлхийлж  ажиллаж чадвал өрхийн үйлдвэрлэлээс үндэс­ний үйлдвэрлэгч болж чадах боломж гарц бий. Бүр цаашлаад олон ул­сын зах зээлд байр сууриа эзэлсэн үйлдвэрлэгч боло­хыг ч үгүйсгэхгүй. Иймд  Нийс­лэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Үйлдвэрчний эвлэ­лийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтарч “Нийгмийн түншлэл” баялаг бүтээгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан юм. Энэ чуулганы гол зорилго нь дүүргийн жижиг дунд болон өр­хийн үйлдвэрлэгчдийн зов­лон, жаргалыг сонсч тулгамд­сан асуудлыг нь хэрхэн ший­­дэх гарц байгаа тухай ярил­цав.  Өөрөөр хэлбэл төр засаг ба хувийн хэвшил, ажил олгогчдын түншлэлийн өнөө­гийн байдал, цаашдын чиг хандлага, хөдөлмөр эрх­­лэл­­тийг дэмжих төсөл хө­төл­бөрүүд, хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэг­жилт, өрхийн хөгж­лийг дэмжих үндэсний хөтөл­бөрийн хэрэгжилт, тат­вар, нийгмийн даатгалаас ажил олгогчдыг дэмжсэн арга хэм­жээний талаар дэлгэ­рэн­гүй мэдээлэл өглөө. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, дүүр­гийн ажил олгогч эздийн хол­бооны тэргүүн Д.Энхтуяа, дүүр­­гийн Үйлдвэрчний эв­лэ­­­­лийн холбооны дарга Н.Бал­жинням нар хамтын ажиллагааны санамж бичигт га­рын үсэг зурсан.  Чуулганд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 280 гаруй үйлдвэрлэгч оролцсон юм.  



Л.Нармандах: Банкны шалгуурт бүдэрч гацахгүй байх боломжийг хайж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил хариуцсан орлогч Л.Нармандах.

-Дүүргийн хэмжээнд ажилгүй иргэн хэд байна. Ажлын байраар хангах талаар ямар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ажлын байр нэмэгдүүлэх талаар анхаардаг. Ажлын байртай болгох иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нэг арга бол өрхийн үйлдвэрлэлийг дэмжих гэж бодож байна. Манай үйлдвэрлэгчид дарга нар гэхээр л  ихэмсэг, хүйтэн хөндий хүмүүс гэсэн  ойлголт байх шиг. Тэгвэл дарга ч бай, үйлдвэрлэгч ч гэсэн адилхан л Монгол Улсын иргэн. Бид бүгдээрээ хамтарч нэг баг болон ажиллаж байж хөгжилд хүрнэ гэсэн зорилго манай дүүргийнхэн дэвшүүлсэн. Тэгээд нийгмийн түншлэл буюу дүүргийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо хамтарч баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөлгөөн хийж байна. Энэ нь ажлын байр олноор бий болох, үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт нэмэгдүүлэх ач холбогдолтой. Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн олон бий. Тэд үйлдвэрлэлээ өргөжин хөгжүүлэх арга эвээ олохгүй, уялдаа холбоо муутай байдаг. Иймд шинээр бизнес, үйлдвэрлэл эрхлэх, түүнийгээ хөгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж, хөдөлмөр эрхлэхийг хүсч буй иргэдээ хооронд нь холбож баялаг бүтээгч болгоход л энэ чуулганы гол зорилго оршиж буй юм.

-Одоогоор үйлдвэрлэл эрхэлж буй хэдэн иргэн, аж ахуйн нэгж танай дүүрэгт байна вэ?
-Дүүргийн хэмжээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй 100 гаруй иргэн бий. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 300 гаруй байгаа.

-Үйлдвэрлэл эрхэлж буй хэчнээн аж ахуйн нэгж байна. Жижиг дунд үйлдвэрлэлд хэдий хэмжээний зээл олгоод байна вэ?
-Дүүргийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлд нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох төсөв бий. Манай дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 59 төслөөр зээл хүссэн. Үүнээс 18 төсөл нь дэмжигдсэн юм. Гэтэл банкны шалгуурт бүдэрч буй төсөл бас байна. Банкны шалгуур их өндөр. Жишээлбэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд 100 сая төгрөгийн зээлийг үйлдвэрлэлээ шинээр эхэлж буй аж ахуйн нэгжид өгөх ёстой. Ингээд хоёр шинэ зээлдэгчийн төслийг шалгаруулсан. Гэвч банкнаас зээл авах гээд чадаагүй. Банк та урд нь үйл ажиллгаа явуулсан байх учиртай. Урд нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юу байна гэсэн шалгуур тавьсан. Үйлдвэрлэлээ дөнгөж эхлэх гэж байгаа хүмүүст үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байхгүй. Энэ мэтээр жижиг дунд үйлдвэрлэгчид хүссэн зээлээ авч чадахгүй байгаа юм. Аливаа зовлон бэрхшээл тоочоод байвал ажил урагшлахгүй. Иймд банкны шалгуурт бүдэрч үйлдвэрлэлээ өргөтгөх зээл авч чадахгүй болдог энэ л гацаанаас гарах гарц хайж байна.

-Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж буй гэсэн. Энэ талаар тодруулж өгөөч?
-Нэг өрх,  нэг иргэн нэг сая төгрөг гаргаж хэд хэдэн хүнтэй хамтарч хоршоо байгуулаад амьжиргаагаа дээшлүүлэх төсөл хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа юм.  Эндээс хэд хэдээрээ нэгдээд ажиллавал илүү амжилт олох нь харагдаж байна. Нөгөө талаас  өрх гэртээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь борлуулах зах зээлтэй холбох ажил бас хийдэг.


Ц.Эрдэнэбаатар: Монгол Улсын хэмжээнд сарын дундаж цалин 600 мянган төгрөг байгаа

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Бодлого, ерөнхий зохицуулалтын газрын дарга.

-Улс орны эдийн засаг хүндхэн бай­на.  Иймд үйлд­вэр­лэгч, ажил ол­гогч­дод ч энэ нь цохилт болж байна. Энэ талаар та тодор­хой мэдээлэл байвал бидэнтэй хуваалцаач?
-Манай улсын эдийн засаг  өнгөрсөн жилээс хүндэрч хям­ралт байдалд ор­лоо. Гэвч хувийн хэвшлийнхэн ажлын байраа цомхотгох, цалинг нь өгөхгүй гэсэн хавтгайрсан зүйл алга. Зарим хүн бүх аж ахуйн нэгж дампуурлын ирмэгт хүрч хүндэрсэн гэж байна. Ийм асуудал байхгүй. Хувийн хэвшлийнхэн эдийн засгийн энэ хүнд үеийг даван туулахад бидэнтэй хамтарч ажиллахыг л төр засгаас хүсч байгаа.
Өөрөөр хэлбэл,  хууль эрх зүйн талаас тусалж дэмжихийг хүсч буй. Жишээ нь, НӨАТ-ыг багасгах, мөрийн хөтөлбөртөө тусгасан Аж ахуйн нэгжийн орлогын татварыг  бууруулах амлалтаа биелүүлэх, хүнд суртал гаргахгүй байх  л хүсэлт төр засагт гаргаж байгаа. Эдгээр асуудлыг шийдээд өгвөл хямралыг сөрж, хохирол багатай гарч чадна гэж үзэж байна.

-Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлтэй зээл нэлээд олгох болсон. Энэ нь үр дүнгээ хэр өгч байна вэ?
-Манай улсын ихэнх аж ахуйн нэгж  банкны зээлтэй, бизнесийн эргэлтийн хөрөнгө багатай байдаг.  Гэтэл өнөөдөр банкны хүү төлөөд ашиг орлоготой үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл эрхлэх боломж алга. Өнөөдөр хувийн хэвшилд хүү бага, урт хугацаатай зээл чухал байгаа. Чингис бондоос 300 сая ам.долларыг импорт орлох, экспорт нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд өгч эхэлсэн.  Энэ нь эдийн засгийн уналтын үед үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж олгож буй юм. Гэвч зээл олголт удаан, олон бичиг баримт шаарддаг, хүнд сурталтай байгаа. Төслийн агуулга, үйлдвэрлэлийн хэмжээ зэргийг харгалзан үзэж барьцааны хөнгөлөлт үзүүлж, зээлээ шуурхай олгохыг л хувийн хэвшлийнхэн хүсч байна. Ингэж байж л үр дүн нь гарна.

-Одоогоор хувийн хэвшилд хэдэн хүн ажиллаж байна. Сарын дундаж цалин ямар байгаа бол?
-Улсын хэмжээнд 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн тооцоо бий. Үүнээс хувийн хэвшилд 890 орчим мянган хүн ажиллаж байгаа. Үлдсэн нь мэдээж төрийн албан хаагч. Дундаж цалин нь салбар бүрээр өөр өөр. Нийтэд нь тооцоод үзвэл Монгол Улсын хэмжээнд сарын дундаж цалин 600 мянган төгрөг. Салбар тус бүрээр нь аваад үзвэл харилцан адилгүй юм. Жишээлбэл,  уул уурхайн салбарын дундаж цалин 900 мянгаас 1.1 сая төгрөг байгаа.



Л.Хашбагана: Хөнгөлөлтэй зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлж өдөрт 2-3 хос гутал хийдэг боллоо

Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн бойжигч.

-Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд хэдэн төгрөгийн өртөгтэй төсөл бичсэн бэ?
-Би урд нь гэртээ гутал хийдэг байсан. Өнгөрсөн зургадугаар сараас эхэлж Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд бойжигчоор орсон. Одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаа маань жигдэрч эхэлж байна. Хоёр, гурван ажилтан авч бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлэх болсон. Хувь хүн өөрөө банкнаас бизнесийн зээл авах гэвэл нэлээд  хүндрэлтэй. Тэгээд дүүргийнхээ  Хөдөлмөрийн хэлтэст хандаж үйлдвэрлэлийн зээл авч чадлаа. Тэгэхдээ 20 сая төгрөгийн өртөгтэй төсөл бичсэн. Одоо таван жилийн хугацаатай 10 сая төгрөгийн зээл аваад байгаа. Энэ зээлээ  тоног төхөөрөмж авах, түүхий эдээ базаах зэрэгт зарцуулж байна.

-Танай үйлдвэрийн хүчин чадал ямар байна. Бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээ хэрхэн өргөжүүлж байгаа вэ?
-Гэртээ өдөрт нэг хос гутал үйлдвэрлэдэг байлаа. Тэгээд Нарантуул зах дээр борлуулдаг . Одоо үйлдвэрлэлээ өргөжүүлснээр өдөрт 2-3 хос гутал хийнэ. Мөн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээ өргөжүүлэх талаар арга хэмжээ авч байна. Тухайлбал, ОХУ болон хөдөө орон нутгаас нэлээд захиалга авлаа. Саяхан, ОХУ-д визгүй зорчдог болсон. Энэ нь бидэнд тус улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, шинэ түнштэй танилцах боломж нээгдэж байна гэсэн үг. Иймд үйлдвэрлэлээ цаашид өргөжүүлэх гарц харагдаж байгаа юм.

-Тэгэхээр борлуулалтаа нэмэгдүүлэх захиалга хаанаас яаж олж авсан бэ?
-Дүүргийнхээ Жижиг дунд үйлдвэрийн газарт хандаж бойжигчоор орох нь зүйтэй юм байна гэж бодсон. Бойжигч болсноор янз бүрийн үзэсгэлэн худалдаанд оролцож шинэ шинэ түнштэй боллоо. Мөн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийн зээл авч чадлаа.

-Гутал үйлдвэрлэх түүхий эдээ хаанаас авч байна вэ?
-Түүхий эдийн олдоц жаахан хэцүү. Олдлоо гэхэд гадаадаас авдаг тул валютын ханшаас шалтгаалж  үнэ нь хэлбэлздэг. Хавар, намарт түүхий эдийн олдоц арай гайгүй байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан