Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их нүүдлийг эцэслэх “Шинэ сум” ашиглалтад орлоо


Эмх цэгц үгүй их хотын гоё сайхан нь юу вэ. Энэ тухай эргэцүүлж байгаагүй хүн цөөн биз ээ. Гэвч бүгд л түгжрэл, уур уцаар, утаа униарт “эзлэгдсэн” Улаанбаатар хотдоо хорогдсоор. Сая гаруй оршин суугчтай хотод маань сайхан зүйл олон ч саар нь түүнээс дутахгүй. Ачааллаа даахгүй авто зам, түгжрэл, агаарын бохирдол, эмх цэгцгүй энд тэнд баригдсан барилга байшин, хог шороо гээд хотын оршин суугчдын “толгойн өвчин”-г тоочоод барахгүй. Гэвч нийт хүн амын тэн хагас нь асуудлаар дүүрэн алга дарам газраа ажиллаж, амьдарч, оршин сууж байна. Хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа мэт боловч үнэндээ улам бүр давчуу болсоор. Үүний гол шалтгаан нь хөдөөгөөс хотыг чиглэсэн их нүүдэл. Сүүлийн 20 гаруй жил тасралтгүй үргэлжилсэн их нүүдэл хөдөө орон нутаг тодруулбал аймаг, сумдыг эзгүйрүүлж буй. Тэгвэл эл байдлыг эцэслэх шинэ сум ашиглалтад орлоо.

Одоогоос хоёр жилийн өмнө орон нутгийг хөгжүүлэх “Шинэ сум” төсөл яригдаж эхлэхэд тухайн үед зүүд зэрэглээ мэт сонсогдож байв. Хотоос алслагдсан, эзгүй зэлүүд шахуу сумын төвд их бүтээн байгуулалт өрнөж шинэ сум бий болгоно гэдэг хэн хүний санаанд багтахгүй мөрөөдөл мэт байсан нь үнэн. Тэгвэл энэ ажил биеллээ олж Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд шинэ сум сүндэрлээд байна.

Улсын комисс хүлээн авч, албан ёсоор ашиглалтад ороод хэдхэн хонож буй шинэ сумын төвөөс сурвалжлага бэлтгэхээр Баянхонгор аймгийг зориод ирлээ. Хараахан цас унаагүй байгаа болохоор өвлийн эхэн сартай золгосон ч аймгийн хэмжээнд харьцангуй дулаан байлаа. Наадмын дараа бороо хур сайн орсон учир зун, намартаа газрын гарц сайн байсан гэнэ. Үүнийг дагаад малын тарга тэвээрэг ч сайн байгаа тухай уулзаж учирсан малчин ард өгүүлж байв. Ер нь, баянхонгорчууд өвлийн бэлтгэл бүрэн хангаж урт өвөлтэй учран золгоход бэлэн болжээ.

Хотоос гарсан сурвалжлах баг шулуухан давхисаар эхний зогсоол болох аймгийн төвөөс алслагдсан Баянлиг суманд саатсан юм. Шинэ сум төслийг анх удаа биеэр үзсэн миний хувьд сум гэхээс илүү аймгийн төвд очсон мэт сэтгэгдэл төрснийг нуух юун.
Төслийн хүрээнд Баянлиг, Бууцагаан суманд тус бүр 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн багтаамж бүхий дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэг, 20 ортой хоёр давхар эмнэлэг, 180 хүний суудалтай орчин үеийн спорт заал, хөлбөмбөгийн талбай, нэг дор 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай соёлын төв, Нутгийн удирдлагын ордон, цахилгааны дэд станц, усан сан, цэвэрлэх байгууламж, гэрэлтүүлэг, автомашины зогсоол, явган хүний зам гээд хүний ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлжээ.

Биднийг очих үеэр Баянлиг сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг шинэ байрандаа ороод удаагүй байв. Тоног төхөөрөмжөө суурилуулж, тохижилтын ажил нь ид өрнөж байсан эмнэлэг эхний өвчтөндөө үйлчилж эхэлсэн  бол сургууль, цэцэрлэг, дотуур байранд сурагчдаа хүлээн авч хичээллэж эхэлжээ.
Хоёр сумын төв тус бүр 11 обьект бүхий барилга байгууламжаас бүтэх бөгөөд эдгээр нь нийт найман га газар хамарч байгаа гэнэ. 14 мянга 300 м/кв барилгажих талбайд эмнэлэг, цэцэрлэг, сургууль, дотуур байрны барилгыг Канад модон технологиор барьсан нь нүдээ олсон шийдэл болжээ.
Канад модон барилгын материал нь өртөг бага, өнгө үзэмж сайн, ашиглалтын зардалд хэмнэлттэйгээс гадна бат бөх, дулаан алдалт бага, барихад хурдан хамгийн гол нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй. 90-120 жилийн эдэлгээтэй эл барилга байшин нь жил бур улсын төсвөөс гардаг урсгал засварын хөрөнгийг ч хэмнэх тухай гүйцэтгэгчид хэлж байв.

Түүнчлэн, төвлөрсөн дулаан хангамж, хэрэглээний халуун хүйтэн ус, цэвэрлэх байгууламжийг цогцоор шийдсэн нь сумын төвийнхэнд цоо шинэ зүйл болсон байна. Урьд сургууль, цэцэрлэг, дотуур байрны багачууд гадагш гарч модон жорлонд бие засдаг байсан бол өдгөө халуун хүйтэн устай боловсон бие засах газартай болжээ. Эмнэлэг, Нутгийн удирдлагын ордон гээд төслийн хүрээнд баригдсан бүхий л барилга дотроо бие засах газар, угаалтуур, шүршүүртэй. Дүн өвлийн хүйтэнд гадагш гарч бие засах зовлонгүй болсон сургууль, цэцэрлэгийн багачуудын ёстой л нэг нар нь гийсэн харагдсан. Мөн сургууль, дотуур байраа түшиглэн хотын цэцэрлэг сургуулиудаас ч дутахгүй тоглоомын талбай, хөлбөмбөгийн талбайг бий болгосон байна.

Уулзан учирч сэтгэгдлийг нь сонссон сурагчид ердөө жил гаруйн хугацаанд шинэ сумын төвтэй болчихно гэж төсөөлөөгүй байсан тухайгаа хуучилна. Урьд дотуур байр, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байсан учир сумын төвийн иргэд зэргэлдээ сум, аймаг орон нутаг цаашлаад хот руу шилжих нь их байсан аж. Харин одоо хоёр сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр руу бусад сум, зэргэлдээх аймгуудаас сурагчид шилжин ирэх нь ихэссэн гэнэ. Бууцагаан сумын хуучин дотуур байр ачааллаа даахгүйд хүрч нэг өрөөнд 7-10 хүүхэд суудаг байсан аж. Бага ангийн сурагчид нэг оронд өвөртөө орж унтах нь энгийн зүйл байсан бол шинэ дотуур байр 60 гаруй сул ортой.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр шинэхэн дотуур байр, сургууль цэцэрлэгтэй болсон сумын удирдлагууд тавилга сэлт, ширээ сандлаас өгсүүлээд тохижилтын жаахан ажилтай нүүр тулаад байгаа гэнэ. Тухайлбал, дотуур байрны ор дэвсгэр, гудас хөнжлийн хүрэлцээ муу. Энэ мэт жаал жуулхан асуудлаа шийдчихвэл болох аж.

Шинэ сумыг дагаад Улаанбаатарыг зорих их нүүдэл багасч, хот хөдөөгийн ялгаа арилан залуучууд сум орон нутагтаа ажиллаж амьдрах ая тухтай нөхцөл бүрдэх юм. Мөн төслийн бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгч “Их Модун” ХХК-ийн зүгээс орон нутгийн иргэдийг татан оролцуулсан нь хамгийн сайшаалтай хэрэг байв. Давхардсан тоогоор нийт 2000 орчим залуусыг ажилд авч цалинжуулсан бөгөөд эдгээрээс байнгын ажлын байртай үлдсэн нь ч цөөнгүй гэнэ. Жишээлбэл, шинэ сумын дулааны шугам сүлжээ, худаг, тоног төхөөрөмж, уурын зуухны угсралтын ажлыг мэргэжлийн инженер техникийн ажилтнаар удирдуулж сумын иргэдээр хийлгэсэн байна. Ингэснээр эрхэлсэн ажил мэргэжилгүй байсан сумын залуус уурын зууханд тогтмол ажилтай болсон байна. Энэ мэт иргэдийг ажлын байраар хангасан санал санаачилгуудын ихэнх нь ажил хэрэг болжээ. Жишээ нь, шинэ эмнэлгээ түшиглэн эмийн сан ажиллуулах нэгэн  байхад сургуулийн сул өрөөг ашиглан номын сантай ч болж.Баянлиг, Бууцагаан сумын хуучин захиргаа, сургууль, эмнэлгийн байрыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ашиглуулж эхэлсэн байна. Бууцагаан сумын хуучин эмнэлэгт л гэхэд оёдлын цех ажиллаж эхэлжээ.
Цаашид бусад барилга обьектоо түрээслэж олсон орлогыг орон нутгийн төсөвт суулгаж байхаар төлөвлөж байгаа гэнэ.


Б.Цогтгэрэл: Бид хэлсэндээ хийж, хугацаанд нь дуусгалаа

“Шинэ сум” төслийн хүрээнд нийт 30 тэрбум төгрөг төсөвлөсөн ч гүйцэтгэгч “Их Модун” компанийн гар дээр ердөө 18 тэрбум нь ирсэн аж. Улмаар эхлүүлсэн ажлаа цалгардуулж барилга байшингаа “царцаахгүй” гэсэн гүйцэтгэгч байгууллага банкнаас зээл авч ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээд байгаа юм. Энэ тухай “Их Модун” ХХК-ийн захирал Б.Цогтсэргэлэнтэй  ярилцлаа.

-Хоёр сумын төвийг  босгоход нийт 30 тэрбум төгрөг зарцуулсан ч улсаас 18 тэрбумыг нь л олгосон гэж дууллаа?
-Тиймээ, анх төслийн санхүүжилт болгож төсвөөс 30 тэрбум төгрөг олгохоор шийдсэн ч эдийн засгийн байдал хүнд байна гэсээр 20 тэрбумыг өгч ажил эхэлсэн. Гэхдээ яг одоогийн байдлаар бид улсын төсвөөс 18 тэрбум төгрөг л аваад байна. Яг олгох ёстой анхны төсөвлөгдсөн 30 тэрбумаар нь бодвол одоо бидэнд 12 тэрбум төгрөгийн авлага байна. Дээрээс нь бид төсөвт тусгагдаагүй цөөнгүй ажил хийсэн. Жишээ нь, бүх барилгын усжуулах систем буюу гал түймрээс сэргийлэх, унтраах системийг стандартын дагуу бүрэн хийсэн. Мэдээж модон барилга учир гал түймрийн эрсдлээс найдвартай хамгаалагдсан байх нь чухал. Анхны төсөвт уг системийг энгийн шланкан хоолойтойгоор тусгасан байсан. Харин бид технологи стандартынх нь дагуу хийлээ. Мөн сургууль, дотуур байртайгаа уялдуулж сандал суудал, ногоон зүлэг бүхий иж бүрэн хөлбөмбөгийн талбайг санаачилгаараа хийж гүйцэтгэлээ.

-Хамгийн сүүлийн санхүүжилт хэзээ орж ирсэн юм бол?
-Сүүлийн жил гаруйн хугацаанд улсаас ямар ч санхүүжилт аваагүй. Дутсан хөрөнгө мөнгөө банк, хувь хүнээс зээл авч байж дуусгалаа. Ямар ч байсан ажлаа дуусгачихаад хийсэн бүтээснээ хүнд хүлээлгэж өгөх, үзүүлж харуулах нэг өөр. Тийм учраас эхэлсэн ажлаа гацаачихалгүй дуусгая гэж зориод зээл хүртэл авч заасан хугацаанд ашиглалтад оруулаад байгаа нь энэ. Гэхдээ төслийн санхүүжилтийн тухайд асуудал бий. Энэ төслийн төсвийг 2012 онд анх БХБЯ-нд бодогдсон байдаг юм билээ. Тэр үед ам.доллар 1300 төгрөгийн ханштай байсан. Дараа нь 2013 онд тендер зарлагдахад доллар дахиад өссөн, 1400 болсон. Яг 2013 оны дундуур валютын ханш огцом өссөнийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Тиймдээ ч манайх доллар, юанийн ханшийн өөрчлөлтөөс болж хоёр тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээсэн. Барилгын материалын ихэнхийг валютаар авсан нь төсөв хүрэхгүй байхад бүр л дарамт болсон. Яахав, өнөөдөр бидний ажлыг улсын комисс хүлээн авлаа. Бид хэлсэн, ярьсандаа ажлаа дуусгалаа. Харин үлдэгдэл хөрөнгө санхүүг шийдэж өгөх байх гэж найдаж байна.

0 Сэтгэгдэл
neg kompanias dor ulsiin tusuv gej bdag yum uu? Hun setgel gargaad ajliig ni duusgaad hiigeed ugch bhad ter bankind tulsun aldagdaltai ni hamt ter uldegdel mungiig ni gargaad ugch boldoggui yum uu? Ordond suuj bgaa uher 76 gishuunees ulii uls ornoo ard tumnee boddog huviin kompaniin ajliig demjij uursduu ulger duurial abah heregtei yum bishuu mongoliin top 76 bayachuudaa!!!!!!!!
Ene buhen Battulaga gishuunii uigagui hodolmor.Uneheer sain zuil hiisen.Buh aimgiin tov sumduudaa ene mayagaar tohijuulaad,ajliin bair,uildverlel bii bolgovol hodoogiin humuus hotruu nuuh nuudel bagash,harin ch bur hotoos hodoog,gadaadaas Mongol ruugaa zorij ireh ni olshirvol zugeersen.Bas hodoo oron nutguudad orchin ueiin tohilog oron suutsuudiig barij bosgovol zugeersen.Ih hotod dahi Ih deed surguuli,college-uudiig hodoo oron nutag ruu tovloruulvel bas chuhal bna.Mongold maani UB-g gadagsh ni telsen,hodoo oron nutguudiig hotjuulsan ih buteen baiguulalt enenees ch iluuteigeer heregtei bna.Burkhan Tenger min minii Mongoliig iveej adislaach♥
Хамгийн их уншсан