Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Махны үйлдвэрийн эзэд “гэрийн даалгавраа” хийж байна. Одоо Оросууд шалгана


Үхэр, адууны мах экспортлох сонирхолтой байгаа ОХУ-ын тал өнгөрсөн сар манай улсад ирээд буцав. Энэ үеэр дотоодын мах боловсруулж, экспортлох сонирхолтой байгаа 10 үйлдвэрийн ажилтай танилцаж, хоёроос бусдад нь хангалтгүй дүн тавьсан. Ингэснээр шалгалтад тэнцсэн хоёр үйлдвэр ОХУ руу 2.6 мянган тонн мах экспортолсон бол бусад үйлдвэрүүд ОХУ-ын мэргэжилтнүүдээс тодорхой болзол хүлээн авсан. Харин өчигдөр тэрхүү болзлыг даван туулах арга замыг эрэлхийлсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад мах экспортлогч 40 гаруй компанийн удирдлагууд оролцсон юм.

М.Галбадрах: Бид монгол малын махаа үнэ цэнэтэй болгох хэрэгтэй

/Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газрын дарга/

-ОХУ-ын экспертүүд ирээд буцахдаа манай улсаас мах экспортлох үйлдвэрүүдтэй танилцсан. Танилцсан гэхээс илүүтэй мах боловсруулах стандартад багагүй босго тавьчихаад буцлаа. Өнөөдөр энэ дагуу мах боловсруулах үйлдвэрийн эзэд уулзалдаж байна. Ямар асуудлыг нэн түрүүнд онцолж байгаа вэ?
-ОХУ нь Гаалийн холбооны улсад багтдаг. Энэ нь экспортын мах боловсруулах шалгуур болзол нь маш өндөр гэсэн үг л дээ. Тиймээс нэн түрүүнд дотоодын мах боловсруулах үйлдвэрүүд юуг анхаарч, ямар стандарт биелүүлэх ёстойг сайтар мэдээлж, сургалтын гол зорилгоо болгож байгаа. Улмаар НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллагын төслийн тусламжтайгаар Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг, үржлийн газар, бүх махны үйлдвэрийн эздийг оролцуулан мэргэжлийн хүмүүсээр хичээл заалгаж, сургалт явуулж байна. Ер нь бол экспортын маханд тавигдах ёстой хамгийн том шаардлага нь эрүүл байх юм.
Харин эрүүл байхын тулд үйлдвэрийн жижиг, сажиг зүйлээс эхлээд олон алдаа дутагдлыг засч, залруулах ёстой. ОХУ-аас ч дээрх алдаа, дутагдлаа засч, улсынхаа мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулах нэг сарын хугацаа өгсөн. Дотоодын үйлдвэрүүд ихэвчлэн нядалгааны ажил хийдэг байсан бол мах экспортлох болсноор савлах, шулах, ялгах зэрэг үйлдвэрийн дамжлага нэмэгдэж байгаа. Тиймээс бидэнд туршлагагүйтсэн зүйл гарсан.   
 
-Малын өвчлөл өндөр бүс нутгуудаас мах авч байгаа юу. ОХУ-ын тал өвчлөл өндөртэй газруудад хамтарч ажиллах талаар ч ярьж байсан?
-Зүүн таван аймгаас мах авахгүй байгаа. Гэхдээ манай улсад малын өвчлөлгүй гэж тогтоогдсон эрүүл бүс нутаг зөндөө бий. Харин хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр хийгдсэн. Ингээд мал эмнэлгийн хоёр дахь үе шатыг эхлүүлэх гэж байгаа. Ингэснээр манай хоёр улс хил залгаа бүс нутгийн малыг эрүүлжүүлэх талаар хамтран ажиллаж, шүлхийн вакциныг хөнгөлөлттэй үнээр авах талаар яриа хэлэлцээрийг бодит болгох ажлуудыг хийх юм. Ер нь монгол малын хамгийн эрсдэлтэй зүйл нь нүүдлийн мал аж ахуй байдаг. Өөрөөр хэлбэл, зэрлэг малтайгаа нэг бэлчээрт байдаг нь олон улсын байгууллага монгол малыг эрсдэлтэй гэж үзэх томоохон үндэслэл болдог. Тиймээс эдийн засаг сайжраад ирсэн үед малын эрүүлжүүлэхээс  гадна, зэрлэг малыг мөн хамруулах талаар анхаарах хэрэгтэй юм. Туршлагатай улсууд тэжээлээр нь дамжуулж зэрлэг амьтныг эрүүлжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

-Монгол малын махыг чанартай гэдэг биз дээ?
-Одоохондоо манай дотоодын компаниудын зорилго аль болох их хэмжээгээр мах экспортлох байна. Гэвч бид алсуураа малын чанараа сайжруулах ёстой. Яагаад гэвэл монгол мал өөрөө махны чиглэлийнх биш. Үхэр гэхэд л одоо байгаасаа томроод ирвэл өвлийг давж чадахгүйд хүрнэ. Харин хавчиг ч гэсэн мах амттай байдаг. Учир нь 300 орчим төрлийн өвс ногоо зулгааж их витаминтай болчихсон байдаг юм. Хэрвээ малаа сайжруулаад ирвэл бид олон улсын үнэтэй стейкны мах болгож экспортлох боломжтой. Түүнээс одоо байгаа 50 сая малаа ОХУ руу тууж оруулаад хоол болгосон ч хоёр мужийнх нь хэрэглээг хангахгүй шүү дээ. Бид малаа л сайжруулж, махыг нь үнэд хүргэх хэрэгтэй.


Л.Гэрэлмаа: Дотоодын хяналтыг сайжруулах хэрэгтэй байна

/МХЕГ-ын Хүнсний үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга/

-ОХУ-ын мэргэжилтнүүд ирээд махны үйлдвэрүүд шаардлага хангахгүй байна гээд явсан. Гэтэл бид чинь дотооддоо бас шалгадаг газартай шүү дээ. Эсвэл экспортын шаардлага арай өндөр байдаг юм уу?
-Ерөнхий тавигдаж байгаа шаардлага адилхан. Мал нядалгааны анхан шатны үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрүүдийн барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдаж, төвлөрсөн системд холбогдсон байх ёстой, цэвэр бохирын шугам нь тусдаа гээд ерөнхий шаардлагууд бий л дээ. Бидний хувьд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар экспортын маханд тавигддаг шаардлагыг мөрддөг болсон. Харин бүтээгдэхүүний дотоодын хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.

-Эцсийн дүгнэлт нь шинжилгээ юу. Манай үйлдвэрүүд ямар журмаар махаа шинжлүүлж байна?
-ОХУ-ын талаас тавигдаж байгаа шаардлагад шинжилгээг иж бүрэн хийх ёстой гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, манайхан нэг төрлийн шинжилгээ хийсэн байдаг бол одоо химийн, физикийн, нян судлалын, цацрагийн гэсэн шинжилгээг мах үйлдвэрээс гарах бүрийд хийлгэх ёстой болсон. Нэгэнт ОХУ-ын хил дээр лабораторын шинжилгээ давхар хийдэг учраас эхнээс нь шинжилгээгээ сайн хийлгэх ёстой. Бидний хувьд, итгэмжлэгдсэн лабораторид тухайн үзүүлэлтээр шинжилгээ хийлгэсэн байгаа эсэхийг хянадаг. Харин итгэмжлэлийг Стандартчилал хэмжилзүйн газраас олгодог.  

0 Сэтгэгдэл
дотоодын үнэтэйгээ адил үнээр орост зарсанд орвол өөрсдөө хангалттай махтайгаа байсан нь дээр биз дээ, ямар ашиг олно гэж ингэж байдаг юм. Тэгээд гаалийн өндөр татвараа багасгаагүй биз дээ.
HUCHIT SHONHOR ZAHAAS HYAMD UNEER GARGAJ BAIGAA MAHIG YAMAR EKSPORTIN MAH GEH VE DEE.ENE BOL ZUGEER L HAMJLAGA BODLOGO.
Хамгийн их уншсан