Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Лхагвасүрэн: Ажил хийе гэж бодсон хүнд арга нь олддог юм


Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өвлийн эхэн сар гарлаа.Өвөлд бэлэн үү гэсэн асуултаар яриагаа эхэлье?
-Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан. Малчид маань өөр өөрсдийнхөө бэлтгэлийг хангаж дууссан. Аймгийн хувьд нөөцийн өвс, тэжээлээ 100 хувь авсан, албан байгууллага уурын зуухны бэлтгэлийг 90 хувь хангаад байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймагт таван сая орчим мал байна. 4,5 сая гаруй мал өвөлжих байх гэсэн тооцоо хийсэн. Манай Хангай, Өгий нуур сум энэ зун гандуу байлаа. Өгий нуур суманд үлийн цагаан оготно хэт ихэдснээс бэлчээрийн даац хэцүүдсэн. Эдгээр сумынхаа малчдын отор нүүдэл хийх асуудлыг бид зохицуулж эхэлсэн. Манай аймагт ирж отор нүүдэл хийх хүсэлт бусад аймгаас их ирж байна.  Үнэндээ зөвшөөрөл олгох боломжгүй шахуу. Хадлан өвс тэжээл муутай сумдын маань малчид арай гайгүйдээ өвөлжих шаардлагатай байгаа учраас эхлээд аймаг доторх малчдынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

-Саяхан аймгийн удирдлага багууддаа ажилласан гэж сонссон. Малчид та бүхнээс юу хүсч, ямар ажлыг чинь таашааж хүлээж авч байна вэ?
-Аравдугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар ажлын дөрвөн хэсэг гарч, Засаг дарга, Засаг даргын орлогч, Иргэдийн хурлын дарга болон миний бие ахлаад бүх сум, багийнхаа иргэдийн хуралд оролцлоо. Иргэддээ хийсэн, хийж байгаа, хийх ажлаа танилцууллаа.

Малчдын хувьд элдэв гомдол асуудал тавих нь харьцангуй гайгүй болж. Юм гуйдаг, зовлон тоочих нь бараг л үгүй болсон байна. Миний явсан ажлын хэсэгт лав гарсангүй. Малчид маань мал нь өсөөд амьдрал нь харьцангуй гайгүй болсон гэдгийг ч хэлж байна. Гэхдээ эмнэлгийн үйлчилгээ, багийн төвөө тохижуулах, үүрэн телефоны антенн тавьж өгөөч гэх зэрэг хүсэлт тавьсан.  Бидний зүгээс энэ бүхнийг шийдэж байгаа, шийдэх боломжтой гэдгийг хэллээ. Жишээ нь, аймгийн төвд байгаа эрүүл мэндийн оношилгооны төвд үзүүлэх гээд дугаарласаар аймгийн төвд нэг хоёр өдрийг бардаг тухай ярьсан. Бид үүнийг тун хялбархан шийдэж чадлаа. Эмнэлгийн даргатайгаа яриад 70332878 гэсэн утас ажиллуулаад малчиддаа зарласан. Энэ дугаар руу яриад оочер дугаараа авч, тухайн өдрөө очиж үзүүлж болно гэхэд их талархалтай хүлээж авлаа.

-Эрүүл мэндийн үйлчилгээ гэснээс  малчид эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдах нь ямар байгаа вэ?
-Ер нь, хамрагдах ёстой юм байна гэдгийг ойлгодог болсон. Гэхдээ сайн дурынх учраас шаардлагатай хүмүүс нь хийлгэж байна. Манай мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалаа хэрвээ нэг жил ашиглаагүй бол 80 хүртэл мянган төгрөгийн үзлэг оношилгоо үнэгүй хийлгэх тухай мэдээлэл ч өгсөн.

-Танай аймаг нэгэн үе газар тариалангийн бүс нутаг байсан. Энэ жил хэдий хэмжээний тариа ногоо тарив. Ургац арвин байв уу?
-Манай аймаг газар тариалангийн 68 мянган га эргэлтийн талбайтай байсан. Энэ жилийн хувьд 4,5 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 2,6 мянган га-д үр тариа, мянга орчим га-д тэжээлийн ургамал, үлдсэн 1000 гаруй га-д нь төмс, хүнсний ногоо тариаллаа. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт газар тариаланг сэргээж хөгжүүлнэ гэсэн зорилт тавьсан. Сая хөдөөгүүр явахдаа ч энэ  бодлогоо ярьж байлаа. Гэхдээ тариалан эрхлэгчид маань 20 гаруй жил талбайгаа ашиглаагүй учраас атаршаад, зарим газар нь малчид суурьшчихсан. Тэгэхээр тариалан эрхлэнэ гэхээр малчид дургүйцэх байдал ажиглагдаж байна. Тариалан эрхлэгчид маань ч энэ тухай ярьж байгаа. Төр засгийн хувьд иргэдийнхээ энэ эрх ашгийг тэнцүүхэн хуваарилах үүрэгтэй. Тиймээс малчдынхаа эрх ашгийг хохироохгүйгээр бэлчээрийн асуудлыг шийдэж, мөн тариалан эрхлэгчдийнхээ талбайг ч суллаж өгье гэсэн шийдэлд хүрсэн. Ирэх жилээс нэлээд хэмжээнд газар тариалангаа сэргээе гэж төлөвлөж байна. Түвшрүүлэх, Хотонт, Өгий нуур сумандаа боломжийн хэрээр тариалан эрхлэхэд дэм болно. Малчид худаг усгүй гээд ашигладаггүй байсан газарт худаг гаргаж өгөх зэргээр бэлчээрийн асуудлыг шийдэж болно. Олон л арга байна. Ажил хийе гэж бодсон хүнд арга олддог шүү дээ.

-Аймгийн 90 жилээр 2014 оныг Бодит ажлын жил болгон зарлаж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Хэр олон ажил амжуулав?
-Бид энэ зорилгодоо чиглэж ажилласан. Хийсэн ажлаа дүгнээд үзэхэд 10 гаруй бодит ажил хийжээ. Жишээ нь, сумдад гурван бодит ажил төлөвлөсөн. Нэгдүгээрт ахуй үйлчилгээний газартай болох. Үүн дотроо оёдол-хувцас засвар, гуталчин-гутал засвар, үсчин, гар утас-цахилгаан хэрэгслийн засвар байгаа. Сумдад гар утас засварын хүн гэж байсангүй. Аймагтаа бэлтгэж ч чаддаггүй байв. МСҮТ-ийн захиралдаа үүрэг өгөөд тэр зөвшөөрлийг нь авхуулаад сумдаасаа мэргэжилтний захиалга аваад нэгээс хоёр хүн бэлтгэж өглөө. Сумдын дарга нартай байгуулсан гэрээний дүн бүх сум байнгын ажиллагаатай ахуй үйлчилгээний төвтэй болж чадлаа.

Хоёр дахь ажил бол төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээний хүнд суртал чирэгдэл цалгар, назгай байдлыг арилгана гэсэн зорилт тавьсан. Зорилтоо биелүүлэх хамгийн сайн арга нь нэг цонхны үйлчилгээ. Үүнийг манай удирдлагууд маш сайн ойлгож хүлээж авсан. Бид сумдтайгаа нийлбэл 200 гаруй сая төгрөгийн эх үүсвэр тавьж энэ асуудлыг шийдлээ. Аймаг хөгжүүлэх сангаас 35 саяар явуулын нэг цонхны үйлчилгээний машин авсан. Монголд хоёрхон байгаа машины нэгийг манайх авч багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Мэргэжилтнүүд маань газрын, үл хөдлөхийн, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааг бичиж өгөх зэрэг үйлчилгээг багт нь очиж үзүүлж байна. Сумд маань байр саваа засч тоног төхөөрөмжөө шинэчлээд нэг цонхны үйлчилгээ үзүүлж эхэлсэн.  Би зориуд энэ талаархи иргэдийнхээ саналыг асууж, сонсч явлаа. Иргэд маань ч өмнө нь төрийн үйлчилгээ авах гээд ирэхээр нэг бол цоожтой хаалга мөргөдөг эсвэл ийм тийм юм дутуу байна гээд буцаадаг. Дор хаяж нэгээс хоёр удаа явж байж ажил бүтдэг байсан чинь одоо  бүгд нэг цонхонд ороод суухаар тэр чирэгдэл алга болчихлоо гэж хэлж байгаа юм. Гуравдугаарт нэг сум нэг шилдэг бүтээгдэхүүн буюу бүх сумдыг брэнд бүтээгдэхүүнтэй болгох даалгавар өгсөн. Есдүгээр сард болсон “Архангай Түншлэл 2014” үзэсгэлэн худалдааны үеэр үүнийгээ дүгнэлээ. Бүх сум маань өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болжээ. Хашаат сум гэхэд суран эдлэл гайхалтай хийж байна. Хотонт айргаараа, Түвшрүүлэх  гурилаараа оролцсон бол Цэнхэр сумынхан зөгий үржүүлж, тонн гаруй бал үйлдвэрлэж байна. Жаргалант эмээл, цуулбар гэрийн мод болон брэнд бүтээгдэхүүний шагнал авсан ширмэл ширдгээрээ оролцлоо. Үзэсгэлэнд оролцохоор ирсэн бүх хүн маань авчирсан бүтээгдэхүүнээ зараад дээрээс нь зөндөө захиалга аваад буцсан. Хашаатын суран эдлэл хийдэг залуу маань хоёр цагийн дотор л авчирсан бүтээгдэхүүнээ зарж дууссан байгаа юм.  Энэ гурван бодит ажлыг суманд хийснээр мөрийн хөтөлбөрт байгаа ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр хэрэгжихэд маш том түлхэц болсон. Ахуй үйлчилгээ гэхэд 8-22 хүн тогтмол ажлын байртай болж байна.

-Аймгийн төвийн хувьд мэдээж Гудамж төсөл яригдах байх. Гэхдээ энэ удаад та Засаг дээр магтагдаад байсан хогны асуудлыг шийдсэн талаараа ярьж өгөөч?
-Аймгийн төвд гудамж төслөөр бид есөн асуудлыг цогцоор нь шийдэж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Уулзвар, явган хүний болон дугуйн зам гудамжны гэрэлтүүлэг, гэрлэн дохио замын тэмдэг тэмдэглэгээ гээд. Зарим иргэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ Архангай аймгийн төв цаашдаа 20 мянган хүнтэй байгаад байхгүй. Бид ажлыг ирээдүйн 10 жилийг харж хийж байна. 10 жилийн дараа л энийг ямар буянтай хүн хийсэн юм бол гээд хэлэх болно. УИХ-ын гишүүн Эдийн засгийн сайд Батбаяр голлох үүрэгтэй оролцсон. Бид ч тэр асуудлыг үлгэр жишээ хийхийн тулд маш их хичээсэн. Хогны асуудлын хувьд өнгөрсөн жилээс хогны менежмент төсөл хэрэгжүүлээд 54 га талбайд байсан хогийг 5 га талбайд хумьж, өнөөдөр тэнд бүхэл бүтэн процесс явагдаж байна. Найман хүн тогтмол ажлын байртай болж, цайны газар амрах өрөөтэйгээр ажиллаж, хогоо ялгаж, ангилж, шатаах, булах ажлыг хийж байна. Мөн парк шинэчлэлийн асуудлыг шийдсэн. Аймаг хөгжүүлэх сан болоод Эрдэнэбулган сумын сум хөгжүүлэх сангаас тусгай зориулалтын болон хог тээврийн автомашиныг иж бүрнээр нь шийдэж өгсөн. Ингэснээр цэвэр хот болох зорилтдоо хүрч байна. Бид зочдоо өмнө нь хогоороо угтдаг байсан бол одоо  угтах талбайтай, үдэх газартай болсон.

-Цэцэрлэг хотын нийтийн тээврийн асуудлыг шийдсэн гэсэн байх аа?
-Автобусны буудлууд барьж, микроавтобусны жолооч нарын бичсэн төслийг дэмжсэнээр Цэцэрлэг хотод нийтийн тээвэр тогтмол явах болсон.  Хүн ам өсөөд ирвэл нийтийн тээвэр маань жамаараа хөгжиж, том оврын автобус явна. Өмнө таксиныхан аманд орсон үнээ хэлж явдаг байсан учраас удирдлагууд маань хүчээр үнийг нь барих гэж хичээж байж. Харин одоо бол такси микроны үнээр явж байна.

-Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа “Ном”, “Авьяас” хөтөлбөрөөс гадна танай аймаг Математик хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж сонссон?
-Манай аймгийн Засаг дарга өөрөө математикч хүн учраас “Математик” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн ачаар хүүхдүүдийн маань сурлагын түвшин сайжирч эхэлсэн. Математикийн сургалтын түвшингээр 18 дугаар байрт явдаг байсан үр дүнгээ 11-ээр ахиулж чадлаа. Амьдралаас харахад математикдаа сайн хүүхэд бусад хичээлдээ сайн байдаг. Хүүхдүүдийн маань сурлагын түвшин ч дээшилж байна. Үүнээс гадна Монгол улсад анх удаагаа Архангай аймаг хүүхдийн номын ордонтой болсон. Хүүхдүүд компьютер тоглоомын газар руу биш номын ордон руугаа явдаг болж. Хоёр заал дүүрэн хүүхэд өдөр бүр сууж ном уншиж байна. Энэ бол үнэхээр үлгэр болохоор сайхан хэрэг юм шүү. Номын сангаа цахимжуулах, сумдынхаа номын сангийн фондыг баяжуулах тал дээр сайн ажиллаж байна. Авьяас хөтөлбөр бас сайн хэрэгжиж байгаа. Улс, бүс, тив дэлхийн тэмцээнээс манай аймгийн хүүхдүүд шагнал авч үүнийг дагаад төсвийн асуудал бас хөндөгдөж байна. Бид олимпиадад түрүүлсэн хүүхдүүдээ урамшуулж байна. Төсөвлөсөн мөнгө маань хүрэхээ больж байна.

-Ирэх жилийн хувьд хаа сайгүй л бүсээ чангалах тухай яригдаж байна. Танай аймгийн төсөв хэр танагдав?
-Цалингаас бусдыг 30 хувь бууруулаад төсөв баталж өгсөн. Яг үүндээ л багтаж ажиллана гэж төлөвлөж байна. Амжуулахаас ч өөр арга алга. Улс орны эдийн засгийн байдал ийм байна. Хамгийн гол нь ажлаа үр дүнтэй төлөвлөж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаа дэмжиж хамтарч ажиллана. Аль болох бага зардлаар их үр дүнд хүрэх зорилго тавьж ажиллана. Ирэх оныг бид “Иргэн таны төлөө” гэсэн уриатай жил болгон ажиллахаар Иргэдийн хурлаар ярилцсан. Иргэд рүүгээ чиглэсэн ажил хийх жил гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан