Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН, МАН-ынхан хэн хэндээ сэтгэлээ нээж эхэлжээ


Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг УИХ-д суудалтай нам, эвсэлд улс орны эрх ашгийг бодож, эдийн засгаа сайжруулахад анхаарах олон чухал асуудлыг шийдэх гарц олохын тулд бүгд эв эеэ хичээхээр албан ёсны хүсэлтээ хүргүүлсэн. Нам, эвслийн бүлгүүд зөвшилцөл хийх ажлын хэсгүүдээ байгуулаад уулзалтууд ч эхэлж. АН ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод байсан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хүсэлтээрээ чөлөөлөгдсөн байна. Түүний оронд УИХ-ын гишүүн М.Батчимэг ажлын хэсгийг ахалж, УИХ-ын гишүүн С.Баярцогт нэмж оржээ. Тиймээс тэд бусад нам эвсэлтэй уулзаж зөвшилцөлөө эхлүүлээд байна. Өчигдөр өглөө санал тавиад буй АН-ын ажлын хэсгийнхэн ИЗНН болон “Шударга ёс” эвслийн ажлын хэсэгтэй анхны уулзалтаа хийж. Залгуулаад АН, МАН-ын зөвшилцөх ажлын хэсгийн анхны уулзалт өчигдөр 12 цагт Төрийн ордонд болов.
АН-ын ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг улс төрийн тогтвортой байдлыг хангах, тулгамдаад буй засаглалын хүндрэл, эдийн засгийн бэрхшээлийг шийдвэрлэх, дунд болон урт хугацаанд эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг өөд нь татах, хувийн хэвшлээ хөгжүүлэхийн тулд ямар бодлогод хамтрах ажиллах талаар санал солилцсон гэлээ.

МАН-тай засаглалын түвшинд АН хамтарч ажиллах хүсэлт ирүүлсэн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг ахлагчаар томилогдсон УИХ-ын гишүүн Су.Батболд хэлээд эдийн засгийн хямралыг даван туулахад ямар санал тавьж байгаа, хэрхэн хамтарч ажиллах зэргээр санал солилцсоноо ярилаа. Ажлын хэсгүүд байнга уулзах учраас тухай бүрт мэдээлэл өгнө гэсэн юм. Маргааш болох МАН-ын Бага хуралд өнөөгийн нөхцөл байдал, АН-аас ямар шаардлага тавьж буй тухай мэдээлэл өгөх үүрэг тэд хүлээжээ.

Үндсэндээ одоогийн парламент бүрдсэнээс хойш АН болон МАН-ынхан өөд өөдөөсөө харан ярилцаж суусан анхны уулзалт нь энэ. 2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн ихэнх хугацаанд тэд хамтарсан Засгийн газар байгуулж ажилласан. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газар задарч, сонгуулиар засгийн эрх МАН-аас АН-д шилжсэн боловч тэд өдийг болтол хоёр тийшээ хараад байв. АН-ын байгуулсан Засгийн газарт МАН-д орон зай байгаагүй учраас нэг нь эрх баригч, нөгөө нь сөрөг хүчний байр сууринд очоод багагүй хугацаа өнгөрүүлсэн. Тиймээс энэ хугацаанд, одоогийн УИХ-д олон суудалтай хоёр том нам зөвшилцөх битгий хэл нүүр тулан уулзах боломж ч гараагүй.

Улстөржүүлэхээс илүү улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд тэд нэгэндээ тунирхаад байх нь зохимжгүйг ухамсарласан бололтой. Нүүр хагарсан уулзалт болж, ойлголцох, саналаа нэгтгэх, зөвшилцөхөөр АН, МАН-ынхан шийджээ. Ийм цаг үед парламентад суудалтай бүх нам, эвсэл хамтраад явахаас ч өөр сонголт үгүй.    

Анхны уулзалтын дараа АН-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг, МАН-ын ажлын хэсгийн ахлагч Су.Батболд нар сэтгүүлчийн цөөн асуултад хариулт өглөө.

-Зөвшилцөлийн үр дүнд баримт бичигт гарын үсэг зурна гэснийг тодруулаач?
Су.Батболд: -Бид олон удаа зөвшилцөл хийж байсан л даа. Сонгуулийн дараахь үр дүн ч юм уу, тойрогтой холбоотой маргаан мэтийн хүндрэлтэй асуудал үүсээгүйгээрээ энэ удаагийн зөвшилцлийн ажлын хэсгийн онцлогтой. Зөвхөн Засгийн газар огцорсонтой холбоотой өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотой зөвшилцөл хийх гэж байгаа учир харьцангуй гайгүй. Урьд нь байсан прак­тикаар бол ажлын хэсгүү­дийн уулзалтын дараа тохиролц­сон асуудлаар баримт бичгүүд гаргадаг. Тэмдэглэл, протокол гэх мэт.  

-Тодруулах шаард­лагатай ямар асуудал байсан юм бол?
М.Батчимэг: -Засаглалыг тогтвортой ажиллуулахын тулд өнөөдөр парламентад суудалтай намууд юунд хамгийн эхэлж анхаарал хандуулах ёстойг чухалчилж байгаа. 1990 оноос хойш 15 дахь Ерөнхий сайд томилогдлоо. Үндсэн хуулийн хүрээнд засаглалын тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллах цаг болсон гэж улс төрийн намууд ойлголцож  байгаа. Засаглалаа тогтворжуулахдаа Үндсэн хуулийн хүрээнд ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай гэж үзэж байгаа вэ гэх зэргээр. Ер нь олон намын тогтолцоотой парламентад хоёр намын гишүүдээс бүрдсэн УИХ-аас илүүтэйгээр зөвшилцөл, ойлголцол хэрэгтэй болдог. Тийм учраас парламентад суудалтай намуудын хооронд илүү ойлголцол бий болгохын тулд ямар зүйлд анхаарах гэх мэтээр засаглалыг илүү эрүүл, тогтвортой, харилцан хяналттай ажиллуулахад саналаа тал талаасаа боловсруулах шаардлагатай. Эдийн засгийн хямралыг даван туулахад ямар ажлууд эхлээд хийх вэ гэдэгт тодорхой саналтайгаар уулзъя гэсэн юм.

-“Шударга ёс” эвслийн бүлэг МАН Засгийн газарт орвол хамтарч ажиллах боломжгүйгээ хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн. АН, МАН үүнд яаж хандаж байгаа вэ?
М.Батчимэг: -АН-ын ажлын хэсэг бусад нам, эвслийн ажлын хэсэгтэй уулзсан. Зарим нэг хувь хүн ийм зүйл хэлж байгааг үгүйсгэхгүй. Ямар ч байсан бүлгүүдийн ажлын хэсгийн хүрээнд ийм асуудал тавиагүй.

-Зөвшилцөл дуусах хуу­лийн хугацаа гэж бий юу?
Су.Батболд: -Арван­хоёрдугаар сарын 5 гэхэд Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиа УИХ-д өргөн барьсан байх ёстой. Тэр хүртэлх хугацаанд зөвшилцөл явна. Бидний ярих асуудал нэлээн өргөн хүрээг хамарч байгаа. Аль нам Засагт орох, орохгүй вэ тэр нь орвол энэ нам нь орохгүй гэж ярих эрт байна. Улс орны эрх ашиг, нөхцөл байдлыг даван туулах асуудал улс төрийн намуудын хариуцлагын зүйл. АН, МАН-ын хоорондын зөвшилцөл улс төрийн хүчний эрх ашиг гэхээсээ улс орны асуудалд хэрхэн яаж ойлголцох нь чухал.

-МАН зөвшилцөл хийж эхэлж байгаа нь цаашдаа Зас­гийн газарт орохыг үгүйс­гэхгүй гэсэн үг үү. Эс­вэл зөвшилцөлийн явцад ямар асуудалд байр сууриа нэгт­гэж чадахаас хамаарах уу?
Су.Батболд: -Бид багагүй хугацаанд ширээний хоёр талд сууж зөвшилцсөнгүй. Тиймээс ярилцах асуудал байгаа. Эцсийн шийдвэрийг намын Бага хурал гаргана. Хамтрах тухай ярихад эрт байна. Уулзалт болгоны дараа мэдээлэл өгч байна. Бид өдөрт хэд ч уулзаж магадгүй.

-АН-аас ИЗНН, “Шударга ёс” эвсэлтэй уулзаад ямар асуудалд байр суурь нэгдэж байгаа вэ?
М.Батчимэг: -Бид ИЗНН, “Шу­дарга ёс” эвсэлтэй уул­заад 2012 онд байгуулсан хамт­ран ажиллах гэрээгээ үргэл­жүү­лэхээр ярьсан. Тэгэхдээ өнөөдөр улс оронд эдийн засгийн хүндрэл бэрхшээл, засаг­лалтай холбоотой асууд­лаар яаралтай шийдэх зүйл бий. Гэрээнийхээ агуулгад хийх ажлынхаа талаар шаард­лагатай тодотгол хийж болно гэсэн ойлголцолд хүрсэн. Тиймээс намууд өөрсдийн эрх ашгийн үүднээс гэхээсээ илүү улс орны өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагаа ухамсарлаж зөвшилцөл хийж байгаа.

0 Сэтгэгдэл
Erunhii said ajlaa hiigeed, buren erhee heregjuuleed, tomilgoo hiigeed , ajil yragsntai baihad ta nar yun zuvsnilcul yariad bgaa um bol. Zuvsnilcul bol pasizm gedeg dee.
Хамгийн их уншсан