Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгэлээ тань, салхи мэт чөлөөл, жинхэнэ гэрээ ол


Сэтгэл тань зовиурлаж, бүхэл бие чинь хүлээтэй мэт хөшүүн хойрго, баригдмал оргиж байсан уу. Мөн учир шалтгааныг нь мэдэхгүй ч цээж дотор чинь бачуурч, сэтгэлийн мухарт тань ямар нэг зүйл хашиж хоригдсон мэт санагдаж байв уу. Тийм бол таны сэтгэл торонд орсон шувуухай адил эрх чөлөөгөө эдэлж чадахгүй, салхи мэт дүүлэн нисэх боломжгүй болсон хэрэг. Ийм байдалтай үе үе тулгардаг бол та өөрөө өөртэйгөө тэмцээд эцэст нь эрхгүй ялагдаж.

Энэ нийгэм цаг үе биднийг ийм сул дорой болгосон аж. Хүмүүс бид эд хөрөнгө, эрх мэдэл, элдэв материаллаг хүсэл сонирхол, шунал тачаал, бусдад атаархан хорсох сэтгэл гээд хамаг л муу муухайгаар сэтгэл зүрхээ дүүргэж харанхуй, гүн хавцал руу улам бүр уруудсаар байдаг.

Гүн харанхуйд аажмаар живж байхдаа бид гэрэл гэгээ тийш сэтгэл зүрхээрээ тэмүүлдэг ч дээр хэлсэнчлэн шунаг хүсэлдээ, өөрөө өөртөө ялагддаг. Энэ байдал нь эцэстээ цаг ямагт өөртэйгөө, дотор хүнтэйгээ тэмцэлдэх тавгүй байдлыг бий болгодог ажээ. Тэгвэл энэ байдлаас хэрхэн чөлөөлөгдөх вэ.
Тайландын мэргэн хувраг Тич Нат Ханы хэлж буйгаар ердөө л жинхэнэ гэр орноо олоход болох гэнэ. Буддын гүн ухаанд суралцахад бүх л амь амьдралаа зориулсан энэ хүн туйлын амар амгаланг өөрөөсөө хайх тухай зөвлөж байна.
Тэрээр “Таны жинхэнэ гэр орон бол яг энэ орон зай, яг энэ цаг  мөч мөн. Таны жинхэнэ гэр орон тань ямар нэг цаг хугацаанд баригдахгүй, ямар нэг орон зайгаар хязгаарлагдахгүй, аливаа нэгэн үндэстэн ястанд ч хамаарахгүй. Харин та хором мөч бүрт хүрч мэдэрч болох тэрхүү зүйл, мөч бүр амьдарч болох тэрхүү орон зай таны жинхэнэ гэр орон мөн билээ. Тэгэхээр энэ бол хийсвэр ойлголт огт биш. Та оюун санаагаа тогтоон төвлөрүүл, бурхан Буддагийн эрч хүчийг олсон цагт бие, сэт­гэлдээ амар амгалан байд­лыг тогтоож, өөрийнхөө жин­хэнэ гэр орныг олох болно” гэж сургажээ. Өдөр тутмын амьд­ралдаа хэвшил болгон дагаж мөрдөх аваас өөрөө өөрийгөө чөлөөлж жинхэнэ гэрээ олох түүний сургаал номлол монгол хэлнээ орчуулагдан гарлаа.

Энэ эрхэм үйл хэргийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бүтээжээ. Тич Нат Ханы “Таны жинхэнэ гэр орон” хэмээх бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн түүний номын нээлт өчигдөр боллоо.

УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг өндөр дээд албан тушаал хашиж байсан тэрээр хэцүү нэрт гэгчид хоригдож байхдаа энэ орчуулгын ажлаа эхлүүлж улмаар Солонгос улсад дуусгасан аж. Хэдий орчуулагч нь Солонгост эмчилгээ хийлгэж байгаа ч номынх нь нээлтэд түүний эцэг эх, үр хүүхэд, найз нөхдөөс аваад шашин, нийгэм төр, улс төр, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм. Утга зохиол, хэл шинжлэлийн мэргэжилтнүүд ам сайтай байгаа шинэ бүтээлийн нээлт “Интер” номын их дэлгүүрт болсон юм.
Н.Энхбаярын орчуулан толилуулсан уг бүтээлийг Мамба Дацан хийдийн тэргүүн хамба лам, “Оточ маарамба” дээд сургуулийн захирал Д.Нацагдорж, орчуулагч Д.Гүн-Үйлс нар хянан тохиолдуулсан байна.

Нээлтийн үеэр Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Миний ойлгосноор энэ номонд хоосон чанар, өөрийгөө таних, “Би” гэх үзлээс ангижрах тухай илүүтэй номлосон санагдлаа.
-Тийм, хоосон чанар, гэгээрэл, мөнх бусын тухай илүүтэй номлосон бүтээл юм. Ер нь, өдөр тутам бидний дотор эргэлдэж байдаг уур хилэн, хүсэл тачаал, нисванисын сэтгэлээ хэрхэн таньж мэдэхийг сургасан. Энэ сэтгэл нь хүмүүний дотор асар их төөрөгдлийг бий болгож улмаар гэр бүл ойр тойрны хүмүүст тань нөлөөлдөг. Цаашилбал нийгэм, цаг үедээ ч шууд нөлөөлнө. Иймийн учир та өөрөө юун түрүүнд өөрийн хүсэл сэтгэлийг хянаж, онож мэдэх аваас хойчийн үр хүүхдэд тань номын ач буян ирэх ерөөлтэй. Хувь хүн бүр нийлж нийгэм, олон түмнийг бүтээдгийн хувьд өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх нь зүйтэй. Хувь хүн ариусч сайхан болоод ирэхээр нийгэм тэр чигээрээ ариусдаг бурханы сургаал номтой яв цав нийлсэн ийм бүтээл байна.
Өнөөдөр нийгэм цаг үе үймж, бүгд л улстөржиж хямраад байгаа нь ганц л зүйлээс үүдэлтэй. Тэр нь мөнөөх хүмүүний сэтгэл. Тэгэхээр бид энэ сэтгэлээ таньж мэдээд нөгөө тийш нь, эв түнжин, амар амгалантай байх тал руу нь эргүүлж чадвал Монгол Улс төдийгүй дэлхий дахинд амар амгалан ирнэ.
Угтаа бие гэдэг сэтгэлийн зарц юм. Хэн нэгнийг зүгээр байж байгаад цохиод авдаггүй биз дээ, энэ нь ердөө л сэтгэлээс үүдсэн үйл хөдлөл юм. Иймээс монголчууд бурханы номыг өөр өөрийнхөөрөө судлах хэрэгтэй.

-Шашин талаас нь биш юм гэхэд ядаж гүн ухаан талаас нь?
-Яг тийм. Шүтэх эс шүтэх эрх тань бий учир сүслэх эс сүсэглэх нь таны сонголт. Харин өөрийн тань хэлснээр ядаж гүн ухаан талаас нь судалж байвал дотоод ертөнц, сэтгэл тань илүү амар амгалан байх болно. Судлаад ирмэгц өөрийгөө танин мэдэж өөрөө өөрөөрөө бахархах сэтгэл төрнө. Хүн гэдэг энэ сайхан төрлөөрөө бахархана.

-Шашны ном бүтээл уран зохиол, нийгэм, эдийн засгийнхтай харьцуулахад өөр. Наанадаж хэл найруулга талаасаа ч тэр. Уг бүтээлийн тухайд энэ талаар та юу хэлэхсэн бол?
-Энхбаяр гуай үнэхээр сайн орчуулагчаас гадна Монголын нийгмийн байдал, хүмүүсийн дунд байдаг тэр яруу тансаг үг хэллэгийг их сайн ойлгосон, мэддэг хүн юм билээ. Тэгж байж энэ номыг орчуулсан нь лавтай. Түүнээс Тич Нат Хан ламтны энэ бүтээл бол их хүнд номд. Орчуулахад нэлээн хүнд үг хэллэгтэй. Ийм оюуны бүтээлийн цаад гүнд нуугдсан утга санаа, агуулгыг алдагдуулалгүй орчуулсан нь өндөр чадвар шаардсан ажил шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан