Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан Ц.Мөнхтөрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилсон. Тэрээр өчигдөр зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдохдоо энэ Засгийн газар эдийн засагт онцгойлон анхаарал хандуулж, ажиллана гэсэн учир цаашдаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдээллээ хүргэж байхаар болсон байна.
Засгийн газрын хуралдааныг даваа гарагт 16 цагт хуралдуулж, гарсан шийдвэрийг мягмар гарагийн өглөө сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлж байхаар болжээ. Ерөнхий сайд ойрын өдрүүдэд Сангийн яамныхан, Монголбанкны удирдлагууд, МҮХАҮТ болон Ажил олгогч эздийн холбоо, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ. Өнөөдөр гэхэд Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчидтэй уулзахаар товложээ.
Уржигдар Засгийн газрын хуралдаанаар зарим хууль, хүчний байгууллагын удирдлагыг чөлөөлж, томилсон. Эдгээр томилгоо хууль зөрчсөн шийдвэр гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл хууль зөрчсөн шийдвэр биш гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч тайлбарлалаа. АТГ-ын дэд дарга Ц.Хурц өргөдлөө өгсөн учир томилгоог хийх боломжтой байж. Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Хурц, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгт, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар өчигдөр ажлаа хүлээж авч байгаа гэлээ.
Харин парламентад суудалтай намуудад илгээсэн хамтран ажиллах саналаар зөвшилцөж дуусаад дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэх юм байна.