Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Та хүүхдээсээ хайраа “харамладаг” юм биш биз


Идэш ууш сайтай гэрт хүүхэд сөөм өсдөг
Инээд баясал цалгиастай гэрт хүүхэд тохой өсдөг
Ирмүүн ажил дэлгэрээстэй газар хүүхэд дэлэм өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй гэрт хүүхэд алд өсдөг
Т.Галсан

Сайхан гэр бүлийн тухай ярина гэдэг үндсэндээ хүүхдийн хүмүүжлийн асуудал л хөндөнө гэсэн үг юм. Би ингэхдээ гэр бүлийн бүх аз жаргал хүүхдэд л байдаг гэх маягаар хүүхэдгүй залуусыг гадуурхах гэсэнгүй. Илтгэхийг зорьсон санаа минь хүүхдээ л зөв хүмүүжүүлж, хайрлаж чадвал үр хойч, залгамж халаа тань сайн сайхан амьдарч чадна гэсэн эгэл утга юм. Тодруулбал, тостой тогоонд хошуугаа, тоотой хаалганы цаана толгойгоо холбож буй залуучуудын аль аль нь аав, ээжийн алдрай үр байдаг даа. Тэдний хэн хэн нь хайрын утга учрыг бүрэн дүүрэн мэдэж гэмээнэ хамтын амьдрал, хайр сэтгэл, ирээдүйн зам дардан байх нь дамжиггүй. Зам нь бартаа дараатай байлаа ч даваад гарахад зүдрэх нь бага биз. Хүн бүхэн ээжээс төрсөн байдаг учраас хүн бүхэн хүүхэд гэсэн үг. Тэр утгаараа хүүхдүүд л гэр бүл зохион амьдарч буй, цаашдаа ч тийм байх нь гарцаагүй. Би ч ээж, аавын хүүхэд шүү дээ.

Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг асуултад сэтгэл судлаач, цэргийн хурандаа юм уу бага сургуулийн багш өөр өөрөөр хариулах биз. Тэгвэл миний хувьд хайрлаж хүмүүжүүлэх нь л хамгийн гол нь юм шиг ээ. Уран үг, ухааны амьд гайхамшиг болсон алдарт зохиолч Тангадын Галсан гуайн “Жирмийн сүлжээ” дунд хүүхдэд юу хэрэгтэйг тун ч энгийнээр шүлэглэсэн байх ажээ. Агуу бүхэн энгийн байдаг хойно түүнийг шүүх эрх одоохондоо бидний хэнд маань ч алга. Юутай ч, дөрвөн мөртөөс идээ унд, инээд баясал, ирмүүн ажил, итгэл ХАЙР гэдгийг олж харна. Гэтэл монголчуудын хүүхдээ хүн болгох уламжлалт ойлголтод “хатуу гараар” сургах нэг сонгомол арга бий. Үнэхээр тийм зүйл бий юм уу гээд ном, судар сөхвөөс “Хүүхдээ хатуу гудсан дээр унтуулах нь бие чийрэг болоход тустай” гэснээс бусдаар хатуу гэх үг эс олдов. Ялангуяа хатуу гараар нухчин дарах тухай агуулга үзээд өгье гэвч үгүй аж.

Хэрэв хүүхэд хайраар дутаж хатуу гар дор өсвөл юунд хүргэх бол. Нийгэм цаг үеийн шилжилт юм уу, ороо бусгаа цаг үед балчир насаа өнгөрөөсөн өнөөгийн залуучууд ямар нүгэлт хэрэг үйлдэж буйг дэлгэрэнгүй дүрслэх шаардлагагүй. Зөвхөн энэ онд л гэхэд алдрай үрээ хазаж хэмлэсэн, хутгалж заазуурдсан, зодож гэмтээсэн, түлж шатаасан, аминд нь хүрч хөнөөсөн... Ээ бүү үзэгд. Эдгээр амьдын хар нүгэл үйлдэгчдэд хоёр л ижил зүйл байна. Нэгдүгээрт, тэд бүгд монгол хүн. Хоёрдугаарт, бүгд хайраар дутсан хүүхдүүд. Хайрыг, хайрлахыг мэддэг хүнээс хэзээ ч ийм бодол санаанд ч буумгүй бузар үйлдэл гарахгүй.
Хайр гэж юу вэ. Өнөөдөр том хүмүүс буюу аав, ээж болсон “хүүхдүүд” хайрыг, гэр бүлээ хайрлахыг юу гэж боддог бол. Нэг гэрт зүгээр л хамт амьдарч, өглөө оройдоо цуг хоолоо идэлцэж, хүүхдийнхээ хүссэн болгоныг авч өгөх мөнгө олж, зүгээр л нэг дор байгаагаа хайр гэж андуурдаг юм биш биз. Үнэндээ зүгээр л байхыг хайр гэхгүй, харин харилцаатай байхыг л хайранд тооцно. Жишээ нь, хүүгээ орой унтаж байхад нь ажлаасаа ирдэг бол таныг өглөө унтаж байхад хүү чинь хичээлдээ явчихдаг байх. Та долоо хоногт хэдэн цаг хүүтэйгээ таарч, мэнд мэдэхээс илүү өргөн харилцаа үүсгэж байгаагаа бодоод үзээрэй. Гэтэл Солонгост, Америкт, Европт ажиллаж, амьдарч байгаа аав, ээжүүд таныг бодвол өдөр бүр утсаар ярьж, бие нь хол байгаа ч охинтойгоо сэтгэлээрээ ойр байж дотнохон яриа өрнүүлж байна. Дэргэд нь байгаа мөртлөө алсын алсад тасарчихсан танаас илүү холын тэртээ байгаа хэрнээ дэндүү ойрхон амьдарч буй тэр хүн хүүг тань ойлгож байгаа юм биш биз.

Тун энгийнээр, эргэн тойрноосоо хараад хайр гэгчийг сурч болно. Саяхан фэйсбүүкт хамаатны минь эгч нэгэн пост бичжээ. Энд магадгүй хайрын, аз жаргалын тунг нь хэтрүүлчихсэн байж болзошгүйг анхаарна уу. Эгч маань хотоос зайдуу, цэвэр агаарт хүүгээ улаан тэргэнд нь унтуулаад сууж буй зургаа нийтлээд “Ингэж л суудаг ажилтай болов оо. Богд хан уул, намрын байгаль, эжий хүү хоёр, халуун цай... Компьютерийн ард цаг наргүй суудаг ажлаа улаан “жийптэй” ханхүүгийн хажууд цаг наргүй суудаг ажлаар сольсоон, хэхэ. Цалинг нь хайраар авна, мөнгөнөөс ч хавьгүй илүү юм аа” гэж. Бас нэг найз маань мөн л ээж болоод нэг жил ч болоогүй байгаа. Фэйсбүүктээ “Ээж болсноосоо хойш "Хөөрхөн юм бээ" гэдэг үгийг 10 936 219 удаа, "Хайртай шүү" гэдэг үгийг 58 325 103 удаа хэлсэн байна...” гэж. Үнэндээ үүнээсээ ч олон удаа хэлсэн гэдэгт нь миний хувьд эргэлзэхгүй. Хүү нь ойдоо хүрэхэд дээрх тоо хоёр дахин нэмэгдсэн байхад гайхах зүйлгүй. Энгийн атлаа хэчнээн сайхан хайр вэ. Өнөөх айхтар холоос эрж, албан ёсоор эхлүүлэхийг хүлээж суугаа ХАЙР гэдэг зүйл ийм л энгийн аж.

2013 оны наймдугаар сард би хайртайгаа хамт Гэрлэх ёслолын ордонд өөрсдөө гол дүр нь болж заларсан. Тэнд бидний хайрыг баталгаажуулан, Монгол Улсын сайн сайхан нийгмийн энгийн хувилбар буюу шинэхэн гэр бүл болсныг минь зарласан урсгал усан мэт уянгалаг яриатай эгч юу гэж бодсон бол. Сайхан залуу, үзэсгэлэнт бүсгүй хоёр л хайраа гагнаж, хань бүл боллоо гэж ойлгоо биз. Гэвч үнэндээ эхнэрийн маань хэвлийд шинэ Хайр таван сартай бойжиж байсан бөгөөд өнгөрсөн оны өдийд хорвоод мэндэлсэн. Ганбилэг гэдэг хүн хүүтэй болж, хайрын ундарга сад тавьсан нь, ханийн минь хувьд ч ялгаагүй ээ. Яг тэр үед би гэдэг хүн өдий хүртэл ээжийнхээ хайранд умбаж, жаргаж, цэнгэж, дэрвэж явсан бол өнөөдөр надад хайраараа хүүгээ өлгийдөх ээлж ирлээ гэж бодогдсон. Хайрын гинжин хэлхээ ингэж л үргэлжилдэг бололтой. Ойдоо хүрч буй хүүтэйгээ хамт өнгөрөөсөн хоног, хором бүхэн инээд наргианаар дүүрэн. Үр минь ирмүүн ажлыг ч аав, ээждээ тасралтгүй өгч байсан, одоо ч шинэ шинэ “даалгавар” өгсөөр. Хамгийн гол нь хүүгээс минь цаг ямагт хайр цацарч, зөвхөн биднийг гэлтгүй хавь ойр тааралдсан танихгүй хүмүүсийг хүртэл хөгжөөдөг тул сэтгэлд жаргал буцалж, тагнайд амтагдах шиг санагдана. Хацар нүүр шүлсдэхэд нь, хамаг чадлаараа орилоход нь ямар их хөгжүүн баяраар гэрэлтдэг гээч. Цахилгаан шатанд тэврээд ороход танихгүй хүн болгон руу хараад л инээгээд байхаар нь хүүгээрээ гайхуулах шиг тийм нэг сэтгэгдэл төрнө. Гарт таарсан болгоноо ургаж буй үүдэн шүдээрээ ханзартал нь хазаад татахыг харахаар хайр хүрдэг. Ер нь, хүүхэд бүр аав, ээждээ хамгийн хөөрхөн харагддаг гэдгийг өөрийн биеэр мэдэрч, жаргаж сууна даа. Хүү минь нэг сурчихсан зүйлээ байнга хийх гэж оролдоно. Түүнийг нь зогсоох гэхээр тэмцэж адгана. Энэ гагцхүү ойдоо хүрч буй хүүд минь заяасан тавилан биш. Хүн бүрийн, миний ч дотор байдаг зөрүүд зан араншингийн дусал. Буруу хэвшил, гаж үйлдэл, атгаг санаа хийгээд муйхар зөрүүд занд нэгэнт дасч дурласан хэнийг ч болов хуучин руу нь эргүүлэхэд бэрх. Тийм болохоор л хойчийн зам мөрийг анхнаас нь зөв чиглүүлэхсэн гэж эхнэр бид хоёр сэтгэл тавьдаг юм. Энэ л бидний эгэл хайр.

Барууны нэгэн улстөрч орон гэргүй, өнчин хүүхдийн халамж, боловсролын асуудалд маш их сэтгэл тавьж, зүтгэл гаргадаг байж. Түүнээс та яагаад заавал тэдний төлөө ингэтлээ улайран хөдөлмөрлөж байгаа юм бэ хэмээн хэн нэгэн асуусан гэдэг. Хариуд нь “Тэд миний хүүхдийг нийгэмд хөл тавих үед ялгаагүй насанд хүрсэн, залуучууд болно шүү дээ. Тийм учраас зөвхөн би хүүхдээ сайн хүмүүжүүлэхээс гадна хүрээлэн буй нийгмийг нь сайхан байлгаж, гэрэлтүүлэх хэрэгтэй” гэсэн байдаг. Энэ бол хүүхэд бүрт хайр хэрэгтэй гэдэг санаа бөгөөд хайраар дутсан хэн нэгэн хожим таны хүүхдийн сайн сайхан амьдралд хор, хөнөөл учруулах бүрэн боломжтойг сэрэмжлүүлсэн түүх. Тийм ч болохоор хүүхдээ хайрлаж хүмүүжүүлээрэй гэдгийг эрхэм эцэг, эх танд нөхөрсгөөр сануулахыг хүссэн минь энэ. Дэлхийн энх тайвны нөлөө бүхий төлөөлөл болсон энэрэнгүй удирдагч Нелсон Манделла саяхан тэнгэрийн оронд одсон. Тэрээр нэгэн цагт хэлэхдээ “Аль нэг улс оронд энх тайван байгаа эсэхийг хүүхэд л хэлж чадна” гэсэн нь түүхийн шаргал хуудсанд тэмдэглэгджээ. Энэ бол Хайрын гараар илбүүлж өссөн хүүхэд бүр нийгэм, цаг үедээ энх тайвныг цогцлоон сүндэрлүүлэх баталгаа гэдгийг тодотгож буй юм.

Б.ГАНБИЛЭГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан