Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эргүнэ хунгийн домог


Монголчуудын гарал үүсэл, нүүдлэлтийн тухай Эргүнэ хунгийн домог Рашид-ад дины "Судрын чуулган"-д тэмдэглэгдсэн байдаг. Үүнийг доор сийрүүлбэл:

"Одоо үе хүртэл барагцаалбал 2000 орчим жилийн тэртээ эрт цагт монгол гэж нэрлэгддэг байсан аймаг, бусад түрэг аймагтай хямралдан тулалдаж дайнаар шувтарсан байна. Итгэмжтэй хүндэт хүмүүсийн /амаар дамжуулсан/ өгүүлэл байдаг. Үүнд бусад аймаг нь монголчуудыг дийлээд 2 эрэгтэй, 2 эмэгтэйгээс илүү хүн үлдээлгүйгээр хяджээ. Эдгээр хоёр өрх дайснаас айхдаа хүршгүй газар зугатаан очжээ. Тэр нь ердөө уулс, ойгоор хүрээлэгдсэн бөгөөд ихэд ядаж зүдэн байж явж болохуйц хүрэхэд бэрх ганц нарийн жимээс өөр тийш хүрэх зам ганц ч талаас нь байхгүй тийм газар байжээ. Тэдгээр уулсын дунд өвс элбэгтэй эрүүл тал байв. Энэ нутгийн Эргүнэ гүн (Кун) гэж нэрлэдэг. Гүн нь хэц хажуу газар гэх Эргүнэ нь эгц гэсэн утгатай өөрөөр хэлбэл эгц нуруу юм. Харин тэр хоёр хүний нэр нь нохос /нукуз/ ба хиан (киян) гэдэг байв. Тэр, тэдний удам энэ нутагт удаан жил нутаглаж өсч үржсэн байна. Салбар бүр нь тусгайлсан нэр алдраар мэдэгдэх болж тусдаа овог болсон байна. Овог гэдэг нь тухайлсан яс омогт харъяалагддаг хүмүүс юм. Эдгээр овог нь дахин салаалдаг байв. Одоо үед монгол аймгуудад журам болсноор эдгээр салаанаас гарсан хүмүүс хоорондоо гол төлөв садан байдаг. Монгол-дарлиганчууд бол тэд юм. Монгол гэдэг үг нь бол анхан Мунгол гэгдэж байсан. Өөрөөр хэлбэл "Форумандэ", "Сада дэл" (персээр) юм. Монголоор хиан (киян)нь уулнаас доош урсагч түргэн ширүүн хүчтэй "том урсгал" гэх утгатай. Хианчууд зоригтой, зүрхтэй маш эрэлхэг учир энэ үгээр тэднийг нэрлэсэн байна. Хиад нь хиан гэдгийн олон тоо юм. Энэ овгийнхоны үүсэлдээ ойры нь эрт цагт хиад гэж нэрлэж байжээ. Энэ угсаатан тэр уулс ойдын дунд үржээд нутаг нь хүрэлцэхгүй шахцалдах болсонд ямар сайн арга хялбар замаар энэ хэцүү хавцал уулын давчуу хөндийгөөс гарах тухай бие биестэйгээ эелджээ. Чингээд тэд байнга төмөр хайлуулдаг төмрийн хүдэртэй газрыг олсон байна. Тэд цөмөөрөө хамт цуглан ойд их түлээ олон сав нүүрс бэлтгээд 70 толгой үхэр, адуу алан арьсыг нь туламлаж өвчин төмөрчний хөөрөг хийжээ. Нөгөө уулын хэцний хормойд түлээ нүүрсээ зэрэглээд 70 хөөргөөр тэр хэцийг хайлтал нь нэгэн зэрэг хөөрөгдөхөөр тэр газарт бэлтгэжээ. Тэндээс хэмжээлшгүй их төмөр авахад гарц нээгджээ. Тэд цөм хамт тэр давчуу газраас нүүн талд гарчээ. Хианаас улбаатай гол салаа хөөрөгдсөн юм гэж ярилцдаг. Тэрчлэн попос гэдэг нэрээр мэдэгдэж байгаа аймаг мөн тэдний салбарт харъяалагдах урианхай аймаг бас хөөрөгдсөн байна. Бусад хэдэн аймаг хөөрөгдөхөд оролцсон гэж зүтгэдэг боловч дээр дурьдсан аймгууд тэднийг зөвшөөрдөггүй. Харин дор тодорхой дурьдах өдий төдий салбараас бүрдсэн Хонхират аймаг, тэрчлэн Эргүнэ гүнд эдгээр попос хианаас үүссэн тэр (аймаг) эелдэж ярилцалгүй бусад аймгийн голомтыг гишигчин бусдаасаа түрүүлэн гарсан гэж батлан хэлдэг. Хонхират нар бусадтайгаа зөвшилцөлгүйгээр түрүүлэн гарахдаа бусдынхаа гал голомтыг гишгэлсний улмаас мэдээжийн хөлний өвчтэй болсон гэдэгт тэдгээр аймаг итгэдэг. Тэр шалтгаанаар Хонхираат аймаг зовох болжээ. Тэр нутаг хэцүү, гэхдээ бүр тийм биш, уулыг хайлуулсаны зорилго бол алдарших өөр арга олсон явдал юм гэж одоо үед энд суудаг Эргүнэ гүнг үзсэн хэсэг монгол батлан хэлдэг" (Рашид-ад дин, 1990:45).

Эргүнэ гүнгийн домогтой сэдэв өгүүлэгдэхүүнээрээ адил бөгөөд зарим талаар шинэ нэмэгдэл мэдээ өгөн хоёр домгийг хожуу үеийн түүхч Хондемир, Абул-гази нар тэмдэглэсэн байна. Тэр хоёр домог нь "Судрын чуулган"-д байгаа аман түүхтэй үг үсгээрээ яг нийлсэн хуулга нь биш, гэвч бидний сонирхон буй домгийн нэгэн хувилбар гэж үзэж болох юм. Хондемирийн зохиол "Монголчуудын түүх"-д байгаа домгийг сийрүүлбэл: "Татарын хаан Сююнж-тай нийлсэн Мауря-эннягарын хаан Тур-д Огуз хааны зургаадугаар үеийн удам Илл хаан ялагдан дарагдаж, бүх монголын туургатнаас Илл хааны хүү Киян, түүний хатан, Кияны үеэл дүү Тэгүз, түүний гэргий дөрвүүлэн үлдсэн бөлгөө. Тэр дөрөв тулалдааны талбар дээр алагдагсадын дунд нуугдан, шөнө болоход зугатааж үүрээр нэгэн газраа хүрч очсон нь үлэмж олон хадан хавцалтай уулсаар хүрээлэгдсэн газар байжээ. Зам явагсад уулын оройд мацаж бараа харвал, тэр доор өвс ургамал төгөлдөр хөндий харагдахад тэд уулнаас тэнд өнөд суужээ. Энэхүү газрыг түрэгээр Эргүнэ-Гүн гэх буюу эгц цавчим газар гэж нэрийдэв. Он цаг өнгөрөх зуураа дурьдсан дөрвөн хүнээс олон тооны аймаг удамлан гарчээ. Каяны удмуудыг Киад, Тэгүзийн удмуудыг Дерлинга гэж нэрлэдэг байжээ. Хожим киад, дерлинга нар Эргүнэ-гүнд багталцахгүй болтол үржин олширсон тул тэр газрыг огоорч монгол газар орныг зорин тэр газар нутгийн эзэн /хан/-тай тулалдан ялалт байгуулжээ. Түүний дараа Монгол газрыг мэдэх бүрэн эрх нь Каяныунааны Эльдуз-д батжисан бөлгөө"(/Х.Пэрлээ, 1969:44).

Абуль-гази баатар хааны "Түрэгийн угийн бичиг байгаа домог", "Илл хаан, Монгулл хаанаас удамтай, Сиунг хаан татар хааны ургийн хүн. Энэ эзэд хоорондоо тасралтгүй дайн хийх бөгөөд Илл хаан ямагт ялан гардаг байжээ. Хожим Сиунг хаан Кэргизийн хаантай нийлж, Илл хааныг тулж бүрмөсөн дарж, Могулл хааны гүрнийг доройтуулан унагаасан ажгуу. Илл хаан олон хүүтэй боловч Каян, түүний үеэл, нагос тэдний хоёр гэргийгээс бусад нь цөм сайн тулалдаанд үрэгджээ. Амь гарсан хаан хүүд олзлогдсон боловч арван өдөр өнгөрөхөд зугатаах тохиол олдож, өрийн газар эгэж иржээ. Эндээ байхад тэдэнд аюултай хэмээн хэлэлцэж үлдсэн малаа аваад ууланд гарчээ. Уул уулыг дамжин явж, сүүлд нь нэгэн өндөр ууланд хүрч иржээ. Тэр өндөр уулыг гөрөөсний нарийн жимээр нэвтэрч, намуун зөөлөн элбэг өвч ногоотой хөндийг олжээ. Энэ газар тэдэнд аятайхан санагджээ. Энэ газар зүг бүрээсээ бэрхтэй уул хадаар хүрээлэгдсэн тул тэднийг мөрдөгдөхийн аюулгүй болгожээ. Тэд энэ газрыг Ирганя кон гэж нэрлэжээ. Иргана монголоор хөндий, кон нь бөх цав өндөрлөг гэсэн утгатай ажээ. Каян, Нагос хоёрын удам хойчис нь үржин олшроход Каян өөрийн удмынхныг Каяд, Нагос өөрийн удамтны нэг хэсгийн Нагослер /Нагос нар/, нөгөө хэсгийг Дурлаган гэнэ. Энэ аймгууд эндээ 400 гаруй он сууж, тэдний нутаг газар нь давчдахад домгоос мэдэж байсан уудам тал нутаг, дээдсийнхээ газарт буцахаар болжээ. Гэвч урьдын гөрөөсөн жим бүрмөсөн эдгэрсэн тул тэд уул хаднаас гарах аятайхан сэв олж чадсангүй. Нэгэн төмрийн дархан ууланд төмрийн өөдсөөр бүтсэн, онцын зузаан бус газрыг атган байжээ. Тэр ууланд мод, нүүрс ихийг авчирч шатаа гэж тэр дархан зэвлэн хэлжээ. Уул үнэнээр хэд хэдэн газраар сэт хайлж ачаатай тэмээ гарч байхаар сэв онгойжээ. Тэр сэвээр монголчууд Ирган Коноос гарчээ. Тэр цагт монголчуудыг Бертечень хаан захирч байжээ. Татар хааны удмын эзэд (хаад) монголчуудыг гарч ирсэнийг мэдмэгч зэр зэвсэг агссан боловч Бертечень хаан тэднийг бүрмөсөн даржээ. Энэ цаг нь Илл хаан ялагдаж могулл нэр сөнөснөөс хойш 450 жилийн дараа яг тохиолджээ"(Х.Пэрлээ, 1969:24).

Дээр өгүүлсэн гурван домогтой сэдэв өгүүлэгдэхүүнээрээ адил нэгэн домгийг Ерөө голын халхажсан хамниган угсаатаны хуучцуулаас А.Амар 1933 онд сурвалжлан олж тэмдэглэн үлдээжээ. Уг домогт: "Эрт нэгэн цагт хамниган үндэстэн бусдад хядагдан алагдаад ганц нэг айл хүмүүс, охид хүүхдээ энэхүү ууланд тавиад, буцаж гэр малаа авахаар явсан нь бас дайснаа алагдсан тул тэрхүү охид хүүхэд нь үхэлгүй хүмүүжиж, олон болсоор багталцахгүй болж эргэн тойрон дахь нэгэн төмөрт уурхайтай хадыг их түлээ овоолж галдан хайлгаж урсгаад гарсан хэмээдэг. Үүний учраас охид хүүхдүүд хэмээн нэрийдсэн уул одоо ч Хэнтийд байна гэжээ" /А.Амар, 1990/.

"Монголын нууц товчоо"-нд байдаг Чингис хааны язгуур Бөртэ чоно, Гоо маралын домог нь Рашид ад дины "Судрын чуулган"-ы Эргүнэ гүнгийн домгийн үргэлжлэл гэж үзэж болох юм. "Монголын нууц товчоо"-нд өгүүлэхдээ "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чин, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ" гэсэн байдаг.

6 Сэтгэгдэл
Тхх
Ойлгомгүй бн одоогоос хэдэн жилийн өмнөн болж бсн юм болоо
Оилгомжтой мэдээлэл алга
Oligtoi medeedel alga shalgaltaa muu ogchlooo
👍👍
Энэ үнэн юм болов уу
Хамгийн их уншсан