Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Түмэндэлгэр: Ачааны вагоны 80-аас доошгүй хувийг шинэчлэх шаардлагатай


Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн орлогч дарга Ц.Түмэндэлгэртэй вагоны үзлэг, хяналтын талаар ярилцлаа.

-Депогийн таван жилийн ой тохиож байна. Ямар учир шалтгааны улмаас танай депог байгуулсан юм бэ?
-Улаанбаатар төмөр замын тээвэр жил бүр нэмэгдэж байгаа. Тиймээс галт тэрэгний аюулгүй байдлыг хангах, хариуцлага нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депог байгуулах болсон юм. Өөрөөр хэлбэл вагоны ашиглалт, засварыг ялган салгасан гэсэн үг. Вагон ашиглалтын депогийн үндэс суурь нь Улаанбаатар төмөр зам анх байгуулагдахад  өртөөд дээр техник үйлчилгээний газруудыг бий болгосноор тавигдсан юм. Тухайлбал, замын хойд хэсэгт Сүхбаатар өртөөнд 1952 онд техник үйлчилгээний газар байгуулагдсан юм.  Энэ техник үйлчилгээний төвүүд нэгдсэн удирдлагагүй ойр байгаа өртөөнд харьяалагдаж ажил үйлчилгээ явуулдаг байлаа.

-Вагон ашиглалтын де­под нийт хэдэн хүн ажил­лаж байна вэ?
-Өнөөдөр Сүхбаатар өр­төө­нөөс Замын-Үүд хүртэлх төмөр замд 14 техник үйлчилгээний газар, 17 хэсэг, вагон засварын нэг газар бий. Одоо 570 хүн Вагон ашиглалтын депод ажиллаж байна. Эдгээр ажилчдыг мэргэжлийн шуурхай удирдлагаар хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Нэг ёсондоо Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд хүртэл тээвэр хийж буй бүх вагонд үзлэг  шалгалт хийж хяналт тавиад аюулгүй зорчих нөхцөлийг хангадаг юм. Ачааны болон, зорчигчийн вагоны хөдөлгөөнийг хэвийн байлгах үүрэгтэй.

-Жилд хэчнээн вагонд техникийн үзлэг хийдэг юм бол?
-Манай депогийн ажлын үндсэн чиглэл галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах. Манай ажлын үзүүлэлт нийт үзсэн вагоны тоогоор илэрхийлэгддэг.  Энэ оны төлөвлөгөөнд гурван сая 658 мянган ва­гонд техникийн үзлэг хийнэ гэж тусгасан. Одоогоор төлөв­лөгөөт ажлын 95 гаруй хувийг хий­гээд байна. Өөрөөр хэлбэл, 35389852 вагонд тех­ни­кийн үзлэг хийлээ. Үүний 150655 нь зорчигчийнх. 3388327 нь вагон нь ачааных.  Нийт 268 658 вагоныг ачилтад бэлт­гэсэн.

-Аюулгүй тээвэр хийх нөхцөл хангах үзлэг шалгат хийхэд ямар эрсдэл байдаг вэ?
-Улаанбаатар төмөр замд ашиглаж буй ачааны вагоны парк хуучирч байна. Иймээс тээвэрт явж байгаа вагоны үечилсэн,  урсгал засвар нэлээд хийх болсон. Техник үйлчилгээний газрууд вагоны гэмтэлийг цаг тухайд нь илрүүлэн, засварлаж байгаа. Урсгал засварын ажлын хэмжээ нэлээд нэмэгдэж буй юм. Үүнээс гадна манай улс эрс тэс  уур амьсгалтай. Өвөлд 30-40 хэм хүйтэн, зунд бас ийм хэмтэй халуун байдаг тул улирлын чанартай гэмтэл вагонд гардаг. Хэдий­гээр Улаанбаатар тө­мөр замын вагонууд удаан жил ашиглагдсан ч байнга засвар үйлчилгээ хийж, хянаж аюулгүй байдлыг хангаж байна. Харин хувийн хэвшлийн засвар үйлчилгээ хэзээ хийгдсэн нь тодорхойгүй вагон тээвэрт явж буй тохиолдол бий. Тухайлбал, “Болд төмөр ерөө гол” компанийн Хятадад үйлдвэрлэсэн 2000 вагон тээвэр хийж байгаа. Эдгээрийн явах анги, авто тормоз зэргийг үечилсэн засварт оруулж ашиглах хугацааг нь уртасгаагүй. Өөрөөр хэлбэл шат дараалсан засвар хийгээгүй вагон бий гэсэн үг. Иймд манай вагон үзэгчид, ажилчдын эрсдэл нэмэгдэж байгаа юм.

-Нэг вагоныг хэдэн жил ашиглах ёстой вэ. Одоо ашиглаж буй вагонууд хэдэн жил болж байгаа юм бол?
-Зорчигч, ачаа тээврийн гээд тухайн вагоны төрлөөс хамаарч ашиглалтын норм өөр өөр. Дунджаар 25-30 жил ашиглана. Одоогоор манайд ашиглаж буй вагонуудыг дунджаар 35 жил ашиглаж байгаа юм. Тухайлбал, 1980 оноос хойш ашиглаж буй вагон олон байгаа. Ачааны вагоны хувьд 80-аас доошгүй хувийг нь шинэчлэх шаардлага бий. Ингэж байж вагоны парк шинэчлэгдэж эрсдэл нь буурах учиртай.

-Тэгэхээр вагонуудаа засварт оруул гэсэн шаард­лага тавьдаг л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Бид хугацаат засварт оруулах шаардлага тавьдаг. Зүүн-Хараагиын вагон засварын депод нэг хэсэг засварт оруулсан. Хамгийн гол нь Хятадад үйлдвэрлэсэн вагоны явах анги буюу хос дугуй нь  манай төмөр замд  ашиглаж байгаа технологитой зөрдөг юм. Тэгэхээр үүнийг засах боломж манайд байхгүй. Урд хөршид аваачиж засуулах болчихоод байгаа.

-Боловсон хүчний хан­галт, хүрэлцээ хэр байна вэ?
-Сүүлийн хоёр, гурван жилд боловсон хүчний хангалт эрс сайжирсан. Улаанбаатар төмөр замын тээврийн дээд сургуулийг  инженер, техникчээр оюутнууд жил бүр төгсч байна. Дээр нь МСҮТ-ын төгсөгчид олон болсон. Мөн ОХУ-д сургууль төгссөн мэргэжилтнүүд ирж байгаа. Иймд ажилд авах боловсон хүчнээс сонгон шалгаруулалт хийх болсон.
Бид энэ долоо хоногт таван жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж ойгоо тэмдэглэж байна. Ингээд Вагон ашиглалтын депогийн үе үеийн ахмадууд, ажил үүргээ гүйцэтгэж яваа нөхдөдөө таван жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан