Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

19 сайд, 17 дэд сайд, дөрвөн Төрийн нарийн бичгийн даргатай Засгийн газар


Долоо хоногийн өмнө Шийдлийн Засгийн газар сайд нараа УИХ-аар томилуулж, хямралаас гарах ажлаа хамтран эхлүүлсэн. Үүнээс долоо хоногийн дараа дэд сайдуудаа томиллоо. Намууд бас л багагүй хугацаанд хуралдаж, хэлэлцэж байж хүмүүсээ тодруулав. 15 яаманд 15 дэд сайд томилно гэж байсан ч явцын дунд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам хоёр дэд сайдтай байхаар болж.

Хамгийн эхлээд тодруулсан нь ИЗНН. Сайдын суудал авч үлдэж чадаагүй ч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдад М.Хүрэлсүхийг санал болгосон. Тэрээр Байгаль хамгаалах сангийн захирлаар ажиллаж байжээ.
Дараа нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Хуульзүйн яаманд Ц.Уугангэрэлийг хэвээр үлдээхээр ярилцаж, БОНХЯ-аас дэд сайд Б.Тулгыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд томилуулахаар шийдсэн байна.

Хөдөлмөрийн яаманд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан З.Батбаярыг дэд сайд болголоо гэж байсан ч оройдоо нэр өөрчлөгдөж МҮАН-ын Ж.Бат­хуягийг томилжээ. Тэрээр 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан энэ салбартаа улиран үлдэж буй дэд сайд нарын нэг.

АН-ын хувьд долоон дэд сайдын суудалтайгаас нэгийг нь ИЗНН-д шилжүүлсэн байна. Засгийн газрын хуралдааны өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргасан юм. Зургаагаас дөрөв нь үргэлжлүүлэн ажиллахаар болж байна. Сангийн дэд сайдаар С.Пүрэв, Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөр, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Г.Байгалмаа, Зам тээврийн дэд сайдаар Х.Ержан нар үлдлээ.  Эрчим хүчний дэд сайдаар Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатарыг, Эрүүл мэнд, спортын яамны спортын асуудал хариуцсан дэд сайдаар Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж буй Т.Болдбаатарыг томилов.

Хамгийн олон өрсөлдөгч дундаас тунаж үлдсэн нь  МАН-ын дэд сайд нар. Анх 39 хүн өрсөлдөхөө илэрхийлснээс 11 нь замын дундаас нэрээ татаж, 28 нь анкетаа удирдлагууддаа өгчээ. Анкетаа илгээсэн хүмүүсийг тус бүрээр нь хэлэлцээд өчигдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан. Харин энэ шийдвэр нь олон хүнд таалагдахгүй байгаа бололтой. Мэргэжлийн, туршлагатай хүмүүс томиллоо гэсэн мөртлөө түүнээсээ эсрэг байдлаар сонгосон гэх шүүмжлэл ч нэлээд гарав. Аль салбарт дэд сайдаар ажиллах саналыг нь харгалзан үзээд намаасаа тавих шалгуурт тэнцэх эсэхийг хэлэлцэж байж гаргаж ирсэн гэхэд арай л өөр байдлыг нь харгалзаж шигшсэн хэмээн үзэх нь ч байна. Ихэнх дэд сайдыг хотын фракц буюу намын дарга М.Энхболдын хүмүүс гэв.

Ингээд МАН-ын дэд сайд нарыг танилцуулъя. Гадаад хэргийн дэд сайдаар Н.Оюундарийг /Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын дарга байсан/, Аж үйлдвэрийн дэд сайдаар Х.Баделханыг /2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Я.Төмөрбаатарыг /МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан/, Уул уурхайн дэд сайдаар Г.Тэмүүлэнг /”Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн/, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг /2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан/, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Б.Батзоригийг /2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан/, Эрүүл мэнд, спортын яамны эрүүл мэнд хариуцсан дэд сайдаар Д.Атармааг /НИТХ-ын төлөөлөгч асан/ тус тус томиллоо. 

Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалд халаа сэлгээ хийхгүй байхыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болон сайд нарт сануулсан. Харин өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дэд сайд нарыг томилохтой зэрэгцүүлэн зарим Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлж, заримыг нь албанд нь үлдээхээр шийджээ.

Ж.Батболдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, П.Алтангэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Х.Золжаргалыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, П.Гантулгыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн, А.Эрдэнэтуяаг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албанаас чөлөөлөв. Харин Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатарыг, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэнг, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Дэлгэрцогтыг томилсон байна. Бүтэц өөрчлөгдсөн учир тэдний эхлээд албанаас нь чөлөөлөөд эргүүлэн шинэ багтаа авч байгаа гэсэн үг юм. Ингээд 15 яамнаас дөрөв нь Төрийн нарийн бичгийн даргатайгаар бүрэн бүтэн болж байна. Бусад 11-т удахгүй яамны бүх ажлыг хариуцаж байдаг гол хүнийг нь томилох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан