Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүлд мод чимэглэлтэйгээ багадаа 100 мянган төгрөгт багтана


Шинэ жил хаяанд ирж эцэг эхчүүд бяцхан үрстэйгээ гацуур модоо чимж шинэ оноо угтахад бэлдэж эхэллээ. Хотын удирдлагууд ч нийслэлийнхээ гацуур модыг төв талбайдаа засч гэрлэн чимэглэлийг нь даваа гарагийн орой асаасан. Албан байгууллагууд ч шинэ жилийн баяраа хийж хотын гудамжаар гоёж гангалсан бүсгүйчүүд алхална.

Энэ л төрх жил бүрийн арванхоёрдугаар сард биднийг угтдаг. Иймээс шинэ оны гол бэлгэ тэмдэг болсон гацуур мод болон төрөл бүрийн чимэглэлийн эрэлт хэр байгаа талаар сурвалжиллаа. “Нарантуул” захад борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн хямд хэмээдэг.

Гэвч замын түгжрэл ихтэй учир их ажлын хажуугаар хүмүүс тэр болгон зориод байдаггүй. Харин III, IV хороолол, “Бөмбөгөр” худалдааны төв хотын төвтэй ойр тэгээд ч үнэ боломжийн байдаг учир ажлын заваараа ороод гарах хүмүүс олон байдаг. Тиймээс III, IV хороолол буюу “Ачлал”, “Түмэн плаза” , “1000 нэрийн бараа” зэрэг дэлгүүрийн гадна талбайд байрлах лангуунуудаар орлоо.

Энд гацуур модыг  жижиг ширээнийхээс авахуулаад дөрвөн метрийн өндөртэйг хүртэл өрж тавьжээ. Үнийн хувьд жижиг ширээнийнх нь  саа чимэглэл зэргээс хамаарч 5000-35000 төгрөгөөр борлуулж байгаа бол метрээс дээш гацуур 40 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Ингэхдээ дан ногоон гацуур гэхээсээ илүү цагаан, цэнхэр гацуурууд байлаа. Эдгээр гацуур үнийн хувьд ногоонтойгоо ойролцоо ч эрэлт их байгаа гэнэ. Учир нь албан байгууллагууд цагаан, цэнхэр гацуураар чимэх болсон гэнэ. Энэ талаар худалдагч бүсгүй “Ногоон гацуур модны борлуулалт жаахан тааруу л байна. Учир нь арванхоёрдугаар сараас албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж эхэлсэн болохоор энэ төрлийн гацуурыг авах болсон. Гэхдээ энэ сарын сүүлээр ногоон гацуурын эрэлт нэмэгдэх байх. Айлууд гацуураа л сонгох байх. Борлуулалт тааруу байгаа нь хүмүүсийн цалин буугаагүйтэй холбоотой байх. Ер нь ямар нэг бараа бүтээгдэхүүний борлуулалт сарын сүүлээр болон эхээр сайн байдаг. Зарим хүн 31-ний орой хүртэл гацуур асуугаад явж байх тохиолдол гарч байсан шүү” хэмээн ярьсан юм. Харин сааны хувьд 1000 төгрөгөөс эхлээд 15000 төгрөгөөр борлуулж байв. Тоглоомуудыг ширхэгийг нь мөн л 800 төгрөгөөс эхлэн багцаар нь 6000-25000 төгрөгөөр борлуулж байв.

Маск, багнууд эрэлт ихтэй байна

Үүний дараа III, IV хорооллоос гарч “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Энд хорооллыг бодвол гацуур модноос илүү тоглоом, саа чимэглэл элбэг харагдлаа. Жижиг ширээний гацуур 5500 төгрөгөөр борлуулж байгаа бол дунд зэргийнх нь 60 мянган төгрөг нэлээд том нь 100 мянган төгрөгөөс эхэлж байна. Хорооллыг бодвол тийм ч их худалдан авагч харагдсангүй. Төрөл бүрийн маск, багнууд эрсэн хүмүүстэй хэд хэд таарлаа. Хүүхдийнх нь цэцэрлэгийн шинэ жил болох гээд арван хоёр жил, төрөл бүрийн амьтны маск хэрэгцээтэй байгаа талаар эцэг эхчүүд ярьж байсан юм. Энэ талаар С.Болорчимэг хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүй “Манай хүүхэд цэцэрлэгийн шинэ жилдээ бич болж байгаа. Бичний баг олж ирээрэй гэсэн. Гэтэл баг нь олдоггүй юм байна. Би цаас цавуу гээд баг хийхэд хэрэгтэй материал худалдаж аваад явж байна. Хүүгийн цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд ч амьтны баг хувцас хайгаад байгаа.
Тэгэхээр би бас багт нь таарсан амьтны хувцас оёхоор тэднээс захиалга авсан. Тэгээд ч Хятадад үйлдвэрлэсэн хямд материалаар хийсэн муу хувцас авч байхаар өөрөө хийсэн нь дээр гэж бодсон. Захиалга ч олон авч байгаа” хэмээн ярьсан. Үнэхээр ч сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг төрөл бүрийн амьтан, тэдгээртэй адил хувцас олж ир хэмээн багш нар нь хэлдэг. Эцэг эхчүүд ч жилийн жилд энэ төрлийн хувцасны эрэлд гардаг. Янз бүрийн баг, хувцас нь олдоц багатай учир үнэ нь ч нэлээд өндөр байдаг. “Бөмбөгөр” худалдааны төвийн хувьд баг маскнууд хийсэн материал, хэмжээнээсээ хамаарч 1500-15000 төгрөгөөр борлуулж байсан. Ингэхдээ лангуунуудад нэг төрлийн баг байх бөгөөд тухайлбал, бич, үхэр, хонины баг ховор байх жишээтэй. Үүнийг ч зарим эцэг эхчүүд анзаарч гэрээр захиалга авч оёж өгч байгаа юм билээ. Гацуур мод тоглоом, саа чимэглэлийн үнэ өмнөх жилээс нэмэгдсэн талаар худалдагч нар хэлж байна. Тухайлбал, өнгөрсөн жил нэг тоглоомыг багадаа 500 төгрөгөөр худалдаалдаг байсан бол энэ жил 800 төгрөгөөс эхлэн борлуулах болсон гэнэ. Мөн шилэн тоглоомууд ховор болсон гэнэ. Учир нь, үнэ хямд, хөнгөн гэдгээр нь наймаачид цаасан болон хуванцар тоглоомууд оруулж ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор тус худалдааны төвүүдэд шилэн тоглоом харагдсангүй. Харин УИД болон бусад газар зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаануудаас шилэн тоглоом олж болох талаар худалдагч нар хэлж байлаа.

Иргэд хамгийн ихээр зорьдог худалдааны төвүүдэд зарж байгаа гацуур, тоглоомоор сүлд модоо засна  гэж бодвол айл бүрийн хоймрыг чимэн сүндэрлэх гацуур мод багадаа 100 мянган төгрөгт багтах нь.

Дээрх худалдааны төвүүдээс гадна шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа олон газар гарч эхэлсэн. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төв, УИД, МахMall гэх мэт. Иймээс иргэд хэрэгцээт бараагаа өөрт аль ойр газраас авч болох юм. Үнийн хувьд хийсэн материалаас нь хамаарна. Иймээс хэрэглэгч та өөрийн боломжиндоо тааруулан хэрэгцээт бараагаа худалдан авч болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан