Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Жаргалсайхан: Аж үйлдвэрийн яам байгуулагдсан нь хөгжилд шинэ түлхэц өгнө


Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхйилөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа. 

-Монгол Улсад машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбар хөгжүүлэх боломж байгаа талаар та сүүлийн 10 гаруй жил ярьж буй. Өнөөдөр хөгжлийн шинэ үзэл санаа дэмжигдэх нөхцөл бүрдсэн үү. Салбар хариуцсан яамтай боллоо шүү дээ?
-Ерөнхийдөө, ардчилсан хувьсгал ялснаар монголчууд тусгаар тогтнолоо бөхөлж, бие даасан, хараат бус, эдийн засгийн үр ашигтай нийгмийн тогтолцоог бий болгох эхлэл, нөхцөл бүрдсэн юм. Нийгмийн шилжилтийн алдаа, оноо дундуур туучин гарсан энэ цаг үеийн бидэнд эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулж, үндэсний аж үйлдвэрийн салбараа босгох хариуцлагатай үүрэг оногдож байна.  Уул уурхайн салбар, түүнийг дагасан гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай эдийн засгийн эмзэг бүтэцтэй манай орны хувьд улс орныхоо эдийн засгийг төрөлжүүлэх төрийн бодлого, шийдвэр, хөтөлбөрүүд гарч, хэрэгжүүлэх хууль эрх зүй, бизнес, технократ удирдлагын систем бий болгох алхмууд хийж байгаа нь талархууштай. Монгол Улс сүүлийн 24 жилийн дотор анх удаа Аж үйлдвэрийн яамтай болж, улс орныхоо суурь аж үйлдвэрийн салбарыг нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохицуулалт, зохион байгуулалтаар хөгжүүлэх боломж гарч байгаад инженер бид баяртай байна. Монгол Улс 2012, 2013 онд 6,4 тэрбум ам.долларын метал хийц, тоног төхөөрөмж машин механизм импортолсон нь  манай улсын импортын 60-70 хувьд хүрч, олж байгаа валютын нөөцөө буцаан гадагш алдахад хүргэж байна.

-Тийм шүү. Тэгэхдээ үе шаттайгаар хөгжүүлэх ёстой байх?
 -Зөвхөн энэ тоон үзүүлэлтээс харахад импорт орлосон машинт үйлдвэрлэлийн салбарыг үе шаттайгаар хөгжүүлэх шаардлагатай. Нарийн төлөвлөлт, зохион байгуулж чадвал эдийн засагт гадагшаа чиглэлтэй эргэлдэж буй мөнгөний урсгалыг түшиглэн 10-30 мянган ажлын байр бий болгож, улирлын зогсолтод ордоггүй хөгжлийн бас нэг салбарыг байгуулах боломж бий. Тиймээс эдийн засгийн хөгжлийн зөв эргэлт, зүй тогтолыг бий болгох нийгмийн захиалгыг ажилтай, орлоготой Монгол хүн, бүтээлч Монгол хүн уриатай сонгуульд оролцсон Ардчилсан намд итгэл үзүүлж, ард иргэд саналаа өгсөн. Энэ утгаараа манай хамт олны дэвшүүлж буй хөгжлийн үзэл баримтлал дэмжигдэнэ гэдэгт гүнээ итгэж байгаа.

-Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 20.0 тэрбум төгрөгийн тендертэй холбоотой янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Ямар учиртай үл ойлголцол үүсчихэв?
-Бид Улаанбаатар хотын агаарын бо­хирдлыг бууруулах, нийслэлийн ний­тийн тээврийг экологижуулах Авто тээврийн хуулийн 9.4 дүгээр заал­тыг хэрэгжүүлэх зорилгоор Евро-4 хөдөл­гүүртэй, порталь тэнхлэгтэй анх­ны автобусыг угсран үйлдвэрлэсэн. Гадаа­даас импортлох автобус, троллейбусны гааль, нэмэгдсэн өртгийн албан татва­рыг тэглэсэн, дотоодод явуулж буй үйлд­вэрүүд татвар төлдөг хуулийн болон бизнесийн тэгш бус гараан дээр угсран үйлдвэрлэж байгаа монгол автобусаараа Нийслэлийн Худалдан Авалтын газраас зарласан энэ тендерт им­портлогч долоон компанийн хамт орол­цож, хамгийн бага нэрлэсэн үнийг санал болгосон. Тэр ч утгаараа хөрөнгө оруулалтын өндөр шалгууртай, инноваци, технологи шингэсэн энэ автобус үйлдвэрлэлийн ажил улсад нэмүү өртөг үлдээж, ажлын байр бий болгох, долларын ханш тогтворжуулах гэх мэт олон эерэг нөлөөтэй, үндэсний язгуур эрх ашигт нийцсэн төсөл учраас тендерийг авчих байх гэж итгэж байсан. Гэтэл ...

-Яасан гэж?
-Нийслэлийн Засаг даргын А/597 тоот захирамжаар томилогдсон тендерийн хорооноос тендерийн бичиг баримт буюу даалгаврыг компаниудад өгөхдөө “Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан өгөх” оныг заасны дагуу “Экобус” компани нь аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлтээ өгснийг хангалтгүй гэж үзсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Тендерийн тухай хуулийн заалтыг зөрчсөн. Мөн тендерийн баримт бичигт заасны дагуу “Гэрээ дүгнэсэн актууд”-аа өгөөд байхад тухайн субъектын техникийн комиссын акт байхгүй байна гэсэн үндэслэл нь төрийн захиалгаар худалдан авалт хийх энэ тендерийг Монгол Улсад үйлд­вэрлэлийн шинэ салбар үүсгэн хөг­жүүлэхээр зүтгэж байгаа манай хамт олонд өгөхгүй байх шалтгаан биш, шал­таг болсон, мөн хууль эрх зүйн мар­гаан­тай асуудлыг дагуулсан тул зохих шатны байгууллагуудад хандах болно.

-Тэгэхээр төрийн амлалт, биелэлт  нь зөрдөг гэж та хэлэх гэж байна уу?
-Хувийн хэвшлийнхний татварын мөнгөөр бүрдсэн, энэ тендертэй холбоотой мөнгөн урсгалыг Монголдоо шингээх үйлдвэрлэл бий болгож, ажилтай, орлоготой монгол хүмүүсийн эгнээг өргөжүүлэх итгэл үнэмшил, сонирхолгүй, хуулийн заалтаа ч буруу тайлбарласан төрийн албан хаагчид байгаа үед үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх амлалт, биелэлт хоёр их л хол зөрөх юм шиг. Төр засгийн зүгээс Үйлдвэржилт хөгжүүлэх хөтөлбөр гаргаж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих талаар маш олон хууль эрх зүйн акт гаргасныг үл тоомсорлон, төр захиргааны байгууллагуудын хөгжлийн зорилго, удирдлагын нэгдмэл байдлыг үгүйсгэсэн дунд шатны дарга нарын энэ шийдвэр нь ядаж тендерийн хуулийн 28.7.3 заалтад байгаа хамгийн бага үнэтэй бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулах, 34.1.2-т заасан Монгол Улсын гарал үүсэлтэй, патентлагдсан бүтээгдэхүүнийг тендергүйгээр шууд худалдан авах заалт зэргийг зөрчсөн байна. Тендерийн хуулийн 50.1-д тендерийн хорооны гишүүн, төрийн албан хаагч нь төрийн эрх ашгийг дээдлэн ажиллана гэсэн заалт байдгийг мэддэггүй, мэдсэн ч гэсэн гадаадын импотлогч компаниудын лоббинд автсан байх магадлал  байна.

-Монголчуудын үйлдвэрлэж байгаа автобус, троллейбусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулж болохгүй, мөн Евро-4 хөдөлгүүр ажиллуулах түлш, шатахуун байхгүй гэсэн шүү дээ?
-2006 оноос хойш 100 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл угсран үйлдвэрлэж, үйлчилгээнд гаргаснаас хойш  ес жил гаруй ажиллаж, оруулсан хөрөнгө оруулалтаа гурван жилийн дотор нөхсөн тооцоог Аудитын байгууллагууд хийгээд байна. Автобус, троллейбус үйлдвэрлэх MNS5773:2007, MNS6224:2010, MNS6225:2010, MNS6310:2012 үндэсний стандартыг боловс­руулан төр захиргааны эрх бүхий байгууллагаар батлуулан, мөрдөн ажилладаг. Дэлхийн машин үйлдвэрлэгчдийн холбоонооос 2012 онд Монгол Улсад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэлд арлын дугаар тавих Дэлхийн машин үйлдвэрлэгч орны MU9......... ”VIN code” хэрэглэх эрхийг олгосон гээд ямар ч байсан шинэ салбар хөгжих гарааны эрх зүйн баримт гарсан.  JEA-800F дуобус, JEA-800D монбуснуудыг ашиглалтын депогийн бааз суурь дээр амжилттай угсарч үйлдвэрлэсэн тул Олон Улсын Цахилгаан Тээвэрчдийн Холбооноос шагнаж, анхны дуобусууд маань экспортод гарсныг олон нийт мэднэ. Технологийн өндөр шийдэлтэй цахилгаан тээврийн хэрэгслийн засвар, ашиглалтад 30 гаруй жил ажиллаж буй миний маш олон know how санаанууд хөрш орнуудад үйлдвэрлэл болоод явж байгаа.

-Гэхдээ манай инженерүүдийн үйлдвэрлэсэн автобусны хувьд зорчигчийн аюулгүй байдлыг хангах талаасаа хангалтгүй гэж нийтийн тээврийнхэн ярих юм билээ?
-Канад улсын Ванкувер хотод “New Energy Bus” төсөлд хамтран оролцох хүсэлт ч ирсэн. Миний бие эзэмшсэн мэргэжлээрээ олон жил ажиллахын зэрэгцээ Англи, ОХУ, БНХАУ, Герман, Япон, Солонгос, Чех зэрэг орны автобус, автомашин үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан ажиллаж, дадлага хийж явсан бөгөөд үйлдвэрлэсэн автобусаа хооронд нь мөргөлдүүлж туршдаг компани байдаггүй юм.
Дэлхийн машин үйлдвэрлэгчид зах зээлд өөрийн бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэх, тухайн улс оронд нь нэмүү өртөг үлдээх зорилгоор CKD, SKD хувилбараар үйлдвэрлэлийн угсралтын шугам оруулдаг хамтын ажиллагааны хэлбэр байдаг. Харин манай инженерүүд CAD/CAE, SOLID WORKS, INVENTOR программ дээр 3D, 2D зургуудаа гарган, ачааллын тооцоог 1 см2 талбай бүрт нь хийдэг давуу талаа үүсгэн технологийн бага хамааралд орох эхлэлийг тавьсан. Энд бүх зүйлийг ярих боломжгүй тул машин үйдвэрлэлтэй холбоотой техник технологи, стандарт, туршилт судалгаа, бүтээгдэхүүний чанар, эдийн засгийн үр ашиг гээд яривал маш том сэдвээр сонирхсон хүмүүст лекц, сургалт явуулж болно шүү.

-Шинжлэх ухаан технологийн эрчимтэй хөгжлийн энэ зууны алхаанд монголчууд яаж нэгдэх ёстой юм  бэ?
-Суурь аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж чадсан солонгосчуудаас туршлага судлах ёстой. Стратегийн чухал ач холбогдолтой энэ салбар улс орныхоо хэрэгцээн дээр түшиглэсэн, хөрвөх чадвар бүхий өндөр технологит аж үйлдвэрийн “А” салбар хөгжүүлэх хууль эрх зүй, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг эхний гурван жилийн дотор бий болгох ёстой. Ингэж хөгжлийнхөө нэгдүгээр шатанд туршлагажиж бэхжсэн компаниуд дээрээ түшиглэн экспорт руу чиглэсэн боловсруулах үйлдвэр, бүс нутгийн аж үйлдвэрийн салбарын интеграци руу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн технологи, аутсорсингоор нэгдэх зорилт тавин ажиллах ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан