Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын өр, төсвийн алдагдлын босгыг нэмэх нь


Төсвийн тодотголтой холбогдуулан өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад байсныг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцлээ. Уг төсөлд нь ДНБ-ий хоёр хувиас хэтрэх ёсгүй төсвийн алдагдал хийгээд 40 хувиас хэтрэх учиргүй улсын өрийн хэмжээ хоёулаа босгоо давчихаад байгааг хуульчлахаар тусгажээ.

ДНБ 2018 онд 30 их наядад дөхөх үү

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын танилцуулгад дурдсанаар энэ хууль үндсэндээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд ихээхэн хамаатай гэж ойлгож болно. 2012 онд байгуулагдсан Хөгжлийн банкнаас томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн. Гэвч тэр мөнгө нь улсын төсөвт тооцогддоггүй байсан юм. Тийм ч учраас Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болчихлоо гэж МАН-ынхан сөрөг хүчин байхдаа шүүмжлэх нь элбэг байлаа. Харин энэ удаагийн төсвийн тодотголоор Хөгжлийн банкинд харьяалагддаг мөнгийг улсын төсөвт оруулан тооцдог байх санал оруулж ирсэн. Учир нь, Хөгжлийн банкны зээллэг, санхүүжилтийн хариуцлага нь эцсийн дүндээ төрийн нуруун дээр буух нь тодорхой юм.

Өнөөдөр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал нь хуульд заасан ёсоор дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хоёр хувиас хэтрэхгүй байгаа. Харин тодотголд багтсан саналаар тооцвол нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2015 онд энэ жилийн ДНБ-ий таван хувьд хүрч буй юм. Гэхдээ үүнийг жилээс жилд нэг хувиар бууруулсаар 2018 онд эргээд хоёр хувьдаа хүргэж, алдаагаа засах боломжтой гэх тооцооллыг Сангийн яам боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, энэ жил таван хувь, ирэх жил дөрөв, 2017 онд гурван хувийн алдагдалтай байх аж.

Сайд Ж.Эрдэнэбат “Дээрх хугацаанд үндсэн төсвийн хувьд алдагдал хоёр хувийн тусгай шаардлага хангах бөгөөд зөвхөн Хөгжлийн банк болон бусдаар дамжин хэрэгжүүлэх, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний тухайн жилийн санхүүжилтийг төсөвт тусгахтай холбоотой зардлаар төсвийн тэнцэл өөрчлөгдөнө” гэж сануулсан. Энэ нь, Хөгжлийн банкны санхүүжилтийг оролцуулахгүйгээр тооцох улсын төсвийн алдагдал хоёр хувьдаа байна гэсэн санаа. Түүн дээр Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрийн алдагдал л нэмэгдэж, хэлбэлзэнэ гэдгийг хэлж буй юм.

Төсвийн тогтвортой байдлын тухай яриад эхлэхэд улсын өр гэдэг сэдэв зайлшгүй хөндөгдөнө. Хөгжлийн банкны их мөнгөний зарцуулалт нь улсын төсөвт шингэж байгаатай холбогдуулж өр ч өөрчлөгдсөн байгаа юм. Тодорхой хэлбэл, уг хуулийн 6.1.4-т заасан 40 хувийн босгоо даваад ДНБ-ий 58.4 хувьд хүрчихсэн. Үүнийг ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар өчигдөр ээлжит бус хуралдаанаараа авч хэлэлцээд УИХ-ын даргад өргөн барьсан байлаа. Нэгэнт өндрөө авчихсан өрийн таазыг энэ жил 60 хувиар батлаад, дараа дараагийн жилд шаталж буулгах “танил” гаргалгаа боловсруулж. Төсвийн алдагдалтай адилаар 60 хувиа ирэх жил 55, түүний дараа 50, 2018 оноос 40 хувьд нь эргүүлээд барьчихна гэж үзжээ.
Дээрх шаталсан бууралтуудад хүрэх арга зам нь Ч.Сайханбилэг сайдын тайлбарласнаас хол зөрөхгүй болов уу. Тэрээр, өмнөө тавьсан өрийн тааз гэдэг босгоо авчихвал эдийн засгийн том төслүүдээ үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Түүнийхээ хэрээр эдийн засаг идэвхжиж, мөнгөний орох урсгал нэмэгдэж, ДНБ-ий хэмжээ тэлнэ. Үндсэн хэмжээ нь тэлэхээр түүнээс тооцож буй төсвийн алдагдлын хувь, өрийн босгын хэмжээ арифметик утгаараа буурна гэж байсан юм. Тэгэхээр өнөөдөр 21 их наяд төгрөгтэй тэнцэж буй ДНБ маань 2018 онд 28.8 их наяд хүрч гэмээнэ одоогийн 55 хувьтай байгаа улсын өр 40 хувь болж, буурч харагдана гэсэн үг. Гэхдээ эрх баригчид өрийн нэмэгдлийг шилжилтийн гэж тодорхойлоод мөн л Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрийн өрийг оролцуулахгүйгээр улсын өр 40 хувьдаа байсаар байх болно хэмээн тайлбарлаж байгаа юм.

Засгийн газар урт хугацааны зээл л хөөцөлдөнө

Өчигдөр 14 цагт эхэлсэн парламентын чуулган дээрх хуулийн төслийг хэлэлцлээ. 64 гишүүний ирцтэй хуралдахад 79.9 хувийн саналаар өрийн босгыг ДНБ-ий 60 хувьд хүргэхийг дэмжсэн. Уг хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн 60 хувиар баталдаг юм. Төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувьд хүргэнэ гэвэл эдийн засгийн уналт үргэлжилнэ, тиймээс ДНБ-ий хоёр хувьд барьж байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өрийн талаар өөр зүйл яриад байх юм. МАН засагт орсон даруйдаа өр тавьчихсан юм уу. Эвсэл хуучин буруу тоо баримт хэлдэг байсан юм уу. Өрийн таазаа нэмээд зээл авсан тохиолдолд ямар салбарт оруулах гэж байгаа вэ. 1.5 тэрбум ам.доллар шиг бас нохойн замаар оруулах гэж байна уу. Үүнийгээ тайлбарлаач. УИХ-ын чуулган дээр Чингис бондын мөнгөний зарцуулалтыг ил тод ярих хэрэгтэй байна. Ийм боломж бий юу. Мөн Оюутолгой гэх мэт ашиггүй гэрээгээ эргэж харах хэрэгтэй. Чаддагаар нь хэдэн ээжүүд, хүүхдийнхээ хоолны мөнгийг хасаад байх уу. Өнөөдөр манай оронд зуун аж ахуйн нэгж төсвийн мөнгөнөөс болоод өрөнд орчихлоо. Банкны зээлээ төлж, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байна” гэж сануулсан юм. Түүний хариуд Засгийн газраас “МАН засагт орж ирэхдээ өр нэмнэ гэж зориогүй. Өр нэмэхгүй шүү гээд хамтарсан гэрээнд гарын үсэг зурсан. МАН засагт хамтраад нэгч төгрөгийн зээл нэмж аваагүй. Тусгасан байгаа зүйлдээ санхүүжүүлбэл 58.4 болно гэдгийг хэлсэн. Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хорооны дарга байсан хүн танд тайлбарлаад өгөх байх. Засгийн газар өр тавиад ийм болгосон зүйлгүй. Цаашдаа ч өр тавихгүй. Хэрвээ боломж гарч валютын ханш маань буугаад дээр нь таны хэлээд буй том төслүүдийг хөдөлгөж чадвал, өөр томоохон төслүүдээ ашиглалтад оруулах боломж гарч ирвэл, эргэн төлөх чадвартай болчихвол Засгийн газраас албан ёсоор ийм зүйл хийхийн тулд зэх зээлээс тийм хэмжээний мөнгө босгох боломжтой байна гэж хэлж магадгүй. “Чингис” бонд, “Самурай” бонд хоёроор Засгийн газрын авсан өр хаагдсан” гэж тайлбарлалаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Засгийн газар нэмж зээл авахгүй гэвэл энэ төслийг хэлэлцэж болно” хэмээсэн. Тэд өрийн хэмжээ ДНБ-ий 58.4 хувьд хүрчихээд байгааг одоо хүлээн зөвшөөрөөд цаашид нэмэгдүүлэхгүй байх, үе шаттайгаар бууруулаад явах нь зүйтэй гэж хэлсэн.

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, “Өнөөдөр хүрчихээд байгаа өрийн хязгаар бол өнөөдрийнх юм. Гэхдээ бид ганц өнөөдрөөр амьдарч болохгүй. Эдийн засаг хүндэрсэн энэ нөхцөл байдлаас гарах нь ганц намын, Ерөнхий сайдын асуудал биш. Өнөөдөр хүрчихээд байгаа өрийн хэмжээг тогтоож барих нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэнэ. Гэхдээ маргааш гэдэг өдөр ирэхийг бас бодолцох нь зүйтэй. Одоо Засгийн газар богино хугацааны арилжааны зээл авахгүй. 10-40 жилийн, урт хугацааны зээлийн асуудал тавьж, УИХ дээр ярьж шийднэ. Хувийн хэвшлийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийх шийдэлд хүрсэн тохиолдолд Засгийн газар баталгаа гаргахаас өөр аргагүй гэж байлаа. Шийдлийн Засгийн газар цаашдаа хаанаас, хэчнээн хэмжээний зээл авсан тухай, түүнийгээ чухам юунд зарцуулсан талаар УИХ дахь намын бүлгүүд, бие даагч гишүүдэд хүргэхээр болсон тухайгаа дуулгасан юм.

Ингээд уг асуудлыг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дашрамд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хууль болоод бусад хуультай зөрчилдөөгүй, дангаараа өөрчлөгдөж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан