Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зоосоор далласан дайсан

Солонгосын “Fungi and Plants” компани өнгөрсөн онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд  хор уршиг дагуулж болохуйц амьд организм агуулсан тосны ургамал тариалсан хэрэг гарсан. Хэдийгээр сумын Засаг даргаас зөвшөөрөл авсан гэсэн ч энэ төрлийн туршилт хийх эрх өгдөг холбогдох байгууллагаас аваагүй нь ХХААХҮЯ болон бусад байгууллагын удирдлагыг олны өмнө чичлүүлэхэд хүргэсэн. Үнэндээ 1.564.116 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хувьд нягтралаараа нэг хүнд 1.76 километр газар ногддог болохоор  сул чөлөөтэй газар үгүй хөгжингүй орнуудын арааны шүлсийг хүргэдэг хэрэг. Учир нь, рапс буюу тосны ургамал нь хөрс голдоггүй бөгөөд хамгийн ашигтай, хурдан хөрөнгөжих боломжтой бизнес. Зөвхөн Орост гэхэд өнөөдөр нэг тонн рапс 12 мянган рублийн үнэтэй байгаа бөгөөд энэ нь манайхаар 480.000 төгрөг гэсэн үг. Дэлхийн зах зээлд ч гэсэн нэг тн рапсын үнэ өсч буй нь манайд энэ төрлийн ургамлын тариалалт нэмэгдэхэд хүргэжээ.

Нөгөөтэйгүүр, манай урд хөрш рапс тариалахыг хориглосон нь дарин дээр давс гэгчээр манай газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул аймаг цаашлаад Булган, Хэнтий гээд хаа сайгүй тариалахад ташуур өгсөн хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг. Бахим өндөр ногоон иштэй, нимгэхэн шар цэцэгтэй тосны энэ ургамлыг тариалах нь эдийн засгийн хувьд ашигтай ч экологи талаасаа хамгийн хортой гэдэг. Угтаа рапс нь хөрсний үржил шимийг өөртөө шингээдэг тул тариалсан талбайгаа хэдэн жилдээ ашиглах боломжгүй болгодог. Рапс нь усалгаагүй нөхцөлд га-гаас 40-50 центнер ургац өгдөг төдийгүй зөвхөн үрийн ургац нэг га-гаас 8-10 центнер авдаг байна. Түүнчлэн нэг тонн рапсаас 300 орчим килограмм тос гардаг учраас энэ төрлийн бизнес руу хошуурах болжээ.

ХХААХҮЯ-ны мэдээллээр өнгөр­сөн жил хамгийн дээд тал нь 7000-8000 га-д л рапс тарьж байсан бол энэ жил ч гэсэн энэ тоогоо барина гэ­жээ. 1980-аад оны үед тэжээлийн зориу­лал­таар сэлгээгээр тариалж байсан эл ургамлын тариалалт ихсэж буйд суд­­лаач нар санаа зовнин "Улаан буу­дайн үнэ дэлхийн зах зээлд өсөх нь тодорхой учраас ахиухан тариалж нөөц­тэй болох хэрэгтэй. Эсвэл энэ тариалж буй рапсын татварыг нэмэгдүүлж, олсон орлогоороо улаан буудайгаа нөөцлөх нь зүйтэй" гэж зөвлөж байсан. Гэвч эл саналыг хүлээж авах нь бүү хэл чихнийхээ хажуугаар өнгөрүүлснээр буудайн үнэ хадаж, рапс хэмээгч тосны ургамлын тариалалт ч гэсэн нэмэгдсэн гэж тариаланчид ярьдаг. Тэр дундаа хятадууд ийм ургамал их тариалдаг гэх нь бий. Энэ яриа хэр үндэслэлтэй болохыг ХХААХҮЯ-ны Техник, үйлчилгээ, үтрэм агуулахын аж ахуй хариуцсан мэргэжилтэн М.Ариунболдоос тодруулахад ”Хэрвээ ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж бусдад газраа ашиглуулах бол тухайн харьяаны Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Энэ жил рапс тариална хэмээн мэдүүлсэн аж ахуй нэгжүүд дандаа үндэснийх. Хятад компани байхгүй. Хятадууд ч тэгж дураараа тариалаад байгаа юм байхгүй. Харин хөрөнгө оруулагч нь урд хөршийн нөхөд байгаа байх. Гол нь, газрын төлөв байдлыг алдагдуулахгүйн тулд технологи барь гэж шаардлага тавьдаг. МХЕГ, Газрын алба, манайхаас таван жил тутамд газрын нарийвчилсан үнэлгээ хийдэг” гэв.

Олны үг ортой гэдэг. Үнэхээр тех­но­логио барьдаг эсэхийг яаж мэдэх, ямар хариуцлага тооцдгийг асуувал ”Тос­ны ургамал тариалсан газрыг да­хин ашиглах боломжгүй гэдэг шал худлаа. Тариалах, хураахдаа техно­ло­гийн алдаа гаргавал үр нь шар будаа шиг жижигхэн учраас зэрлэг ургамал болоод дахиад ургах гээд байдаг. Технологио зөв бариагүйгээс газраа ашиглах боломжгүй болсон хүмүүс л ийм яриа гаргасан байх. Хэрвээ рапс тариалсан газрыг дахин ашиглах боломжгүй байдаг бол дэлхий нийтээрээ тарихгүй биз дээ. Ургамлын тос ч гэж худалдаанд гарахгүй байсан” хэмээв.


Өнөөдөр Монгол Улс газар тариа­лан­гийн 600 мянга га газрыг эргэлтэд оруулж байгаа. Технологиороо тариа­лангийн газрыг байнга эргэлтэд оруулж, бүрэн дүүрэн ашиглаж байх ёс­той гэнэ. Өөрөөр хэлбэл, сэлгээний таримал буюу тос, тэжээлийн ургамал тарина гэсэн үг. Тосны ургамал буюу рапсын хувьд аль ч улс орон нийт талбайныхаа 20 хувиас хэтрүүлэхгүй сэлгээнд оруулан тарьдаг. Манай улс ч гэсэн энэ журмыг мөрддөг гэнэ. Жишээ нь, 330 мянга га газрын 20 хувь гэхээр 60 мянган га газарт рапс тариалсан бол таван жилийн дараа л тариалах журамтай гэнэ. Улс  газар тариалангийнхаа 20 хувьд нь рапс тариаллаа гэхэд дураараа тариалагчдад ямар хариуцлага ногдуулдаг юм бол. Энэ талаар түүнээс лавлавал ”Хэнд ч рапс тариалах эрх нь нээлттэй. Гол нь, технологио мөрдөх ёстой. Одоогоор дураараа тарьсан гээд торгуулсан хүн, аж ахуй нэгж байхгүй. Хэрвээ тийм тохиолдол байвал мэдэгд. Бид торгуулах болно” хэмээв.

Угтаа салбарын яам нь хэн, хаана, юу тарьж байгааг МХЕГ-тай хамтран хянаж шалгаж явмаар. Болохгүй бол, хууль хяналтынхантай нөхөрлөсөн ч яахав дээ. Нэгэнтээ л улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэж яваа хойно дураараа аашлагчдаар эх орныхоо хөрсийг сэндийлүүлмээргүй л байна даа. Тэртэй тэргүй алтны мангасуудаар сэндийчүүлээд дуусч буй Монголын тал нутаг тосны ургамалд нэрвэгдэх учир­тай гэж үү.  Тэгээд ч хэдэн га-гаар нь тосны ургамал тариаллаа гээд үр шимийг нь хүртэж байгаа гэдэг юу л бол. Экспортод хэдий хэрийн тн рапс гаргаж байгааг Гаалийн ерөнхий газ­раас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй. Дотоодынхоо хэ­рэг­­цээг хангах гэж тариалдаг бол бас нэг өөр. Саяхан Дарханд жилдээ 30.000 тн тос дотооддоо үйлдвэрлэх хүчин чадалтай, рапсыг боловсруулах үйлдвэр байгуулагдсан гэсэн. Бүтээгдэхүүнээ ч зах зээлд нийлүүлээд эхэлжээ. Гэвч манай дотоодод тариалж буй тосны ургамал эл үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Энэ талаар анхаарч ажиллаж байгаа гэж албаныхан хэлж байна лээ. Хэлэх ч яахав. Хуулийг гууль болгогчдод бөөн далим болж, үйлдвэрийн түүхий эд бэлтгэх нэрийн доор илүү том хэмжээний газарт тариалах вий. Жорынхоо тунг л тааруулах хэрэгтэй юм  шүү ХХААХҮЯ-ынхан…

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан