Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюу Толгой” орон нутгийн иргэдтэй ямар асуудлаар хэлэлцээрт орох вэ


Үндэстэн дамнасан “Рио Тинто” корпорацын чухал хөрөнгө оруулалт хийсэн газар нь Монгол Улс гэж одоогоос хагас жилийн өмнө шахуу “ИндастриОЛЛ” холбоо мэдэгдэж байв. Өнгөрсөн оны аравдугаар сард тус холбоо Монголд том хэмжээний уулзалт зохион байгуулж, “Рио Тинто” корпорацын олон улсын хэмжээнд явуулж буй үйл ажиллагаанд ажилчдын эрх ашиг зөрчигдөж, байгууллагын зүгээс зүй бусаар авирлаж байгаа явдлыг таслан зогсоох компанит ажил эхлүүлж, мөн эрчимжүүлж байгаагаа зарласан. Гэхдээ өнөөдрийн байдлаар 140 улсын 50 сая ажилчдыг төлөөлдөг Олон улсын үйлдвэрчний эвлэлийн тус холбоо Монголын “Оюу Толгой” төслийн үйлдвэрчний эвлэлтэй нэгдсэнээр Уул уурхайн салбарт хүчтэй нөлөө учруулж чадсангүй. Юутай ч, тэдний зүгээс дэвшүүлсэн зарим нэг асуудлууд сөхөгдөж эхэлсэн талаар эх сурвалж хэллээ.

“Оюу Толгой” гурван талт хэлэлцээрт орно

Ирэх хоёрдугаар сарын 5,6-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн нийтийн хурал болох гэж байна. Энэхүү хуралд уул уурхайн компаниудын үйл ажиллагааны эсрэг зогсдог орон нутгийн харьяаллын төрийн бус болон сайн дураараа нэгдсэн иргэдийн холбоод дуу хоолойгоо хүчтэй хүргэхээр зэхжээ.

Тэд хурлаар Уул уурхайн үйл ажиллагааны улмаас тулгарч буй асуудлуудыг ярилцаж, тэдгээртэй холбоотой гомдол, асуудлыг шийдэх механизм боловсруулах боломжтой хэмээн найдаж онцгой анхаарал хандуулж байна. Учир нь нийтийн хурлын орон нутгийн Засаг захиргаа, “Оюу Толгой”, малчдын төлөөлөл гэсэн гурван тал хэлэлцээрт орох бөгөөд аман тохиролцоогоор бус гурван талын төлөөлөгчдийн гарын үсгээр асуудал шийдвэрлэж эцсийн цэг тавина гэсэн тохиролцоонд хүрээд байгаа аж. Тиймээс тэдний дэвшүүлэх болоод “Оюу Толгой” төслийн хүрээнд ажилчдын, малчдын эрх ашиг, орон нутгийн уугуул, суугуул иргэдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа талаар холбоодын байр суурийг сийрүүлье. Доорх асуудлууд гурван талт хэлэлцээрийн үеэр дурдагдах юм. Нэн түрүүнд тэд, уул уурхайн улмаас сүйтгэгдсэн орчинд амьдарч байгаа буюу хамгийн их хохирол амсч буй орон нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөхөөр болжээ.
 
Нэг. Олддоггүй ажлын байр болоод “хонгилын ёроолд” шидсэн хоёр ширхэг алим

(“4.11. Хөрөнгө оруулагч нь Өмнийн говийн бүсийн, ялангуяа Өмнөговь аймгийн иргэдийг сургах, ажлын байраар хангах, ажиллуулахад тэргүүн ээлжинд анхаарна”) Хөрөнгө оруулалтын гэрээ болон Ашигт малтмалын хууль аль алинд нь орон нутгийн иргэдэд хөдөлмөрлөх боломж олгоход хамаарах ганцхан заалт нь энэ.

Өмнөговь аймгийн Хан­богд сумын газар нутагт “Оюу толгой” төсөл хэрэгжүүлэх болсноор уул уурхайн шууд нөлөөлөлд амьдрах болсон иргэд нь тус бүс нутгийнхан болж хувирсан. Хэдийгээр төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч орон нутгийн иргэд болоод “Оюу толгой” хооронд дээрх хуулийн заалт тус бүр харилцан хамааралгүй байх нь ихэссэн гэж “Говийн газар шороо” ТББ өөрсдийн санал асуулгын дүнд тулгуурлан мэдээлж байна. Тухайлбал, нутгийн иргэд “Оюу толгой” төсөлд ажиллахдаа ихэвчлэн туслан гүйцэтгэх компаниудад бага болон мэргэжил шаардахгүй туслах ажлын байранд ажилладаг, шаардлага хэт өндөр зэргийг тодотгожээ. Энэ нь бодит байдал дээр илрэхдээ “Оюу толгой” нээлттэй ажлын байр зарлахдаа орон нутгаас өрсөлдөхөд, шалгарч хүчрэхгүй болзол тавьдаг гэнэ. Жишээлбэл, галч, манаачийн ажлын байрны шаардлагад англи хэлний мэдлэг, компьютер дээр ажиллах чадвар шаарддаг бол, цахилгаанчинд хүйс зааж насны хязгаар тавьдаг зэргээр илэрдэг байна. Ийм нөхцөлд “…ажлын байраар хангах, ажиллуулахад тэргүүн ээлжид анхаарна” гэсэн хуулийн заалт хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаа юм. Харин ажлын байрны аюулгүй ажиллагааны хувьд мөн л шүүмжлэл дагуулсан учраас хэлэлцэх ёстой гэж орон нутгийнхан үзлээ. Тэд аюулгүй ажиллагаа гэж баахан сургалт явуулдаг ч нормын хувцас нь угаасаар агшиж багадсан, бие барьсан байтал сольдоггүй, шаардлага тавихад зардлаа хэмнэх ёстой гэж ам тагладаг талаар учирлаж байна.

Түүнчлэн орон нутгаас “Оюу толгой” төсөлд ажиллаж байгаа ажиллагсад өглөөний цай, оройн хоолны нормд хамрагддаггүй учраас зарим нь өглөө идэх хүнсээ гэрээсээ авч явдаг байна. Ингэлээ ч кемп /camp/-ийн үүдэнд хамгаалалтын ажилтнууд зарим нэг журмын дагуу хурааж авдаг учраас өдрийн цай хүртэл (ажлын автобус үүрийн дөрвөн цагт хөдлөхөөс эхлээд) хоолгүй тэсэх шаардлага гардаг нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй гэнэ. Тиймээс “өдрийн хоолонд өгдөг таваг хоолонд цаддаггүй” гэж орон нутгийн иргэд ярих болж. Мөн сайт (ажлын байрны нэршил) дээр байрлаж зардал гаргахгүй байгаа тэд “Голдуу л агшаасан будаа, шарсан төмс, хоёр ширхэг алим байдаг. Үнэхээр цаддаггүй” гэснээр бодит цөхөрлөө өөрчлөх цаг болсон гэж үзлээ.

Хоёр. Гомдоллох эрхийг хаасан гэрээний нууцлал

Нөхөн олговрын гэрээгээр “Оюу толгой”-гоос ажлын байраар хангагдсан малчдын хөдөлмөрийн асуудлууд сэдвийн хүрээнд бүлэг ярилцлагад орсон малчдын ярианы үр дүнг энгийн нэг хүүрнэл болгон бичвэл дараах байдлаар уншигдах нь.  
“Бид 45 км донсолгоо ихтэй шороон замаар 40 минутаас нэг цаг явж ажлын байрандаа хүрдэг. Энэ шороон замаар олон жил ажилчдыг тээвэрлэх явдал нь хором ч амсхийлгүй (машин амраахгүй ажиллах зарчим) ажиллуулж байгаа байдал зэрэг нь ажилчдын эрүүл мэндэд ноцтой сөргөөр нөлөөлснийг 40 нас ч хүрээгүй хоёр залуу ажилтан бөөрний өвчнөөр нас барсан болон зөөврийн ажилчдын үр зулбалт зэргээр нотолж болно. Шөнийн дөрвөн цагаас оройн 19.30-20.30 хүртэлх цагийг бид ажилдаа зарцуулдаг. Үүний (шөнийн дөрвөн цагаас хойш) 12-13 цагт л цалин бодож, тооцдог. Гэтэл Улаанбаатараас нислэгээр ирдэг ахлах ажилчдын нислэгийн цаг ажилласанд тооцогддог. Бид цалингийн асуудлаар компаниас хараат бус хуульчид хандах бол гэрээний нууцлал  задруулсан асуудлаар хариуцлага хүлээлгэх журам байдаг...” гэсэн гомдол хөвөрнө. Ингээд гэрээний нууцлал гэдгийг нь харвал, гэрээний агуулгыг сонирхсон хүмүүс түүний тухай компанид мэдээлэх хүртэл чанад нууцалдаг хатуу заалттай юм байна. Үүнээс болоод бусдад цалин хөлсний талаар мэдэгдэж, гэрээг уншуулж хөндлөнгийн хуульчаас заавар зөвлөгөө авах, эрхээ хамгаалах боломжгүй нөхцөлд компанид хөдөлмөрөө мөлжүүлж байна гэж орон нутгийн иргэд үзэж байгаа юм.

Наад зах нь энэ асуудлын хүрээнд компани дотроо асуудал дэвшүүлэн уламжлахаар бол хэнд, хаана хандаж гомдол гаргах нь хэцүү байдаг аж. Ингээд ямар ч асуудал уламжилсан “орон нутгийнхан хоолны хэрүүл хийдэг” гэсэн хариулт сонсдог байна.  Харин компанийн “Speak Out” гэх гомдол хүлээн авдаг утас, саналын хайрцаг, и-мэйл хаяг зэргээр гомдлоо дамжуулбал хүний нөөцийн ажилчин, тухайн хэлтсийн дарга нар гомдол гаргасан асуудлаар уулзаж яг хэн энэ гомдлыг зохион байгуулсан, хэн бусдыг манлайлсан зэргээр хардаж сэрдэн, олж мэдвэл ажлаас халдаг тухай орон нутгийн иргэд ярьж.

Тиймээс одоо үүсээд байгаа болон цаашид үүсэх олон асуудлыг хууль, эрхзүйн хү­рээнд зохицуулахын тулд ирэх сарын 5,6-нд болох гур­ван талт хэлэлцээрийн үеэр Ашигт малтмалын ту­хай хуулийн 44.1-т “Тусгай зөв­шөөрөл эзэмшигч нь зохих хууль тогтоомжийн дагуу уурхайд ажиллагсдын хөдөл­мөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл болон тухайн сум, дүүр­гийн иргэдийн аюул­гүй байдлыг хангах талаар тодор­хой үйл ажил­ла­гаа явуулна” гэсэн заалтын хэрэг­­жилтийг сайж­руу­лах зорилгоор дээрх зөрч­лүү­­дийг арилгах үүрэг ам­лалт авахуулж, гарын үсгээр баталгаажуулах нэн түрүү­ний зорилт тавиад байна. Мөн дээр дурдагдсан хө­дөл­мөрийн гэрээний нөх­цөлийг нээлттэй, хоёр тал хэ­лэлцэн тохирдог нийтлэг стандартад нийцүүлэх, орон нутгийн, ялангуяа малчдад хөдөлмөрийн харилцааны тухай сургалт, мэдлэг олгох ажлыг тогтмол хийж байх талаар тохиролцоонд хүрэхээр ажиллах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан