Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

200 сая ам.доллараар хоёр иргэнээ аврахыг санал болголоо


Исламын улс бүлэглэлийнхэн Японы хоёр иргэнийг барьцаалж, Засгийн газраас нь 200 сая ам.доллар өгөхийг шаардлаа. Хэрэв Японы тал 72 цагийн дотор энэ мөнгийг өгөхгүй бол тэднийг хөнөөнө гэдгээ Исламын улс бүлэглэлийнхэн урьдын адил дүрс бичлэгээр олон нийтэд мэдэгдэв.

Өмнө нь, АНУ, Их Британи зэрэг барууны холбоотон орнуудын иргэдийг барьцаалан хөнөөж байсан Исламын улсын хэт даврагчид энэ удаа Японы жуулчдыг барьцаалсан нь олон улсыг цочирдуулаад байна. Мягмар гарагт олон нийтэд цацсан дүрс бичлэгт Исламын улс бүлэглэлийнхэн Япон улсыг АНУ тэргүүтэй эвслийн Сири, Иракт явуулж буй агаарын довтолгооныг дэмжсэн гэж буруутгасан байна.  Ойрхи Дорнодод зочилж буй Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн айлчлалтай давхцуулан түүнд хаягласан дүрс бичлэгтээ “Хэдий та нар Исламын улсаас 8500 километрийн алсад амьдарч байгаа ч бидний эсрэг дайнд сайн дураараа оролцсон” хэмээн буруутгажээ.

Исламын улс бүлэглэлийнхний гарт ороод байгаа хоёр иргэнийг Кенжи Гото Жого, Харуна Юкава хэмээн тогтоогоод байна. “Киодо” агентлагийн мэдээлж буйгаар 42 настай Харуна Юкава өнгөрсөн наймдугаар сард Сирид тус улсын босогчидтой хамт аялж явахдаа Исламын улс бүлэглэлийнхэнд баригдсан бололтой. Японы Засгийн газар хоёр иргэнээ эсэн мэнд суллажавахаар бололцоотой бүхий л арга хэмжээг авч, Исламын улстай  холбоотой янз бүрийн бүлэглэлтэй холбоо тогтоож, мэдээлэл авахаар хөөцөлдөж байгаа гэнэ.

Исламын улс бүлэглэлийнхэн өнгөрсөн наймдугаар сараас эхлэн барууны хэд хэдэн иргэнийг барьцаалан, тэдний толгойг авч буй харгис бичлэгээ дэлхий даяар цацаж эхэлсэн. Тэд АНУ-ын сэтгүүлч Жэймс Фоли, Стивен Сотлофф, Британийн хүмүүнлэгийн ажилтан Дэвид Хэйнес, мөн тус улсын иргэн, таксины жолооч Алан Хеннинг, АНУ-ын тусламжийн ажилтан Петер Кассиг нарыг хөнөөгөөд байгаа. Харгис балмад бичлэгээрээ дэлхий нийтийг цочирдуулж буй тус бүлэглэлийн Сири, Иракт эзлээд буй газар нутаг руу АНУ тэргүүтэй зарим орон өнгөрсөн есдүгээр сараас агаарын довтолгоо хийж эхэлсэн. АНУ-ын холбоотон Японы хувьд Үндсэн хуулиараа зөвхөн өөрийгөө хамгаалахад цэрэг армиа ашиглана хэмээн заасны дагуу дээрх агаарын довтолгоонд оролцоогүй юм. Гэхдээ Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн ням гарагт Кайр хотод айлчлах үеэрээ Исламын улс бүлэглэлийнхний эсрэг тэмцэж буй орнуудад 200 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн нь террористуудын гэдэнг хөдөлгөсөн бололтой. Ш.Абегийн амласан 200 сая ам.доллараар хоёр иргэнийх нь амийг солих санал тавилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан