Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Нямжав: Бидний бурхан гэж ойлгодог зүйл нь хүн өөрөө


Бакула Ренбүүчийн “Бэтүб” хийдийн лам Б.Нямжав гуай бурханы шашны сургаал номлол хийгээд өнөөгийн нийгэм, ард иргэдийн амьдралын тухай өөрийн үзэл бодлыг уншигчидтай маань хуваалцахыг хүслээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулах нь зөв болов уу?
-Би Бакула Ренбүүчийн “Бэтүб” хийдэд суудаг жирийн л нэг лам хүн. Шашны дээд сургууль төгсч хийдэд суух болсоор арван жил болж байна. Юуны учир танай сонинд хандсан бэ гэхээр энэ нийгмийн эд эс болохын хувьд өөрт бодогдож явдаг зүйлээ өрөөлд нэг удаа ч болов хүргэхийг хүссэн юм.

-Юун тухай билээ?
-Өнөөгийн нийгэм, улс орны байдлыг хараад байхад нөгөө цөвүүн цаг гээч нь ирсэн мэт санагдах юм. Төр түмэн үймж, хөл толгой нь мэдэгдэхгүй болчихоод байхад бид ёстой л сүх далайтал үхэр амар гэгчээр өнөө маргаашаа аргацааж сууна. Дээр нь энэ улс орны ирээдүй, үлдэж хоцрох хойч үедээ өчүүхэн сэтгэлээ чилээсэн хэрэг. Нуулгүй хэлэхэд монголчууд бид мунхарлын үед орчихоод байна. Угтаа монгол хүний оюуны чадамж гэж аугаа зүйл бий. Энэ оршин буй нутаг ус, эрс тэс уур амьсгал, нүүдлийн соёл, өвгөдийн ухаан биднийг бусдаас өөр, амьдрах чадвар чадамжаар хавьгүй илүү болгож хүмүүжүүлсэн хэрэг. Тиймээс биднийг жаахан л зөв залаад өгөхөд дэлхийн дайдад хүрч хөгжиж, хүчирхэгжиж чадах хүмүүс. Бодит боломжоо ашиглаж чадахгүй өдийг хүртэл мунхарч, төөрөгдсөөр ирлээ.

-Танд мунхрал, төөрөгд­лөөс гарах арга ухаан байгаа учир ярилцлага өгөхийг хүссэн хэрэг үү?
-Миний л бодол юм. Над мэт ингэж яривал төрийн төлөө оготно боож үхнэ гээч болж байгаа мэт санагдах байх л даа. Гэвч монголчууд өнөөг хүртэл дээдэлж ирсэн бурхны шашин, номлол сургаалиа бага багаар гээж байна. Энэ нь итгэл үнэмшлээ гээж байгаа хэрэг. Бурхны сургаал гэдэг угтаа хүний сэтгэлийг төвшитгөж, зөв зүгт залдаг номлол. Гэтэл бид зөвхөн шашин гэлтгүй юм бүхэнд итгэхээ байж. Үл итгэх байдал биднийг хагаралдуулж, талцуулж улмаар дайсан болгодог. Өнөөдөр талбай дээр лоозон бариад идэр есөөр жагсч байгаа хүмүүс төрийн түшээддээ үл итгэж буйн шинж. Төр нь ч төр шиг түмэн олноо удирдан чиглүүлээд явж чадахаа байлаа. Энэ бүх эмх замбараагаа алдсан үймээнийг бурхны сургаал л цэгцэлж чадна.

-Сонирхолтой л юм. Төрийн үйл хэрэгт шашин хэрхэн нөлөөлнө гэж?
-Ер нь бол төр, шашин хоёрыг монголчууд алганы ар, өвөр хоёр шиг авч үзсээр ирсэн. Богд хааны үед ч шашин, төрийг хослон баригч хэмээдэг байсан биз. Чингис хаан ч шашин, төр хоёрыг эн тэнцүү авч үздэг байсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр заавал сайд дарга нарыг шашин шүт гээд байгаа хэрэг биш. Зүгээр л бурхны сургаал номлолоор сэтгэлээ засч ав л гээд байгаа юм. Зөв хүний үйлдэл зөв л байдаг. Эх орны эрх ашгийг хувийн ашиг сонирхлоосоо дээгүүрт авч үздэг хүн зөв л хүн байх учиртай. Гэтэл өнөөдөр ил далд эх орноо худалдаж байгаа нь олон байна. Ханаж цадахаа умартан хагартлаа идэж идчихээд цэвэрхэн шиг хил дамнаад алга болчихдог. Гэтэл эгэл ард ийм хүлцэнгүй байгаа нь сонин байгаа биз. Учир нь хүн амын олонхийг бүрдүүлдэг залуус мөнөөх мунхралд хэт автчихаад байна. Архидан согтуурч, цагийг үр бүтээлгүй дэлгэц шагайж өнгөрөөх нь их байна. Энэ зуурдын жаргалдаа сатаарч улс гэр нь хэрхэн самуурч байгааг ч анзаараахаа байж. Би энэ үгээрээ хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү хүн бүр өөр өөрийн сэтгэлийг зөв, цэвэр ариун байлгахад хичээх хэрэгтэй байна. Сэтгэл зөв байваас бусад нь аяндаа болно. Сэтгэлээ төвшитгөж, нүглээс ангид, цэвэр ариун байлгахад бурхны сургаал л тусална. Гэвч бурхны шашныг бизнес, мөнгө олох хэрэглүүр болгох нь их болж дээ.

-Таныхаар шашин шүтлэг гэж юу вэ?
-Ерөөсөө л итгэлийн тухай асуудал юм. Бидний бурхан гэж ойлгодог тэр зүйл нь угтаа хүн өөрөө юм даа. Сэтгэлээ захирч, муу муухайгаас ангид байлгаж чадсан хүн гэгээрэх зам мөрд орж байгаа хэрэг. Бурхны шашин үүнийг л номлодог. Энэрч нигүүлсэх ухаанд сургах нэг ёсны хичээл юм л даа. Товчхондоо, бурханы сургаал бол хүмүүний сэтгэлийг судалдаг шинжлэх ухаан.

-Та дээр хэлэхдээ шашныг бизнес, мөнгө олох хэрэгсэл болгочихлоо гэсэн. Гэвч өнөөгийн зах зээлийн нийгмийг мөнгө төгрөгөөс ангид авч үзэхэд хэцүү болсон санагдах юм?
-Уг нь, тийм биш л дээ. Хүнд гурван гэм, дайсан байна. Шунал, хүсэл тачаал мөн уур гэгч гурван дайсан бий. Энэ нь бүх л хүнд байдаг нэг ёсны байгалийн өгөгдөл. Энэ гурван дайснаа л дарж, номхруулж чадвал шашин бизнес болох ёс байхгүй. Алив атаа жөтөө, мөргөлдөөний шалтаг шалтгаан болох ёсгүй. Зурагт харж суухнээ шашны мөргөлдөөн боллоо, хүн ард үхэж үрэгдлээ л гэдэг. Угтаа шашнаас болж зэвсэг агсан тэрсэлдээд буй хүмүүс сэтгэлдээ бус шунал тачаал, уур хилэндээ л захирагдсаны шинж.
Бидний үед сэтгэл судлалыг нийгмийн аль ч салбарынхан үзэж судалдаг байлаа. Сэтгэл судлалд дөрвөн темперамент байдаг гэдэг бол бурхны сургаалд 84 мянган сэтгэл байна гэж үзсэн байгаа юм. 84 мянган буяны сэтгэл мөн 84 мянган нүглийн сэтгэл байна. Бурхан багш  84 мянган нүглийн сэтгэлээ зургаан жил бясалгаж дарж чадсан. Нэг ёсны сэтгэлээ ариутгасан хэрэг. Нүглийн сэтгэлээ арилгамагц мөнөөх 84 мянган буяны сэтгэл нь үлдэнэ биз.

-Зарим шашны номлол бусад шашнаа үгүйсгэж, өөрийн шашныг дөвийлгөх хандлагатай байдаг. Бурхны шашинт хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Шашин шүтэх, эс шүтэх нь хүний хувийн хэрэг. Гэвч дээр хэлсэнчлэн хүн гэгч итгэлээс ангид оршиж эс чадах сул дорой амьтан болохоор зайлшгүй нэг шүтэх зүйлтэй байдаг. Үеийн үед тийм байсан. Харанхуй мунхгаар шүтэх нэг нь байхад сэтгэлийн дуудлагаараа сүсэглэх нь ч байна. Миний бодлоор зарим шашны номлогч манай шашныг шүт, миний бурхан анхдагч, цор ганц гэж тулган шаардах нь байдаг. Харин бурхны шашинд хэн анхдагч байх чухал биш. Тиймдээ ч бусдыг хүлцэнгүй хүлээн авч чаддаг.

0 Сэтгэгдэл
hun uuruu burhanii mun chanartai, harin tuuniigee uursduu bid dorduuldag. Tuunees hen negen sahaltai urt ustei etgeed bidniig hiij buteesen yum bish.
Unen helsen baina bid orsdoo burhan baij chadna ene bol hun bidnii oyn uhaan
hun gedeg chin setgeliin amtan
бэтүб хаана байдгын
сайхан ярилцлага байна.
Odoo tgd chi Burhan uu tee. Tamruugaa tonil yogzor mini. Uxseniihee daraa chi ooriigoo yu bsniig olj medeh bolno matar aa
Хамгийн их уншсан