Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Алтанцэцэг: Төрд биднийг дайчлах эрх нь байгаа шүү дээ


“Хоржимиза” буюу Монгол төөнө засал эмнэлгийн их эмч Доолиохүүгийн Алтанцэцэгтэй ярилцлаа. Д.Алтанцэцэг эмч эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа 17 жил хувийн хэвшлийн эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө зүтгэжээ. Эрүүл мэндийн салбарын өнөөдөр хийгээд өнгөрсний талаар бидэнд ярилцах зүйл их байлаа. Гэсэн ч энэ удаад эрүүл мэндийн даатгалын системийг илүүтэй хөндөж ярилцсан юм.

-Танайхыг уламжлалт эмнэлэг гэж бодтол европ эмчилгээг хос­­луулан хийдэг юм байна. Эм­нэл­гийнхээ талаар эхлээд танилцуулаач?
-1999 оноос 15 ортойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Манай эмнэлгийн ойр орчим өндөр настан ихтэй. Тэгэхээр хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн маань 70 хувь нь өндөр настан. Хавсарсан өвчин ихтэй хүмүүс гэсэн үг. Аль болох тэр бүх өвчнийг нь ямар нэг хэмжээгээр эмчлэхийг хичээдэг. Хэрвээ ганцхан европ эмчилгээгээ баривал нэг өвчинг тухайлан эмчилнэ гэсэн үг. Тиймээс бариа засал, зүү, төөнүүр, тан засал гээд олон төрлийн эмчилгээ хийдэг. Өндөр настнууд маань хийдэх нь их учраас уламжлалт эмчилгээ чухал байдаг юм. 

-Хэвтэн эмчлүүлэгч хүлээж авдаг гэхээр эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг байх нь ээ?
-2003 онд магадлан итгэмжлэл олгодог болсноос эхлээд  манайх найман жил тасралтгүй магадлан итгэмжлэгдэж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын хоёр удаагийн сонгон шалгаруулалтад хамрагдаж сайн дүн авсан. Ингэж магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаас тодорхой хувь хүртэх эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлэгт олгодог даатгалын мөнгөнөөс гурав дахин багыг авдаг ч тэр мөнгөө өвчтөнүүдийнхээ төлбөрөөс хөнгөлдөг.  Жишээ нь, манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд нэг өдрийн 43500 төгрөгийн төлбөртэй байдаг ч эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлээд 30 мянган төгрөг төлнө гэсэн үг. Өндөр настанд 30 мянгаасаа бага зэрэг хөнгөлөлт үзүүлнэ. Мэдээж бидний хувьд үйл ажиллагааны төлбөрөө бүхэл­дээ өөрсдөө хариуцдаг учраас эм­чилгээний төлбөрт авсан мөнгөндөө бүх үйлчилгээ эмчилгээгээ багтаана. Өөрийн гэсэн байртай учраас давуу тал бий.

-Шинжилгээгээ дотроо хийж, тангаа та өөрөө барих уу?
-Шинжилгээгээ гэрээт лаборатороор хийлгэдэг.  Уг нь иргэнд 56 мянган төгрөгийн шинжилгээ хийлгэх эрх хуульд бий. Гэтэл үүнийг хувийнханд зөвшөөрдөггүй, бүх зүйл хаалттай хэцүү шүү дээ. Болохгүй л гэдэг үг төр бидэн рүү илгээдэг. Тангаа бол өөрөө барина. Бас уламжлалт, дотрын эмч бий.

-Уг нь, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд иргэн сард 55 мянган төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ нэг эмнэлгээс авах эрхтэй гэж байдаг л юм билээ?
-Тийм шүү дээ. Гэхдээ хувийнханд энэ хууль падгүй. Улсын эмнэлэгт очоод шинжилгээгээ хийлгэх гэхээр бас л тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болдог. Эрүүл мэндийн тухай хуулиар иргэн хүн эмнэлгээ өөрөө сонгох эрхтэй. Гэвч эрхээ эдлээд эмнэлгээ сонгоод улсын эмнэлгээр хүссэн өдрөө үйлчлүүлэх боломж бага. Ялангуяа өвлийн цагт. Аргагүйн эрхэнд хувийнханд ханддаг. Гэтэл даатгалаар хувийн эмнэлэгт өчүүхэн хөнгөлөлт үзүүлэх ёстой учраас иргэн мөнгөө төлөхөөс өөр аргагүй. Тэгэхээр иргэн хүнд хууль үйлчилж байна гэж хэлж болох уу. Уг нь, эрүүл мэндийн даатгалын хуулиар иргэн жилд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах 1,2 сая төгрөгийн эрхтэй гэдэг. Гэхдээ энэ бол сайхан яриа. Яагаад гэхээр хэзээ ч ийм боломж олд­доггүй шүү дээ.  Эрүүл мэндийн даат­галын өнөөгийн систем туйлын бу­руу яваад байгаа юм.  Хувийн болоод төрийн үйлчилгээний хөнгөлөлтийг ойр­туулна гэж яриад байгаа ч ажил хэрэг болоогүй байна. Миний бодлоор тэр 1,2 сая төгрөгийн эрхээ  эрүүл мэндийн даат­галын картанд нь суулгаад өгөх хэ­рэгтэй. Үнэхээр өгөх хүсэл, чадвар нь бай­вал иргэндээ өгөх л хэрэгтэй. Тэгвэл бид тухайн хүний халааснаас заавал төл­бөр авах шаардлагагүй. Даатгалаас нь эмчилгээний төлбөрөө зураад л авчихна.

-Хүн сар бүр эмнэлэгт хандаад байдаггүй шүү дээ. Тэгэхээр 1,2 сая төгрөгийн төлбөрөө дуустал нь ашиглах нь ч цөөн л байх. Гэхдээ хяналтыг хамгийн сайн зохицуулж өгөх хэрэгтэй байх л даа?
-Эрүүл мэндийн даатгалын системийг маш амархан зохицуулж болох юм шиг санагддаг. Гэтэл худлаа л сайхан ярьсан хүмүүс байх юм. Тэр даатгал нь улсын эмнэлэгт л үйлчилнэ шүү дээ. Даатгалын систем төрийнх, хувийнх гэлтгүй үйлчилдэг бол бид заавал өвчтнөөс нэмэлт мөнгө авах гэж зүтгэхгүй. Төрийн тодорхойгүй бодлогын үрээр хувь нь ч хөгжихгүй, хувьсгал нь ч хөгжихгүй юм. Хувийнхан нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягтай амьдраад л байдаг. Мэдээж их мөнгөтэй хүмүүс бол  хэдэн зуун мянгаар нь төлөөд гадаад дотоодын эмнэлэг рүү явна.  Гэтэл тэгж мөнгө төлөөд эмнэлэгт хандах хүн хэд билээ.  Бидэнд дундаж амьдралтай хүмүүс л ханддаг юм.  

-Улсын эмнэлэг ачаалал ихтэй, шинэ эмнэлэг хэрэгтэй байна гээд л байгаа шүү дээ төр?
-Эрүүл мэндийн салбарт үндсэндээ бодлого гээч зүйл үгүй болсны илрэл нь энэ. Хувийнхан бид чинь бараг хоосон шахуу хэдэн ор бэлтгэчихээд суугаад байдаг. Энд ижилхэн л эмчлэх эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцчихсэн хүмүүс ажилладаг. Яг үнэндээ шалгалт болохоор бөөн бөөнөөр ирдэг мөртлөө бусад тохиолдолд төр хувийн хэвшилтэй ямар ч эргэх холбоогүй болчихдог. Сая ханиад идэвхжээд дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болиод шалан дээрээ гудас дэвсээд өвчтөнүүдээ авч байна гээд бөөн л юм боллоо. Тэгэхэд манайх хоосон шахуу байсан. Бид “хүүхэд авья аа, эмчлээд өгье” гээд байхад ямар ч хариу байхгүй. Би чинь өөрөө хүүхдийн эмч, надад бас хүүхдийн эмч байна.  Төрийн хэтэрсэн ачааллыг нь хөнгөлөөд өгөхөд хувийнхөн бэлэн байна. Гэтэл төр хүүхдээ үнэгүй эмчилнэ гээд шалан дээр хэвтүүлээд байх нь зөв үү.

-Зохицуулалт л дутаад байна гэж үү?
-Дутахаар барах уу. Яг үнэндээ хувийн эмнэлгээ ашиглаад эхэлбэл хүүхдийн эмнэлэг, төрөх барих гэж ингэж зүтгээд байх шаардлагагүй л болов уу. Эх барих эмэгтэйчүүдийн өчнөөн хувийн эмнэлэг ажиллаж байна шүү дээ. Үнэхээр багтаж ядаад байгаа хүнээ хувийнханд өг. Дүүрэг дүүргээр нь хуваарилаад өгөх хэрэгтэй. Ачаалал ихэссэн үед та бүхэн ингэж өвчтөн хүлээж авч, ийм хариуцлагатайгаар ажиллана шүү гэхэд эмнэлэг нь бэлэн байна шүү дээ. Үнэндээ туршлагатай, мэргэжилдээ гаргуун эмч нар ихэнх нь хувийн эмнэлэг байгуулчихсан. Гэтэл  төр эхчүүдээ хувийн эмнэлэгт төрүүлэхгүй ээ гээд байж болохгүй шүү дээ. Төр иргэнээ хамгаалаад байна уу эсвэл хувийнхныг хавчаад байна уу. Биднийг ашиглах хэрэгтэй шүү дээ. Хувийнханд хэчнээн ор байгаа тооцоог нарийн гаргаад ачааллаа тэнцвэржүүлэх хэрэгтэй. Төрд биднийг дайчлах эрх нь байгаа.

-Саяхан эмч, багш нар маань жагслаа. Та нарт бол энэ ямар ч хамааралгүй асуудал байв уу?
-Цалин нэмүүлнэ гэдэг бидэнд ямар ч хамаагүй асуудал. Хувийнхан маань янз бүрийн зээл тусламжинд хамрагдах талаар сураггүй шүү. Бид чинь уг нь адилхан л нийгмийн даатгал төлж тэтгэвэрт гардаг. Адилхан л энэ нийгмийн төлөө зүтгэж байхад төрд ажилласан нь орон сууцны хөнгөлөлт, тэтгэвэрт гарвал 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Яг үнэндээ төр ачааллаа багасгая гэж бодож л байгаа бол хувийн хэвшил, төрийн албаны энэ ялгааг арилгах хэрэгтэй.

-Дүүргийн эрүүл мэндийн газрынхан та  нартай хэр ойр ажилладаг юм бэ?
-Холбоо муутай.  Асуудлыг яг шийдчихье гэсэн хүн дээгүүр ховор бололтой.  Биднийг хайхарч халамжил гээд байгаа юм байхгүй. Хамгийн гол нь ард түмнээ энэ бухимдлаас нь салгаад өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын бухимдлын гол цөм нь эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гажуудал.

-Эрүүл мэндийн сайд нь ядахад өөрчлөгдөх нь их юм даа?
-Сайд өөрчлөгдлөө гээд сайжрах юм алга. Мэргэжлийн бус хүн бидний зовлонг бүүр ойлгохгүй. Манай хувийн хэвшлийнхэн саяхан шинэ сайдтайгаа уулзаж зовлонгоо ярья л гэж байсан. Дээрээс нь ингэж сайд тогтворгүй байхаар эрүүл мэндийн бодлого үндсэндээ алдагдчихлаа. Монгол улс хүүхэд залуучуудынх гэж тодотгоод байдаг хэрнээ 20 гаруй жил хүүхдийн эмчээ бэлтгэсэнгүй. Хүүхдийн эмчээ бэлтгэхээ больсон, сургуулийг нь хаасан. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын бас нэг асуудал бол залуу эмэгтэйчүүд маань хүүхдээ төрүүлж чадахаа больчихлоо. Чухам юунаас болоод байна  вэ гэдгийг судалж байгаа хүн алга. Агаарын бохирдол л гэдэг. Гэтэл сайд нь мэргэжлийн бус учраас хийсвэр хийгээд  л эх хүүхэд эсэн мэнд байвал болоо гэдэг. Ингэхээр улсын хүн ам яаж өсөх вэ. Үр дагавар нь хэдхэн жилийн дараа мэдэгдэнэ.

-Уламжлалт болоод европ эмчилгээг хослуулж эмчилгээ хийдэг гэж та түрүүн хэлсэн.  Зарим эмч үүнийг эсэргүүцдэг?
-Уламжлалт эмчилгээ гэдэг маань сувиллын эмчилгээ байдаг юм. Стандартаараа бол эхлээд өвчтөн маань эм эмчилгээ хийлгэх ёстой. Тэгээд дараа нь сувиллын эмчилгээ хийлгэх ёстой. Манайд бол ийм боломж байхгүй л дээ. 7 хоног хэвтэх мөнгөө арай гэж олсон хүнийг эхлээд эмийн эмчилгээ хийнэ, тэгээд уламжлалт эмчилгээ хийнэ гэвэл айлгаад хөөсөн болох биз. Тэгэхээр аль болох хослуулаад л эмчилж байна. Мэдээж эхлээд европ эмчилгээ эхлүүлж, тухайн өвчнийх нь үрэвслийг дарна.  Манайхан үрэвслээ дараагүй байж сувиллын эмчилгээ хийлгэдэг нь туйлын буруу. Сувиллын эмчилгээ нь дархлаа сэргээж, дарагдсан үрэвслийг цаашид даамжрахаас сэргийлдэг.

-Сүүлийн үед залуучуудын дунд ямар өвчин зонхилж байна. Танайд хэвтэж эмчлүүлж байгаа залуусын дунд ямар өвчлөл их байх юм?
-Залуус эмнэлэгт хандах нь ихэссэн шүү. Учир нь, залуус хэрэглээ өндөртэй болсноос мөнгө олох гэж цаг наргүй ажиллаж, стресст орж байна. Хүн найман цаг хөдөлмөрлөөд л тархи толгойгоо амраах ёстой. Гэтэл өглөө наймаас орой найм, зарим нь шөнө дунд хүртэл ажиллаж байна. Бие организм чинь ачаалал даах хязгаартай байдаг юм шүү. Хөдөлмөрийн хуулиа зөрчсөн хүн заавал стресст орж дархлаа сулардаг. Дархлаа суларсантай холбоотойгоор хүмүүс маш их өвчилж байна. Залуус зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ихэссэн нь стресс, цусны эргэлт, бодисын солилцоотой шууд холбоотой. Хоёрдугаарт, хүйтэн сэрүүнийхээ улиралд зохицуулж хувцаслаж, хооллож чадахгүйгээс болоод бөөр шээсний замын өвчин давамгай байна. Гуравдугаарт, хоол боловсруулах системийн үрэвсэл.  Яагаад  энэ өвчин ихсэх болов гэхээр монголчууд даяараа хеликобактерт өртжээ. Би  өвчтөнүүдийнхээ аль болох өвчтэй, өвчилж болзошгүй эрсдэлд орсон эрхтэнг нь илрүүлээд өгөх юмсан гээд бүх төрлийн шинжилгээнд хамруулдаг. Ирсэн хүмүүс толгой дараалан хеликобактертэй байна.  Энэ чинь ходоодны салстын дор хадгалагдсаар үрэвсэл үүсгээд ходоод өвдөх, хоолны шингэц муудах гэх зэргээр зовиур үүсгэдэг өвчин. Гэхдээ өөрийгөө бактертэй гэдгийг эмчид хандахаас нааш мэддэггүй. Энэ бол амаар дамждаг бактер. Гэтэл манайхан бараг л ажлаараа нэг аягатай шахуу болчихсон байдаг. Дээрээс нь баар рестораны ариун цэвэртэй холбоотой. Мөн дархлаа суларснаас үүддэг. Ингээд нийгэм даяараа хеликобактертэй болчихож. Эрүүл мэндийн боловсрол муу байгаатай шууд холбоотой. Залуус маань ажил амьдралаа маш сайн зохицуулж, өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө сайн хянах хэрэгтэй, хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэ, биеэ чийрэгжүүлэхэд анхаар, стрессээ тайлж сур.

-Дунд сургуулиас эхлээд л эрүүл мэндийн боловсролд анхаарах хэрэгтэй л дээ. Цэцэрлэгт гар угаахыг заадаг шиг наад зах нь хеликобактерийн тухай ойлголт дунд сургуульд өгдөг болчихвол?
-Ээ дээ, эрүүл мэндийн боловсрол чухал байна.  Эртнээс монголчууд маань “Идээ ундаа явдал мөрөө зохицуул” гэдэг биз. Идээ ундаа гэдэг чинь жилийн дөрвөн улиралдаа юу идэх ёстойгоо зохицуулах гэсэн үг. Явдал мөр гэхээр хувцсаа зөв зохицуулах. Бас стрессээ өөрөө удирдаж чаддаг байх шүү дээ. Гэтэл манайхан хоёр хөл дээрээ жирийж л байвал эрүүл байгаа мэт санадаг.Манайхан өвдсөн хойноо эмчид ханддаг. Тэгээд эмчид ялархдаг. Би өвдчихлөө, эмчилж чадах үгүйгээ эртхэн хэл гэх нь холгүй байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан