Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батбаатар: Иргэдийг сумдад торгоож үлдээх дэд бүтэц хэрэгтэй


Архангай аймгийн Хотонт сум иргэдэд газар өмчлүүлж, нэг загварын байшин барьж, суурьшмал амьдралын хэв шинжийг бүрдүүлж эхэлжээ. “Залуус хороолол” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа дээрх үйл явц нь сумдын эдийн засгийн бүтэц болоод иргэдийн амьдралын хэв маяг бага багаар өөрчлөгдөж буйг давхар илтгэнэ. Гэхдээ дунджаар 4-6 мянган хүн амтай, тогтвортой ажлын байр харьцангуй багатай сумдын иргэд суурин амьдралыг хэр таашааж байгаа талаар Хотонт сумын Засаг дарга Д.Батбаатартай ярилцлаа.

-Хотонт сум 2000 онд л хамгийн их буюу 5600 га­руй хүн амтай байж. 10 га­руй жилийн дараа энэ тоонд ямар өөрчлөлт оров. Мөн хүн амын тоог дагаад эдийн засгийн бүтцэд өөрч­лөлт гарах нь жижиг сум­дын хувьд бараг энгийн үзэг­­дэл шүү дээ. Танай су­мын хувьд ямар өөрчлөлт оров?
-Манай сум аймгийн тө­вөө­сөө 90 орчим км алс­лагдсан хэдий ч Улаан­баатар-Архангай чиглэлийн зам дагуу байрладаг.  Дэд бүтцийн асуудал нь шийдэгдсэн гэсэн үг. Одоогийн байдлаар 1300 гаруй өрхтэй, тэдгээрийн 800 гаруй нь малчин. Сумын эдийн засаг социализмын үед мал аж ахуй, газар тариалангаас бүрддэг байсан бол түүнээс хойш газар тариалан уналтад орж, одоо мал аж ахуй давамгайлсан. Энэ өвлийг 260-аад мянган толгой малтай давах тооцоо бий. Сүүлийн хоёр жил малын хорогдол бараг гараагүй.

-Хүн амын ажилгүйд­лийн түвшин ямар байна. Жижиг дунд үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний салбар зэрэг ажлын байр бий болгодог төсөл хөтөлбөрүүд хэр их хэрэгжиж байгаа вэ?
-1300 гаруй өрх нь 5000 орчим иргэн гэсэн үг. Тэдгээрийн 200 орчим нь байнгын буюу төр засгийн байгууллагад ажилладаг. Харин 2000 гаруй нь малчин. Үүн дээр хувиараа хөдөлмөр эрхлэгчид, сургууль болон түүний өмнөх боловсрол эзэмших насны хүүхдүүдийн тоог хасаад харвал, ажилгүйдлийн түвшин бага. Ажлын байр олноор бий болгодог үйлдвэр, үйлчилгээний томоохон газар байхгүй. Блокийн үйлдвэр, мужааны цех зэрэг жижиг дунд үйлдвэрлэл тогтвортой ажиллаж байгаа. Гэхдээ л сумдын хувьд ажлын байр гэдэг хүнд асуудал байсаар ирсэн. Төрийн алба гэхэд л дээрээс заасан тоондоо багтаад л явна. Харин хувийн хөрөнгөөр 70 орчим хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаад зогссон Ноос угаах нэг үйлдвэр бий. Цэвэрлэх байгууламжийн хувьд хүндрэл гарсан учраас энэ үйлдвэрийн ажил гацаанд орчихсон юм. Төсвөөс манай сумын цэвэрлэх байгууламжийг янз­лах хөрөнгө мөнгө нь  батлагд­вал эхний ээлжинд дээрх үйлдвэрийг ашиглалтад оруулах төлөвлөгөө бий.

-Ноос угаах үйлдвэрийн хүчин чадал нэг сумын хэмжээнд яригдахгүй. Энэ үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, зах зээлийг ямар хэмжээнд төсөөлж байгаа вэ?
-2012 оны үеэс ноос угаах томоохон үйлдвэрүүд орон нутагт бүсчилсэн байдлаар ажиллаж эхэлсэн. Бохир ихтэй ноосыг угааж цэвэрлэснээр хэрэггүй хольц нь гарч, адаглаад бодит жинд нөлөөлнө. Арай ахиулаад бодвол нийслэл зэрэг төв газарт анхан шатны үйлдвэрүүд хэрэггүй болж, орчны бохирдлыг бууруулах зэрэгт сайнаар нөлөөлөх байх. Харин орон нутгийн хувьд анхан шатны үйлдвэр байх нь бүс нутгийнхаа эдийн засагт хувь нэмэр оруулах, ажлын байр бий болгох зэрэг олон ач холбогдолтой нь мэдээж. Тиймээс анхан шатны зарим нэг үйлдвэр сумдад байх нь зөв гэж би үздэг. Гэхдээ хэт олон байж бас болохгүй. Учир нь үйлдвэрийн хүчин чадал нь өөрийн чинь хэлдгээр ганцхан сумын хэрэгцээнээс давж гарна шүү дээ. Одоо 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ноосны үйлдвэр  ч гэсэн манай сумын эрэлтийг давах тооцоо бий. Тиймээс бид энэ үйлдвэрийн хүчин чадлыг аймгийнхаа хэмжээнд төсөөлж байгаа. Цаашлаад ноос угаах үйлдвэр нь ноос самнах, гүн боловсруулах зэрэг дамжлага нэмээд явж болдог.

-Цэвэрлэх байгууламж дээр ямар асуудал гарсан юм бэ. Энэ жилийн царцсан барилга байгууламж дээр мөнгө төсөвлөөгүй. Аймгийн хэмжээнд хүртэл хоёр тэрбум төгрөгийн татуу төсөв батлагдсан. Мөн төсвийн зарцуулалт иргэдийн санаанд нийцэж байгаа юу?
-Аймгийн хэмжээнд танаж батлагдсан төсөв сумдад ч гэсэн нөлөөлнө. Манай сумын төсөв гэхэд л 30 хувиар буурсан. Гэхдээ ирэх жилээс эдийн засаг сайжирч, төсөв мөнгө сайжрах байх гэсэн итгэлтэй байна. Харин төсвийн зарцуулалтын тухайд “Иргэдийн оролцоог хангасан байна” гэдэг Төсвийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ зарим талаараа иргэдийн санал Засгийн газрын сум хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрүүдээс зөрдөг. Тухайлбал, нийт малчдын дийлэнх нь сум гэхээс багаар амьдардаг учраас худаг, усны асуудлыг шийдэж өгөх саналыг ихээр гаргадаг юм. Харин сумын төвийн иргэд илүү ая тухтай амьдрахыг эрмэлздэг болсноор ногоон талбай, соёл спортын төв, цэвэр усны байгууламж байгуулах санал гаргаж байна. Сумын төсвийн мөнгөөр энэ асуудлыг бүгдийг нь шийдэх боломжгүй юм л даа. Гэхдээ бид 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр Тэтгэвэрт гарсан ахмадуудад зориулан “Ахмадын өргөө”-г барьсан. Манай сум Хархорин сумаас 30-хан км зайтай, засмал замаар холбогддог. Тус сум хуучин сангийн аж ахуй байсан учраас 15-16 мянган хүн амтай, худалдаа үйлчилгээ нь харьцангуй сайн хөгжсөн учраас манай иргэд тийшээ очиж худалдаа наймаагаа хийдэг. Тиймээс бид дээрх мөнгөний урсгалыг багасгах, сумынхаа иргэдийг орлоготой болгох үүднээс сумандаа ху­далдаа үйлчилгээний газар барих шийдвэрийг Иргэ­дийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. Энэ мэтээр энэ жилийнхээ төсвийг илүү хэрэгцээтэй зүйлд зарцуулах төлөвлөгөө бий.

-УИХ болон Ерөнхийлөг­чийн сонгуулиар иргэдийн аж­лын байрны асуудлаас гадна сумдын хөгжлийг чу­хал сэдэв болгон ярьж бай­сан. Төвлөрлийг багасгах гэж цөөн үгээр хэлж бо­лох юм. Өнөөдрийн байд­лаар энэ амлалтын эхлэл Баян­хонгор аймгийн Бууцагаан, Баянлиг гэсэн хоёр сумын өөрчлөлтөөр илэрч байх шиг байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа гээд бүгдийг нь дээрх хоёр сум шинээр төлөвлөж чад­лаа. Та энэ талаар ямар бо­долтой байна?       
-Яг өнөөдрийн байдлаар сумаа хөгжүүлнэ ээ гээд сумын дэд бүтэц ч юм уу, барилга байшинд мөнгө төсөвлөх боломж бололцоо бас бодлого алга. Тухайлбал, Сум хөгжүүлэх сан гэж байдаг нь сум руу бус иргэд рүү л түлхүү чиглэгдэж байгаа юм. Миний хувьд ч ялгаагүй сумын хөгжлийг иргэдээс эхлэн хардаг байсан бол одоо тэднийг суманд нь торгоож үлдээх зүйл хэрэгтэй болоод байна. Яг л Бууцагаан, Баянлиг сум шиг. Тиймээс бид хувийн хэвшилтэй хамтран 30 айлын иж бүрэн тохилог сууцны зураг төслийг гаргасан. Ингэхдээ элс хайрга, блок зэрэг барилгын материалыг сумын эсвэл аймгийнхаа дотоодын үйлдвэрээс авах, барилгын явцад сумын иргэдийг ажлын байраар хангах зэрэг болзол тавьсан.

-Яг ямар учиртай тө­сөл юм бэ. Хичнээн төг­рөг зарцуулж байгаа юм. Улсын болон хувийн хэвш­лийн төсөлд зарцуулах хөрөн­гийн хэмжээ ямар хэмжээнд байна?
-30 айлын тохилог сууц буюу “Залуус хороолол” төс­лөөр гэр хорооллын стандарт ямар байх ёстой вэ гэдгийг л гаргаж ирсэн юм. Хашаатай, гудамж нь гэрэлтүүлэгтэй, дотроо автомашины ду­лаан зогсоол, хүүхдийн тоглоо­мын  болон нарлах талбай, ногоо тарих хэсэг зэрэг гэр бүлийн хэрэгцээний бүх зүйлийг нь хашаанд нь зо­хион байгуулалттайгаар тө­лөв­лөж өгч байгаа юм. Тий­­мээс иргэд бидний ба­талж өгсөн стандартын да­гуу, мөн бидний гаргасан олон хувилбар зохион бай­гуу­лалтын аль нэгийг нь сонгож болно. Мөн ингэж жишиг гаргаж өгснөөр бид сумын төвд эмх замбараагүй барьсан хашаа хороог нэг стандартад оруулахад ихээхэн нэмэр болно гэж үзсэн. Ажил эхлэхээс өмнө иргэдээс санал авч эхлүүлсэн учраас тэд ч гэсэн сумын төвийн өөрчлөлтийг их таатай хүлээн авч байгаа. Ер нь гэр хороолол нэг шугамд ороод ирэхээр 0.4-н цахилгааны утас болоод цаашдаа цэвэр бохирын шугам зэргийг шийдэхэд илүү хялбар болж байгаа юм. Хэдийгээр одоогийн байдлаар цэвэр бохирын шугамын асуудлыг шийдэх боломжгүй ч Өвөрмонголд энэ асуудлыг эко байдлаар шийдэх гарц байгаа.     Харин энэ жилийн ажилд хувийн хэвшил 300-гаад сая төгрөг төсөвлөсөн байна. Үүний 200 гаруй сая төгрөгийг өөрсдөө гаргаж, үлдсэн мөнгийг нь дээр дурдсан болзлыг хангаж Сум хөгжүүлэх сангаас гурван жилийн хугацаатай 0.03 хувийн хүүтэй зээл авсан. Эхний жилд тэд хүүгээ төлөөд, үлдсэн хоёр жилд нь зээлээ төлж дуусгах ёстой.

-30 айлын “Залуус хороолол”-д захиалга өгсөн хэдэн айл өрх байна?
-Одоогийн байдлаар 28 хүн гэрээ байгуулсан. Ирэх хавар ноос ноолуурын үеэр үлдсэн хэд нь зарагдах байх. Харин хэн авч байна гээд судлаад үзэхээр дийлэнх нь малчид байгаа юм. Ингээд өрхийн бүртгэлийг нь харвал хүүхэд нь сургууль, цэцэрлэгт хамрагдах гэж байгаа насны хүүхэдтэй айл өрхүүд байна. Хаваржаа, намаржаа гээд нүүдэллэж амьдардаг ч сумын төвд үл хөдлөх хөрөн­гө­тэй болох сонирхол бас байна.

-Нэг айлаас хэдэн төгрөг гарч байгаа юм бэ?
-Зохион байгуулалтыг нь бүрэн шийдчихсэн бол 50 орчим сая төгрөг. Харин бидний баталсан стандартын дагуу өөрсдөө байшингаа бариад зохион байгуулалтаа хийнэ гэвэл найман сая төгрөгөөр хашаагаа авч, газраа өмчилж болох юм. Газрын хувьд ямар ч үнэгүй, хуулийн хүрээнд олгож байгаа. Гэхдээ хашаа нь 0.07 га газраас илүү  том.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан