Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Баттайван: Сайн хөрөг чамтай шууд л ярилцана


“Би хөрөг зургаас хүмүүний анирыг эрдэг” хэмээн алдарт гэрэл зурагчин Анри Картье-Брессон нэгэнтээ хэлсэн байдаг.
Эл эшлэл ёсоор хүмүүний дотоод анирыг эрж хайж, гэрэл зургийн хальснаа буулгадаг нэгэн бол гэрэл зурагчин Ө.Баттайван. 20 гаруй жил гэрэл зураг тэр дундаа хөрөг зургаар дагнан уран бүтээл туурвиж буй тэрээр “Төсөл 12” нэртэй үзэсгэлэнгээ үзэгч олны хүртээл болголоо.
Утга зохиолын ертөнцийн ноён оргилууд болох Д.Урианхай, Г.Аким, Т.Галсан, Ч.Галсан, Ш.Дулмаа, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн тэргүүтэй 19 зохиолч, яруу найрагч түүний нүд, түүний дуранд өөр өөрийнхөөр буужээ. 19 өөр ертөнцөд нэвтэрч, 19 өөр анирыг зураг болгосон түүнтэй үзэсгэлэн болоод хөрөг зургийн тухай ярилцлаа.


-Гэрэл зургийн үзэсгэлэн гаргана гэдэг ухас гээд дуусгачихдаггүй нөр их ажил болохоор юун түрүүнд баяр хүргэе?
-Баярлалаа. Үзэсгэлэн маань үзэгч олны хүртээл болоход тус дэм болсон бүх хүнд баярлалаа.

-Хэр удаан ажиллав?
-Санаа нь бараг жилийн өмнө гарсан ч нэг л барьж авахгүй, юунаас эхлэхээ мэдэхгүй явсаар хэдэн сарын өмнөөс л ажиллаж эхэлсэн. Бодож бодож утга зохиолын ертөнцийн мастеруудаас эхэлье гэж товлосон юм. Гэвч шүлэг, яруу найрагч, зохиол бүтээл тогтмол бичиж туурвидаг таван мянга гаруй хүн байдаг юм билээ. Мэдээж энэ бүх хүнийг багтаана гэж үгүй болохоор бүтээл туурвил нь хүмүүст илүү хүрсэн, бодитой, даацтай ёстой л нөгөө лидерүүдийг нь барьж авах нь зөв гэж бодсон.
Тиймдээ ч үзэсгэлэндээ 19 хүний хөрөг багтаасан хэрэг. Эдгээр зохиолч, яруу найрагчийг сонгоход бусад нь гомдохоор, юм бодохоор хатуу шүүлт орсон. Жишээ нь, Хулан байхгүй байгаа биз. Тэр бүү хэл Мэнд-Ооёо гуай, Төрбат гуай ч байхгүй. Зарим хүний нүдээр байх ёстой гэж үзэх хүмүүс ч орхигдсон. Учир нь, уран бүтээлчдийг хийж бүтээснээр нь, даацаар нь сонгосон юм.

-Мөн үе гэж юм бий?
-Тийм, гэхдээ үе гэхээс илүүтэй хийж бүтээснээр нь үнэл­сэн. Жишээ нь, залуу үеийнх­­нээс хоёр хүн байна, Галсансүх, Аюурзана хоёр. Энэ хоёрыг яагаад онцлон оруулсан бэ гэвэл Галсансүх бол яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн өнгөөр хувьсгал хийж чадсан гэж зохиолч, уран бүтээлчид үздэг. Аюурзана бол угаасаа ойлгомжтой.

-Дүрүүддээ санал тави­хад хэрхэн хүлээж авав?
-Хамгийн бахархалтай нь бүгд их нааштай хүлээж авсан. Татгалзаж, цааргалсан хүн нэг ч байгаагүй нь сайхан. Утсаар ярьж зураг хөрөг авах тухайгаа дуулгатал хамгийн түрүүнд Догмид гуай, Аюурзана хоёр цуг орж ирдэг юм. Энэ их утга зохиолын мундагууд өөрсдөө ороод ирэхтэй зэрэг хүн өөрийн эрхгүй хөөрдөг юм билээ. Дараа нь ар араасаа бүгд тохирсон өдөр, цагтаа ирсэн. Хэн ч ямар ч хүнд суртал гаргаагүй. Уг нь урлаг соёлынхны зургийг авна гэдэг төвөгтэй ажил л даа. Зарим уран бүтээлчдэд хий хоосон бардамнал, амбиц байдаг даа, тийм юм ерөөсөө байгаагүй. Энд зураг нь дэлгэгдсэн 19 хүн яг л хэлж ярьсан ёсоор ирж зургаа авахуулсан. Энэ хүмүүсээс сурууштай нэг зүйл нь бүхэл өдрийн ажлаа бичиж төлөвлөдөг юм байна л даа.

-Тэдэн цагт Баттайвантай уулзана гэхчлэн?
-Яг тийм, яг л тэр цагийн хуваарийнхаа дагуу ажил хэргээ явуулж байгаа юм. Нөр их ажлынхаа хажуугаар над мэтэд цаг гаргаж байна л даа. Энэ бол мундаг том соёл юм шүү.

-Нэг хүнтэй хэр удаан ажиллав?
-Ер нь, бол цаг хангалттай байсан. Зүгээр нэг шуртхийгээд зураг авахуулах гэж байгаа гэж ойлголгүй цэвэр ажил хэрэг талаас нь хандаж надад хангалттай цаг гаргасан.

-Миний хувьд Г.Аким гуайн хөрөг содон санагдсан. Ер нь, нэг хүний хөрөг хэдэн кадраас гарч байв?
-Ажил эхлэхээс өмнө бодсон л доо. Нэг хүний зургийг зуун кадраас илүү гаргахгүй гэж. Хэт олон дарчихаар дараа нь сон­голт хийхэд хүнд болчихдог муу талтай. Аким гуайн зургийн хувьд 70 гаруй кадраас сонгосон нь энэ.

-Урианхай гуайн хөргийг гол зургаа болгосны учир?
-Мэдээж, Монголын утга зохиолын соруудын нэг. Түүнээс гадна Урианхай гуайн хүнд хүрсэн зураг нэг их байдаггүй. Мөн энэ хүний дүр төрхийг бид нэг тийм дөлгөөн, энгийн байдлаар л мэднэ. Зарим хүн Ринчен гуайтай ч адил гэж хэлдэг. Тиймээс хэрхэн өөрөөр гаргах вэ гэж нэлээн ажилласан. Ер болж өгдөггүй ээ. Зүгээр л гоё зураг гараад байдаг, нэг л болж өгдөггүй. Гэтэл явж явж сүүлийн хэдхэн кадрын нэгнээс энэ зураг гарсан юм. Яахав, мань хүн багахан төвөгшөөсөн байх л даа. Жаахан залхаад, хөмсгөө зангидаад ирмэгц нь тав, зургаан кадр аваад дуусгасан. Сонирхолтой нь яг энэ сонгосон зургаа дараа хараад сууж байтал Чингис хааны төрх бууж ирсэн юм. Тэгээд л онцолж үзсэн хэрэг.

-Хөрөг зурагт дүртэйгээ ажиллана гэдэг нэг талаас зураг авахаасаа ч хэцүү ажил. Ихэнх хүн зураг авахуулах дуртай ч камерын өмнө өөрийнхөөрөө байдаг нь хо­вор. 20-иод жил хөрөг зургийг онцолж буй таны зүгээс залуу зурагчдад зөвлөвөл?
-Ихэнхдээ тухайн хүнийхээ жинхэнэ дүр төрхийг гаргана гэдэг хэцүү. Тэр ч бүү хэл ноцолдож ноцолдож, хэдэн зуун кадраас нэг ч зураг гарахгүй нь байна. Зарим тохиолдолд орчиндоо байгаа хүний дүр шууд гараад ирдэг талтай. Энэ зургуудын хувьд хэт портрейтны буюу нүүр рүү тулаад орчихсон байгаа. Яахав, нас дээр гарсан хүмүүсийн нүүрний уналтууд, үрчлээс зэрэг нь амьдралыг нь нэг талаас нүүрэн дээр нь зурчихсан байдаг. Гэхдээ түмэн үрчлээ авлаа гээд портрейт болчихдог гэвэл үгүй. Ер нь, олонх мэддэг, анддаггүй тэр зан, ааш авир, үйл хөдлөлийг дүрээс хайх нь зөв л дөө.

-Хөрөг зургийн үнэ цэнэ юунд оршдог юм бол?
-Наадах чинь их сонин л доо. Тас хийсэн сайхан байгалийн зураг засч янзалж, жаазлаад гайгүй өндөр үнэ хэлчихэд хэрэгтэй нэг нь аваад явна. Гэтэл хэн ч юм бүү мэд нэг хүний хөрөг барьчихаад заръя гэхээр хүн яаж хүлээж авах уу. Үнэхээр мундаг хөрөг байвч онгорхой ноорхой хувцастай нэг нөхрийн зургийг хэн ханандаа өлгөх вэ. Харин хөрөг зургийн жинхэ­нэ үнэ цэнэ нь хүний сэтгэлийн бүр гүнд хүрч, нуугдсан зүй­лийг олж хөнддөгт байгаа юм. Жишээ нь, нэг сайн хөрөг том­­хон угаагаад өлгөчихөд түү­нийг таньж мэддэг хүмүүст санагалзал, бодрол төрүүлнэ. Сайн хөрөг чамтай ярилцана. Намайг багад байгалийн зураг их ховор байлаа. Ил захидалд хааяа нэг гарахаас өөр олдоц муу байлаа. Надад нэг байгальтай открытка байсан юм. Би тэр зурган дотор орж чаддаг байсан. Тэр сайхан байгальд зугаалж, модод руу нь авирдаг байлаа. Одоо бодоход хөрөг зураг тийм л байх ёстой. Жишээ нь, Уинстон Черчеллийн хөрөг байдаг даа. Улстөрч хүн масктай байдаг. Ихэвчлэн инээж, бусадтай элгэмсэг харилцаж явдаг. Гэтэл тэр зургийг авсан зурагчин ид ажиллаж байтал нөгөө л улстөрчийн масктай инээсэн төрх л гараад байж. Тэгэхээр нь мань хүн тамхи асаагаад зогсонгуут нь үг дуугүй очоод татаж буй тамхийг нь гараас нь булаагаад авчихсан гэдэг. Тэр үед л алдарт Ерөнхийлөгчийн түүхэн хөрөг амь орж, тэр хүний дотоод дүр төрх илэрхий болсон гэдэг. Энэ мэт дүртэй ажиллах тухай яриад байвал их юм бий л дээ.

-Энэ 19 хүнээс ажиллахад хамгийн хүнд нь хэн байв?
-Нэг их хүндрээд байсан юм байхгүй ч яг үнэнийг хэлэхэд Аюурзана. Аким гуай гэхэд өөрөө их загварлаг хүн байгаа юм. Гэтэл зарим зохиолчид тэр стиль, хэв загварт нэг их анхаарахгүй хаячихдаг. Аюурзана энгийн л нэг цамц, жинстэй орж ирсэн. Уг нь, Аюурын тухай надад танил маань хэлэхдээ “Тогтож ажвал их ухаалаг нүдтэй” гэж байсан юм. Түүнийг нь гаргах гэж их хичээсэн ч энд тавьсан зураг тийм ч сайн зураг биш. Яахав, залуу халуун, омголон хүн гэдэг талаас нь хоёр гараа нөгөө жинснийхээ халаас руу хийчихсэн байдлыг нь л сонгосон.
-Зурагчин хүн цаг хугацааг зогсоож чадах ч ухрааж чаддаггүй гэж ойлгодог. Нэг ёсны тэр хүний зургийг л авах байсан гэдэг харамсал төрдөг. Таны хувьд?
-Яг үнэн. Би зарим нэг зүйлд үнэхээр харамсдаг. Жишээ нь, намайг зураг авдаг байх үед Дашбалбар гуай, Нямсүрэн гуай гээд өөр хэн ч байдаг юм бүгд байсан байхгүй юу. Гэтэл одоо надад май гээд гаргаад өгөх хөрөг нь байхгүй. Яахав, тухайн үед би мэдээлэл, холбоо сүлбээ муу байсан.

-Залуу байсан?
-Тийм, юм бүхнийг мөнх юм шиг сэтгэж явсан залуу байж. Юм мэддэггүй ч байж. Эрдэнээ гуай байсан. Би хоцорсон. Гэхдээ одоо би энэ харамслаа бага боловч нимгэлэхийн төлөө зүтгэнэ. Нэг тийм үг байдаг даа, огт хийхгүй байснаас оройтож эхэлсэн нь дээр.
Аан тийм, залууст, зурагчдад зөвлөхөд унш. Уншаад ирмэгц хүн боддог болно, бодоод ирэхтэй нь түүнийгээ ажил болгох хүсэл төрнө.

-Гэрэл зурагт тэр тусмаа хөрөгт зохиомол гэрэл ашиглах нь буруу, муу гэх зурагчид байдаг. Энэ тухайд таны бодол?
-Ер нь бол үүнийг будаг бийр шиг л ашиглах хэрэгтэй, хаана гэрэл тавих уу гэхчлэн. Гэхдээ зохиомол гэрэл хэрэглээгүй үед дүр илэрч байвал сайн. Гэхдээ байгалийн гэрэл илүү амьд байдаг. Энэ мэт аль тохирох, хэрэгцээтэй гэж үзсэнээ л сонгон ашиглах нь чухал.

-Монголын гэрэл зураг 80 дахь жилтэйгээ золгож байна. Дунд үеийн зурагчдын төлөөлөл болохын хувьд энэ индрээс та нэг дүгнэх байх?
-80 жилийн түүхэн хөгжлөөс юуг илүү анзаарав гэхээр Монголд гэрэл зураг хөгжсөөр протоколны зураг илүү давамгайлж байсан юм байна. Нөгөө л сайд дарга нар, хурал зөвлөгөөний зураг өндөр байр суурь эзэлдэг. Гэтэл нөгөө бүтээлч ажиллагаа буюу уран бүтээлчийн бие даасан ажил өнгөрсөн хугацаанд тэр дундаа хуучин нийгэмд дулимаг байж. Тийм боломж ч байгаагүй. Жишээлбэл, хальс нь тоотой байлаа. Харин одоо бол техникийн боломж нь хангагдаад ирмэгц өөр боллоо л доо. Хальс дуусна гэж байхгүй, хүн болгон жижиг том гэхгүй аппараттай болчихлоо, юу хүссэнээ авдаг боллоо. Гэтэл хуучин ийм байсангүй, энэ нь гэрэл зургийн хөгжилд нэг талаар чөдөр болж байж.














0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан