Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ихтөр: Дархчууд жилдээ зургаан тэрбум төгрөгөөр мөнгөн гулдмай гадаадаас худалдаж авдаг


Монголын дархчуудын холбооны тэргүүн, алт мөнгөний уран дархан Н.Ихтөртэй ярилцлаа. Тэрээр тав дахь үеийн уран дархан бөгөөд түүний урласан бүтээлүүд Монгол Улсын эрдэнэсийн сан, Засгийн газрын ордон, сүм хийдэд хадгалагдаж байдаг аж.

-Монголын уламжлалт баяр “Цагаан сар” болох гээд ажил их ид оволзож байна уу. Монголчууд үндэснийхээ бая­раар мөнгөн аяга, хөө­рөг, бүс зэргээр гангарах нь ихэсч?
-Тийм ээ. Ажил ихтэй л байна. Бидний ажил Цагаан сар болон наадмаар ид оволздог юм. Улирлын чанартай ажил гэхэд болно доо.

-Монгол урчуудын бүтээл гэхээр л баячууд л эдэлж хэрэглэнэ дээ гэх ойлголт их болж. Мэдээж энэ нь борлуулалтад нөлөөлдөг байх. Тийм үү?
-Монгол дархчууд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглаж бүтээгдэхүүн хийхгүй бол импортын барааны үнэ хийцэнд дарагдахад хү­рээд байгаа нь үнэн. Алт мөн­гөн эдлэлийн дэлгүүрт зарж, бор­луулж байгаа бүтээг­дэхүүнүүд дандаа Турк, БНСУ-аас орж ирдэг. Монголынх гэж тодотгох зүйл ховор. Хүмүүст монгол мөнгө гээд л байдаг. Гэвч Туркээс мөнгөн ээмэг, бөгжийг ченж нар хямд үнээр оруулж ирж зардаг.

Ингээд Монголын зах зээлийг импортоор бүрэн дүүргэчихдэг. Энэ нь тухайн хүндээ ашигтай байгаа ч улсын эдийн засагт ихээ­­­­­хэн хохирол учруулдаг нь тодорхой. Бидний өнөө тогтоож барих гээд байгаа валютын урсгал гадагшаа л урсаад байна гэсэн үг.
Уг нь Турк, БНСУ-д бол мөнгөн гулд­май нь хямдхан. Харин ма­най зах зээл дээр үнийг нь хэд дахин нэмж зардаг. Дарх­чууд маань ченжээс худалдаж аваад бүтээгдэхүүн хий­хээр өртөг нь өндөр тусдаг. Нэгэнт үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байгаа бол бидэнд мөнгөн гулд­майгаа улс өөрөө худал­дах хэрэгтэй. Дэлхийн аль ч улсад банкиндаа мөнгө, алтыг килограмм, гулуузаар нь  чөлөөтэй борлуулдаг. Гэ­тэл манайд хав дарна, эсвэл гадагш нь зөөнө.

-Тэгэхээр манай төрийн бод­лого буруу яваад байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Дэлхийн бүх банк алт, мөнгөн эдлэл, металлыг Лондонгийн биржийн ханшаар зардаг. Нэлээд хэдэн жилийн өмнө манай Монголбанк дархчууддаа зориулж алт, мөнгөө зардаг байсан. Одоо үүнийг зогсоосон. Социализмын үед хувийн юм хийх хориотой хаалттай байлаа. Бид хамгийн их хэлмэгддэг байсан салбарын тэргүүн эгнээнд л бичигдэнэ.  Байсхийгээд л цагдаа нар ирж шалгадаг, нэгжлэг хийдэг. Харин зах зээлийн нийгэмд шилжээд ирэхэд Монголбанк дархчуудад  металл зарж эхэлсэн. Бид Лондонгийн биржийн ханшаар Монголбанкнаас алт, мөнгөө худалдан авч бүтээлээ урлаад түүн дээрээ хийцийн үнээ нэмээд л борлуулдаг байв. Ингээд бидний ханш овоо тогтворжоод ажиллаж эхэлж байтал Монголбанк металл зарахаа больсон. Бид түүхий эд хаанаас авах уу гээд л эрэлд гардаг боллоо.  Дээр нь алтны гэнэтийн ашгийн татвараас үүдээд уурхайнууд алтаа Монголбанкинд  тушаахаа байсан.

Монгол дархчууд ч түүхий эдгүй болсон. Манайхан асар их газрын баялагтай гээд хөөрцөөглөөд л байдаг. Гэтэл дархчууд алт, мөнгөө  гадаадаас худалдан авч байгааг анзаарсан хүн бий юу. Цагаан мөнгийг БНХАУ, БНСУ-аас оруулж ирдэг. Мөнгөн эдлэлүүдээ монгол мөнгөөр хийж байгаа гэдэг. Үнэндээ импортоор оруулж ирсэн мөнгөөр л хийж байна. Бод доо. Энэ зах зээлд ямар их мөнгө эргэлддэг билээ. Тэр хэмжээгээр асар их хэмжээний мөнгөн урсгал гадагшаа гарч байгаа. Тухайлбал, Сорьцын албаны гаргасан тооцоогоор хамгийн багадаа сард арван килограмм мөнгө хэрэглэдэг 50 үйлдвэр 500 килограмм мөнгө сардаа хэрэглэнэ. Үүнийг жилээр бодохоор 6 тонн мөнгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн үг. Нэг грамм мөнгийг 1000 төгрөгөөр бодоход зургаан тэрбум төгрөгөө бид гадаад руу гаргадаг гэсэн үг. Төгрөг биш ам.доллараар тооцвол гурван сая гаруй. Энэ мөнгийг Мон­голдоо шингээчихвэл олон юм хийж болно гэдгийг эрх бариг­чид маань анхаарах хэрэгтэй.

-Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд байгаа. Таны бодлоор хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Манайх металл цэвэршүү­лэх үйлдвэр байгуулна гээд байгаа. Үүнийг олон жил ярилаа. Нэг л их том байшин барих талаар ярих юм. Тэгвэл өнөөдөр дархчууд байгалийн алтыг цэвэрлээд мөнгийг нь гаргаад 999-ийн сорьц тавьж чадаж байна. Мэргэжлийн холбоод юм уу, хоршоодод нь хөрөнгийг нь гаргаж өгөөд үйлдвэр байгуулж болно. Мөн алтны уурхайнууд алтаа цэвэршүүлж болно. Түүнчлэн манайд Асгатын уурхай, Хэнтийд мөн мөнгөний уурхай байна. Ер нь манай орны хаа сайгүй мөнгө бий. Гадаадын жуулчид манайд ирээд алт, мөнгөн эдлэлийг килограммаар нь авдаг болгох хэрэгтэй. Тийм зохицуулалт л бидэнд дутагдаж байна. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Монгол Дархны арга технологи дэлхийд давтагдашгүй. Гэхдээ орчин үед 3D гээд хөгжиж байна. Бүх юм өөр болж байхад бид зохих хэмжээгээр дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн явахгүй бол хоцроно. Жишээ нь, бид өнөөдөр хийх бүтээлийнхээ эхийг компьютерт 3D руу хөрвүүлээд эхлээд хуванцраар гардаг. Хүний гараар хийхийн аргагүй нарийн зүйлүүд учраас хээ аваад цутгуурт оруулаад гоёмсог нарийн хийцтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байна.

-Монгол дархчуудын бүтээл дахин давтагдашгүй гэдэг. Гэтэл дэлхийн тех­но­логийн дэвшлийг нэвтрүү­лэхээр дахин давтагдашгүй гэх үнэт зүйл нь алдагдах юм биш үү?
-Өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн шугамаар дэлхийн биет бус өв тээгчдийн хурал болсон. Түүнд хуучнаар ССАЖЯ-ны шугамаар явж оролцсон. 50 гаруй орны дархчууд, урчууд ирсэн. Тэндээс харж байхад монгол биет бус өвийг тээгч нараа үнэлж бүртгэж авдаггүй юм байна. Биет бус өв тээгч нараа тодорхойлоод тэднийгээ сурталчлах хэрэгтэй. Гэтэл ийм жишээ огт алга. БНХАУ-д л гэхэд ваар урлаач 26 дахь үе дээрээ нарийн хийцээ уламжлан өвлөсөн байх жишээтэй бол Японы сэлэм хийдэг дархан долоон үе дамжсан байгаа юм. Ингэж долоон үе дамжихдаа ганцхан сэлмээ л хийдэг байх жишээтэй. Гэсэн ч энэ дундаас монгол дархан бүх зүйлээрээ ялгарч байсан.
Нүүдэлчин амьдралын ахуйн хэрэглээнээс бүтсэн эд гэдэг өөр харагддаг юм билээ. Тэгээд ч монгол дарханы хийц тансаг байсан.

-Монголчууд эрт дээр үеэс дархчуудыг ихэд хүндэтгэж ирсэн. Одоо ер нь дархчуудын үнэлэмж хэр байна вэ. Дархан болох сонирхолтой залуучууд танд шавь орохоор ирж байна уу?
-Нэлээд хэдэн шавь бий. Гэхдээ одооны залуучууд жаахан юм сураад л мөнгө хөөгөөд явчих юм. Яг дархан болон сонирхолтой чин сэтгэлээсээ сурах эрмэлзэлтэй байгаа хэдэн шавиа бэлтгэх санаа бий.

-Дархан хүнтэй уулз­саных сонирхож асуухад монголчууд нас залуу хүнд алт хүндэднэ гэдэг. Энэ тухайд та ямар тайлал хийх бол?
-Энэ бол социализмын үеэс гарсан яриа. Оросууд орж ирэхэд монголчууд нэг их алт, мөнгө болсон хүмүүс байж. Хэтэрхий ялгаа гараад байсан учир энэ яриаг гаргасан гэдэг. Би монголчуудыг их амны хишигтэй хүмүүс хэмээн бэлгэшээн боддог. Хүүхдүүд нь багаасаа үнэт чулуугаар тоглодог, үнэт эд зүйлийг хэрэглэдэг байсан уламжлалтай. Ер нь алт, мөнгөн эдлэл гэдэг энгийн хэрэглээ шахуу байсан байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан